| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/03043/И |
| Дугаар | 183/ШШ2018/00919 |
| Огноо | 2018-04-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2018/00919
| 2018 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2018/00919 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол 2 дугаар байрны 44 тоотод оршин суух хаягтай, одоо АНУ-ын Калифорния мужийн Эл Сэррито хотын Аламида өргөн чөлөөний 5550 дугаар байрны 1 тоотод оршин суух, ,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гудамж 182 тоотод оршин суух хаягтай, одоо АНУ-ын Калифорния мужийн Эл Сэррито хотын Аламида өргөн чөлөөний 5550 дугаар байрны 1 тоотод оршин суух, Боржигин овогт Мандахнарын Ичинхорлоо /РД:ФД80083001/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүргийн, 8 дугаар хороо, Сонсголонгийн 3 дугаар гудамж, 182 тоотод оршин суух, Өндөрийнхөн овогт Минжээхүүгийн Нина /РД:ФД53030100/-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал, хариуцагч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Б, М.И нар албан ёсны гэр бүл, одоо АНУ-ын Калифорния мужид 10 гаруй ажиллаж амьдарч байна. Бид АНУ-д ажиллаж байх хугацаандаа цалин хөрөнгө, мөнгө хуримтлуулсан орлогоороо Л.Ган-Эрдэнэ, А.Энхцэцэг нараас 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2-54 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг /эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206001784/ 16.000.000 төгрөгөөр худалдан авсан. Бид АНУ-д амьдарч байсан учраас худалдах, худалдан авах гэрээг биечлэн байгуулах боломжгүй байсан учир Б.Бын аав Н.Батсүх, М.Игийн ээж М.Н нарын нэрээр 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгүүлсэн. Тухайн үед Б.Б, М.И бид худалдагч Л.Ган-Эрдэнэ, А.Энхцэцэг нартай гэрээ байгуулах талаар тохиролцоо, төлбөр мөнгийг төлж, худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 16.000.000 төгрөгийг АНУ-д байх хугацаанд худалдагч нарт төлж барагдуулсан. Б.Б миний төрсөн эцэг болох Н.Батсүх 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, түүний хууль ёсны зарим өвлөгчид нь эд хөрөнгийн улсын бүртгэлд Н.Батсүхийн нэр дээр бүртгэлтэй байгаа шалтгаанаар
Б.Б, М.И бидний хүч хөдөлмөрөө шавхан худалдан авсан гэр бүлийн дундын эд хөрөнгийн зарим хэсгийг өвлөн авахаар санаархаж байна.Иймд эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206001784 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2-54 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Б.Б, М.И нарын эд хөрөнгө болохыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасны дагуу эрхийг хүлээн зөвшөөрөхийг тогтоож өгнө үү. Н.Батсүх гэж хүний сүүлд суусан н.Эрдэнэбулган гэж хүн Б.Б, М.И нарын өмчлөх ёстой эд хөрөнгөнөөс Н.Батсүхийн ногдох эд хөрөнгийг өв залгамжлах ёстой гэж шүүхийн журмаар нэхэмжлэл гарган маргаж байгаа. Хариуцагч М.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ бол манай хүүхдүүдийн өөрсдийн эд хөрөнгө, улсын бүртгэлд өмчлөх эрхгүй гэж байгаа боловч өмчлөгчөөр бүртгэсэн гэж хүлээн зөвшөөрсөн. Харин Н.Батсүхийн эхнэр н.Эрдэнэбулган шүүхийн журмаар Б.Б М.И нарын эд хөрөнгөнөөс Н.Батсүхэд ногдох хувиас өв залгамжилж авна гэж байгаа тул Хан-Уул дүүрэгт орших 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр М.И, Б.Б нарыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. М.И миний охин бөгөөд сүүлийн 14 жилийн хугацаанд нөхөр Б.Б болон 2 хүүхдийн хамт Америк улсад ажиллаж амьдарч байгаа. Тэгээд суралцахын хажуугаар ажил хийж өөрийн эх оронд ирээд орон байртай болохоор 2 өрөө байрыг Л.Гал-Эрдэнээс худалдаж аваад гарын үсэг зурах боломжгүй учир Н.Батсүх, бид 2 гэрээ байгуулсан. М.Н, Н.Батсүх гэсэн хүмүүсийн нэрээр орон сууцны гэрчилгээ байдаг хэдий ч байрны жинхэнэ өмчлөгчид Б.Б, М.И нар гэдгийг манай хүүхдүүдийн ар гэрийнхэн бүгд мэднэ. Хоёр хүүхэд мөнгийг нь төлөөд хадам аавтай хамт очоод гэрээнд нь гарын үсэг зурсан. Энэ байр бол Н.Батсүхийн байр биш, миний ч байр биш. Орон сууцыг худалдан авснаас хойш өнөөг хүртэл хугацаанд манай хүүхдүүдийн хэлснээр хүмүүст хөлслүүлж, олсон мөнгийг нь хүүхдүүдийн заавраар зохицуулдаг. Тухайн байрыг худалдаж авахад талийгаач Батсүх бид хоёр дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. Харин Ичинхорлоо, Батнайрамдал нар АНУ-д ажиллаж олсон мөнгөөрөө уг орон сууцыг худалдаж авсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б, М.И нар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2-54 тоот, 29 м.кв, улсын бүртгэлийн Ү-2206001784 дугаар бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б, М.И нар нь АНУ-д байхдаа Л.Гал-Эрдэнэ, А.Энхцэцэг нараас тухайн орон сууцыг авахаар тохиролцон байрны төлбөрийг төлж, Б.Бын эцэг Н.Батсүх болон хариуцагч М.Н нар бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурж, М.Н байрыг бусдад түрээсэлж, хөлсийг захиран зарцуулдаг талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 2-54 тоотод байрлах, 2 өрөө орон сууцны бэлэглэлийн гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206001784 дугаар, 29м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэгч Л.Гал-Эрдэнэ, А.Энхцэцэг нараас Н.Батсүх, М.Н нарт шилжүүлсэн болох нь орон сууцны бэлэглэлийн гэрээний хуулбар, зохигчийн тайлбарууд, гэрч Л.Гал-Эрдэнийн Нисэхийн 2-54 тоотод байрлах, 29м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг зарын дагуу 16 сая төгрөгөөр утсаар холбогдож Б.Б, М.И нарт зарсан, гэрээг аав, ээж 2 хийнэ гээд Н.Батсүх, М.Н нартай бэлэглэлийн гэрээ хийсэн гэх мэдүүлэг, улсын бүртгэлийн Ү-2206001784 дугаарт бүртгэлтэй, 000451780 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
Хариуцагч М.Н, Н.Батсүх нар 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч Б.Бын эцэг Н.Батсүх 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээ, нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Б.Б, М.И нар гэр бүл, одоо АНУ-д амьдардаг тул Л.Гал-Эрдэнэ, А.Энхцэцэг нартай Нисэхийн 2-54 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206001784 дугаар, 29м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны бэлэглэлийн гэрээг хариуцагч М.Н, Б.Бын эцэг Н.Батсүх нар байгуулсан бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б.Б, М.И нарыг Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 2-54 тоотод байрлах, 29м.кв, улсын бүртгэлийн Ү-2206001784 дугаар бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзнэ.
Иргэний хуулийн 9.4 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт иргэний эрхийг хүлээн зөвшөөрөх гэж заасан ба орон сууц өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр шүүхэд хандан шүүхийн журмаар хэрэгжих иргэний эрх зүйн хамгаалалтын арга байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б.Б, М.И нарыг Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн 2-54 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206001784 дугаар, 29м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 238.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ