| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 106/2022/0525/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/546 |
| Огноо | 2022-06-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/546
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,
Улсын яллагч Б.Ууганбаяр /томилолтоор/,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-ы Э т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001351 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо ... тоотод түр оршин суудаг /РД:/
Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1765 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогтой Э.Э .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны гүүр”-ийн орчим хохирогч Д.Н-н халааснаас “Ай фоне 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Э.Э-ийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд:
1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 1, 3 тал/,
2. Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Ай фоне 11 про макс маркийн шаргал өнгөтэй гар утсыг Э.Э ээс 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14 цаг 11 минутад хүлээлгэн өгөв...” гэх, эд зүйл хураан авсан “...Ай фоне 11 про макс маркийн шаргал өнгөтэй гар утсыг Э.Э ээс хураан авав...” гэх тэмдэглэлүүд /хх-ийн 4, 5 тал/,
3. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...4. Гэмт хэрэгт үйлдсэн этгээд эхний удаад хохирогчийн халаас руу гараа хийж байгааг харуулав. 5. Хохирогчийн халааснаас гар утас хулгайлж байгааг харуулав. 6. Хохирогч гар утсаа алдсан гэдгийг мэдээд холбогдогчийг татаж байгааг харуулав. 7. Гэмт хэрэг үйлдсэн этгээд ертөнцийн зүгээр урагшаа алхаж байгааг харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 16-18 тал/,
4. Хохирогч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүрэг 24-р хороо, Алтай хотхоны автобусны буудал дээрээс баруунаас зүүн тийшээ гарцаар зам гарсан. Гарцаар гарсан чинь халааснаас гар утас авчих шиг болохоор нь ард явж байсан эмэгтэйг бариад авсан чинь солиотой юм уу та гээд гайхаад яваад өгсөн. Би бодохдоо тухайн эмэгтэйг авсан байх гэж бодож байсан. Тэгээд гарцны ойролцоо зогсож байсан хүүхдийн утсаар өөрийн гар утас руу залгасан чинь дуудаад байгаа мөртлөө авахгүй байсан. Тэгээд гэртээ хариад цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний “Айфоне 11 про макс” маркийн гар утсыг 2022 оны 2 дугаар сард фэйсбүүк зараас манай хүүхэд надад 1.650.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Тухайн гар утас шаргал өнгөтэй, дэлгэцний баруун хэсэгт бага зэргийн зураастай гар утас байсан. ...би өөрийн гар утсыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
5. Хохирол барагдуулсан тухай шүүгдэгч Э.Э ийн бичгээр гаргасан баталгаа /хх-ийн 34, 35 тал/,
6. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №ТХҮ-922/3567 дугаартай “...Гар утас I Phone 11 Pro max 1 ширхэг 1.500.000 төгрөг хэрэглэж байсан. ...1.500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-42 тал/,
7. Гэрч Г.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр найз Чимгээтэй Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны автобусны буудал дээр таараад ойр зуурын юм ярьж зогсож байгаад Ч надад гэртээ хүнсний юм цуглуулах гэж байна. Надтай хамт яваад өгөөч гэхээр нь хамт яван. Зүүн тийш гарцаар гараад урагшаа хамт алхаж байгаад Чимгээ өөр ажилтай боллоо болилоо гээд яваад өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,
8. Шүүгдэгч Э.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хороог сайн мэдэхгүй байна. Алтай хотхоны автобусны буудал дээр явж байсан хүний зүүн халааснаас Ай фоне 11 про макс загварын гар утсыг хулгайлж авсан. Тухайн утсыг нь Хархорин зах дээр танихгүй хүнд зарчихсан юм. Би эзэмшигчид адил загварын гар утас өгч хохиролгүй болгосон. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруугаа хүлээж байна. Ахиж аливаа гэмт хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 65 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 тал/, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Б-н албан тоот /хх-ийн 69 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 71-72, 74-75, 76-82 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, түр оршин суух хорооны тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 32-33 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хохирогч Д.Н, гэрч Г.Ж, шүүгдэгч Э.Э нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хохирогчийн өргөдөл, эд зүйл хүлээлгэн тэмдэглэл, хохирол барагдуулсан тухай шүүгдэгч Э.Э ийн бичгээр гаргасан баталгаа, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №ТХҮ-922/3567 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны гүүр”-ийн орчим хохирогч Д.Наранцэцэгийн халааснаас “Ай фоне 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Э.Э ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.
Мөн хохирогч Д.Н нийт 1.500.000 төгрөгийн учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №ТХҮ-922/3567 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Э.Э нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Э.Э ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч Э.Э т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан” гэх хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож 240 цаг, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан боловч засарч хүмүүжээгүй дахин гэмт хэрэг үйлдсэн байна.
Мөн шүүгдэгч Э.Э нь нөхөр, 3 хүүхдийн хамт ... тоотод түр оршин сууж байгаа, 7, 13, 14 насны 3 хүүхдээ асарч хүмүүжүүлж байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон.
Иймд шүүгдэгчийн дээр дурдсан хувийн байдлууд, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь үр нөлөөтэй гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Э.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Э.Э нь оногдуулсан “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №ТХҮ-922/3567 дугаартай тайлангаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Наранцэцэгт нийт 1.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба хавтас хэргийн 4 дэх талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр өөр адил төрлийн гар утас буцаан өгч, хохирогчийг хохиролгүй болгосон болох нь тогтоогджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Э ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий, хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Э ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Э-ны Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА