Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/555

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаяр,

Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г овогт Х-н Т-т холбогдох эрүүгийн 2205000391542 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ... сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, одоо “Э” ХХК-д хамгаалалтын албан тушаалд ажилладаг гэх, ам бүл 2 эхнэрийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дүгээр хорооллын ...тоот хаягт оршин суух /РД: /, урьд ял шийтгэлгүй, Ган овогт Х-н Т .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Т нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.С-н биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Х.Т ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

 

2. Хохирогч П.С-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн үед Их Нялхасаас ажлаа тараад Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт явганаар алхаад явж байсан чинь хар өнгийн приус машин ухраад миний зүүн хөл хэсэгт машины хойд хэсэгт тулаад зогссон. Би жолооч руу хандаж аятайхан яваачээ гээд тухайн машины хойд талын тээш хэсэг дээр нэг удаа гарын алга хэсгээрээ цохиод цаашаа явсан. 4-5 алхаад явж байхад тухайн машины жолооч эрэгтэй нь “хөөе новш минь машин эвдлээ” гээд машинаасаа бууж ирэхээр нь би очсон чинь надтай маргалдаад ална шүү гэж хэлээд хоорондоо муудалцаж эхэлсэн. ...Тэр эрэгтэй миний эрүү хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн, зүүн нүд хэсэг рүү гараа атгаж байгаад баруун гараараа нэг удаа цохисон. Тэнд явж байсан үл таних эрэгтэй хүн бид хоёрыг салгасан. Би ялихгүй юмнаас боож яахав дээ гээд цаашаа явж байсан чинь өрөөс “өө чи муу хүрээд ир чамайг ална” гэхээр нь дөхөж очсон чинь миний духны зүүн хэсэгт нэг удаа цохисон. Би манараад хажууд нь байсан машиныг налахад дээрээс нэмж цохих шиг болсон. Ухаан балартаад юу ч санахгүй болсон. Хөндлөнгийн хүмүүс болиоч гээд салгасан. Би тэгээд цаашаа гэр рүүгээ явж байсан чинь тэнд салгаж байсан үл таних эрэгтэй хүн наадах толгой чинь арай биш болсон байна. Цагдаа дууд гэхээр нь 102-т дуудлага өгч удалгүй цагдаа нар ирсэн. ...Миний нүд хэсэг бүрэлзэж сайн юм харахгүй нүдний хараа муудаад байна. Би зүүн нүдэндээ 3.800.000 төгрөгөөр нүдний дотор хананы мэс засал хийлгэж хиймэл ясан суулгац буюу имплант хийлгэсэн. Энэхүү хагалгааг эдгэрсний дараа хугарсан хамарндаа эмчилгээ хийлгэнэ. ...Гомдолтой байна. 5.000.000 орчим төгрөгийн хохирол учирсан байгаа цаашид нүдний ухархайн гэмтэл эдгэрсний дараа хамрынхаа хугаралыг эмчлүүлэх учир нэмж ямар хэмжээний зардал гарах талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,

 

2. Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 18 дугаар байр ахынх руугаа найз залуу Х.Т ийн хамт орох гээд зогсоолд машинаа байрлуулах гээд ...Х.Т бага зэрэг ухарсан үед  машины араар хүмүүс явганаар алхаж гарч ирсэн. Тэгсэн чинь машины тээшний дээд талын цонх хэсэгт үл таних ноосон малгайтай шилтэй эрэгтэй хүн нэг удаа гараараа хүчтэй цохисон. 2 цонх онгорхой байсан болохоор Х.Т яаж байгаа юм бэ гээд орилсон. Би Т ийн хажууд урд талын суудал дээр сууж байхад тэр танихгүй эрэгтэй миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод пизда минь буугаад ир гэж Х.Т т хандаж хэлсэн. ...Х.Т машинаасаа буухад би араас нь нөгөө хаалгаар буусан тэгсэн чинь тэр танихгүй эрэгтэй Х.Т ийг хувцаснаас заамдаж шууд нүүр хэсэгт нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Хэсэг хэрэлдэж маргаж байгаад Х.Т тэр эрэгтэйн дух хэсэгт нь гартаа барьсан ундааны дундын хэмжээтэй саваар 1-2 удаа цохисон. ...Х.Т бид хоёр ахынх руу ороод 5-10 минут болсон байх машин зогсоол тагласан байна гээд машинаа холдуулах гээд гарахад нөгөө танихгүй эрэгтэй машины жолооч талын хаалга таглаж зогсоод хүлээж байсан. Би холдооч ээ гэсэн чинь холдохгүй би танай нөхөртэй тооцоотой гээд байсан. Би үл таних 2 эрэгтэй хүнээр гуйж нөгөө маргалдсан үл таних эрэгтэйг хаалган дээрээс холдуулсан. Би цааш машинаа жолоодож зогсоол дээр байрлуулаад дотогшоо орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай “...П.С-н  биед зүүн ухархайн дотор, доод хананы цөмөрсөн, хамрын хянга ясны хажуу хананд зөрүүтэй далд хугарал, духны язарсан шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, оочны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, механизмаар цохих үйлдлээр үүснэ.

Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

 

4. Шинжээч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэхүү хараа муудсан нэгийг тарах чадлаар тодорхойлно удаан бүрэлзсэн нь зовиур илэрсэн нь хараа муудсан гэдгийг нүдний нарийн мэргэжлийн эмчид тодорхойлуулна. П.С  үзлэг шинжилгээ хийлгэх үедээ хараа муудсан талаар хэлээгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/,

 

5. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-48 тал/,

 

6. Хохирол төлбөрийн талаарх баримтууд, хохирол төлбөр 4.325.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /хх-ийн 53-74, 96 тал/,

 

7. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 100, 101 тал/,

 

8. Шүүгдэгч Х.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 18 дугаар байрны гадна 0000 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эхнэртэйгээ хамт суучихсан хойшоо ухарч байхад нэг үл таних эрэгтэй миний машины хойд талын багажны хэсэгт хүчтэй цохисон. Би цонхоо онгойлгоод “хөөе яаж байгаа юм бэ” гэхэд тэр залуу манай эхнэрийн сууж байсан хаалгыг онгойлгоод эхнэрээс заамдаж авснаа над руу хандаж “чи буугаад ир үзэх үү” гээд байхаар нь гараад очсон чинь шууд миний хамар руу мөргөсөн. ...Маргалдаад заамдалцаж аваад эрүү хэсэг рүү нь мөргөчхөөд би машиндаа суух гээд явж байхад араас зүгээр идээд доромжлоод байхаар нь би хаалгаа онгойлгочихсон суух гэж байгаад машин голын хавтсанд байсан ус шүршдэг пепсиний /хуванцар/ савыг хоосон байхаар нь би тэрийг нь барьж байгаад нэг удаа дух руу нь цохисон. Яагаад гэвэл тэр залуу надаас өндөр байсан. Би машины хамар руу түлхээд налаад хэвтэхээр нь би нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгсэн чинь тэр залуу өөрөө яваад өгсөн, тэгэхээр нь би цаашаа оффис ороод сууж байсан чинь цаг орчмын дараа цагдаа нар ирсэн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчид эрүүл мэндтэй холбоотой үндэслэлтэй гарсан зардлыг төлөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-88 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон. Хохирогчид баримтаар гаргасан хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 тал/, гэрч Б.Анхзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай нөхөр ерөнхийдөө багаасаа эмээ дээрээ өссөн болохоор зөөлөн сэтгэлтэй, эрх дураараа, хүмүүстэй нийтэч, эв зүйгээ олоод бусадтай харьцчихдаг, хэрүүл маргаанаас хол эвийг нь олох гээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                     

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Т өөс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 18 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Х.Т нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.С-н  биед халдаж, түүнд зүүн ухархайн дотор, доод хананы цөмөрсөн, хамрын хянга ясны хажуу хананд зөрүүтэй далд хугарал, духны язарсан шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, оочны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Энэ нь хэрэгт хохирогч П.С , гэрч Б.А, шинжээч Н.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт шүүгдэгч Х.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч П.С-н  эрүүл мэндэд учирсан зүүн ухархайн дотор, доод хананы цөмөрсөн, хамрын хянга ясны хажуу хананд зөрүүтэй далд хугарал, духны язарсан шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, оочны зулгаралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 91 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч П.С-н  эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Х.Т ийн хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Х.Т нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Х.Т ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэж тодорхойлсон байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч, гэрч, шүүгдэгч нар нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон талаарх мэдүүлсэн байх тул 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэрэг гарсан болохыг зөвтгөн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Х.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

 

Шүүгдэгч Х.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 101 тал/   

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 107 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Х.Т т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Х.Т ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.      

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин Т болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан. 

 

Иймд шүүгдэгч Х.Т нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.С-н  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас 102 дахь талд “...яллагдагчтай сайн дураа эвлэрч хохирлоо барагдуулсан...” гэж, 96 дахь талд “Т өөс хохирол барагдуулав” гэх утгатай 4.325.000 төгрөг шилжүүлсэн хуулбар авагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Х.Т өөс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Харин хохирогч П.С  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...цаашид нүдний ухархайн гэмтэл эдгэрсний дараа хамрынхаа хугаралыг эмчлүүлнэ...”  гэж мэдүүлсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Т т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Говогт Х-н Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т ийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Т т сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.С ад хохирол хор уршигт тооцож 4.325.000 /дөрвөн сая гурван зуун хорин таван мянга/-н төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

 6. Хохирогч П.С  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Х.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА