Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ш ургийн овогт Д-ийн Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135000000146 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Д-ийн Б, 1976 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл нэг, Увс аймгийн Өлгий сумын нэгдүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялд нь багтааж, 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар: ...............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б хохирогч Д.Д-н хул зүсмийн азарга, төөлтэй хээр зүсмийн гүү буюу олон тооны бод малыг 2021 оны 8 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Өлгий сумын нутаг Ут гахай гэх нэртэй газраас машин механизм буюу өөрийн эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж 2’500’000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2135000000146 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: - Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас),

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

- Д.Д-г хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

- Хохирогч Д.Д-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 38, 41, 43 дугаар хуудас),

- Гэрч М.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 45-46, 48-49, 227 дугаар хуудас),

- Насанд хүрээгүй гэрч М.М-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),

- Гэрч Х.Ш-аас мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 58-59, 232 дугаар хуудас),

- Гэрч Д.Ц-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 65-66, 230 дугаар хуудас),

- Д.Б-ийн Мустанг-5 загварын мотоциклийг үнэлсэн 237 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 86 дугаар хуудас),

- Хохирогч Д.Д-н тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 130 дугаар хуудас),

- 135 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 236 дугаар хуудас), 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Гэрч Д.Э-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 70 дугаар хуудас),

- Гэрч Б.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 72 дугаар хуудас),

- Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 124 дүгээр хуудас),

- Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн Засаг даргын тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 127 дугаар хуудас),

- Увс аймгийн Өлгий сумын төрийн сангийн мэргэжилтэн У.Оюунбилэгийн тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 128 дугаар хуудас),

- Мөнгөн шилжүүлгийн баримтыг (1 дэх хавтаст хэргийн 129 дүгээр хуудас),

- Хохирогч Д.Д-н тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 130 дугаар хуудас),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (1 дэх хавтаст хэргийн 131 дүгээр хуудас),

- Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн Засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн магадалгаа, нас барсны гэрчилгээний хуулбар зэргийг тус тус шинжлэн судалсан. Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б “2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хул зүсмийн азаргыг Өлгий сумын нутаг Ут гахай гэх газраас хулгайлсан гэм буруугаа хүлээж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би төөлтэй хээр зүсмийн гүүг хулгайлж аваагүй. Наранбулаг сумаас А.Б, Э.Б нар ирж адууг үзээд хадгалж байгаарай, манай гүү мөн байна гээд зургийн аваад явсан. Надад 12 настай гүүг хулгайлсан хэрэг байхгүй. Өөр хэлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Адуунд үзлэг хийсэн “Д.Б-ийн адуу Өлгий сумын нэгдүгээр багийн нутаг Гэдрэг хаг гэх газарт байхад нь үзлэг хийв. ...хохирогч Д.Д-н төөлтэй хээр зүсмийн гүү бас байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас),

Хохирогч Д.Д-н “...2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед адуугаа харахаар очсон чинь хүнээс авсан гурван тооны адуу байхгүй, миний адуунууд усанд орж байсан. Ойролцоо газраар явж нөгөө гурван адууг хайгаад олоогүй. Эдгээр гурван адуу нь зургаан настай, хул зүсмийн, зөв гуяндаа саран тамгатай азарга, арван хоёр настай, хээр зүсмийн, буруу гуяндаа “Ш” үсэгтэй, зөв гуяндаа галтай дэгрээ тамгатай гүү, зургаан настай төөлтэй хээр зүсмийн, буруу гуяндаа “Ш” үсэгтэй, зөв гуяндаа галтай дэгрээ тамгатай гүү байсан. 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Өлгий сумын нутаг Улаан үзүүр гэх газар орчмоор эрлээ үргэлжлүүлээд явж байтал айлын эзэнгүй адуунд миний алга болсон 12 настай гүү байсан. ...Уг гүүг тууж яваад Өлгий сумын төв орж Дэндэв гэх айлын хашаанд үлдээсэн. Тэндээсээ Наранбулаг сумын нутаг руу явж хоёр адуугаа хайсан. Наранбулаг сумын төвийн ард өргөн ширэгтэй газарт миний азарга өөр айлын адуунуудтай байсан. ...Тэгж байтал зайдан морь унасан эрэгтэй хүүхэд сумын төв талаас ирээд захаас нь туугаад сумын төв рүү чиглээд явсан. Миний азаргыг мөн нийлүүлээд туугаад явсан. Араас нь дагаад явахад адуунуудыг сумын төвийн нэг хашаанд оруулсан. Очиж уулзахад М.Б гэх хүний адуу байсан бөгөөд азаргыг зааж “миний морь” гэж хэлэхэд М.Б “Өлгий сумын Д.Б гэх хүнээс 800’000 төгрөгөөр худалдаж аваад дэлийг нь авч, өөрийн тамгыг дарсан” гэдгээ хэлсэн. ...Миний алга болсон адууг Өлгий сумын Д.Б гэх хүн хулгайлж авсан юм шиг байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

Гэрч М.Б-ын “2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өлгий сумын Хулст багт оршин суудаг Дийн Б Өлгий сумын Гэдрэг хаг гэх газраас утсаар холбогдож “бөөсөгтэй азарга, хэдэн адуу байна худалдаж авах уу? Надад хул зүсмийн морь байна, мөнгө хийж авмаар сольчих адуу байна уу? Миний морь сайхан морь, надад ойр зуурын хувцас хунар авах мөнгөний хэрэг гараад байна. Ирээд үз” гэхээр нь би “хэдэн төгрөгөөр өгөх юм” гэхэд “800’000 төгрөгөөр ав” гэж ярьсан юм. Би маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр утсаар “надад зав гардаггүй дөхүүлээд өгчих” гэж ярилцаад гэрт байсан бэлэн нэг сая төгрөгийг аваад өөдөөс нь өөрийн Мустанг-5 загварын мотоциклоор Өлгий сумын Гэдрэг хаг гэх газар луу өглөө 09 цагийн үед явж байтал замд Наранбулаг сумын нутаг Явар гэх газар Буянаа гэх залуу таарсан юм. Би цааш нь яваад Наранбулаг сумын Улаан үзүүр багийн Гахай гэх газар явж байхад Б нэг тооны хул зүсмийн азарга туучихсан миний өөдөөс ирж явсан. Би тэнд азаргыг үзэхэд хул зүсмийн дөрвөн настай дэлтэй, саран тамгатай сайхан адуу байхаар нь 800’000 төгрөгөө тоолж өгөөд адуугаа мотоциклоор тууж сумын төвд авч ирээд адуундаа нийлүүлсэн. ...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн адуугаа хашаандаа цуглуулж, азаргандаа гүү ялгаж өгөх гэж байтал 15 цаг өнгөрч байхад Ховд сумын залуу цагдаатай ирчихсэн манай адуун дотроос хул зүсмийн дөрвөн настай азаргыг заагаад “миний адуу байна” гэхээр нь би “...Д.Б гэх хүнээс 800’000 төгрөгөөр худалдаж авсан” тухайгаа хэлсэн. ...Д.Б нь Наранбулаг сумын Улаан үзүүр багийн Гахай гэх газарт өөрийн Мустанг-5 загварын мотоциклоор ганцаараа тууж авч ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

Гэрч Х.Ш-ын “...2021 оны 8 дугаар сарын 10-ны үед Д.Д манайд ирээд “нөгөө авсан адуунаас хоёр тооны гүү нь Ховд сумаас танай сум руу гүйж ирсэн байна. Би одоо буцаагаад авч байна, та хул хээр зүсмийн азаргаа зарчих, энэ хоёр гүүг уг азарганд хадгалуулъя” гээд уг гурван тооны адууг аваад явсан. 2021 оны 8 дугаар сарын 15-ны үед над руу Д.Д утсаар залгаад “нөгөө азаргатай хоёр гүү алга болчихлоо, танай наагуур чинь очсон уу” гэж асуухаар нь би “энүүгээр одоохондоо ирээгүй байна, ирвэл хэлье” гэж хэлсэн. ...Уг төөлтэй хээр гүүг адуунд байгаа гэж Д.Б 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө надад хэлсэн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2021 оны 8 дугаар сард Увс аймгийн Өлгий сумын нутгаас хохирогч Д.Д-н хул зүсмийн азарга, төөлтэй хээр зүсмийн гүү зэргийг хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу бусдад мэдэгдэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар өөрийн эзэмшилд авсан. Улмаар 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Д.Д-н хул зүсмийн азаргыг гэрч М.Б-т 800’000 (найман зуун мянган) төгрөгөөр зарсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б яллагдагчаар өгсөн “...Би ганцхан тэр зургаан настай азаргыг авсныгаа хүлээн зөвшөөрч байна. Харин уг 12 настай гүү бол 2021 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр /өдрийг нь сайн санахгүй байна/ адуундаа очиход Х.Шын зөв гуяндаа дугуйтай, буруу гуяндаа “Ш” үсгэн тамгатай нэг тооны гүү нийлсэн байсан. ...Би тухайн үед уг төөлтэй гүүг манай адуунд нийлсэн байсан гэдгийг Х.Ш руу түүний 88849986 гэх дугаар луу өөрийн 88228709 дугаараас залгаж “танай тамгатай хээгч гүү Д.Энхбаярын буюу миний хариулж байсан адуунд нийлсэн байна, таны адуу мөн үү” гэхэд “манай тамгатай гүү бол манай мал, би хотод явж байгаа учир адуу малаа харж амжаагүй байна, чи наад гүүгээ адуундаа хадгалаад байж байгаарай” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хул зүсмийн азаргыг Өлгий сумын нутаг Ут гахай гэх газраас хулгайлсан гэм буруугаа хүлээж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би төөлтэй хээр зүсмийн гүүг хулгайлж аваагүй. Наранбулаг сумаас А.Батмөнх, Э.Баттулга нар ирж адууг үзээд хадгалж байгаарай, манай гүү мөн байна гээд зургийн аваад явсан. Надад 12 настай гүүг хулгайлсан хэрэг байхгүй” гэх мэдүүлгүүд нь гэрч Х.Шын “...Уг төөлтэй хээр гүүг адуунд байгаа гэж Д.Б 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө надад хэлсэн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас)-ээр, мөн түүний гэрчээр дахин өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Д.Б надтай утсаар ярьсан. Д.Б надаас “чи хул азаргаа зарсан юм уу? гэж асуухаар нь би зарсан гэж хэлсэн. Би уг хул азарга алдагдсан байна чи харж байгаараа, миний им тамгатай адуу байвал наашаа дөхүүлж байгаараа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 232 дугаар хуудас)-ээр болон 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр адуунд үзлэг хийсэн “Д.Батсуурийн адуу Өлгий сумын нэгдүгээр багийн нутаг Гэдрэг хаг гэх газарт байхад нь үзлэг хийв. ...хохирогч Д.Дн төөлтэй хээр зүсмийн гүү бас байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас)-ээр няцаан үгүйсгэгдэж байна.

Тодруулбал шүүгдэгч Д.Б нь гэрч Х.Ш-тай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр утсаар ярьсан гэж мэдүүлж байгаа боловч гэрч Х.Ш-ын мэдүүлгээр 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ярьсан болох нь нотлогдсон. Мөн шүүгдэгч нь Х.Ш-тай 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр утсаар ярьж хул зүсмийн азаргыг зарсан эсэхийг тодруулсны дараа уг азаргыг гэрч М.Б-т заржээ. Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Д.Д гэрч М.Баас өөрийн хул зүсмийн азаргыг цагдаагийн албан хаагчтай хамт очиж авсан байна. Маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч Д.Б гэрч Х.Ш руу ярьж төөлтэй хээр зүсмийн гүү өөрийнх нь адуунд байгаа талаар хэлжээ.

Гэрч М.Б-ын “...Д.Б миний авга ах юм. Урьд өмнө утсаар ярьж, уулзаж байсан. Манайхаар орж гараад яваад байдаг юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас)-ээр шүүгдэгч болон гэрч М.Б нар нь төрөл, садангийн холбоотой байх тул гэрч М.Б худалдаж авсан азаргыг нь хохирогч Д.Д, цагдаагийн албан хаагчтай хамт ирж авсан болохыг хэлсний улмаас шүүгдэгч 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрч Х.Ш руу залгаж өөрийнх нь адуунд төөлтэй хээр гүү байсан талаар хэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн адууг хулгайлж авсан үйлдлээ нууна дарагдуулах зорилгоор гэрч Х.Ш руу ярьсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мал хулгайлах гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгдэг, тухай бүр гэмт хэргийг илрүүлэх боломж хязгаарлагдмал байдаг онцлогтой. Алдуул мал завших гэмт хэргийг мал хулгайлах гэмт хэргээс дараах шинжүүдийг харгалзан ялган зүйлчлэн.

Алдуул мал гэдгийг гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт бэлчин байрлаж байгаа өмчлөгч, эзэмшигч нь мэдэгдэхгүй байгаа таван хошуу малыг ойлгоно.

Өмчлөгч, эзэмшигч нь мэдэгдэхгүй байгаа гэдэг нь тухайн малыг авч эзэмшилдээ байлгаж байгаа этгээд нь орон нутгийн захиргаанд тэмдэглүүлж, алдуул мал байгаа талаар тухайн орон нутгийн иргэдэд зар түгээсний дараа үүсэх ойлголт юм.

Тодруулбал Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх хууль зүйн үүргийг болон малчдын дунд байдаг алдуул малын талаар зар түгээх зан заншлын хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд алдуул мал завшсан гэж үзэх бөгөөд дээрх нөхцөл хангагдаагүй тохиолдолд мал хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт хамааралтай бүхий л үйл баримтыг шалгаж, тэдгээрийг нотолсон баримтыг цуглуулж, бэхжүүлсэн ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Дн хул зүсмийн азаргыг хууль бусаар эзэмшилдээ оруулж бусдад зарсан, төөлтэй хээр гүүг өөрийн эзэмшилд байлгаж байсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон тул шүүгдэгч Д.Батсуурийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ гэмт хэргийг олон тооны малыг хулгайлж үйлдсэн” гэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх шинжээр, мөн хэсгийн 2.4-т заасан “энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх шинжээр тус тус зүйлчлэн ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн үед би гэрээсээ ганцаараа мотоциклтой гараад Ут-гахай гэх газарт очиход нөгөө азарга өчигдөр байсан байрандаа байж байхаар нь туугаад Наранбулаг сум чиглээд М.Б луу явсан” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас) өгчээ. Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн, мөн дахин өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүддээ цаг хугацаа, орон зай, үйлдлийнхээ талаар зөрүүтэй мэдүүлсэн тул түүний мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй гэж үзлээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Д.Б-ийг уг гэмт хэргийг үйлдэхдээ Мустанг-5 загварын мотоциклийг буюу машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

Гэрч М.Бын “...Д.Б ах азаргаа бас мотоциклоор туугаад ирж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас) нь шүүгдэгчийг хохирогчийн хоёр тооны адууг хууль бус эзэмшилдээ авсны дараа буюу мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо зарж борлуулахдаа мотоцикл ашиглаж байсан талаар мэдүүлсэн байна.

Машин механизмыг ашигласан гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласан нь энэ ойлголтод хамаарахгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б-ийг тухайн хоёр тооны адууг Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл ашиглаж хулгайлсан болохыг бусад баримтаар мөрдөгч, прокурор хөдөлбөргүй тогтоож чадаагүй тул гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан тул Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ш ургийн овогт Дийн Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Д.Д “Тухайн гурван адуугаа би буцааж олж авсан” гэж мэдүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 43 дугаар хуудас) байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж үзнэ. Мөн хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...Би гурван адуугаа хайхын тулд ...Мотоциклдоо өнөөдрийн байдлаар 150’000 төгрөгийн бензин хийж явсан. Явж байх хугацаандаа 100’000 төгрөгийн хоол унд хэрэглэсэн” гэж мэдүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) байх ба уг зардлыг шүүгдэгч төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт (1 дэх хавтаст хэргийн 129 дүгээр хуудас)-аар нотлогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нөхөн төлөгдсөн гэж үзэх тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил хорих ял оногдуулах, ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800’000 төгрөгийг албадан гаргуулж, улсын орлого болгох” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, эрлийн зардлыг төлсөн байдаг. Ийм учраас хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Д.Э-ын “...Д.Б нь зан аашийн хувьд төлөв даруу зантай, хүнд тусархуу, хүний адуу, мал хариулаад явж байдаг, найрсаг, архи дарс уудаггүй, тамхи татдаггүй, элдэв муу зан аашгүй, даруухан залуу юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70 дугаар хуудас), гэрч Б.Б-ийн “...Д.Б нь Увс аймгийн Өлгий сумын нэгдүгээр багийн нутагт ганцаараа амьдардаг, гэр бүл зохиож байгаагүй, айлын мал хариулдаг, өөрийн цөөн тооны малтай хөдөө амьдардаг. Зан аашийн хувьд сайн, элдэв муу зан байдаггүй, өөрийнхөөрөө байж байдаг, хүнд тусархуу, сэтгэлтэй хүн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72 дугаар хуудас), Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн Засаг даргын тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 127 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 131 дүгээр хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 137-141 дүгээр хуудас), Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 142-145 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 146-149 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Өлгий суманд ганцаараа мал маллаж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарлаагүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялд нь багтааж, 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Бт 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б хохирогч Д.Д-н хул зүсмийн азаргыг гэрч М.Б-т зарж 800’000 төгрөгийн орлого олсон болох нь гэрч М.Бын “Би Д.Бт тухайн үедээ адуу худалдаж авсан мөнгө болох 800’000 төгрөгийг бэлнээр өгсөн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 227 дугаар хуудас)-ээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу хулгайлж авсан хул зүсмийн азаргыг бусдад худалдан борлуулж олсон 800’000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар түүнээс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.

Улсын яллагч “...шүүгдэгчид хорих ял оногдуулах санал гаргасан учраас түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” санал гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно” гэж заасан тул улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Д.Батсуурийн эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклыг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй болох нь тогтоогдсон тул 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 32 дугаар хуудас)-ыг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ш ургийн овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ш ургийн овогт Дийн Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800’000 (найман зуун мянган) төгрөгийг шүүгдэгч Д.Батсууриас албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

6. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Д.Б-ийн эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХЗАЯА