Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/522

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Отгонбаатар,

            Шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Б.Гомбодорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2977/, О.Оюунчимэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2724/

Шүүгдэгч Л.И , түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2408/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Х овогт Б-н О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, М овогт Л-н И-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001450 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

            1. Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Ө ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Х дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух, /РД:/ урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Б-н О .

 

2. Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Т зочид буудалд ресепшин ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт

Х дүүргийн ... дугаар хороо ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух, /РД: / урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Л-н И .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим хохирогч С.Э-н эзэмшлийн хуавей вайя 7 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж зодож дээрэмдэн авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.О  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Орхон худалдааны төв”-н баруун талд хохирогч Д.Х-н эзэмшлийн Эл жи винг /LG wing/ загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж нийт 1.130.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.И  нь Б.О ыг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн   сангийн автобусны буудлын орчим хохирогч С.Э ын эзэмшлийн Хуавей вайя 7 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэн авсан болохыг мэдсээр байж авсан буюу гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага

лавлагааны хуудас /1 хх-ийн 1, 2 тал/,

 

2. Хохирогч С.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 09-ний орой 19 цагт гэртээ найз болох Оюунаатай байж байсан чинь манай найз болох Э дуудсан. ...Бид дөрөв пиво ууж байгаад ууж байсан пиво дуусахаар нь гарч 25-р эмийн сангийн автобусны буудал дээр архи шагладаг хүмүүс байж магадгүй гээд би тэдний гэрээс гараад 25-р эмийн сангийн автобусны буудал дээр очсон. Наад талын Түц онгорхой байхаар нь пиво байна уу гээд асуучхаад байхгүй гэхээр нь гарч явж байтал хаанаас юм 3 залуу гарч ирээд намайг зодоод миний куртикны халаасанд байсан гар утсыг аваад явсан. ...Өндөр залуу нь миний куртикны халаасанд байсан Хуавеэй маркийн гар утас куртикны халаасанд байсныг өндөр залуу нь халааснаас аваад тэгээд уг гурван залуу зугтаагаад явсан. Тухайн малгайг би зугтааж байхдаа унагаасан юм шиг байна лээ. Би зодуулаад утсаа дэрэмдүүлчихээд буцаад алхаж явахдаа олж аваад шатаачихсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-14, 222-223, 2 хх-ийн 84-85 тал/,

 

3. “Кости-Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний  “...Huawei Y7 /64 GB хуучин/ гар утас  180.000 төгрөг...” гэх дүгнэлт /1 хх-ийн 35-37 тал/,

 

4. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирогч С.Э д Л.И аас гарган өгсөн хөр өнгийн дэлгэц нь хагарсан Huawei маркийн гар утсыг хохирогч С.Э д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 44, 45 тал/,

 

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Энэ зурган дээр 06 цаг 30 минутад 22 секундэд дээрх этгээдүүд хохирогчийн эд зүйлсийг булаагаад аваад явж буй байдал. Энэ зурган дээр 06 цаг 31 минут 39 секундэд урт хар өнгийн куртик хар өнгийн өмд болон гуталтай эрэгтэй, цайвар өнгийн малгайтай цамц хар канттай богино куртик, хар малгай өмссөн эрэгтэй, гадуураа хар өнгийн куртик бараан өнийн өмд гутал өмссөн эрэгтэй хүмүүс зүүн талаас гарч ирээд баруун тал руу гүйж буй байдал. Эдгээр хүмүүс нь 06 цаг 31 минут 49 секундэд автобусны буудлын зогсоол дээр байрлах суудлын хэсгийн хажууд хохирогчийг зодож буй байдал...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 48-51 тал/,

 

6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 52-54, 55-57 тал/,

 

7. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 147 тал/,

 

8. Гэрч З.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай найз хүүхэн найз болох Ч-тэй хамт архи уучихсан байсан. Би тохирсон цагтаа аваагүйгээс болоод надаа уурлаад найзтайгаа нийлээд надад агсраад байхаар нь би гараад зам дагуу явж байсан хүнийг хүргэж өгөөд буцаад явж байтал манай найз хүүхэн над руу залгасан. “чи хаана байна, одоо ирж ав” гэхээр нь очтол модны хоёрын голын зам дагуу алхаад явж дүүгийнхээ байранд ирсэн орцны кодыг байж байгаад буцаад зам руу гараад явахаар нь очоод тэвэрч аваад одоо гэртээ орно гэтэл надаас зугтаад УБ палас чиглэлд алхаад байхаар нь би 100 метрийн зайтай алхаж байсан. Би аргадах санаатай утсаар залгаад яриад явж байтал байрны булан тойроод хартал үл таних 3 залуу дагаад явж байсан. Би хөөе гэж орилтол гар утсыг нь аваад хойшоо чиглэлтэй зугтсан, би араас нь гүйсэн ч гүйцээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 150-151 тал/,

 

9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 152, 153 тал/,

 

10. Эвдрэл гэмтэлгүй Vietnam гэх бичиглэлтэй цаас наалттай эвдрэл гэмтэлгүй Ig wing загварын гар утас хураан авсан тэмдэглэл /1 хх-ийн 177-178/,

 

11. Хохирогч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр найз Ч-д орой 23 цагийн үед очиж хоёулаа нэг шил архи хувааж уунгаа юм ярьсаар байгаад шөнийн 4 цаг хүргэсэн. ...Орхон захын зэргэлдээ байранд байдаг дүү болох Б-н гэрт очоод гадна орцны хаалганы кодыг нь хийхэд онгойхгүй байхаар нь нөхөр болох М рүү залгаад ойрхон явж байна гэхээр нь ирээд ав дүүгийн байрны хажууд байна гээд байрных нь хажуугаар алхаж байхад араас нэг хүн миний утсыг булаахаар нь би орилоход шууд миний хоолойг хажуу талаас боосон. Тэгээд би гарыг нь тавиулаад харахад нэг эрэгтэй хүн миний өөдөөс хараад зогсоод байсан. Цаана нь бас хоёр эрэгтэй хүн хараад зогсоод байсан. Миний гар утсыг булаасан залуу над руу харж байгаад шууд зугтаагаад гүйчихсэн. Нөгөө хоёр залуу бас цуг Улаанбаатар палас тал руу чигтээ гүйсэн. Манай нөхөр М над дээр ирж байсан болохоор миний орилохыг сонсоод гүйж ирээд араас нь хөөгөөд гүйцээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 193-194 тал/,

 

12. Тэнцвэр Эстимэйт хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн “...Нийт хохирлын дүн 950.000 төгрөг /LG wing маркийн гар утас/...” гэх дүгнэлт /1 хх-ийн 196-197 тал/,

 

13. Шүүгдэгч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Уг залуу орилоод байхаар нь Х  очоод цохисон. И  бид хоёр очиж уг залууг цохисон. Газар гар утас унахаар нь би авсан. Зугтаагаад явж байхдаа эмэгтэйн гар утас авсан. Уг эмэгтэйн гар утас авъя гэх хэлсэн боловч Х  И  хоёр сонсоогүй. ...Эрэгтэйн гар утас авсан гэдгийг тэр хоёр мэдсэн. Гар утсыг авчихлаа гээд бид гурав зугтаасан. ...Энхжаргал гэгчийн гар утас халааснаас нь газар унасан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 58-59, 80 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт гар утсыг буцаан өгсөн. Өмнө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан...” гэх мэдүүлэг

 

14. Шүүгдэгч Л.И ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05 цагийн орчимд Тото зочид буудлаас О , Х  нарын хамт тамхи авах гээд Түц рүү гарсан. Түцний цонх тогшоод байж байхад цаана нэг үл таних хүн яах гээд байгаа, юу авах гээд байгаа гээд орилоод байсан. ...Түүнийг Х  яагаад томроод байгаа юм бэ гээд цохисон. Би араас нь очоод 2-3 удаа цохисон. Тэр эрэгтэй хүн доошоо харсан. Нүүрээ дарсан байдалтай сандал дээр сууж байхад нь О  гар утсыг нь авсан ба тэр хүний гар утас нь баруун талын халааснаас нь унжсан байх үед О  авсан. ...О  хоёр гар утас авсан байна. Хоёр гар утастай харихаар болохгүй байна. Нэг гар утсыг чи аваад явчих өглөө ирээд авъя гэхээр нь би аваад буцаад зочид буудал руугаа явсан. Тухайн үед надад хүний эд зүйл дээрэмдэх шаардлага байгаагүй. Би өөрөө гар утастай байсан, өөрөө цалин орлоготой надад тухайн үед байгууллагын орлого мөн байсан. ...Х  бид хоёрт дээрэм хийх санаа байгаагүй болохоор үүнийг тодруулж нүүрэлдмээр байна. ...Үл таних хүн бид гурвыг дуудаад орилоод байхаар О , Х  нарт хандаж наад орилоод байгаа залуугаа бариад ав гэж хэлсэн. Х  тухайн орилоод байсан залууг бариад автал О  яагаад орилоод байгаа юм бэ гэж асуугаад нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. Тэр үед нь Х  бид хоёр Түц рүү тамхиа авах гээд буцаад яваад өгсөн. Тэр үед О  тухайн орилоод байсан хүний гар утсыг авсан байсан бөгөөд О , Х  бид хоёрт хандаж зугтаарай гэж хэлсэн. ...Х  25 дугаар эмийн сангийн урд байрлах Тоотон нэртэй зочид буудал руу ганцаараа яваад өгсөн. О  надад кекүшю цамхгийн цаана буюу 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын орчим байхдаа надад нэг хар өнгийн загварыг нь мэдэхгүй утас өгөөд өглөө би чамаас авъя чи аваад явчих гэхээр нь би тухайн гар утсыг нь аваад ажил руугаа яваад өгсөн. О  надаас салаад яваад өгсөн. Намайг ажил дээр ирэх үед тэр утасны эзэн гээд байгаа хүн цагдаа нартай хамт хүрээд ирсэн. Би тухайн гар утсыг цагдаа нарт өгсөн. Тухайн гар утсыг О  зүгээр аваад явчих өглөө чамаас авъя гээд байхаар нь би авч явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 129-131, 2 хх-ийн 65-66, 77, 2 хх-ийн 101 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад холбогдуулан зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. О  гар утас авсан гэдгийг сүүлд надад нэг гар утсыг өгөхөд л мэдсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 хавтас хэргийн 17-19, 24-25, 159-161, 167-169 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн үйл баримт, түүнд шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Нэг. Шүүгдэгч Б.О ын үйлдлийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Прокуророос шүүгдэгч Б.О т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж өгсөн бөгөөд бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол энэ гэмт хэргийн үндсэн шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заажээ.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

шүүгдэгч Б.О  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим хохирогч С.Э ын эзэмшлийн хуавей вайя 7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

улмаар цааш явж байхдаа үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Орхон худалдааны төв”-н баруун талд хохирогч Д.Х ын эзэмшлийн Эл жи винг /LG wing/ загварын гар утсыг хүч хэрэглэж авсан үйл баримт тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Тодруулбал, хохирогч С.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...25-р эмийн сангийн автобусны буудал дээр архи шагладаг хүмүүс байж магадгүй гээд би тэдний гэрээс гараад 25-р эмийн сангийн автобусны буудал дээр очсон. Наад талын Түц онгорхой байхаар нь пиво байна уу гээд асуучхаад байхгүй гэхээр нь гарч явж байтал хаанаас юм 3 залуу гарч ирээд намайг зодоод миний куртикны халаасанд байсан гар утсыг аваад явсан. ...Би тухайн үед найзтайгаа уулзах гээд гар утсаараа байгаа газрыг нь заалгаж ярьсан тэгээд гар утсаа куртикныхаа халаасанд хийсэн байсан, уг өндөр залуу миний куртикны халааснаас гар утас авсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...байрных нь хажуугаар алхаж байхад араас нэг хүн миний утсыг булаахаар нь би орилоход шууд миний хоолойг хажуу талаас боосон. Тэгээд би гарыг нь тавиулаад харахад нэг эрэгтэй хүн миний өөдөөс хараад зогсоод байсан. Цаана нь бас хоёр эрэгтэй хүн хараад зогсоод байсан. Миний гар утсыг булаасан залуу над руу харж байгаад шууд зугтаагаад гүйчихсэн....” гэх мэдүүлэг, гэрч З.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...УБ палас чиглэлд алхаад байхаар нь би 100 метрийн зайтай алхаж байсан. Би аргадах санаатай утсаар залгаад яриад явж байтал байрны булан тойроод хартал үл таних 3 залуу дагаад явж байсан. Би хөөе гэж орилтол гар утсыг нь аваад хойшоо чиглэлтэй зугтсан, би араас нь гүйсэн ч гүйцээгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Буудал дээр тамхи авах гээд байж байсан чинь нэг ах орилоод Х  тэр ахыг газар унагаасан бөгөөд би И тай очсон тэр ахыг нүүрээ хамгаалж байхад нь хамгаалсан хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэр ах зугтаагаад явсан бөгөөд цаашаа явж байгаад сандал дээр сууж байх үед нь гар утсыг нь би хэлэхгүйгээр очоод авсан. Би зугтаагаарай гэж нөгөө хоёрт хэлээд зугатаагаад нилээн явж байхад нэг эгч утсаараа яриад явж байсан түүний утсыг нь би авсан. И  миний араас надтай цуг гүйсэн. Х  салаад зам руу гүйсэн. И  надаас салж явах үед нь И ад би нэг утсаа өгөөд явуулсан. ...Энхжаргал гэгчийн гар утас халааснаас нь газар унасан байхаар нь авсан. ...Согтуу хүний утсыг авах санаа надад гарсан, нөгөө хоёртоо хэлээгүй. Цаашаагаа явж байхад эмэгтэйн гар утсыг хүртэл авахад нөгөө хоёр ард үлдчихсэн, би түрүүлж очоод булаагаад авсан. И , Х  нарт хэлээгүй. Тухайн үедээ шууд хийчихсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.И ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Х  тухайн орилоод байсан залууг бариад автал О  яагаад орилоод байгаа юм бэ гэж асуугаад нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. Тэр үед нь Х  бид хоёр Түц рүү тамхиа авах гээд буцаад яваад өгсөн. Тэр үед О  тухайн орилоод байсан хүний гар утсыг авсан байсан бөгөөд О  Х  бид хоёрт хандаж зугтаарай гэж хэлсэн. Тэгээд Х  25 дугаар эмийн сангийн замын урд талд байрлах Тоотон нэртэй зочид буудал руу ганцаараа яваад өгсөн. О  надад Кёкүшю цамхаг цаана 10 хороооллын хойд автобусны буудлын орчим байхдаа надад нэг хар өнгийн гар утас өгөөд өглөө би чамаас авий чи аваад явчих гэхээр нь би тухайн гар утсыг нь аваад ажил руугаа яваад өгсөн. О  нь Х  бид хоёрыг дээрэм хийхийг анхнаасаа мэдэж байсан гэж байсан. Х  бид хоёрт тийм санаа байгаагүй, тийм болохоо үүнийг тодруулах зорилгоор нүүрэлдмээр байна...” гэх мэдүүлэг, Г.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...И , Улаака бид гурав тамхи авахаар 25 дугаар эмийн сангийн автобусны буудал руу явсан. Тэгээд түц орох гэж байхад Улаака нэг ахтай ам мурийсан. Улаака ах тэр ахыг нэг цохисон. Нөгөө ах цаашаа гүйсэн тэр үед намайг бариад ав гэж Улаака хэлсэн. Барьж аваад би тэр ахыг нэг цохисон. тэгээд болиод бид гурав буцаад түц рүүгээ явсан. Түц рүү явж байгаад Улаака тэр ахаас холдоогүй байх үедээ буцаад нөгөө ах дээр очсон. И  болон миний бие араас очсон тэр үед Улаака ах хурдан гүй гэж хэлсэн, тэгээд байран дундуур гүйсэн. Улаака ах нилээд урд явж байсан. И  ах бид хоёр араас нь дагаад явж байсан. Тэр үед нэг эгч байран дунд орилсон. И  бид хоёр гайхаад зогсож байсан нэг ах бас орилсон. Хүн орилох үед би айсандаа тэр хоёрыг үлдээгээд би буудал руугаа гүйсэн. ...Улаакаг би дээрэмдэх гэмт хэрэг хийж байсан талаар мэдэхгүй байна. хохирогчийн гар утсыг хэн авсныг, хаана байсныг мэдэхгүй байна. О ыг дээрэм хийх гэж байсныг мэдээгүй...” гэх мэдүүлгүүд, Кости Эстимэйт ХХК, Тэнцвэр эстимэйт ХХК-иудын Хөрөнгө үнэлгээний тайлан, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан нэг нь нөгөөгөө нотолж буй нотломжийн шинж, харилцан хамаарал бүхий байдлаар үнэлж, шүүгдэгч Б.О ыг хохирогч С.Э ын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хохирогч Д.Х ын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авсан болох нь тогтоогдсон гэж дүгнэв.   

 

Учир нь прокуророос хохирогч С.Э ын эзэмшлийн хуавей вайя 7 загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэж шүүгдэгч Б.О ыг яллаж байх боловч хэргийн 2 хавтасны 97-98 талд авагдсан “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор Л.И ад холбогдох үйлдлийг Г.Х , Б.О  нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн,

99-100 талд авагдсан “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Г.Х д холбогдох үйлдлийг Л.И , Б.О  нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн, уг тогтоолууд хүчинтэй байна.

 

Түүнчлэн, хэргийн үйл баримтаар Б.О , Л.И , Г.Х  нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тамхи авах зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын Түц орсон, хохирогч С.Э  мөн тухайн автобусны буудал дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан байх ба тэдгээр нь тодорхой шалтаг, шалтгаангүйгээр маргаан үүсгэж, улмаар Б.О , Л.И , Г.Х  нар хохирогч С.Э ын биед халдаж зодсон нөхцөл байдал тогтоогдсон. Үүний дараа Б.О  Л.И , Г.Х  нар нь хохирогчийг орхиж явсан боловч шүүгдэгч Б.О  буцаж хохирогч С.Э  руу очиж, түүний халаасанд байсан 180.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь авсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.О т хохирогч С.Э ын гар утсыг дээрэмдэх гэмт санаа гэнэт үүссэн байх ба тэрээр хохирогчийн гар утсыг авах үедээ ямар нэг байдлаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. 

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг хүч хэрэглэж бие махбодод нь хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой халдсан, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” буюу дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангахгүй байна.

         “Хүч хэрэглэж” гэж гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг, “хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох” гэж гэмт этгээд эд хөрөнгөө өгөхгүй бол түүнийг ална, эрүүл мэндэд нь хохирол учруулна, эрх, эрх чөлөөг нь хязгаарлана зэргээр айлган сүрдүүлж довтолсон байхыг тус тус ойлгоно.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа хүч хэрэглэхгүйгээр илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг.

 

            Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжид заасан “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг, “илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг тус тус ойлгоно.

 

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.О ын хохирогч С.Э ын эзэмшлийн эд зүйл болох хуавей вайя 7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон...” гэмт хэргийн шинжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэж шийдвэрлэсэн болно. 

 

Харин шүүгдэгч Б.О ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Орхон худалдааны төв”-н баруун талд хохирогч Д.Х-н эзэмшлийн Эл жи винг /LG wing/ загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэж прокуророос ялласан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Учир нь шүүгдэгч Б.О  хохирогч Д.Х-н хоолойг боох үйлдэл хийж, түүний эзэмшлийн 950.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авсан нь хэргийн үйл баримтаар нотлогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, ...авахаар довтолсон...” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Б.О нь дээрх үйлдлүүдэд шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж, бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Б.О ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь зөв байна.

 

Иймд, шүүгдэгч Б.О ыг үргэлжилсэн үйлдлээр “хохирогч С.Э ын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, хохирогч Д.Х ын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.О ын хохирогч С.Э ын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, хохирогч Д.Х ын гар утсыг хүч хэрэглэж авсан дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тусдаа хангаж байгаа боловч прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орохгүй.

 

Учир нь шүүгдэгчийн холбогдсон үйлдэл тус бүрээр ялган зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчимд нийцэхгүй тул тухайн зүйл ангийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйд тогтсон ойлголт болно.

 

Иймд, шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгч Л.И ын үйлдлийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Прокуророос шүүгдэгч Л.И ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д "Мөнгө угаах" гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно гэж заасан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Л.И  нь 2021 оны 10 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим хохирогч С.Э ын эзэмшлийн Хуавей вайя 7 загварын гар утсыг шүүгдэгч Б.О  хууль бусаар дээрэмдэн авсан болохыг мэдсээр байж авсан буюу гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас, Эд зүйл хураан авсан, хохирогч С.Э д шүүгдэгч Л.И аас гарган өгсөн хөр өнгийн дэлгэц нь хагарсан Huawei маркийн гар утсыг хохирогч С.Э д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Л.И ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тэр үед нь Х  бид хоёр Түц рүү тамхиа авах гээд буцаад яваад өгсөн. Тэр үед О  тухайн орилоод байсан хүний гар утсыг авсан байсан бөгөөд О , Х  бид хоёрт хандаж зугтаарай гэж хэлсэн. ...О  надад 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын орчим байхдаа надад нэг хар өнгийн загварыг нь мэдэхгүй утас өгөөд өглөө би чамаас авъя чи аваад явчих гэхээр нь би тухайн гар утсыг нь аваад ажил руугаа яваад өгсөн. О  надаас салаад яваад өгсөн. Намайг ажил дээр ирэх үед тэр утасны эзэн гээд байгаа хүн цагдаа нартай хамт хүрээд ирсэн. Би тухайн гар утсыг цагдаа нарт өгсөн. Тухайн гар утсыг О  зүгээр аваад явчих өглөө чамаас авъя гээд байхаар нь би авч явсан...” гэх хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тул тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө ...гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан ...” гэсэн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Л.И ын энэ үйлдэл Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Л.И ыг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Б.О , Л.И  нарт холбогдох эрүүгийн 2105000001450 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокуророос анх 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 735 дугаартай яллах дүгнэлт /1 хх-ийн 236 тал/ үйлдэж 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг тус шүүх хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамжаар Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Ингээд дахин прокуророос 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 357 дугаартай яллах дүгнэлт үйлдэж 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд ирүүлэхдээ эргэлзээтэй байдлыг буюу шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийгээгүй байна. 

 

Иймд шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг үйлдэл тус бүрээр дүгнэн, шүүх хуралдаанаар хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэх нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй, мөн хохирогч, шүүгдэгч нарын эрх ашиг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түргэн шуурхай явуулах зорилтот нийцнэ гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.О  нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.И  нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.  

 

Шүүгдэгч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 113, 170 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 114 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 115, 171 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 хх-ийн 116, 202 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 хх-ийн 117 тал/, гэрч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О  нь үг дуу цөөтэй, манай хүүхдүүдээс хамгийн зөөлөн сэтгэлтэй нь байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 120-121 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 122 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 хх-ийн 201 тал/, гэрч Б.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зан байдлын хувьд төлөв даруу дуу муутай одоо болтол хүүхэд зангаасаа гараагүй хүмүүстэй муудалцдаггүй...” гэх мэдүүлгүүд /2 хх-ийн 63 тал/,

 

Шүүгдэгч Л.И  шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон ба түүний хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 134 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 136, 162 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-ийн 137 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1 хх-ийн 138 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 хх-ийн 139 тал/, байнга оршин суух хаягийн лавлагаа /1 хх-ийн 140 тал/, гэрч М.Жагваралсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Их төлөв даруу, үг цөөтэй, их тайван амгалан хүүхэд байгаа. Анх удаа ийм асуудалд орж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 143-144 тал/, “БПСБ” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /2 хх-ийн 9 тал/, суурь боловсролын гэрчилгээ, хувийн хэргийн хуулбар /2 хх-ийн 10-17 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /2 хх-ийн 18-28 тал/, гэрч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү И  нь нийтэч хамт олны дунд нэр хүндтэй ажлаараа тэргүүлэгч даалгасан үүрэг даалгавар сайн биелүүлдэг эелдэг зөөлөн зан ааштай нөхөрсөг хүнтэй маргадаггүй зөөлөн ааштай...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 68-69 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно. 

 

Шүүгдэгч нарт ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

 

Шүүхээс шүүгдэгч Б.О т ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэл эдэлж байгаагүй,  шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл байдал болон хуульд заасан хөнгөрүүлэн үзэх хохирогчид учирсан хохирлыг буцаан өгч хохирол, гомдолгүй болгосон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон болно.

 

Харин шүүгдэгч Л.И ын холбогдсон гэмт хэргийн шинж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл байдал, Х дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух тодорхой хаягтай, ... дүүргийн ... дүгээр хороо ... тоотод байрлах “” ХХК-д ажилладаг зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.

 

Иймд, шүүгдэгч Л.И ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Л.И ад оногдуулсан “Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.   

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Э д 180.000 төгрөгийн хохирол учирсан болох нь  “Кости-Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний  “...Huawei Y7 /64 GB хуучин/ гар утас  180.000 төгрөг...” гэх тайлангаар,

Хохирогч Д.Х д 950.000 төгрөгийн хохирол учирсан болох нь  Тэнцвэр Эстимэйт хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн “...Нийт хохирлын дүн 950.000 төгрөг /LG wing маркийн гар утас/...” гэх тайлангаар тус тус тогтоогдсон.

 

Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гар утаснуудыг буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск шүүхэд ашиглалтын шаардлага хангахгүй хэлбэрээр буюу ажиллахгүй байдалтай ирсэн, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-н О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М  овогт Л-н И ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И ад 10 /арав/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Э , Д.Х  нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тус тус тогтсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Л.И ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА