Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 733

 

МАГАДЛАЛ

 

2017.03.15                                                 Дугаар 733                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05603 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй,

Хариуцагч БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа /XUE XUYA/-д холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 705 698 288 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майбаярын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Саша,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн захирал Д.Саша нь 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт тоосгоны үйлдвэрлэл явуулж байсан 24.11 га талбай бүхий газарт ашигт малтмал ашиглалтын 7045А дугаартай лицензийг “Бул Бул” ХХК-иас 60.0 сая төгрөгөөр худалдан авсан байдаг. Гэтэл БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа нь “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн 24.11 га талбай бүхий газрын шороог олборлож, БНХАУ-аас хууль бусаар ажилчид оруулж ирэн тоосго үйлдвэрлэсээр байгаа үйлдлийг таслан зогсоож чадаагүйн улмаас “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь их хэмжээний татварын өртэй болж хохироод өдийг хүрлээ. Иймд Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн эзэмшлийн 24.11 га газрыг хууль бусаар эзэмшиж буй БНХАУ-ын иргэн Шүэ Шүяагаас чөлөөлүүлж өгнө үү.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь Шүэ Шүяа-д холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэл, хууль бус үйлдлийн улмаас тус компанид ашигт малтмалын газар ашигласны татвар, ус болон цахилгаан ашигласны төлбөр, байгаль ашигласны нөхөн сэргээлтийн төлбөр зэргээр учруулсан бодит хохирол нийт 649.566.670 төгрөгийг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Манай компанид БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа нь хамтран ажиллаж, олсон ашгаа тэнцүү хэмжээгээр хуваан авахаар санал тавьсаны дагуу тохиролцож, тоосгоны үйл ажиллагааг явуулан өдий хүрсэн. Гэтэл БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа нь тохиролцоондоо хүрэхгүй гэрээгээ зөрчсөн төдийгүй хууль тогтоомжийн дагуу газар ашигласны төлбөр, татвар, цахилгаан, ус зэрэг хэрэглээний зардлаа төлөхгүйгээс тус компаний нэр дээр их хэмжээний төлбөр тооцоо гарснаас гадна тус компаний үйл ажиллагааны санхүүгийн тайлан болон бусад баримтанд Баянгол дүүргийн татварын хэлтсээс 2016 оны 04-05 сарын хугацаанд шалгалт хийж, 05-р сарын 19-ний өдөр “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, өөрөөр хэлбэл, тоосгоны үйлдвэрлэл явуулсны татвар төлөгдөөгүй гэх үндэслэлээр акт бичигдэж 56.132.618.6 төгрөгний төлбөр тавигдсан байна. Иймд уг хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Энэхүү татварын актаар тавигдсан төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь Шүэ Шүяа-д холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэл, хууль бус үйлдлийн улмаас тус компанид ашигт малтмалын газар ашигласны татвар, ус болон цахилгаан ашигласны төлбөр, байгаль ашигласны нөхөн сэргээлтийн төлбөр зэргээр учруулсан бодит хохирол нийт 649 566 670 төгрөгийг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Манай компанид БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа нь хамтран ажиллаж, олсон ашгаа тэнцүү хэмжээгээр хуваан авахаар санал тавьсаны дагуу тохиролцож, тоосгоны үйл ажиллагааг явуулан өдий хүрсэн. Гэтэл БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа нь тохиролцоондоо хүрэхгүй гэрээгээ зөрчсөн төдийгүй хууль тогтоомжийн дагуу газар ашигласны төлбөр, татвар, цахилгаан, ус зэрэг хэрэглээний зардлаа төлөхгүйгээс тус компаний нэр дээр их хэмжээний төлбөр тооцоо гарснаас гадна тус компаний үйл ажиллагааны санхүүгийн тайлан болон бусад баримтанд Баянгол дүүргийн татварын хэлтсээс 2016 оны 04-05 сарын хугацаанд шалгалт хийж, 05-р сарын 19-ний өдөр “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ий үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, өөрөөр хэлбэл, тоосгоны үйлдвэрлэл явуулсны татвар төлөгдөөгүй гэх үндэслэлээр акт бичигдэж 56 132 618.6 төгрөгний төлбөр тавигдсан байна. Иймд уг хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Энэхүү татварын актаар тавигдсан төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй, “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн эрхийг иргэн Шүэ Шүяа хэрхэн зөрчсөн болох талаарх баримт байдаггүй. Шүэ Шүяад холбогдох газар чөлөөлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзсан тул тайлбар хийх шаардлагагүй. БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа нь “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-д ямар ч хохирол учруулаагүй тул шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талууд шүүх хуралдаанд оролцож үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Шүэ Шүяа нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ хийгээгүй юм. “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь “Бул Бул” ХХК-иас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, тусгай зөвшөөрөлтэй газарт нь “Хэнан Хуа Лэ” ХХК тоосго үйлдвэрлэх /сүүлд Налайх хайрхан ХХК болж нэрээ өөрчилсөн/ үйл ажиллагаа эрхэлж байсан. “Хэнан Хуа Лэ” ХХК нь Д.Нармандахын дансаар шилжүүлсэн 547 048 500 төгрөг нь татвараас зайлсхийсэн гэсэн татварын улсын байцаагчийн 2016 оны 5-р сарын 4-ний өдрийн 29000687 тоот дүгнэлт гарч Эрүүгийн цагдаагийн газарт 2001501080539 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 166-р зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар шалгагдаж байгаа. Нэхэмжилж байгаа 314 482 840 төгрөгийн тоосгыг "Налайх хайрхан" ХХК нь 2010-2015 оны 12-р сарын 31 хүртэл үйлдвэрлэсэн нь мөн татварын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон. “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь байгаль орчны нөхөн сэргээлтийн 218 800 000 төгрөгийн тайлан гаргасан. Гэвч үүнийгээ хийгээгүй, тусай зөвшөөрөл нь хүчингүй болсон. Татварын улсын байцаагчийн актаар 56 132 618 төгрөгийн төлбөрийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд зааснаар төлөх ёстой гэж гарсан. Үүнийг нэхэмжлэгч төлөхөөр гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.1, 227-р зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа /Хие Хиуа/-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 705 698 288 төгрөг гаргуулахыг хүссэн “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Хие Xuya-гийн хууль бус эзэмшлээс Налайх дүүргийн 3-р хороо, Хуучин 8-р уурхай, 24.11 га газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Баян-Эрдэнэ хүрд ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

                Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.950.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-иас 736 341 /долоон зуун гучин зургаан мянга гурван зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан БНХАУ-н иргэн Шүэ Шүяад холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзаж 705 698 288 төгрөг гаргуулахыг хүссэн Баян Эрдэнэ Хүрд ХХК-ний нэхэмжлэлийгхэрэгсэхГүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэг. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж буруу үнэлсэн байна.

“Баян-Эрдэнэ Хүрд” ХХК нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоосгоны үйл ажиллагаа явуулах 7045А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий 24 га талбай бүхий газрыг “Бул Бул” ХХК-иас 2014 оны 2 сарын 15-ны өдөр худалдан авсан.

“Баян Эрдэнэ Хүрд” ХХК-ийн эзэмшлийн талбай бүхий газар дээр БНХАУ-н иргэн Шуэ Шүяа нь тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хамтран явуулах санал тавьсны дагуу амаар тохиролцон хамтран ажилласан байна.

Энэ хугацаанд хамтран ажиллах гэрээний хураамж болгож “Баян-Эрдэнэ Хүрд” ХХК-иас 7045А тусгай зөвшөөрөлтэй газар, мөн БМҮ 285М4 дугаартай керамик тоосгоны үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрлийг гаргаж захирал Саша нь өдөр тутмын үйл ажиллагаанд оролцон холбогдох төрийн байгууллагуудтай харилцан тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангах, харин Шүэ Шүяа тоосгоны тоног төхөөрөмж, үйлдвэрлэл явуулах ажилчдыг хураамж болгон гаргаж мөн тухайн ажилчдын цалин түүнтэй холбоотой татвар төлбөрийг бие даан хариуцахаар харилцан тохиролцож хамтран ажиллаж, тоосгоны үйлдвэрлэл явуулж олсон ашгийг хувь тэнцүү хуваан авахаар харилцан тохиролцсон байна.

Шүэ Шүяа нь дээрх хураамжийн хэсэг болох тоосгоны үйлдвэрлэл явуулах ажлын дадлага бүхий ажилчдыг хятад улсаас оруулж ирэх мөн өөрийн болон эхнэр хүүхдийн Монгол улсад нэвтрэх амьдрах эрх авах зорилгоор “Хэнан Хуалин” ХХК-ийг байгуулан Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ “Баян-Эрдэнэ Хүрд” ХХК-ийн захирал Сашаг гүйцэтгэх захирлаар томилсон байна.

“Хэнан Хуалин” ХХК-ийг БНХАУ-н иргэн Шүэ Шүяа нь хятад ажилчдыг Гадаадын иргэн харьяатын албанд бүртгүүлэх, ажилчдын визний сунгалт хийлгэх, урилга гаргуулах, хамтран ажиллахдаа тохиролцсон ажилчдын цалин түүнтзй холбоотой татвар хураамж, төрийн хяналтын байгууллагуудтай харилцах зэрэг ажиллагаанд ашиглах зорилгоор Сашаг гүйцэтгэх захирлаар томилж үйл ажиллагаа явуулж ашиглаж байсан байна.

“Баян Эрдэнэ Хүрд” ХХК Саша нь хамтран ажилласан үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ашгийн тооцоог харилцан ярилцах, ашиг авах талаар удаа дараа Шүэ Шүяад санал тавьж байсан боловч тэрээр ямар нэгэн шалтаг тоочиж улмаар нөгөө талдаа мэдэгдэхгүйгээр нууцаар гэрч Нармандахын хувийн дансаар тоосго борлуулсны үнийг шилжүүлэн авч юань болгон БНХАУ руу шилжүүлж байсныг 2015 оны 9 сард мэдэж өөрийн биеэр шүүх болон цагдаагийн байгууллагад хандах болсон.

БНХАУ-н иргэн Шүэ Шүяа нь “Хэнэн Хуалин” ХХК-иа нь өөрийн хүсэлтээр 2015 оны 3 сарын 17-ны өдөр татан буулгаж өөрчлөн Налайх хайрхан ХХК болгосон нь Монгол Улсын хууль тогтоомжийн цоорхойг ашиглаж, улсад төлөх татвараас зайлсхийх гэсэн санаа зорилготой байсан болох нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад олж мэдсэн. Тэгээд ч анх “Баян-Эрдэнэ Хүрд” ХХК хамтран ажиллах талаар “Налайх хайрхан” ХХК-тай тохиролцоогүй байгаа.

Хамтран ажиллах хугацаанд БНХАУ-н иргэн Шүэ Шүяа нь “Баян-Эрдэнэ Хүрд”   ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газрын баялагаар тоосгоны үйлдвэрлэлийг явуулж,    ашгийг нь дангаараа авч өөрийн эх орон руугаа шилжүүлэн ашиглаж байснаас манай компаний нэр дээр татварын 56 132 618, 6 төгрөгний байгаль орчны нөхөн сэргээлтийн 218 800 000 төгрөгний зэрэг төлбөр гарсан байгаа нь манай компанид учирсан хохирол юм.

Гэтэл анхан шатны шүүх БНХАУ-н иргэн Шүэ Шүяагийн “Баян-Эрдэнэ Хүрд”      ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газрын үр шимээр бий болсон тоосго түүнийг борлуулсан ашиг, татвар төлөхөөс зайлсхийж улсад төлөх их хэмжээний татвар нуусан, байгалийн баялгийг ашиглаж үр шимийг нь хүртсэн атлаа нөхөн сэргээлт хийгээгүй зэргээс учруулсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох гэрч Д.Нармандах, Э.Алтантуяа, Н.Гэрзлмаа нарын мэдүүлэг, шинжээчийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний үнэлгээ, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар уурхайн шаврын ордыг ашиглан тоосгоны үйлдвэрлэл явуулах төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө түүнд хавсаргасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл, 7045А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, БМҮ 285U4 дугаартай керамик тоосгоны үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн татварын хэлтсийн акт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдсон байгааг анхаарч үзсэнгүй.

Харин ч дээрх баримтуудаар “Баян-Эрдэнэ Хүрд” ХХК нь хятад улсын иргэн Шүэ Шүяатай хамтран ажиллаж байсан болох нь нотлогдцог юм.

Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад БНХАУ-н иргэн Шүэ Шүяа нь манай компанитай хамтран ажилласан ашгаа хуваах нь битгий хэл Улсад төлөх их хэмжээний татвар нууж орчуулагч Д.Нармандахын дансаар тоосгоны борлуулалтын үнийг шилжүүлэн авч өөрийн болон эхнэр хүүхдийнхээ нэрээр хятад улс руу Мөнгөн гүүр ББСБ, Алтан төгрөг ББСБ-гуудаар дамжуулан юань шилжүүлж байсан болох нь тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэснийг шүүх “Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн 2015 оны 12 сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тоосго үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг байсан иргэн Шүэ Шүяад онц их хэмжээний орлогоо нуун дарагдуулж татвар төлөхөөс зайлсхийсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 201501080539 тоот эрүүгийн хэрэг үүсгэж улмаар хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2016 оны 09 сарын 25-ны өдөр шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй байна” гэж дүгнэсэн байна.

Манай компаний нэхэмжлэлийн шаардлагад “Баян-Эрдэнэ Хүрд” ХХК-д учирсан татварын өрийг БНХАУ-н иргэн Шүэ Шүяагийн учруулсан хохирол гэж шаардсан.

Хэрвээ анхан шатны шүүх эрүүгийн хэрэг үүссэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа бол ИХШХШТхуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нехцөл иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зуйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор байтал ИХШХШТхуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Гурав. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн “хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” шаардлагласаа татгалзсан үндэслэл нь тухайн иргэний хэргийг шүүхээр хянан хэлэлцэх ажиллагааны явцад “Баян-Эрдэнэ Хүрд” ХХК-ийн 7045А ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчингүй болсонтой холбоотой юм. Тус компани нэхэмжлэл гаргах үед дээрх тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан бөгөөд БНХАУ-н иргэн Шүэ Шүяатай хамтран ажиллах гэрээнээс татгалзсны дараагаар дээрх үйл баримт бий болсон.

Нэг талаас дээрх үйл баримт болоход “Баян-Эрдэнэ Хүрд” ХХК-ийн үйл ажиллагаа нөлөөлсөн мэт боловч анхан шатны шүүх хариуцагчийн зүй бус үйлдэлд хөтлөгдөн шүүгч болон шүүхээс татгалзсныг үндэслэлгүйгээр хүлээн авч ИХШХШТХуулийн 71 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн үйл ажиллагаа нь нөлөөөлсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан баримтанд тулгуурлаагүй, нотлох баримтуудыг зөв дүгнээгүй байх тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхян шлтны шүүхийн 2016 оны 11 сарын 03 өдрийн 05603 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь хариуцагч БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа /Xue Xu Ya /-д холбогдуулан Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн 24,11 га газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр  нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлээсээ татгалзан, хариуцагчтай байгуулсан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 705 698 288 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...7045А тоот тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайд тоосго үйлдвэрлэх, ашгийг хуваахаар хамтран ажиллахаар тохиролцсон боловч хариуцагч нь тоосгоны үйлдвэрлэл эрхэлж олсон ашгаасаа өгөлгүй өр төлбөрт оруулсан учир гэрээнээс татгалзаж, хохирлыг барагдуулах...” гэсэн бол хариуцагч нь “...нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчөөгүй, хамтран ажиллах гэрээ байгуулаагүй...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн хуучин 8 дугаар уурхай, 25 гектар газар хаягт байх, 7045А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Булбул” ХХК-иас гэрээгээр шилжүүлэн авсан, уг талбайд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хэнанхуй лэн” ХХК тоосго үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан нь бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.

Хавтаст хэргийн 2 дугаар ботийн 20 дахь талд авагдсан, “Баян Эрдэнэ хүрд” ХХК-д хаягласан бичвэрийг нэхэмжлэгч талаас гаргасан гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд уг бичвэрт “Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 8 дугаар уурхайд байрлах тоосгоны үйлдвэрийн 25 га газарт тоосго үйлдвэрлэх ажиллагааг хамтран явуулж олсон ашгаа адил тэнцүү хуваан авна” гээд орчуулсан орчуулагч Д.Нармандах болон “Хэнан Хуалэн” ХХК-ийн захирал Xue Xu Ya гарын үсэг зуржээ.

Дээрх бичвэрийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч компани нь иргэн Шүэ Шүяатай /Xue Xu Ya/ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дүгнэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч компани нь хариуцагч иргэн Шүэ Шүяа /Xue Xu Ya/-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гэрээнээс татгалзах болон гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирол шаардах үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтанд үндэслэгдсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийн шаардлагыг хангах...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3 686 441 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ЗОЛЗАЯА

                                   

                       ШҮҮГЧИД                                            Д.БАЙГАЛМАА                                                 

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ