Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0794

 

 

2020 оны 12 сарын 17 өдөр               Дугаар 128/ШШ2020/0794                    Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн Л

Хариуцагч:     Нийслэлийн СдУбх,

Нэхэмжлэлийн шаардлага: “С дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын байрнуудын дунд байрлах 100 машины гараашийн ...гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Эын нэр дээр гаргаж олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Эаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд 2020.08.21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ худалдаж аваад 10-аад жил эзэмшиж, ашиглаж байгаа боловч гүйцэтгэгчийн буруу /гүйцэтгэгч нь хаяж явсан/-гаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж чадахгүй байгаа С дүүргийн 29-р хороо, ... машины гараашийн ...зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар 2020.05-р сард СХД-н Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан боловч хариуцагч нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 10.6.5, 10.6.6-д заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Энэхүү татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2020.09.10-нд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Үүнд: Хариуцагч өөрчилсөн СХД-н Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн  бүртгэлийн тасгийн Г.М байсныг СХД-н улсын бүртгэлийн хэлтэс болгосон.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гараашийн өмчлөх эрхийг баталгаажуулах гэснийг гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзсан улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг хариуцагчид даалгах гэж өөрчилсөн. Ингээд шаардлагаа нэмэгдүүлсэн. Захиалагчийн нэрсийн жагсаалт, тооцоо дууссан баримтын талаар шүүхийн шийдвэрт заавал тусгуулах.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүгчийн захирамжийн дагуу дараах байдлаар шаардлагаа дахин тодруулж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах" гэсэн заалт, 106.3.1, 106.3.5, 106.3.12-т заасны дагуу гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Үндэслэл: Хариуцагчийн гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд заасан өмчлөх эрх үүсэх болон улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бүхий л болзол шаардлагыг өөрийн зүгээс хангасан гэж үзэж байна. Хэдийгээр захиргааны хэргийн шүүх нь иргэний өмчлөх эрхийн талаар шийдвэр гаргадаг байгууллага биш боловч энэхүү хэргийг шийдэхийн тулд зайлшгүй Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 106.1-д заасан өмчлөх эрх үүсэх үндэслэл болж байгаа баримтуудыг авч үзэх зайлшгүй шаардлага гарч байна. Нэхэмжлэгч нь 2011 оны 5-р сард “З” ХХК-аас гэрээ хэлцлийн үндсэн дээр 8,000,000 төгрөгийг төлж гараашийг актаар хүлээж авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан 2011.5.23-ны өдрийн 22Г дугаартай гэрээ, 2011.05.24-ны өдрийн 279 дугаартай 8,000,000 төгрөг тушаасан баримт, 2011.0.5.23-ны гарааш хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 10.6.1-10.6.8-д өмчлөх эрхийн анхны бүртгэл хийлгэхэд зайлшгүй хавсаргах ёстой баримтуудыг буюу хуулийн шаардлагыг заасан байна. Үүнд:

1. 10.6.1 өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг;

2. 10.6.2.газар өмчлөх эрх олгосон шийдвэр;

3. 106.З газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг;

4. 10.6.4 иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт;

5. 106.5 барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг;

6. 10.6.6 тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг;

7. 10.6.7 улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт;

8. 10.6.8 тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт.

Үүнийг үзэхэд захиалагч буюу нэхэмжлэгч талаас гарах баримтууд нь 10 3.1, 10.6.7 гэсэн 2 төрлийн баримт байна. Харин гараашийг барьсан гүйцэтгэгч байгууллагаас гарах материалууд нь 10.6.2, 10.6.3, 10.6.4, 10.6.5, 10.6.6 гэсэн 5 төрлийн баримт байна. Нэхэмжлэгч нь 10.6.1, 10.6.7-д заасан 2 төрлийн баримтуудыг хариуцагчид бүрэн гүйцэд гаргаж өгсөн. Харин гүйцэтгэгчид хамаарах 5 төрлийн баримтуудыг гүйцэтгэгч өгөөгүй хаяж явсан байгаа. Гүйцэтгэгчийн өгөөгүй эдгээр баримтуудыг нэхэмжлэгч олж нөхөж өгөх ямар ч боломжгүй байгаа талаар нэхэмжлэгч хариуцагчид тайлбарласан байдаг. Эдгээр баримтуудыг нөхөж олж өгөх нь нэхэмжлэгчийн хүчин чадлаас давсан зүйл байна. Учир нь нэхэмжлэгч баримтуудыг олохоор үндэсний төв архив, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт зэрэг барилгын хаяг, зураг төслийг хадгалах эрх бүхий төрийн байгууллагуудаар бүгдэнгээр нь явсан боловч гүйцэтгэгч хүлээлгэн өгөөгүй учраас архив байхгүй байсан. Зүй ёсоор бол гүйцэтгэгч гараашийн зураг төслийг үндэсний төв архивд хүлээлгэн өгөх, хаягийг Хот байгуулалт хөгжлийн газраас авах үүрэгтэй байсан боловч тэр үүргээ биелүүлээгүй. Одоо эдгээр баримтуудыг хэн ч, хаанаас ч олох боломжгүй гэдэг нь үндэсний төв архивын 2020.06.15-ны 03/588 дугаартай албан тоот, хот байгуулалт, хөгжлийн газраас өгсөн лавлагаа зэрэг баримтуудаас тодорхой байна.

Гүйцэтгэгчийн үүргээ биелүүлээгүйн хохирлыг яагаад нэхэмжлэгч тал хариуцах ёстой юм бэ? Үүнд гомдолтой байна. Энэ талаар хариуцагчид маш сайн тайлбарласан боловч хүлээж аваагүй. Манайх 10-д жил гэрчилгээгүй явлаа. Бид хуулийн дагуу олж авсан хөрөнгийнхөө өмчлөх эрхийг хэрэгжүүлж чадахгүй 10-аад жил хохирч байна. Иргэний журмаар шийдвэрлүүлье гэхээр хариуцагч байхгүй болохоор иргэний шүүх шийдэх боломжгүй байна. Энэ нөхцөл байдлыг харгалзаж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.5, 106.3.12 -т заасны дагуу хариуцагчийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Эын төрсөн эцэг н.Л нь З ХХК-тай 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 22Г дугаартай С дүүргийн 19 дүгээр хороо, Москва хорооллын 2 дугаар ээлжийн ...зогсоолоос авто зогсоолыг захиалсан байгаа. Л.Э нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар СдУбхт 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3-д заасны дагуу нотлох баримт нь бүрэн бус байсан учраас бүртгэхээс татгалзсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн план зураг, хаяг дутуу байсан гэдэг шалтгаанаар тухайн үед буцааж байсан. Мөн Эд хөрөнгийн бүртгэл бүртгэх журмын 5.7, 5.8-д зааснаар тухайн эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалт улсын комисст хүлээлгэж өгсөн акт зэрэг нь дутуу байсан. Ийм учраас Л.Эын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайх нотлох баримт дутуу байсан учир бүртгэхээс татгалзаж байгаа.

“З” ХХК нь албан ёсоор дампуураагүй учраас тухайн хүмүүсийг олох хэрэгтэй байх” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э нь анх СдУбхт холбогдуулан “Москва хорооллын байрнуудын дунд байрлах 100 машины гараашийн ...гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Эын нэр дээр олгохыг даалгах, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10.6.8-д заасан захиалагчийн нэрсийн жагсаалт, тооцоо дууссан баримтын талаар шүүхийн шийдвэрт тусгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

Тэрээр 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “...хариуцагчийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг даалгах”[1] гэж тодруулсан.

Шүүх энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Л.Э нь СдУбх хандаж 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын дунд байрлах автомашины зогсоолын ...зогсоолыг өөрийн өмчлөлдөө бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийн улсын бүртгэгчээс “нотлох баримт зөрүүтэй, Хэддүгээр байрны зогсоол авч буй нь тодорхой бус, зогсоолын план зураг хавсаргаагүй” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ[2].

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан баримтуудаас өөрт байгаа бүх баримтуудыг гарган өгч мэдүүлэг гаргасан байхад надад байхгүй гүйцэтгэгч байгууллагаас авах баримтуудыг надаас гаргуулахаар шаардаж өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан нь хуул бус” гэж тайлбарлан маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Л.Э нь эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа автозогсоолын план зураг, үл хөдлөх эд хөрөнгийн хаяг олгосон баримтыг хавсаргаж ирүүлээгүй, мөн захилагчдын нэрсийн жагсаалт, улсын комисст хүлээлгэн өгсөн баримт манай байгууллагад байхгүй тул Л.Эын мэдүүлгийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3-д зааснаар хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх тухай мэдүүлэгт хавсаргавал зохих баримтуудыг нэрлэн заасан байх ба нэхэмжлэгч Л.Э нь С дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын дунд байрлах 100 автомашины зогсоолын ...зогсоолын өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгтээ  тухайн зогсоолын план зураг болон хаягийн мэдээлэл, захиалагчийн нэрсийн жагсаалт, барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн акт гэсэн баримтуудыг хавсаргаагүй болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03/3191 тоот, Үндэсний төв архивын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03/588 тоот, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/3648 тоот “...100 автомашины зогсоолын ажлын болон холбогдох баримт байхгүй” гэсэн агуулгатай лавлагаанууд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч У.Ё-оос ирүүлсэн  “танай шүүхийн 1/8665 албан бичиг надад хуваарилагдсан. Танайхаас шаардсан баримт манайд байхгүй. Тухайн үед манай байгууллага комисст ордоггүй байсан” гэсэн цахим шуудангаар тус тус тогтоогдож байна.

Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас Л.Эын өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх боломжгүй байна. Учир нь:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь …, бүрэн бус, ... бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана”, 8.1.3-т “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, ...” гэж заасан байх ба мэдүүлэг гаргагч нь мэдүүлэгт хавсаргахаар хуульд заасан баримтуудыг хавсаргах боломжгүй байгаад захиргааны байгууллагыг буруутгах, улмаар бүртгэхийг даалгах үндэслэл болохооргүй байна.

Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгч нь төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй бөгөөд энэхүү зарчмын нэг агуулга нь хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулах байдлаар илрэх тул хуульд мэдүүлэгт хавсаргах баримтуудыг нэрлэн заасан, уг баримтууд дутуу тохиолдолд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй байхаар хуульчилсан байх тул Л.Эын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсаныг хууль бус гэж үзэхгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч Л.Э нь хуульд заасан баримтуудыг гаргаж өгөх боломжгүй, энэ нь түүнээс өөрөөс нь хамаарахгүй байх боловч энэ нь барилгыг барьж ашиглалтад оруулсан “З” ХХК-ийн үйл ажиллагаанаас хамааралтай, харин эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааралгүй байна.

Иймд Л.Эын Сонгино хайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Москва хорооллын байрнуудын дунд байрлах 100 машины гараашийн ...гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Эын нэр дээр гаргаж олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Л.Эаас барилгын план зургийг зуруулсны үндсэн дээр нэгэнт баригдсан бодитоор 10 гаруй жил ашиглаж байгаа барилгын ашиглалтын талаар дүгнэлт гаргуулах, хаягжилт олгуулах асуудлаар хүсэлт, гаргаж шийдвэрлүүлэх, улмаар өмчлөгчөөр тогтоолгосны үндсэн дээр эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах, шүүхэд маргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Эаас СдУбхт холбогдуулан гаргасан “С дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын байрнуудын дунд байрлах 100 машины гараашийн ...гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Эын нэр дээр гаргаж олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 68 дахь талд

[2] Хавтаст хэргийн 5 дахь тал