Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0004

 


 

М ХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц

Гомдол гаргагч: М ХК

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, улсын байцаагч Э.Э,

Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, улсын байцаагч Э.Эгийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02, 02 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0801 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, Б.Д нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0801 дүгээр шийдвэрээр:

1.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 4.1.20, 20 дугаар зүйлийн 20.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3, 8 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч М ХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, улсын байцаагч Э.Эд холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, улсын байцаагч Э.Эгийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02, 02 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

2. Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Санхүүгийн Зохицуулах хорооны ахлах референт, Улсын байцаагч Э.Э нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №02, №02 дугаартай хууль бус, илт үндэслэлгүй шийтгэлийн хуудсуудаар манай "М" ХК-г Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.3 дахь хэсэгт, 11.10.8 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж, зөрчлийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул бид улсын байцаагчийн дээрх шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулж, өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актуудыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх болсон үндэслэлээ доорх байдлаар дүгнэн бичсэн байдаг.

2.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0801 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 12-т үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага/Хороо/-аас гаргасан шийдвэр нь ямар шийдвэр болох, үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд болох гомдол гаргагч хуулийн этгээд нь нийтээр дагаж мөрдөх эсхүл тухайлсан ямар шийдвэрийг зөрчсөн нь тодорхой бус байна." гэжээ.

2.3.Анхан шатны шүүхээс Улсын байцаагч нь маргаан бүхий захиргааны актуудыг батлан гаргахдаа манай "М" ХК нь ямар зөрчил үйлдсэн болох нь тодорхой бус тухай дүгнэлт хийсэн нь 02, 02 дугаартай шийтгэлийн хуудсуудад дурдсан "М" ХК-ийн үйлдсэн гэх зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй, маргаан бүхий захиргааны актуудыг батлан гаргахдаа бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй болохыг баталсан байна.

2.4.Тодруулбал, бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий захиргааны актуудаар М" ХК-г Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.3 дахь хэсэгт, 11.10.8 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй байхад зөрчлийн хариуцлага ногдуулж буй нь хууль бус шийдвэр болсон тухай тайлбарласан билээ.

2.5. Мөн түүнчлэн хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актуудыг батлан гаргахдаа манай "М" ХК-ийн зүгээс зөрчил үйлдэгдсэн эсэхийг бодитой, бүрэн шалган тогтоох ёстой атал "М" ХК-иас ямар нэгэн тайлбар гаргах боломж олгоогүйгээр зогсохгүй хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад зөрчлийн хэрэг бүртгэлт явуулалгүй шийтгэл оногдуулсан болно. "М" ХК нь зөрчил үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй буюу зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй, бидний зүгээс зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч буйгаа аливаа хэлбэрээр илэрхийлээгүй байхад бодит байдлыг тодруулалгүйгээр, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, холбогдогчийн тайлбар саналыг авалгүйгээр шийтгэл оногдуулсан явдал нь Улсын байцаагчийн шийтгэлийн хуудаснууд нь хууль зүйн үндэслэлгүй буюу хууль бус шийдвэр болохыг хангалттай нотолж байгаа юм.

2.6.Анхан шатны шүүх тодорхой үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадсан хэрнээ зөрчлийг заавал нотлуулахаар ЗХШХШТХуулийн 106-р зүйлийн 106.3.11-т зааснаар шийдвэрлэсэн нь Шүүхийн өмнө эрх тэгш байх талаар заасан зарчмын хэмж хэмжээг зөрчиж байна. Тодруулбал шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 8-д ... эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэх зөрчлийг илрүүлж, шийтгэл оногдуулахдаа ... Хорооны даргын тушаалаар батлагдсан удирдамжийг биелүүлээгүй гэж буруутгасан гэж, 11-т ... удирдамж нь улсын байцаагчийн үйл ажиллагаанд мөрдлөг болгох, улсын байцаагчид чиглэсэн акт байна гэж, 12-т ... нийтээр дагаж мөрдөх, эсхүл тухайлсан ямар шийдвэрийг зөрчсөн нь тодорхой бус байна" гэж дүгнэсэн. Нэгэнт хэрэгт цугларсан баримт, болон анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтүүдээс харахад Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 11.10.3, 11.10.8 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байхад Зөрчлийг заавал нотлуулахаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан, эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл болно. Хэдийгээр анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт хийсэн боловч маргаан бүхий захиргааны актуудыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0801 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1.Гомдол гаргагч М ХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, улсын байцаагч Э.Эгийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02, 02 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг[1] Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, улсын байцаагч Э.Эд холбогдуулан гаргажээ

2.Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Шалгалтын удирдамж батлах тухай 48 дугаар тушаалын[2] нэг дэх заалтаар М ХК-ийн үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт болон мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх эрсдэлд суурилсан газар дээрх хяналт шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд хийх шалгалтын удирдамжийг баталж, хоёр дахь заалтаар газар дээрх шалгалтын дүгнэлтийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Э.Эд үүрэг болгожээ.

3.Энэхүү удирдамжийн дагуу хариуцагч улсын байцаагчаас М ХК-ийн үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийж 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 02, 02 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар тус тус 20,000,000 төгрөгөөр торгожээ.

Уг 02 шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.10.8 дахь заалтыг баримтлан Үнэт цаасны хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, шалгалтын удирдамжийн хүрээнд шалгалтад шаардлагатай материал ирүүлээгүй, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэж 20,000,000 сая төгрөгөөр, харин 02 шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.10.3 дахь заалтыг баримтлан газар дээр шалгалтаар Хороонд ирүүлбэл зохих 2021, 2022 оны жилийн эцсийн аудитын тайлан, санхүүгийн тайланг ирүүлээгүй, Үнэт цаасны хуульд заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн 20,000,000 сая төгрөгөөр тус тус гомдол гаргагч хуулийн этгээдийг торгожээ.

4.Гомдол гаргагч хуулийн этгээдээс хуулийн агуулга нь хөрөнгө, орлого олсон байх ёстой, дээр нь торгууль ногдуулна гэсэн шинжийг агуулж байдаг. Гэтэл шийтгэлийн хуудас хууль бусаар олсон орлого, хөрөнгийг хураах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шийтгэл ногдуулаагүй тул тус зөрчил бодитой үйлдэгдээгүй. Зөвхөн торгууль ногдуулсан байх тул зөрчлийн шинж байхгүй, зөрчил заавал материаллаг үр дагавар шаардаж, хохирол байхгүй тул зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй, зөрчил, үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх шаардлага хангагдаагүй байхад шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй,

-зөрчлийг үйлдсэн эсэхийг бодитой тогтоож чадаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ямар үндэслэлээр хялбаршуулсан журмаар явуулсан нь тодорхойгүй, гүйцэтгэх захирлын итгэмжлэлээр н.А гэх хүн мэдүүлэг өгсөн, өөр хүнээс мэдүүлэг аваагүй байж шийтгэлийн хуудас үйлдсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хангах үүднээс нэр төдий оролцогчийг асуусан мэтээр дүр үзүүлсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бодитойгоор явуулаагүй [3] гэж анхан шатны шүүх хуралдааны явцад маргажээ.

5.Хариуцагчаас үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй зөрчил, санхүүгийн тайлангаа ирүүлээгүйгээс болж ямар орлого олж, ямар хохирол учирсан талаар тодорхойлох боломжгүй, иймд тус зөрчилд хөрөнгө хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулах шаардлагагүй, зөрчлийн шинж байдал тодорхой, хуулийн тодорхой санкцийг бууруулах, өөрчлөх эрх байхгүй, М ХК Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой санхүүгийн тайлан мэдээг ирүүлээгүй, шалгалтад удаа дараа шаардахад санхүүгийн тайлан, бусад материалыг гаргаж өгөөгүй, компанийн гүйцэтгэх захирал н.Ад итгэмжлэл өгсний дагуу хяналт шалгалтыг явуулсан[4] гэж анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэг талаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам /процесс/ зөрчсөн, нөгөө талаас зөрчлийн шинж байхгүй, зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй байхад шийтгэл оногдуулсан үндэслэлтэй холбоотойгоор тус тус маргасан гэдэг нь тогтоогдож байна.

6.Анхан шатны шүүхээс талуудын маргаж буй дээр дурдсан үндэслэлээс хариуцагч улсын байцаагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам /процесс/ зөрчсөн буюу М ХК-ийн эрх бүхий албан тушаалтан хэн болох, түүний олгосон итгэмжлэл хууль ёсны дагуу байсан эсэх, үүгээрээ томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч болж чадах эсэхийг нягтлаагүй, итгэмжлэлийн эх хувийг шаардаж аваагүй, урьд нь бас төлөөлж байсан гэх тайлбартайгаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж холбогдогчийн мэдүүлэг авсан нь хуульд нийцэхгүй, хуульд заасан хугацаанд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол хэрхэн арга хэмжээ авсан, холбогдогчоос өөр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хүн байсан уу зэргээр ажиллагаа хийгээгүй, зөрчлийн шинж байдал, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийн асуудлыг судлан шийдвэр гаргах үүрэгтэй[5] гэж үзэн шийтгэлийн хоёр хуудсыг тус тус хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн.

Уг шийдвэрт хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй, гомдол гаргагч хуулийн этгээдээс улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам /процесс/ зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлттэй холбоотойгоор давж заалдах гомдолдоо маргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн эрхийг дордуулахгүй байх зарчмыг баримтлан хэргийг гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

7.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-т[6] ...гомдол гаргагчийг огт зөрчил гаргаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, зөрчлийн шинж байдал, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийн асуудлыг судлан шийдвэр гаргах үүрэгтэй гэж дүгнэсэн.

Мөн давж заалдах гомдолд үндэслэл болгон дурдсан шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д ... эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэх зөрчлийг илрүүлж, шийтгэл оногдуулахдаа ... Хорооны даргын тушаалаар батлагдсан удирдамжийг биелүүлээгүй гэж буруутгасан гэж, 11-т ... удирдамж нь улсын байцаагчийн үйл ажиллагаанд мөрдлөг болгох, улсын байцаагчид чиглэсэн акт байна гэж, 12-т ... нийтээр дагаж мөрдөх, эсхүл тухайлсан ямар шийдвэрийг зөрчсөн нь тодорхой бус байна" гэх дүгнэлтүүд нь анхан шатны шүүхээс гомдол гаргагч хуулийн этгээдийг маргаан бүхий зөрчлийг үйлдээгүй гэдгийг тогтоож, дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүхээс гомдол гаргагчийн М" ХК нь ямар зөрчил үйлдсэн болох нь тодорхой бус тухай дүгнэлт хийсэн нь 02, 02 дугаартай шийтгэлийн хуудсуудад дурдсан "М" ХК-ийн үйлдсэн гэх зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй, маргаан бүхий захиргааны актуудыг батлан гаргахдаа бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй болохыг баталсан, ... зөрчлийг үйлдсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байхад Зөрчлийг заавал нотлуулахаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан, эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл болно гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч М ХК-иас торгуулийн 50 хувийг төлж, үлдэх 50 хувийг хүчингүй болгож эвлэрэх саналыг гаргаж, хариуцагч байгууллагаас эвлэрэх боломжгүй талаар хариуг хүргүүлж байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0801 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА 

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ