Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/19

 

З.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

                        Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              Н.Энхнаран

Прокурор                                                   Б.Догмиддорж

Шүүгдэгч                                                    З.Н нар оролцов.

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор З.Н-д холбогдох эрүүгийн 1921000320047 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эмээгийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан Бодонгууд овогт З.Н.

Шүүгдэгч Бодонгууд овогт З.Н нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Голын цагаан” гэх газар нутаглах хохирогч Х.Б-ы 1 тооны адууг хулгайлж, 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн 2018 оны 08 дугаар сард Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бул нуур” гэх газраас хохирогч Л.Д-ийн бор зүсмийн 1 тооны даагыг хулгайлж, 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 08 дугаар сарын 12, 13-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Билүүт” гэх газраас хохирогч Б.Б-ийн 1 тооны адууг хулгайлж, 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 10-ны өдрүүдийн хооронд Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн нутаг  “Чоно өндрийн ар” гэх газраас хохирогч Д.Д-ын 3 тооны адууг хулгайлж, 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын малыг хулгайлж, бусдад нийт 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч З.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Бодонгууд овогт З.Н-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зоригтбаатарын З.Н-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н-д оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

5/ Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н-оос гэм хорын хохиролд нийт 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Хуасай овогт Б.Б-т олгож, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Н 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би анхан шатны шүүхээс 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Миний хувьд малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлж боломжийн дагуу хохирогч нарт хохирлыг нь төлж барагдуулсан юм. Анхан шатны шүүх хурлын үеэр Баяндун суманд цас бороо орж цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас хохирогч Батзоригийн төлбөр төлөгдсөн баримт бичиг ирээгүй хоцорсон юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсан гэмшиж байгаа бөгөөд хулгай хийх болсон нь миний ах хүнд өвчний учир хагалгаанд орохоор БНХАУ-ын Хөх хот явж эмчлүүлэх хөрөнгө мөнгөний хэрэгцээ гарснаас болж өөрийн хэдэн мал хаанаас ч хүрэхгүй байсан тул бусдын адууг хулгайлж мөнгө болгон эмчилгээний зардалд нь өгсөн болно. Энэ үйлдэл туйлын буруу гэдгийг ойлгож байсан боловч аргагүйн эрхэнд хийсэндээ гэмшиж харамсаж байна. Мөн миний хөгшин эх 95 настай бас л бусдын асрамжид байдаг, эмнэлэгт эмчлүүлж байна. З.Н миний хувьд ходоод гэдэс, уушиг өвчтэй, эмчлүүлдэг, хүнд хүчир ажил хийхэд байнга зовиурладаг тул эмч нар намайг эрүүл агаарт байх мөн байнгын үзлэг эмчилгээнд хамрагдаж хяналтад байхыг хэлсэн юм. Миний бие хулгай хийснээ зөвтгөх гэж энэ бүгдийг бичээгүй. Болсон нөхцөл байдал, шалтгаанаа ойлгуулах л гэж бичиж байгааг эрхэм шүүгч та бүхэн ойлгох буй за. Шүүхээс оногдуулсан гэм буруугийн асуудлаар маргахгүй бөгөөд эрүүл мэндийн хувьд ходоодны шархтай, гэдэс, уушиг өвддөг, хүнд хүчир ажил хийж болохгүй, олон жил хорих ял эдлэх боломж муу, ар гэрт өндөр настай эмээ, ээж, аав үлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ гэдэгт итгэж энэхүү гомдлыг гаргаж байгаа юм. Миний хувьд бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн хувьд олон жил хорих ял эдлэх боломжгүй нөхцлүүдийг харгалзан үзэж хорих ялаас багасгаж өгнө үү. Шүүх хуралд биечлэн оролцоно” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч З.Н гаргасан тайлбартаа: Миний ах нугас нурууны өвчтэй болсон. Эмчилгээнд явах болж зардал мөнгөний шаардлага гараад хулгай хийсэн. Хулгай хийсэндээ гэмшиж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Догмиддорж гаргасан дүгнэлтдээ: Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Н-ийг гэм буруутайд тооцож, 5 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх дээр байх үед З.Н хохирол төлбөрөө төлөөгүй, мөн өөрийнх нь хувийн байдлыг харгалзан үзэж шүүхээс ял оногдуулсан. Миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.  

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх З.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

           Шүүгдэгч З.Н нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Голын цагаан” гэх газар нутаглах хохирогч Х.Б-ы 1 тооны адууг хулгайлж, 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 08 дугаар сард Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Бул нуур” гэх газраас хохирогч Л.Д-ийн бор зүсмийн 1 тооны даагыг хулгайлж, 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 08 дугаар сарын 12, 13-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Билүүт” гэх газраас хохирогч Б.Б-ийн 1 тооны адууг хулгайлж, 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 10-ны өдрүүдийн хооронд Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн нутаг  “Чоно өндрийн ар” гэх газраас хохирогч Д.Д-ын 3 тооны адууг хулгайлж, 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын малыг хулгайлж бусдад нийт 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Х.Б, Л.Д, Б.Б, Д.Д, гэрч Ц.Лхагвасүрэн, Б.Билгүүн, Б.Батжаргал, Х.Чимэд-Очир, Ш.Мөнхнасан, Г.Баасанжав  нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч З.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээнүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдсон байна.

Энэ хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Н-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж,  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч З.Н нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан хугацаанд нэг төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял хүнддээгүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч З.Н-ийн эрүүл мэнд болон ах З.Батзоригийнх нь эрүүл мэндийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч З.Н нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Б.Б-т 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлснийг /хх-ийн 233/ магадлалд дурдах нь зүйтэй.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч З.Н-ийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч З.Н нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Б.Б-т 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлснийг дурдсугай.          

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Л.НАРАНБАЯР

                                  ШҮҮГЧИД                             З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                Ж.ДОЛГОРМАА