Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/00321

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/00321

 

 

Улаанбаатар хот

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2-р хороолол, 7А-26 тоот, ХХ ХХК-ийн /РД:5293472/ нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 56/б-49 тоотод байрлах, ОЗ ХХК-д /РД:5645271/ холбогдох

Худалдах худалдан авах гэрээний гэрээний алданги, учирсан хохиролд 47.181.700 төгрөг гаргуулах, ОЗ ХХК-ийн худалдах худалдан авах гэрээний үнийг доллараар илэрхийлсэнийг хүчингүй болгож, гэрээний 2.1 дэх хэсэгт заасан үнийн дүнг гэрээ байгуулагдсан үеийн төгрөгийн ханшаар тооцох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Дэлгэрдалай, өмгөөлөгч С.Дондов, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:   ХХ ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ОЗ ХХК-ийн захирал Т.Наранбаяртай харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Манай компани гэрээний дагуу авто замын хөдөлгөөн зохицуулах тоног төхөөрөмжийг БНСУ-аас нийлүүлэх үүргийг хүлээж, худалдан авагч ОЗ ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авах, барааны үнийн төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн.Гэрээний 6.5 дахь хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 30 хувь, 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 40 хувь, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 30 хувийн төлбөрийг барагдуулахаар тусгасан. Дээрхи тоног төхөөрөмжийг манай компанийн 100 хувийн санхүүжилтээр нийлүүлэх шаардлагатай болсон тул БНСУ-ын олон жилийн түнш байгууллагатай харилцан тохиролцож, итгэлцлийн үндсэн дээр барааны үнийн зарим хэсгийг барьцаагүй дараа төлөх хэлбэрээр тохиролцон гэрээтэй уялдуулан хугацааг тохирсон. Ингэж харилцан тохиролцсон нь тухайн барааны үнийг дараа төлөх боломж олгож байгаа хэдий ч нэгэнт гадаад төлбөр тооцоо учраас төлбөрийг төлөх үеийн гадаад валютын ханшийн өөрчлөлтийн эрсдлийг тооцоолох зайлшгүй шаардлага гарсан. Худалдан авагч талд үүнийг ойлгуулж, гэрээнд төлбөрүүдийг төлөх үеийн ам.долларыг худалдан авах ханшаар Монгол төгрөгт шилжүүлэн төлбөр тооцоог хийхээр тусгасан юм. Гэтэл тохирсон хугацаандаа энэ компани санхүүжилтээ хийгээгүйгээс гадаад төлбөр тооцоог хуваарийн дагуу хийхийн тулд богино хугацаатай, хүү өндөр тодорхой хэмжээний зээлийг барьцаат зээлийн үйлчилгээнээс авч хэрэглэн орж ирээд 1.5 жил болсон, анх зах зээлээс 27.000.000 төгрөгөөр авсан, Хюндай Майти 2 буюу 3.5 тонны даацтай хувийн эзэмшилд байсан автомашиныг 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан ба улмаар гэрээний дагуу санхүүжилт хугацаандаа орж ирэхгүй байснаас хохирол учирсан. Мөнгөн дүнгээр нь тооцвол 13.000.000 төгрөг зөвхөн үүнээс болж үүссэн юм. Санхүүжилтийг хугацаандаа төлж чадахгүй хүндрэлтэй байдал дахин дахин үүсч улмаар гадаад түншийн итгэлийг хөсөрдүүлж эхэлсэн тул олон жилийн дотно түншийн харилцаанд сэв сууж манай компанид бизнесийн том хохирол учраад байна. Бизнес бол харилцан итгэл дээр суурилсан байдаг. Удаан хугацаанд төлбөр хийгдээгүйгээ төлөвлөж байсан бизнесийн ажил хойшлогдон алдагдал үүссэн. Мөн богино хугацаатай, хүү өндөр хэд хэдэн зээлийг энэ хугацаанд авч ашиглаж тодорхой хэмжээний төлөвлөөгүй алдагдал үүсгэж, НӨАТ-ын төлөгдөх тодорхой хэмжээний өр одоогоор үүсээд байна. Алданги үүссэн талаар сүүлийн төлбөр хийгдэх хүртэл сануулж байсан ба энэ талаар харилцан ойлголцож тодорхой дүнгээр тохиролцоонд хүрэхээр зүтгэл гаргасан. Заримдаа анхаарал хандуулж байсан дүр эсгэдэг байснаа сүүлдээ асуудлыг шийдэж чадахгүй гэж захирал Т.Наранбаяр мэдэгдсэн ба түүнээс хойш удаа дараа холбогдохыг оролдсон ч утсаа аваагүй учраас Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдүүлэхээр хандаж байна. Мөн өнгөрсөн 2015 оны сүүлээр шүүхэд хандсан боловч хаяг буруу гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгож, бид 2016 онд дахин хаяг тодорхой болгохоор шүүхэд хандсан билээ. 2016 оны 4 дүгээр сард шүүхийн шийдвэрээр Тахарын ерөнхий газар эрэн сурвалжилж, 2016 оны 5 дугаар сард хаяг тодруулан мөн биднийг харилцан уулзуулах боломжийг олгосон, асуудлыг шийдэж өгөх болов уу гэж удаан хугацаанд ажигласан боловч шийдээгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хандаж байна. Иймд бидний харилцан тохирсон 2014 оны 07 сарын 04-ны өдрийн 03 тоот гэрээний 4.2.3-т худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн апданги төлнө гэж заасны дагуу 34.181.700 төгрөг болон гэрээний үүрэг биелэгдэхгүй удсанаас манай компанид үүссэн хохирол нийт 47.181.700 төгрөгийг тус компаниас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын ерөнхийлөгч манай улсад айлчлах болсон. Нийслэлийн авто замын газраас авто замуудыг сэргээн засаж эхэлсэн ба Цэцэг төвийн уулзвараас Моннис явах зам дагуу яармагийн зам руу гэрлэн дохио суурилуулахаар 2014 оны 07 дугаар сард манай компани Нийслэлийн авто замын газартай гэрээ байгуулсан. Гэрээний шаардлагад материалыг өөрсдөө гаргах шаардлага тавьсан тул манай компани гудамж төслөөс мөнгө өгөхөөр буцаан төлөх нөхцөлтэй ХХ ХХК-иас гэрээ байгуулж материал авсан. Төслөөс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний мөнгө орж ирэх ёстой байсан ч мөнгө орж ирээгүй. Нэхэмжлэгч компанитай манай компани удаан жилийн хамтын ажиллагаатай харилцаж байсан нь үнэн. Манай компани ч тус компанитай хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэхийг хүсч байсан. Гэтэл манайхаас шалтгаалаагүй нөхцөл байдал үүсч төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл Иргэний хуулийн 75.2.1, 76, 77.1-д тус тус заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусахаар нөхцөлтэй талууд гэрээгээ байгуулсан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байгаа юм. Мөн бас нэг зөвшөөрөхгүй шалтгаан нь Эдийн засгийн онцгой өөрчлөлт болсноос манай компани нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул үүргээс чөлөөлөгдөнө гэж үзэж байгаа. Тухайн үед Засгийн газар огцорч, Эдийн засаг хөгжлийн яам татан буугдсан асуудлыг бид эдийн засгийн онцгой өөрчлөлт болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл манай компаниас үл шалтгаалсан энэ явдал нь Засгийн газар, яамдууд татан буугдсан нөхцөл байдлуудаас шалтгаалсан. Манай компани яамнаас ажлын хөлс аваагүй боловч  ХХ ХХК-иас авсан зээлээ бага багаар төлж байсан. Гудамж төслийн санхүүжилт 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн орой дансанд ороход манайх 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өглөө тус компаний данс руу шилжүүлсэн дансны хуулгаас тодорхой харагдана. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т торгуулийн хэмжээ нь нийт авсан барааны үнийн дүнгийн 25 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байхад нэхэмжлэгч үндсэн зээлээс давсан хүү, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн манайд зээлдүүлсэн мөнгөө төлөх зорилгоор автомашин барьцаалж зээл авсан гэж 13.000.000 төгрөг нэхэмжилж байгаа ч үүнтэй холбоотой баримтууд шаардлага хангахгүй, тамга тэмдэг бүдэг, засвартай байна. Мөн ломдбарны баримтаас харахад тус машин  иргэн Дэлгэрдалайн өмчлөлийн машин байдаг. Тиймээс энэ нэхэмжлэлд хамааралгүй байна. Шүүх энэ нотлох баримтыг үнлэхгүй байх. Анх зээлийн гэрээг доллараар байгуулсан ч төгрөгөөр нэхэмжилж байна, төгрөг рүү шилжүүлж байгаа бол ямар ханшаар тооцсон талаар тайлбарлах хэрэгтэй байх гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: ОЗ ХХК нь 2014 онд Нийслэлийн авто замын газраас хэрэгжүүлсэн гудамж төсөлтэй гэрээ байгуулан тодорхой цэгүүдэд авто замын гэрлэг дохио суурилуулсан. Ийнхүү гэрлэн дохио суурилуулахад шаардагдах бараа материалыг ХХ ХХК-тай  2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 03 дугаартай худалдан худалдан авах гэрээ байгуулан авч, төлбөрийг төслийн санжүүжилт орох үед төлөхөөр тохирч гэрээг бичгээр байгуулахдаа санхүүжилт орох боломжит хугацааг тооцон төлбөр графикийг оруулсан. Гэрээг байгуулах үед гэрээний үнийг тохиролцоход ХХ ХХК нь төлбөрийг заавал доллараар тохиролцоно, зарахдаа мөн ч доллараар тооцоо хийнэ гэж байсан. ОЗ ХХК-ийн зүгээс төлбөрийг төгрөгөөр хийх сонирхолтой байсан, үүнийгээ ч илэрхийлж байсан боловч төслийн гүйцэтгэлийг цаг хугацааны давчуу байдал, худалдагч талтай бизнесийн харилцаатай зэргийг харгалзан худалдагч талын нөхцлөөр хийсэн. Ийнхүү гэрээний 2 дахь хэсгийн 2.1 дэх өмнө дурдсан жагсаалтад орсон барааны үнэ 35140 USD америк доллар болно. Бараа нь импортын бүтээгдэхүүн тул тооцооны нэгжийг америк доллараар тооцох ба шаардлагатай тохиолдолд долларыг зах зээл дээрээс худалдан авах ханшаар тооцоолж, тооцоог хийж болно хэмээн заасан. Тус заалтыг хоёр дахь өгүүлбэрийг үзэхэд худалдагч талын хүсэл зоригийн дагуу ийнхүү үнийг доллараар тохирсоны харж болохоор байна. Гэрээний дээрх заалт нь Монгол Улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4 дэх зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх зарлан сурталчлахыг хориглоно” хэмээн заасныг зөрчсөн байна. Тус заалт ба Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасаны дагуу 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 03 тоот худалдах, худалдан авах гэрээний 2.1 дэх хэсэгт заалтад гэрээний үнийг доллараар илэрхийлсэн нь хүчин төгөлдөр бус байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Монгол улсын Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу 03 тоот худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, гэрээний үнийг тухайн үеийн төгрөгийн ханшид шилжүүлж өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХ ХХК нь хариуцагч ОЗ ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний гэрээний алданги, учирсан хохиролд нийт  47.1841.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, ОЗ ХХК  нь худалдах худалдан авах гэрээний үнийг доллараар тооцсныг хүчингүй болгож, гэрээний үнийг тухайн үеийн төгрөгийн ханшид шилжүүлэх  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барааны үнийг төлөх боломжгүй эдийн засгийн онцгой өөрчлөлт болсон, гэрээг доллараар байгуулсан боловч мөнгөөр нэхэмжилсэн гэж маргаж байна.

  Нэхэмжлэгч ХХ ХХК, хариуцагч ОЗ ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр худалдах худалдан авах 35140 ам долларын гэрээг байгуулж, гэрээний 6.5-д барааны үнийг хариуцагч 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 30 хувь, 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 40 хувь, 2014 оны  дүгээр сарын 25-ны өдөр 30 хувь төлөхөөр мөн нэхэмжлэгч авто замын хөдөлгөөн зохицуулах тоног төхөөрөмжийг БНСУ-аас нийлүүлэх үүргийг хүлээж, ОЗ ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авахаар тохиролцсон нь талуудын байгуулсан гэрээ,  компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн төлбөр тооцооны хүснэгт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс ирүүлсэн төлбөр төлсөн баримт, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд,  хүснэгт зэргээс үзэхэд хариуцагч ОЗ ХХК нь гэрээний дагуу 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 12.000.000 төгрөгийг долларын ханш 1872 төгрөгөөр тооцон 6410 ам доллар, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 40.000.000 төгрөгийг 1875 төгрөгөөр тооцон  21333 ам доллар,  2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 14.525.489 төгрөг буюу 1963.7 төгрөгөөр тооцож, нийт 7397 ам доллар төлсөн гэж долларын өөр өөр ханшаар тооцсон байх тул Монгол банкны ханшийн лавлагааны АНУ долларын ханш 1.827.7 төгрөгөөр тооцож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирлоо шаардах эрхтэй ба ХХ ХХК нь барьцаат зээлийн үйлчилгээний газраас мөнгө зээлж, 27 сая төгрөгийн үнэтэй Хюндай Майти маркийн хувийн хэвшилд байсан автомашиныг 8 сая төгрөгийн барьцаанд тавьсан талаарх тайлбарыг нотолсон барьцаат зээлийн гэрээний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул хохиролд нэхэмжилсэн 13.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан ба  ОЗ ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрийг төлсөн, 03 тоот гэрээний 4.2.3 дахь заалтын худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алдангийг төлөөгүй, шаардах эрх үүссэн үеэс хугацааг тоолоход 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусах тул ХХ ХХК нь шаардах эрхтэй.

 

Мөн  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эдийн засгийн онцгой өөрчлөлт болсон гэж тайлбарлан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Авто замын газар, ОЗ ХХК, Нийслэлийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн хамтарсан гэрээ,  2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт,  2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/239 дүгээр захирамж, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн Автозамын газрын даргын Үнэлгээний хорооны зөвлөмж, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/240 тоот албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 56 тоот албан бичиг, Авто замын газрын даргын 1/2873 тоот албан бичиг, мөн газрын  2015 оны 0 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1935 тоот албан бичиг, ОЗ ХХК-иас ХХ ХХК-д 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Голомт банкны дансны хуулга, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн 55 тоот албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн ба түүний хүсэлтээр шүүх хуралдааны явцад Засгийн газрын бүтцийг 13 яамтай байхаар баталлаа гэсэн Э.Болдын нийтлэлд хийсэн үзлэгийн тэмдэгдэлд хийсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын яам, тохируулагч агентлаг, хэрэгжүүлэгч агентлагуудын бүтцийг өөрчилсөн зэрэг асуудлын талаарх үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаас үзэхэд талууд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр төлөхөөр тохирсон хугацааны дараах үйл баримтуудыг нотолсон ба гэрээний 7.1, 7.2 дахь заалтууд талуудын хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлд  хамаарахгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 29.346.180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 17.835.520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ХХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393860 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 304681 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ХХ ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн болно.

Хавтаст хэргийн 11-р хуудасны нэхэмжлэгчийн өгсөн 0201883 дугаартай,  барьцаат зээлийн гэрээ нь тамга тэмдэггүй, шүүх хуралдааны явцад өгсөн гадаад хэлээр бичигдсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй, орчуулгагүй баримтуудыг үнэлэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ОЗ ХХК-иас алданги 29.346.180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.835.520 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, дахь хэсэгт зааснаар ОЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393860 төгрөгийг, ОЗ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 304681 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.НАРАНГЭРЭЛ