Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөр, шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс Х ургийн овогт Ж-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2235000000083 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Ж-ын Б, 1985 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн 4-3 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960’000 төгрөгөөр торгох ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500’000 төгрөгөөр торгох ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ..............

Холбогдсон хэргийн талаар:

2021 оны 12 дугаар сард Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах Номин худалдааны төвийн гаднаас хохирогч Х.Ө-ын Самсунг (Samsung) А31 загварын гар утас олж аваад уг төвийн гар утас засварчинд зарж гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 850’050 (найман зуун тавин мянга тавин) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000083 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Х.Өаас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 13, 15 дугаар хуудас),

- Д.Б-ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 17, 19 дүгээр хуудас),

- Увс финанс Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар дүгнэлтийг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

- Эд зүйл хураан авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас),

- Ж.Бгээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Хохирогч Х.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд “...2021 оны 12 дугаар сарын дундуур цагдаагийн газраас гараад аж ахуйн ажилтан О.Амарзаяагийн машинд суугаад 55 айлын хажуунаас охиноо аваад Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байх “Номин” худалдааны төв рүү орчхоод гэртээ ирснийхээ дараа гар утсаа гээсэн талаараа мэдсэн. Миний гар утас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй шинэ шахуу байсан. Би тухайн гар утсаа 2021 оны 10 дугаар сард 900’000 төгрөгөөр худалдаж авсан...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 13 дугаар хуудас) байна.

Хохирогчийн дээрх мэдүүлэг нь гэрч Д.Б-ийн “...2022 оны 01 дүгээр сарын эхээр Чандманьд байдаг Бааска /Ж.Б/ гэх залуу ...Самсунг А31 загварын цагаан өнгийн утас авч ирж өгөөд “дэлгэцийн хагалчихлаа солиод өг” гэсэн тухайн үед надад дэлгэц нь байгаагүй бөгөөд миний хажууд байдаг залууд тухайн гар утасны дэлгэц 280’000 төгрөгийн үнэтэй байсан. ...Дэлгэцийн үнийг суутгаад надаас 160’000 төгрөг аваад гар утсыг надад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гар утас үнэлсэн шинжээчийн “2021 оны 12 дугаар сарын байдлаар Самсунг-А31 загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 850’050 (найман зуун тавин мянга тавин) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27 дугаар хуудас)-ээр давхар нотлогдсон тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Дээр дурдсан нотлох баримтуудаар хохирогч Х.Ө нь өөрийн өмчлөлийн Самсунг (Samsung) А31 загварын гар утсыг 2021 оны 12 дугаар сарын дунд үед Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах “Номин” худалдааны төвийн гадна унагаж гээгдүүлснийг шүүгдэгч Ж.Б олж аваад 2022 оны 01 дүгээр сарын эхээр гэрч Д.Билэгдэмбэрэлд уг гар утсыг зарж, 160’000 төгрөгийн орлого олсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Б нь энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл уг гар утсыг бусдын өмч гэдгийг мэдсээр зарж борлуулсан буюу завшсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж, тус зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан “нэг” нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан тул хохирогчид учирсан 850’050 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна.

Шүүгдэгч Ж.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх шинжийг хангаж байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Ө-д Самсунг-А31 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас)-ээр нотлогдсон, мөн хохирогч “...Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад хохирол барагдуулж, бид хоёр хоорондоо тохирсон. Би утсаа хүлээж авсан” гэж (хавтаст хэргийн 15 дугаар хуудас) мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ү.Эрдэнэчимэгийн “...Ж.Б нь зан аашийн хувьд түргэн ааштай, ...хурдан ууртай, ямар нэгэн зүйлд хэлэмгий, хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг зантай хүн юм” гэх (хавтаст хэргийн 23 дугаар хуудас) мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), шүүгдэгч Ж.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ... Тухайн гар утасны дэлгэц нь хагарчихсан асахгүй байсан. Тэгээд би гэртээ хадгалж байгаад тэр өдөр авч ирж дэлгэц солиулж ломбардад тавих гэж байгаад утас засварчин Д.Билэгдэмбэрэлд худалдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 59-62 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960’000 төгрөгөөр торгох ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500’000 төгрөгөөр торгох ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Х.Ө-ын Самсунг (Samsung)  А31 загварын гар утсыг гэрч Д.Билэгдэмбэрэлд зарж 160’000 төгрөгийн орлого олсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 160’000 (нэг зуун жаран мянган) төгрөгийг шүүгдэгч Ж.Бгээс албадан гаргуулж улсын төсөвт оруулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Ж-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 160’000 (нэг зуун жаран мянга) төгрөгийг шүүгдэгч Ж.Б-гээс албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

5. Шүүгдэгч Ж.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА