Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/540

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Халиун,

Шүүгдэгч: ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ***-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2202000000095 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдөр *** төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “***” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 23-ны өдөр *** төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Био анагаах ухааны судлаач мэргэжилтэй, “***” ХХК-д чанарын менежерээр ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дугаар хороолол *** байрны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа төрийн албан хаагч дараах үүрэг хүлээнэ.

50.1.1 Шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх,

50.1.2 Төрийн ашиг сонирхлыг дээдлэх,

50.1.3 Хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах, зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа тендерт оролцогчийн шаардлага хангахгүй “***” ХХК-ийг шаардлага хангасан мэтээр үнэлгээг хийж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд тус компанийн хувьцаа эзэмшигч иргэн ***аас 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** дугаар байрны гадна бэлнээр 3.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн дүүргийн 2 дугаар хороо, “ТБД андууд”-ын автобусны буудал дээр автомашин дотор 4.000.000 төгрөгийн буюу нийт 7.000.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч *** нь сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн лабораторийн эмчээр ажиллаж байхдаа өөрийн үүсгэн байгуулсан “***” ХХК-ийг төлөөлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс зарлагдсан “Лаборантын урвалж, уусмал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерт оролцож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын ерөнхий нягтлан бодогч ***д үнэлгээний хорооны гишүүний чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо *** хотхоны *** дугаар байрны гадна бэлнээр 3.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн дүүргийн 2 дугаар хороо “ТБД андууд”-ын автобусны буудал дээр автомашин дотор 4.000.000 төгрөг буюу нийт 7.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***, *** нарыг “Хахууль өгсөн, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

  1. Лабораторийн урвалж уусмал худалдан авах гэрээ /1 хх-ийн 29-31 тал/,

2. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хувьд үнэлгээний хороог A3 сертификаттай хүмүүсээ томилж агентлагаас A3 сертификаттай Ерөнхий нягтлан бодогч ***ийг томилж, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Төрийн бус байгууллагаас *** гэх хүнийг томилсон. Бусад нь манай төвийн ажилчид байсан. Үнэлгээний хороо байгуулсан. Тендерийн материалыг үнэлгээний хороо бэлдээд ном журмын дагуу Тендер.гов.мн сайтад байршуулж тендер нээгдэх өдөр Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтаа хийгээд “***” ХХК-ийг шалгарууллаа гээд танилцуулсан тул гэрээ байгуулсан. Эм эмнэлгийн хэрэгсэл 2 нийлээд 130 сая хавьцаа билүү би сайн мэдэхгүй байна. Надад тухайн компанийн талаар мэдэх зүйл байхгүй. Би тендерийн үнэлгээний хороондоо 100 хувь итгэсэн. ...Би ***ыг захирал нь гэж мэдэхгүй. Хэрвээ би ***ын компани гэдгийг мэдэж байсан бол шалгаруулах ч үгүй. *** бол угаасаа ашиг сонирхлын зөрчилтэй. Би ***ыг халж байсан, тухайн үед *** дарга нь эргээд ажилд авчихсан. Ер нь 2020 оны бүх тендерүүд бол үнэлгээний хорооноос шалгаруулсан гээд ирүүлсэн мэдэгдлийнх нь дагуу гэрээ байгуулсан. Тэрнээс цаана нь хэн байгаа гэдгийг би мэдэхгүй. Тендерийн баримт бичигт тавьсан шаардлагынхаа дагуу шалгаруулж байгаа биз дээ гэдгээ хэлж байсан. ...Тендер зарлахад тухайн байгууллага өөрсдөө A3 сертификаттай хүмүүсийг оруулах ёстой гэсэн. Сургалтад хамруулсан боловч зарим нь тэнцээгүй, тэнцсэн сертификат авсан хүмүүсээ үнэлгээний хороонд оруулсан. Тийм ч учраас агентлагаас туршлагатай гэж хүнийг хамт оруулж байсан. Манай байгууллагаас үнэлгээний хороонд орсон гишүүд маань туршлагагүй алдаа дутагдал гаргасан байж магадгүй юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 90-91 тал/,

3. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зарласан тендерт тус компани материалаа ирүүлсэн байсан. Үнэлгээний хороодын гишүүдийн хамт материалтай нь үзэж танилцаад ерөнхийдөө шалгаруулсан. Өөр компани орж ирээгүй. 2 компани хамтарч орж ирсэн байсан. *** ХХК-тай хамтарсан, ***тэй хамтарна гэсэн байсан тул шалгаруулсан. Үнэлгээний хороонд *** ах сантехникийн инженер, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Ерөнхий нягтлан бодогч ажилтай *** нар байсан. Би угаасаа мэдэхгүй байсан учраас бүх л процессыг ***, ***э хоёроос асууж тендерийн үнэлгээний хороонд ажилласан. Ерөнхийдөө би нарийн бичиг нь гээд компаниудын материалыг дэлгэцэн дээр харуулаад дээш доош нь гүйлгэж байсан. Миний хувьд мөн л сайн мэдэхгүй учраас гүйлгээд компанийн ирүүлсэн материалыг үзүүлж байхад ***э, ***, *** эмч 3 л ганц нэг зүйл асууж буцаа даа гэх зэрэг тодруулж асуух зэргээр ерөнхийдөө үнэлгээний хорооны үйл ажиллагааг удирдаж байсан. Би шинэ хүн байсан болохоор юугаа ч мэдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 94-95 тал/,

4. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сүүлийн хоёр жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээх засах хөгжлийн төвд ажиллаж байна. Ирсэн бичиг баримтынх нь дагуу үзэж шалгаад байсан. Естой хэлж мэдэхгүй байна. Би одоо эргээд санахад тендер нээгээд дэлгэцэн дээр харуулаад явж байсан, хэрвээ байхгүй бол буцаадаа харъя гээд л үзээд байсан санагдаад байна. 40-50 хуудас юм байгаад эхнээс нь үзээд л шалгаад л яваад байсан даа. Техникийн алдаа бид нар гаргачихсан юм болов уу, ***ийн баримтыг хармаар байна. Бид нарын мэдэхгүй юм байсан болохоор шалгаруулчихсан юм болов уу, тэрнээс хэн нэгэн нөлөөлсөн зүйл байгаагүй. Бид нар хууль эрх зүйн мэдлэггүй байсан юм байна. Энэ талын мэдээллээр нарийн бичгийн дарга хангах ёстой байсан. Уг нь нарийн бичгийн дарга *** тухайн компанийн материалыг дэлгэцэн дээр үзүүлэх ёстой байтал энэ тендерийг ***э дэлгэцэн дээр үзүүлээд хурдан хурдан явуулаад байна гээд л байсан. Би наана чинь дутуу юм явчихлаа буцаа гэхэд байсан байсан гээд л явуулаад байсан. Би тухайн үед яагаад ерөнхий газраас Ж.***ийг ирсэн гэдгийг гайхаж байсан. Манай дээр зарлагдаж байгаа тендерт ерөнхий газраас хүн орж ирээд, ирсэн хүн нь тендерийг удирдаад явчихсан шүү дээ. Би үнэнийг л хэлж байна. ***э нь ийм баримт байна гэхээр нь харж ч амжихгүй зөвлөөд л бүх баримт нь байна гэхээр нь зөвлөчихсөн юм. Яг үнэн хэрэгтээ гадны байгууллагаас хүн ирээгүй бид өөрсдөө ч тендерийг хийгээд л явах байсан. Гэтэл тэр хүн гаднаас ирээд удирдаад явсан. Нэг хүнээс болж бүхэл бүтэн байгууллагын бүх албан хаагч буруутай үйл ажиллагаа явуулсан харагдаж байна. Би ***д хуулийн дагуу зөвлөгөө өгдөг байсан. Бүх зүйлийг нь дэс дараатай яв гэж захидаг байсан. Тухайн үед хуулиа эхлээд судлъя гэхэд хэн ч тоогоогүй. ...Миний хувьд үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад надад хэн ч тийм санал тавьж байгаагүй, энэ тендерүүдийг нээх гээд бид нар ***ийг хүлээж байгаад тендерийг нээсэн. Бүх код нэвтрэх эрхийг нь ***э хийж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 97-98 тал/,

5. Гэрч П.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үеийг сайн санахгүй байна. Лабораторийн урвалж уусмалын тендерт ганцхан энэ компани орж ирсэн санагдаж байна. Шалгуур хуудас үнэлгээний дагуу хурлаа хийгээд тендерээ нээгээд үнэлгээгээ өгсөн. Ингээд бүх гишүүдийн саналаар *** ХХК-г шалгаруулсан. ...Би одоо сайн санадаггүй. Ямар нэг зүйлийг үндэслэж ийм шийдвэр гарсан байх. Гадаад хэл дээр ирүүлсэн сертификатыг үндэслээд каталог нь байна гэж үзээд дүгнэсэн ярилцсан. “***” ХХК нь өөрөө нэлээн олон жилийн туршлагатай компани баталгаа өгөөд ороод ирчихсэн байсан болохоор 3-4 жил ажилласан гэж үзсэн. Тухайн үедээ *** гүйцэтгэсэн ажлууд ороод ирсэн болохоор, энэ шалгуурыг нээх нарийн юу яалгүйгээр сонгосон байхыг үгүйсгэхгүй. Тээврийн хэрэгслийн талаар санахгүй байна. ...Би сүүлд гэж саяхан ***ийн ард *** байдаг юм биш байгаа гэдгийг лабораторийн эмч ***аас сонсож байсан. Лабораториос зарим нийлүүлсэн урвалж уусмал нь таарахгүй байна гэдэг асуудал тавиад эхэлсэн. Тэр үед нь би та нар яагаад хяналтаа тавьж аваагүй юм гэдэг асуудлыг хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 100-101 тал/,

6. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ер нь бол наад компаниуд чинь бүгдээрээ шаардлага хангахгүй байсан. Тэгээд л үнэлгээний хороо ярилцаж байгаад арай дээр компани юм гээд шалгаруулсан болов уу. Ерөнхийдөө тендерийг өмнө нь ажиллаж байсан туршлагатай гээд ***э тендер шалгаруулалтыг удирдаж байсныг санаж байна. Шалгарсан компани нь арай байсан шалгараагүй компани нь бол бүр л муу материалтай байсан гэж санагдаад байна. Би энэ компанийн талаар ч огт мэдэхгүй. 2019 онд “***” ХХК нь шалгарсан гэрээ байгуулсан байсан санагдаад байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 103-104 тал/,

7. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс ирүүлсэн “тендерээс ирэх бараа материалыг хүлээн авах комисс томилсон тушаал”, “Лабораторийн урвалж уусмал худалдан худалдан авах гэрээ”, “гэрээ дүгнэсэн акт”, “мөнгөн гүйлгээний журнал” /1 хх-ийн 105-118 тал/,

8. Гэрч С.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажилд орсон бөгөөд манай төвөөс тендер зарлаад бараа материал хүлээн авах ажлын хэсэгт орсон гээд Эрүүл мэндийн Сэргээн засалтын газрын дарга П.***гийн өгсөн үүргийн дагуу бараа материалыг хүлээн авах ажлын хэсэгт орж ажилласан. “***” ХХК-аас гэрээний дагуу 2 удаа Лабораторийн урвалж уусмалыг хүлээн авсан. Лабораторийн урвалж, уусмалыг манай эмнэлэг шээсний анализатор биохимийн бүрэн автомат анализатор, цусны ерөнхий шинжилгээний, электролитийн болон бусад лабораторийн туслах хэрэгслүүдэд, эмнэлгийн урвалжид хэрэглэсэн. 2020 онд нийлүүлсэн бүх лабораторийн урвалж уусмалуудыг хэрэглэж дуусаагүй. Одоо хүртэл үлдэгдэлтэй байгаа. Тухайн жил ковид гарсан тул хүүхэд багатай байснаас бүрэн хэрэглэгдэж дуусаагүй. Зарим урвалж уусмал хугацаа нь дууссан бөгөөд одоогийн байдлаар үлдэгдэл урвалж уусмалыг тооллого хийгээгүй байна. Үндсэндээ урвалж, уусмалыг шинжилгээ хийхэд ашигладаг. Энэ “***” фирмийн урвалж уусмал нь хадгалах хугацаа богино байдаг. Тиймээс тухайн жилд ковид өвчний улмаас хөл хорио тогтоосонтой холбоотой манай эмнэлэг бараг л ажиллаагүй, тийм болохоор худалдаж авсан буюу “***” ХХК-ийн нийлүүлсэн урвалж уусмалуудыг бүрэн хэрэглээгүй, заримынх нь хадгалах хугацаа 2021 онд дууссан тул Элемент ХХК-д уусмалуудыг устгуулах захиалга өгчхөөд байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 120-121 тал/,

9. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг компанийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ***ын хамтаар ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан, одоо үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Би Риажентийн 49 хувийн хувьцааг миний бие, *** 51 хувийн хувьцааг эзэмшдэг. ...*** ХХК-ийн тухайд нийт зарлагдсан 5 орчим тендерт оролцоод нэг л удаа тендерт шалгарсан. Шалгарсан тендерийн тухайд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс 2020 оны 5 дугаар сарын орчим зарлагдсан 128 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт оролцож шалгарч байсан. Би tender.gov.mn сайтаас тендерийн мэдээллийг татаж аваад “***”, “*** ХХК”-ийн түншлэлээр оролцсон. Тендерийн материалуудыг ***ын хамтаар бүрдүүлж оролцсон гэж хэлж болно. ...*** ХХК-д 2019 онд борлуулсан орлого гэж байхгүй нь үнэн. Дээрх хоёр компанийн нэр дээр бүртгэлтэй автомашин болох агуулах байхгүй нь үнэн.

...Анх 2020 оны 5 дугаар сард *** хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвөөс тендер зарлагдсан юм байна, энэний мэдээллийг ороод танилцаадах гэсний дагуу би тендер.гов.мн сайт руу орж танилцаад ***д шаардлага хангахгүй асуудлыг танилцуулахад *** “***” ХХК-тай түншлэлээр ороод хоёр компаниар материалаа бүрдүүлж өгье гээд бүрдүүлж өгсөн. Ерөнхийдөө би ***ыг таньдаг хүнээсээ мэдээлэл авсан юм байна гэж бодсон. Тэгээд би тендерийн материал бэлтгэж илгээснийхээ дараа цахим тендер лүү орж шалгарахад зөвхөн манай компани материалаа хүргүүлсэн байсан ба бараг л бүтэхгүй байх гэж бодож байтал тендерийн мэдэгдэл манайд шуудангаар ирэхээр нь би ийм материал бүрдүүлсэн компани шалгарч байдаг гэж гайхаж байсан. ...Би "***” ХХК-д давхар ажилладаг ч “***” ХХК-ийнхаа өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байсан. Компанийн тухай хуулийн 84-р зүйлд зааснаар *** нь хувьцаа эзэмшигч хэдий ч компанийн үйл ажиллагаанд оролцохгүй, зөвхөн ноогдол ашиг авах эрхтэй л хувьцаа эзэмшигч юм. Тэрнээс компанийн эрх бүхий албан тушаалтан биш. Өмнө нь болсон асуудлын хувьд би тендерийн материалаа бүрдүүлээд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд илгээсэн бөгөөд *** нь надад мэдэгдэлгүйгээр ***э гэж хүнтэй ярьж холбогдож тендерийн дараа тэр хүнд мөнгө өгсөн гэдэг асуудал үүссэн. Би танай байгууллага дээр шалгагдаж эхэлснээр л би ***ыг ийм асуудалд орсон байна гэж мэдсэн. ...Миний хувьд өдөр тутмын үйл ажиллагааг авч явах, гэрээнд гарын үсэг зурах, тендерийн баримт бичиг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хариуцаж байсан. Санхүүгийн үйл ажиллагааг ***д хариуцуулж байсан. Тэр болгон санхүүгийн хувьд компаниас мөнгө гаргах, зарлага гаргах, худалдан авалт хийгээд байх шаардлага гардаггүй байсан. Тендерийн санхүүжилт орж ирэхээр би бараа материалын захиалгыг хийчхээд мөнгө шилжүүлэхийг нь ***аар шилжүүлдэг байсан. Мөн хувьцаа эзэмшигч учраас ажлынхаа хажуугаар энэ асуудлыг амжуулж бай гэж тохиролцож байсан. Дараа нь удалгүй 2020 оны 9 дүгээр сард *** нь өөрийн хувьцаагаа *** гэж хүнд шилжүүлсэн бөгөөд компанид ч хувь эзэмшихээ больсон. 2022 оны ***ыг ажилгүй болсон учраас “***” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг авч яв гээд гүйцэтгэх захирлаар томилсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 123-124, 126, 2 хх-ийн 53 тал/,

10. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох тухай Прокурорын тогтоол /1 хх-ийн 134 тал/,

11. Шүүгдэгч *** нь Төрийн сангийн 100900000717 дугаарын дансанд 7.000.000 төгрөг байршуулсан баримт /1 хх-ийн 151 тал/,

12. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 153-154, 155-165 тал/,

13. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02/564 дугаартай “...Нийтийн албан болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт болон Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус агентлагийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал буюу нийтийн албан тушаалд хамаарч байна...” гэх албан тоот /1 хх-ийн 178 тал/,

14. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би охин ***ийг өвдөөд яаралтай Улаанбаатар хотод авч очиж үзүүлэх шаардлага гараад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах өөрийн нэр дээрх хашаа байшингаа барьцаанд тавих гэж байгаа талаараа төрсөн ах ***эд хэлэхэд ***э ах надад мөнгө байна ямартай ч охиноо аваад Улаанбаатарт хүрээд ир гэж хэлсэн. Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу явахын өмнөх өдөр 2.100.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь буцах үед 1.900.000 төгрөг өгсөн. Би ахаасаа авсан мөнгөө охин ***ий эмчилгээ, шинжилгээ, таталтын эсрэг эмд зарцуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 183-184 тал/,

15. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Ж.***ийг ажилд томилох тухай тушаал, төрийн албан хаагчийн анкет, сахилгын шийтгэл оногдуулсан тушаал,  хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, үнэлгээний хороо байгуулах тухай тушаал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, хурлын тэмдэглэлүүд, үнэлгээний хуудас /1 хх-ийн 189, 191-192, 193, 194-195, 200-202, 232-233, 234, 235-237-244, 245-250, 2 хх-ийн 1-5 тал/,

16. *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэг /2 хх-ийн 10-11, 12-51 тал/,

17. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** ХХК-ийн 51 хувийн хувьцааг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эзэмших болсон. Уг компани гадаад худалдаа, мал аж ахуй, газар тариалан зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ...Одоо бол гүйцэтгэх захирлаар хамаатны ах ***ыг ажлаасаа гарчихсан тул түр томилчихсон байгаа...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 55 тал/,

18. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч нарын хүсэлт /1 хх-ийн 216, 217, 2 хх-ийн 69, 70 тал/,

19. Шүүгдэгч Ж.***ийн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би уг тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Уг тендерийн журмын дагуу tender.gov.mn сайтад нээлттэй зарласан бөгөөд ганцхан *** ХХК нь материал ирүүлсэн. Үнэлгээний хорооны хурал болохоос өмнө Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Галбадрахын өрөөнд ороход *** ХХК-ийг дэмжээд өгөхийг бодоорой гэж хэлсэн, өөр юм хэлээгүй. *** ХХК нь сүүлийн 1 жилийн ижил төстэй бараа үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагын мэдээллээ ирүүлсэн байсан, хөргөлттэй машины зураг нь байсан санагдаад байх юм. Ямар ч байсан *** ХХК нь ганцаараа тендерт оролцсон, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хүнсний материал нь дуусчихсан, энэ тендерийг яаралтай зарлаж, яаралтай шалгаруулж, хүнсний материалаа авах шаардлагатай байсан, мөн Галбадрах дарга нь захисан учраас энэ аж ахуйн нэгжийг үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар шалгаруулсан ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 144-146 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би ***аас 7 сая төгрөг авсан, энийгээ буцаагаад төлж болох уу, мөнгийг хэн нэгэнтэй хуваагаагүй, би мөнгийг аваад төрсөн дүү Ган-Эрдэнэд 4 сая төгрөгийг нь цувуулж өгсөн. Дүү маань Хөвсгөл аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн газарт жолоочоор ажилладаг. Дүүгийн маань хүүхэд унаж татдаг өвчтэй Улаанбаатар хотод 2020 оны өвөл ирчихсэн хүүхэд, эх нялхсын эмнэлэгт хэвтэж байсан болохоор эмчилгээ, хэрэглээнд нь өгч байсан. Би дүүдээ ямар учиртай мөнгө болохыг хэлээгүй. Үлдсэн мөнгийг би хэрэглээндээ зарцуулчихсан. ...7 сая төгрөгийг авлигатай тэмцэх газрын дансанд улсын орлого болгуулахаар байршуулсан болно...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 133, 148, 150 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэм буруутай үйлдэл дээрээ маргах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг,

20. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 онд *** ХХК-ийг найз ***ийн хамт үүсгэн байгуулсан. ...2020 онд тендер зарласан тул цуг ажиллаж байсан ***ээс хэзээ зарлагдах вэ гэдэг мэдээллийг нь аваад тендерт оролцоход манай компани ганцаараа орсон. ...Ингээд шалгарсны дараа найз ***эд дэмжсэнд баярласан гэдгээ илэрхийлээд мөн тухайн үедээ ***э өвчин зовлонтой байна гэж сонсоод 7 сая төгрөгийг өгсөн. Ингэхдээ 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3 сая төгрөгийг Баянгол дүүргийн 5 дугаар хороо *** хотхоны 2 дугаар байрны гадаа өгсөн. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэг удаа санхүүжилт орохоор нь 2 хоногийн дараа санагдаад байна, 4 сая төгрөгийг бэлнээр Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андуудын дэлгүүрийн үүдний зогсоол дээр өөрийн унаж байсан Приүс 41 маркийн тээврийн хэрэгсэл дотроо өгсөн. ...Би өнөөдрийн байдлаар бол “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Намайг тус компанийн хувьцаа эзэмшигч ***, ***э нар нь 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаараа гүйцэтгэх захирлаар томилсон. 2020 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс тендер зарлагдах үед бол би хувьцаа эзэмшигч байсан боловч надад шийдвэр гаргах эрх байгаагүй. Тэр үед ***э захирлаар нь ажилладаг байсан. Би 2014 оны 5 сараас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн лабораторийн эмчээр ажиллаж байсан. ...Би энэ компанийн эцсийн өмчлөгч биш, эцсийн өмчлөгч нь ***ь, ***э нар юм. Хувьцаа эзэмшигч ***ь нь миний эхнэрийн дүү юм. Дээрх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс зарласан тендерт оролцож “***” ХХК шалгарсан байдаг. Лабораторийн урвалж уусмал нийлүүлэлт явагдаж байх үед би хувьцаагаа 2020 оны 9 дүгээр сард шилжүүлж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий нягтлан бодогч болох ***э миний найз бөгөөд тендерээс өмнө би найзаасаа энэ компанийг дэмжиж өгөөч ээ гэж гуйж байсан. Түүний дараа *** нь найзын журмаар миний дүүгийн хүүхэд хүнд өвчин туссан байна, надад мөнгөний туслалцаа хэрэгтэй байна гэдэг үүднээс хандсан. Ингээд надад өмнө нь тусалсан юм чинь гээд би 2020 оны 9 дүгээр сард би 2 удаа цувуулж 7 сая төгрөгийг өгсөн байдаг. Би энэ мөнгийг өөрийн арилжааны банк дахь данснаас гаргаж өгсөн. Тендерээс өмнө ямар нэгэн байдлаар мөнгө өгөх тухай тохиролцсон зүйл байхгүй. ***э нь тендерт дэмжиж өгсөн, мөн дүүгийнх нь хүүхэд өвчтэй байна гэсэн болохоор нь өмнөх тусыг нь бодоод баярлалаа гээд өөрөөсөө 7 сая төгрөгийг өгсөн. Миний өгсөн дээрх мөнгийг “*** ХХК-ийн 2 хувьцаа эзэмшигчтэй холбогдуулж ойлгож болохгүй. Тухайн үед компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч ***э нь гүйцэтгэх удирдлагыг авч явж байсан. Тийм учраас *** миний бие компанийн өмнөөс шийдвэр гаргах түвшинд бол байгаагүй. 2022 оны 1 сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигч нарын хурлын шийдвэрээр Бүрэнтөгсийн *** миний биеийг гүйцэтгэх захирлаар томилсон учраас би одоо энэ компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. ...***эд өгсөн мөнгийг би компанийн данснаас өгөөгүй, хувиасаа өгчихсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 172-173, 175, 2 хх-ийн 57 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.***ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэлэхийн лавлагаа /1 хх-ийн 186 тал/, бакалаврын дипломын хуулбар /1 хх-ийн 198-199 тал/, Улаанбаатар хотын захирагчийн жуух бичгийн хуулбар /1 хх-ийн 203 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 204 тал/, байнга оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 208 тал/, *** ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /2 хх-ийн 67 тал/,

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор байнга оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 209 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /1 хх-ийн 210 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 211 тал/, Хайрплинк ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /2 хх-ийн 68 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх эдгээр нотлох баримтуудад үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 1 хх-ийн 128-129 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн нөхцөл байдлын талаар тогтоогдсон үйл баримт, түүнд шүүхээс хийсэн хууль зүйн үндэслэл:

Хахууль өгөх, авах гэмт хэрэг нь хахууль өгөгч тал өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, ажил хэргээ амар хялбар аргаар гүйцэлдүүлэх гэсэн,  хахууль авагч тал өөртөө ашиг олох гэсэн хоёр талын ашиг сонирхлын үүднээс хууль бус үйлдэл хийснээр буюу бодит хор уршиг учирсан эсэхээс үл хамааран бүрдэл төгсдөг онцлогтой.

 Хэрэгт авагдсан гэрч ***, ***, ***, П.***, ***, С.***, ***э, ***э нарын мэдүүлэг, “тендерээс ирэх бараа материалыг хүлээн авах комисс томилсон тушаал”, “Лабораторийн урвалж уусмал худалдан худалдан авах гэрээ”, “гэрээ дүгнэсэн акт”, “мөнгөн гүйлгээний журнал”, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02/564 дугаартай “...Нийтийн албан болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт болон Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус агентлагийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал буюу нийтийн албан тушаалд хамаарч байна...” гэх албан тоот, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Ж.***ийг ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, үнэлгээний хороо байгуулах тухай тушаал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, хурлын тэмдэглэлүүд, үнэлгээний хуудас болон шүүгдэгч ***, *** нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч *** нь “хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “***” ХХК-ийг шаардлага хангасан мэтээр үнэлгээг хийж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч ***аас 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны 2 дугаар байрны гадна бэлнээр 3.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн дүүргийн 2 дугаар хороо, “ТБД андууд”-ын автобусны буудал дээр автомашин дотор 4.000.000 төгрөгийн буюу нийт 7.000.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч *** нь сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн лабораторийн эмчээр ажиллаж байхдаа өөрийн үүсгэн байгуулсан “***” ХХК-ийг төлөөлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс зарлагдсан “Лаборантын урвалж, уусмал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерт оролцож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын ерөнхий нягтлан бодогч ***д үнэлгээний хорооны гишүүний чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо *** хотхоны 2 дугаар байрны гадна бэлнээр 3.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн дүүргийн 2 дугаар хороо “ТБД андууд”-ын автобусны буудал дээр автомашин дотор 4.000.000 төгрөг буюу нийт 7.000.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” Хахууль авах гэмт хэрэгт тооцохоор, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол” Хахууль өгөх гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилжээ.

Шүүгдэгч *** нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон учир Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг гэж, мөн хуулийн 4.1-т энэ хуулийн үйлчлэлд авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасны дагуу нийтийн албан тушаалтанд хамаарна.

Мөн хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02/564 дугаартай “...Нийтийн албан болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт болон Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус агентлагийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал буюу нийтийн албан тушаалд хамаарч байна...” гэх албан тоотоор давхар нотлогдож байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад зааснаар “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, мөн зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” ойлгоно гэж, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “авилга” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг”, мөн зүйлийн 3.1.2 дахь заалтад “ашиг хонжоо” гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно тус тодорхойлсон.

Хэргийн үйл баримтаар тогтоогдсон шүүгдэгч *** нь төрийн үйлчилгээ хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж, найз нөхдийн холбоотой, таньдаг хүн гэдгээр өөрийн найз ***ын хамаарал бүхий буюу 51 хувийн хувьцаа эзэмшдэг “***’ компанийг тендерт шалгаруулж, ***аас 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *** хотхоны *** дугаар байрны гадна бэлнээр 3.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн дүүргийн 2 дугаар хороо, “ТБД андууд”-ын автобусны буудал дээр автомашин дотор 4.000.000 төгрөгийн буюу нийт 7.000.000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч *** нь сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн лабораторийн эмчээр ажиллаж байхдаа өөрийн үүсгэн байгуулсан “***” ХХК-ийг төлөөлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс зарлагдсан “Лаборантын урвалж, уусмал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерт оролцож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын ерөнхий нягтлан бодогч ***д үнэлгээний хорооны гишүүний чиг үүрэгтэй нь холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо *** хотхоны 2 дугаар байрны гадна бэлнээр 3.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн дүүргийн 2 дугаар хороо “ТБД андууд”-ын автобусны буудал дээр автомашин дотор 4.000.000 төгрөг буюу нийт 7.000.000 төгрөгийн хахууль өгсөн  үйлдлүүд нь “Хахууль авах”, “Хахууль өгөх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр прокуророос шүүгдэгч Ж.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчилж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж,

шүүгдэгч Ж.***ийг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ***ыг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ***, *** нар нь хахууль өгөх, авах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /2 хх-ийн 69, 70 тал/

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /2 хх-ийн 71-72, 75-76 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар шүүгдэгч ***д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил 5 сарын хугацаагаар хасаж, 10100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 төгрөгөөр торгож, түүний баривчлагдсан 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 10.085 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.085.000 төгрөгөөр тогтоох саналыг ***д танилцуулсныг,

Шүүгдэгч ***д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг саналыг ***д танилцуулсныг тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, шүүгдэгч Ж.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил 5 сарын хугацаагаар хасаж, 10100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 төгрөгөөр торгох ялаар,  

Шүүгдэгч ***ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Ж.***ийн Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг /1 хх-ийн 134 тал/ торгох ялын 15 нэгжээр тооцож, шүүгдэгч Ж.***ийн оногдуулсан 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 төгрөгөөр торгох ялаас 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 10.085 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.085.000 төгрөгөөр тогтоов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 “....шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзаж торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ***д оногдуулсан 10.085 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.085.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд,

шүүгдэгч ***д оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдгээрт мэдэгдэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хахуулийн 7.000.000 төгрөгийг хахуулийн гэмт хэрэгт ашигласан төлбөрийн хэрэгсэл гэж үзэж шүүгдэгч ***эс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч *** Төрийн сангийн 100900000717 дугаарын дансанд 7.000.000 төгрөг байршуулсан /1 хх-ийн 151 тал/ болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Иймд Төрийн сангийн 100900000717 тоот дансанд байршуулсан нийт 7.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгохоор шийдвэрлэж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил 5 сарын хугацаагаар хасаж, 10.100 /арван мянга нэг зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 /арван сая нэг зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

- Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4000 /дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.***ийн баривчлагдсан 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон, түүний биечлэн эдлэх торгох ялыг 10.085 /арван мянга наян тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.085.000 /арван сая наян таван мянга/-н төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 10.085 /арван мянга наян тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.085.000 /арван сая наян таван мянга/-н төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч ***д оногдуулсан 4000 /дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил 5 сарын хугацаагаар хасах ял, ***д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.***ийн Төрийн сангийн 100900000717 тоот дансанд байршуулсан 7.000.000 /долоон сая/ төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА