Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/554

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Өөлд овогт О Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105024891198 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ... настай, эрэгтэй, Дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ... баг ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... тоотод түр оршин суудаг гэх, /РД: /

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 4 сарын хорих ял оногдуулж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт О-ны Б .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лояалти” Лоунжид барменаар ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан бэлэн мөнгө болох 903.860 төгрөг, бараа, материалаар 1.313.400 төгрөг завшиж “А” ХХК-д нийт 2.217.260 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч О.Б ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

 

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 5, 11 тал/, 

 

2. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлээд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах loyalty lounge-д барменаар О.Б гэх залуу манай байгууллагын бараа материал бэлэн мөнгө авч байсан байна. Манай байгууллага сард 2 удаа тооллого хийдэг. ...О.Б нь ажиллахдаа хүмүүс үйлчлүүлээд бэлэн мөнгө өгсөн. 2021 оны 9 дүгээр сарын 05-нд 21.500 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 06-нд 6500 төгрөг, 2021 оны 9 дүгээр срын 12-нд 175.260 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 13-нд 107.800 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 14-нд 82.300 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 15-нд 381.500 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 26-нд 129.000 төгрөг бэлэн мөнгөнөөс нь авчихдаг байсан юм байна. Мөн О.Б нь өөрийнхөө эд зүйл ашиглаж байгаа юм шиг байгууллагын архи пиво ус ундаа зэрэг дутааж өөртөө хэрэглэсэн байна. Манай байгууллагад нийт 2.217.260 төгрөгийн хохирол учирсан байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

 

3. Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Алтан наран од” ХХК-ийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лояалти лоунжид Очирчулууны Б  гэх залуу манай байгууллагын бармены албан тушаал дээр ажилд орсон манай байгууллагын бармен нь уг салбарынхаа тооцоо, орлого, зарлага шийдэж тухайн үеийнхээ зохион байгуулалт хийж удирдан ажиллах чиг үүрэгтэй байдаг. О.Б манай байгууллагад ажилд орсон өдрөөс хойш 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хүртэл ажиллахдаа дараах хохирол учруулсан байна. 2021 оны 9 дүгээр 05-нд 21.500 төгрөг, 2021 оны 9 дүгээр 06-нд 6500 төгрөг, 2021 оны 9 дүгээр 12-нд 175.260 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 13-нд 107.800 төгрөг, 2021 оны 9 дүгээр 14-нд 82.300 төгрөг, 2021 оны 9 дүгээр 15-нд 381.500 төгрөг, 2021 оны 9 дүгээр 26-нд 129.000 төгрөг бэлэн мөнгөөр дутаасан байдаг. Харин бараа материалаар 2021 оны 9 дүгээр 05-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр 16-ны өдрийн хооронд 890.900 төгрөгийн, 2021 оны 9 дүгээр 17-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр 27-ны өдрийн хооронд 422.500 төгрөгийн бараа материал дутаасан байна. Манай байгууллагад О.Б ажиллахдаа бэлэн 903.860 төгрөг, бараа материалаар 1.313.400 төгрөгийн бараа, материал дутаасан байдаг. Нийт 2.217.260 төгрөгийн хохирол учруулсан байна. ...Манай байгууллага нь хөдөлмөрийн хуулиараа мөнгө цалин тооцоо бодож өгнө. Гэхдээ Б  нь нэг сарын түр хугацааны гэрээтэй ажилд орсон. ...О.Б нь мөнгө тооцоогоо дутаагаад өөрөө алга болсон. ...Хуулиараа бол манай байгууллага цалин мөнгө өгөх байсан ямар нэгэн цалин тооцооны асуудал байхгүй. 2.217.260 төгрөгийн хохирол учруулсан байгаа уг хохирлоо барагдуулмаар байна. Хохирлоо барагдуулбал манай байгууллагаас гомдолгүй гэх хүсэлтээ гаргаж өгч болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

 

4. Хөдөлмөрийн гэрээ, ажилд орохыг хүсэгчийн анкет, ажилтны карт, борлуулалтын орлогын бүртгэл, авлагын бүртгэл, тооллогын бүртгэлийн хуулбар /хх-ийн 19-24 тал/,

 

5. Борлуулалтын орлогын бүртгэл, авлагын “2021.09.05 өдөр дутуу 21.500 төгрөг, 2021.09.06 өдөр авлага 6500 төгрөг, 2021.09.12 өдөр авлага 175.260 төгрөг, 2021.09.13 өдөр авлага 107.800 төгрөг, 2021.09.14 өдөр авлага 82.300 төгрөг, 2021.09.15 өдөр авлага 381.500 төгрөг, 2021.09.16 өдөр О.Б авлага 890.900 төгрөг, 2021.09.26 өдөр авлага 129.000 төгрөг, 2021.09.27 182.500, 240.000 төгрөг...” гэх дэвтрийн хуулбар /хх-ийн 24-31 тал/,

 

6. Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ2922/3724 дугаартай “...бараа. ...нийт үнэ 1.313.400 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 62-65 тал/,

 

7. Шүүгдэгч О.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лоялти нэртэй лоунжид барменаар ажилд орсон тэгээд 14 хоног ажпаад цалин 400.000 авсан тэгээд үлдэгдэл 350.000 төгрөгийг бараа дутаасан, хэрэглэсэн эсэхээс хамаарч хэрэв бараа дутаасан хэрэглэсэн байвал уг мөнгөнөөс суутгаад үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж ярилцсан. Тэгээд би үргэлжлүүлээд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан энэ хугацаанд надад цалин өгөөгүй тэгээд би цалингаасаа суутгуулж болох байх гэж бодоод баяр ёслол болон бусад шаардлагатай үедээ Лоялти лоунжаасаа виски архи ус ундаа зэргийг авч хэрэглэсэн. Би Лоялти лоунжаас гарган өгсөн өргөдөлд дурдагдсан 2.217.260 төгрөгийн нэхэмжлэлд маргах зүйл байхгүй. Харин би цалингаасаа авах байсан мөнгөө суутгуулмаар байна. Тухайн үед би өөрөө уг архи виски ус ундаа зэргийг хэрэглэсэн хааяа авч уугаад байсан болохоор тооцоогоо гаргаж бодоогүй улмаас ийм өрөнд орж байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийн төлж барагдуулна. Миний аав одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул асарч байгаа тул надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Удахгүй ажил хийгээд хохирол төлбөрийг төлнө...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 46-57 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 80 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн түүний эцгийн эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Б оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 18 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Г , гэрч Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч О.Б ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөдөлмөрийн гэрээ, ажилд орохыг хүсэгчийн анкет, ажилтны карт, борлуулалтын орлого, авлагын бүртгэл, Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ2922/3724 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лояалти” Лоунжид барменаар ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан бэлэн мөнгө болох 903.860 төгрөг, бараа, материалаар 1.313.400 төгрөг завшиж “Алтан наран од” ХХК-д нийт 2.217.260 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй байх бөгөөд хохирогчид 2.217.260 төгрөгийн эд хөрөнгийн буюу 1.313.400 төгрөгийн бараа материалын, 903.860 төгрөг төгрөгийн бэлэн мөнгөний хохирол учирсан болох нь нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон.  

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лояалти” Лоунжид барменаар ажиллаж байсан байх ба энэ хугацаандаа өөрт итгэмжлэн хариуцуулсан бэлэн мөнгө болох 903.860 төгрөгийг, бараа, материалаар 1.313.400 төгрөгийг хувьдаа хэрэглэж дутаан “Алтан наран од” ХХК-д нийт 2.217.260 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.Б ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, улсын яллагчийн ялын санал болон шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 33-72 тоотод амьдардаг, түүний эцэг Сүхбаатар дүүрэгт эмчийн хяналтад байдаг зэргийг харгалзан шүүгдэгч О.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч О.Б нь оногдуулсан “Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна.   

 

 Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас Наран Алтан Од ХХК-д 2.217.260 төгрөгийн хохирол учирсан болох нь борлуулалтын орлогын бүртгэл, авлагын “2021.09.05 өдөр дутуу 21.500 төгрөг, 2021.09.06 өдөр авлага 6500 төгрөг, 2021.09.12 өдөр авлага 175.260 төгрөг, 2021.09.13 өдөр авлага 107.800 төгрөг, 2021.09.14 өдөр авлага 82.300 төгрөг, 2021.09.15 өдөр авлага 381.500 төгрөг, 2021.09.16 өдөр О.Б авлага 890.900 төгрөг, 2021.09.26 өдөр авлага 129.000 төгрөг, 2021.09.27 182.500, 240.000 төгрөг...” гэх дэвтрийн хуулбар,  Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ2922/3724 дугаартай дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б оос 2.217.260 төгрөгийг гаргуулж, “Алтан наран Од” ХХК /РД:5177944/-д олгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Б т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт О-ы Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар “Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б оос 2.217.260 /хоёр сая хоёр зуун арван долоон мянга хоёр зуун жар/-н төгрөгийг гаргуулж, “А” ХХК /РД: /-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА