Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2019/ДШМ/18

 

Д.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

                        Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              Н.Энхнаран

Прокурор                                                   Ч.Мөнхзул 

Шүүгдэгч                                                    Д.Г нар оролцов.

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Г-т холбогдох эрүүгийн 1821006200379 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар баг “Галуут” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Д.Г.

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар баг “Дөрөө нуур” гэх газар нутаглах хохирогч Т.Х-ийн саарал зүсмийн 1 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ц.Г-ыг “үхэр, адуу худалдаж авч өгнө” гэж хуурч, ХААН банкны дансаар 100.000 төгрөг, мөн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Ган Хэрлэн” зочид буудлын гадна уулзаж 900.000 төгрөгийг авч бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, нийт 1000.000 төгрөгийг залилан авсан,

мөн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Лимонс” бааранд хохирогч Т.Э-ын хэтэвчтэй 200.000 төгрөг болон цахим үнэмлэхийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 205.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тулга” зочид буудлын гаднаас хохирогч Э.Д-ийн унаж явсан “Тоёота Приус-10” маркийн ... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсны улмаас эвдэлж уг тээврийн хэрэгслийн гэмтэлд 640.000 төгрөгийн, шууд бус зардалд 115.200 төгрөгийн нийт 755.200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 06-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.М-ын эзэмшлийн ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар картыг 19 дүгээр байрны АТМ-д уншуулж 770.000 төгрөгийг авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн” 2 дахь заалтыг хүчингүй болгож,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

5/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил 6 /зургаан/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

6/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 4 /дөрвөн/ жил 6 /зургаан/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

7/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийн цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

8/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-оос гэм хорын хохиролд нийт 1960.200 /нэг сая есөн зуун жаран мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, 1000.000 /нэг сая/ төгрөгийг хохирогч Ц.Г-д, 205.000 /хоёр зуун таван мянган/ төгрөгийг хохирогч Т.Э-т, 755.200 /долоон зуун тавин таван мянга хоёр зуун/ төгрөгийг хохирогч Э.Д нарт тус тус олгож, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би 2018 оны 01 сард Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар баг “Дөрөө нуур” гэх газар нутаглах хохирогч Т.Х-ийн саарал зүсмийн 1 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан, мөн 2018 оны 12 сарын 19-ний өдөр иргэн Ц.Г-ыг “үхэр, адуу худалдаж авч өгнө” гэж хуурч 1000000 төгрөг авсан, мөн 2018 оны 12 сарын 29-ний өдөр хохирогч Т.Э-ын хэтэвчнээс 200000 төгрөг авсан, мөн 2019 оны 01 сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө хохирогч Э.Д-ийн унаж явсан “Тоёота Приус-10” маркийн ,,, УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсаны улмаас эвдэлж уг тээврийн хэрэгсэлд 755200 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 01 сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө хохирогч Я.М-ын эзэмшлийн ХААН банкны виза картнаас нь 770000 төгрөгийг авсан минь үнэн. Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг барагдуулж дуусгах болно гэдгээ илэрхийлж байгаа тул миний малын хулгай болох шийтгэх тогтоолын 4 дэх хэсгийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Г гаргасан тайлбартаа: “Малын хулгайн гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Д.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүхээс энэ хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал гаргаагүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар баг “Дөрөө нуур” гэх газар нутаглах хохирогч Т.Х-ийн саарал зүсмийн 1 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ц.Г-ыг “үхэр, адуу худалдаж авч өгнө” гэж хуурч, ХААН банкны дансаар 100.000 төгрөг, мөн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Ган Хэрлэн” зочид буудлын гадна уулзаж 900.000 төгрөгийг авч бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, нийт 1000.000 төгрөгийг залилан авсан,

мөн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Лимонс” бааранд хохирогч Т.Э-ын хэтэвчтэй 200.000 төгрөг болон цахим үнэмлэхийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 205.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тулга” зочид буудлын гаднаас хохирогч Э.Д-ийн унаж явсан “Тоёота Приус-10” маркийн ,,, УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсаны улмаас эвдэлж уг тээврийн хэрэгслийн гэмтэлд 640.000 төгрөгийн, шууд бус зардалд 115.200 төгрөгийн нийт 755.200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 06-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.М-ын эзэмшлийн ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар картыг 19 дүгээр байрны АТМ-д уншуулж 770.000 төгрөгийг авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Т.Х, Ц.Г, Я.М, Т.Э, гэрч А.Энхтайван, Г.Дэнсмаа, Б.Гантуяа, Ж.Батбаяр нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдсон байна.

Энэ хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Г нь “Малын хулгайн гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Д.Г нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд хулгайлах, залилах, дээрэмдэх, авто тээврийн хэрэгслийг авч зугтаах, мал хулгайлах зэрэг хэд хэдэн гэмт хэрэг үйлджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялуудыг нэмж нэгтгэн 2 жил 6 сар 30 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж, нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 6 сар 30 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Иймд шүүгдэгч Д.Г-ийн “Малын хулгайн гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Г-ийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 45 /дөчин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.НАРАНБАЯР

               ШҮҮГЧИД                                                   З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                  Ж.ДОЛГОРМАА