Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/507

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

Хохирогч: П.М ,

Шүүгдэгч: Г.О , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ө овогт Г-н О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205003170759 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, А аймгийн Ө сумын  баг тоглох гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн  дүгээр хороо 00 тоотод түр оршин суудаг /РД: /, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Г О .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.О  нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Горькийн ... тоотод Э.Э-н гэрт хохирогч П.М ыг “найз Э ыг дээрэлхэж харьцлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж “хамар ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн хугарал, хамар, хоёр дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Г.О ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

 

2. Хохирогч П.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 22-ний өдөр 15-16 цагийн үед найз Э тай юм ярих гэж очсон чинь Э-н гэрт О гэх зүс таних залуу хэвтэж байсан. Тэгэхээр нь би Э-д хандаж “нөхөр чинь нас бараад 2 cap болж байхад юун эрэгтэй хүн авч ирээд хэвтүүлчихсэн байгаа юм” гэж хэлсэн чинь нөгөө Отгоо гэх залуу нь босож ирээд “чамд ямар хамаатай юм гээд эднийд хэвтэнэ үү байна уу, чи яагаад Э ыг дээрэлхээд байгаа” гээд баруун гараа атгаж байгаад миний хамар хэсэгт нэг удаа цохисон. Миний хамраас цус гоожоод хавдсан, тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн цагдаа ирээд намайг гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд очиж үзүүлээд зураг авхуулсан чинь хамрын яс далд хугаралтай байна гэсэн. Отгоод гомдолтой байна. Эмчилгээнд гаргасан 190.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энэ үйл явдал болсон. Би зүрхний өвчтэй хяналтад байдаг. Нөхөр хүүхдээ тэжээх гээд явж байгаа хүн. Тэр өдөр би Э-с юм асуух гээд ортол Г.О  байсан. Чи юу хийж байгаа юм бэ гэж асуутал “юу хийдэг юм бэ” гэсэн. Энэ хоёр хоёулаа согтуу байсан. 100.000 төгрөг аваад хамраа эмчлүүлсэн нь үнэн. Тэгээгүй байсан бол би хагалгаанд орох байсан. Хагалгаа үнэтэй миний группын мөнгө хаана ч хүрэхгүй. Одоо миний толгой маш их өвддөг болсон...” гэх мэдүүлэг,

 

3. Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ О-н куртикийг угаагаад байж байтал гаднаас М  орж ирээд миний хүргэж өгөх гэж байсан хүүхдийг танай хүүхэд дагуулаад явчихсан байна гэсэн. ..М  над руу аймаар ууртай аяга шидээд намайг оноогүй тэгснээ О ийг хэлэх хэлэхгүйгээр хэлээд хараагаад хэрүүл хийгээд байсан чинь О  уурлаж босч ирээд М ын хамар хэсэгт нэг удаа цохисон. М ын хамраас цус гараад О  гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1008 дугаартай “...П.М ын биед хамар ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн хугарал, хамар, хоёр дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

 

5. Шинжээч Э.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

6. Хохирол төлбөрийн талаарх баримт /хх-ийн 34-37 тал/,

 

7. Шүүгдэгч Г.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Э  гэх найзындаа куртикээ угаалгаад үлдээсэн. Тэгэхдээ халаасанд байсан түлхүүрээ үлдээсэн байсан тэгээд  түлхүүрээ авах гэж очсон чинь Э  миний куртикийг угаачихсан байсан. Би куртикээ хатаачихаад түлхүүрээ аваад явна даа гэж бодоод хэвтэж байтал гаднаас М  орж ирээд намайг хэл амаар доромжлоод хувцас руу шороо цацахаар хэвтэж байгаад босож ирээд нүүр хэсэг хамар дээр нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгсэн М ын хамраас цус гараад би Э ын гэрээс гараад яваад өгсөн. Би 100.000 төгрөг өгсөн одоо 90.000 төгрөг өгөөд хохиролгүй болгоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлнө...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О ийн хувийн байдалтай холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 42-43 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 тал/, түр оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 58 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.О  нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Горькийн 756 тоотод буюу Э.Э ын гэрт хохирогч П.М ыг “найз Э ыг дээрэлхэж харьцлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж “хамар ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн хугарал, хамар, хоёр дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч П.М , гэрч Э.Э , шинжээч Э.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1008 дугаартай дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. 

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. 

 

Иймд хохирогч П.М ын биед хамар ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн хугарал, хамар, хоёр дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 1008 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.М ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч Г.О ийн хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.О  нь хохирогч П.М ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.О ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.О  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

 

Мөн шүүхээс шүүгдэгч Г.О ид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.О ийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн ангилалд хамаарч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, хохирлыг бүрэн төлөөгүй зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, Г.О ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Г.О  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1008 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч П.М  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх 97.000 төгрөгийн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд /34-37 тал/-д гаргаж өгсөн байна.

 

Мөн хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нийт 190.000 төгрөг нэхэмжилж байна, “100.000 төгрөгийг шүүгдэгчээс авч хамраа янзлуулсан нь үнэн, одоо үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна” гэж мэдүүлж, шүүгдэгч Г.О  нь үлдсэн хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

 

Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.О оос хэргийн нотлох баримтаар тогтоогдсон 97.000 төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогч П.М т олгохоор шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.О ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Г-н О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О ид 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.О ид мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О оос 97.000 /ерэн долоон мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч П.М т олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА