Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа,

Улсын яллагч Б.Жавхлантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч Б.Тайванжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Б.Тайванжаргалд холбогдох 201614000368 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1982 оны 12 сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, хүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундарга 20-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ологонууд овогт Батаагийн Тайванжаргал / РД: РЮ82122218 /

Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Б.Тайванжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 40-04 тоотод хэрүүл маргааны улмаас Д.Эрдэнэсувдыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

1.Шүүгдэгч Б.Тайванжаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ : ...2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би найз Мөнхцэцэгийн гэрт байсан чинь гаднаас Эрдэнэсувд орж ирээд надаас мөнгө нэхээд дайраад байсан . Тэгэхээр нь би айлд хэрүүл хийхээр гээд гарах гэсэн чинь машины хаалга хаагаад намайг гаргахгүй байсан. Тэгээд миний машины түлхүүрийг аваад ир гээд хэрүүл хийгээд над руу дайраад мөнгөө нэхээд хувцас хунар урчих гээд байхаар нь би хоёр гарнаас нь барьж байгаад түлхсэн чинь хашаараа руу унасан. Яг хаагуураа унасанг нь хараагүй ямар ч байсан бөгсөөрөө газар сууж байсан гэх мэдүүлэг.

2. Хохирогч Д.Эрдэнэсувд хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би Тайванжаргалыг Наран багийн 40-04 тоотод айлд архи уугаад сууж  байна гэж сонсоод машинтай явж очоод Тайванжаргалд зээлүүлсэн мөнгө төгрөгөө авах талаар хэлсэн чинь Тайванжаргал зайл явж бай араас чинь очно гээд мөнгийг чинь өгнө гээд гэрээс гараад намайг цохиж, толгойруу гараараа 4-5 удаа цохисон. Одоо Б.Тайванжаргалд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэжээ.

 Гэрч Ч.Мөнхтулга хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ : 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би засварын газраа ажилтай байсан чинь манай найз эмч Эрдэнэсувд надруу утасдаад машинтайгаа хүрээд ирээ нэг хүн олж уулзах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би Эрдэнэсувдыг аваад хороолол руу Наран багийн 40-04 тоот айлын гадна очсон. Тухайн үед Эрдэнэсувд тэр айл руу ганцаараа орсон би машин дотор хараад үлдсэн. Тэгэхэд Тайванжаргал, Эрдэнэсувд хоёр хашааны хаалгаар зууралдсан, хэрүүл хийсэн байдалтай гарч ирсэн. Тайванжаргал Эрдэнэсувдыг хэд хэдэн удаа алдгадаад байгаа харагдаж байсан. Тухайн үед би болиоч нүдний булайнуудаа гэж хэлээд сууж байсан гэх мэдүүлэг.

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 491 дугаар шинжээчийн дүгнэлт “...1. Д.Эрдэнэсувдын биед тархи доргилт, 2 гар, 2 хөлд зөөлөн эдэд 14 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6. Шинэ гэмтлүүд байна гэх дүгнэлт

6. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч Б.Тайванжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 40-04 тоотод хэрүүл маргааны улмаас Д.Эрдэнэсувдыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг дээр дурьдагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрхи нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо. Б.Тайванжаргалын үйлдсэн хэрэг нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

Хохирогч Д.Эрдэнэсувд нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй, хохирол төлбөрөө хүлээн авсан, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгч Б.Тайванжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн ,учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, хохирогч Д.Эрдэнэсувд шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ологонууд овогт Батаагийн Тайванжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т тус тус заасныг баримтлан Батаагийн Тайванжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ