Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2023/0635/3 |
Дугаар | 221/МА2024/0043 |
Огноо | 2024-01-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2024/0043
“Ө Э Б Э” ХХК-ийн гомдолтой
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “Ө Э Б Э” ХХК
Хариуцагч Хотын стандарт хяналтын газрын Авто замын улсын байцаагч
Гомдлын шаардлага: Хотын стандарт хяналтын газрын Авто замын улсын байцаагч И.А-ын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 010****, 010**** дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0851 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П
Хариуцагч Хотын стандарт хяналтын газрын Авто замын улсын байцаагч И.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0635/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Ө Э Б Э” ХХК нь Хотын стандарт хяналтын газрын Авто замын улсын байцаагч И.А-д холбогдуулан “Хотын стандарт хяналтын газрын Авто замын улсын байцаагч И.А-ын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 010****, 010**** дугаартай шийтгэлийн хуудсууд, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0851 дүгээр шийдвэрээр: “Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.9, Автозамын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6, Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2.2, 14.5 дугаар зүйлийн 13.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Ө Э Б Э” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П давж заалдах гомдолдоо:
“Ө Э Б Э” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Хотын стандарт хяналтын газрын улсын байцаагч И.А-д холбогдох захиргааны хэрэгт миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
3.2 Зөрчил биш үйлдлийг зөрчил гэж үзэн шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзсэнд гомдолтой байна.
Аливаа зөрчлийн шинжтэй үйлдлийг зөрчил мөн эсэхийг илрүүлэхийн тулд зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон зөрчлийн тухай хуульд заасны дагуу тодорхой ажиллагааг алдаа зөрчилгүй гүйцэтгэсний үр дүнд эрх бүхий улсын байцаагч тогтоодог.
Гэтэл тус хэргийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасны дагуу алдаагүй хийгдээгүй бөгөөд зөрчил үйлдсэнтэй холбоотой хохирлыг гаргуулах, үүн дээр нэмэгдүүлэн засаж сайжруулах үүрэг болгосон нь зөрчил гаргагчид холбогдуулж давхар үүргийг бий болгож байгаа юм. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан 5,000,000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 3,255,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар хохирол учирсан хэсгийг засаж, хэвийн байдалд оруулах үүрэг өгсөн. Эдгээрээс үзвэл нөхөн төлбөрт 3,255,000 төгрөг төлөхийг даалгасан шийдвэр гаргасан атлаа хохирол учруулсан хэсгийг дахин өөрийн зардлаар засах агуулгатай эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, торгууль, нөхөн төлбөрийг улсын орлого болгож, нэмэлтээр дахин зардал гаргуулах албан даалгавар гаргасан зэргээс харахад нөхөн төлбөр болон хохирлын асуудлыг зориуд давхцуулсан байна. Энэ нь зөрчлийн тухай хуульд нийцэхгүй бөгөөд хохирлыг холбогдогчоор гаргуулаад үүн дээр нэмэгдүүлж дахин нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хоорондоо зөрчилтэй байна. Харин зөрчил гаргагчийн үйлдлээс шалтгаалан зөрчил гаргагч засах боломжгүй, заавал эрх бүхий байгууллага өөрөө засах, сайжруулах аюулгүй байдлын үүднээс тухайн эрх бүхий байгууллага л хийх боломжтой /тог цахилгаан гэх мэт/ тохиолдолд нөхөн төлбөрийг дээр дурдсан байдлаар авч, тус төлбөрөөр хохирлыг барагдуулдаг.
Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинж нь дараах байдлаар илэрнэ. Үүнд: Зам, эсхүл замын байгууламж дээр, зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа барьсан үйлдэл байх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн объект эсхүл өмчлөлийн зүйлийн талбайгаас хэтрүүлэн нийтийн эзэмшлийн зам талбай дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан байхыг ойлгоно. Маргаан бүхий үйл явдлын хувьд “Ө Э Б Э” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлсэн, түүнчлэн барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх болон барилгын зургийн талаар шүүх хуралдааны мэтгэлцээний үед тодруулсан хэдий ч холбогдох баримтыг гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
Түүнчлэн замын байгууламж дээр зөвшөөрөлгүй хашаа барих нь тухайн барилгын үндсэн зургаас хамааран зайлшгүй хийгдэх ёстой байсан эсэх, нөхцөл байдлыг тодруулалгүйгээр заавал зөвшөөрөл авах ёстой мэтээр тайлбарлан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Барилгын тухай хуулийн 4.1.10-т “барилга байгууламж шинээр барих” гэж барилга байгууламж барих, эсхүл хуучин барилга байгууламжийг буулгаж барихыг ойлгоно гэж хуульчилсан бол 4.1.11-т “барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг” гэж ялгаатай байдлаар хуульчилсан байна. Мөн хуулийн 4.1.15-т “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг” хэлнэ гэж хуульчилсны дагуу “Ө Э Б Э” ХХК-ийн хувьд барилга байгууламжийг шинээр барьж байгаа бөгөөд хуульд заасны дагуу холбогдох зөвшөөрлийг авсан байдаг.
Харин эрх бүхий албан тушаалтны зайлшгүй авах ёстой зөвшөөрөл гэдэгт ямар зөвшөөрөл байх талаар ойлгомжгүй. Түүнчлэн барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах, нийтлэг журмын 2.8-д “Хороолол, хотхоны дунд барилгын ажил гүйцэтгэхдээ тухайн орчинд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг алдагдуулахгүй байх, нийтийн эзэмшил талбайг ашиглах, замын орц гарц хаах зэрэг асуудлыг захиалагч зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна” гэсэн нь барилга байгууламж шинээр барихад хамаарахгүй.
Учир нь тухайн хотхон, хороолол дотор барилгын ажил гүйцэтгэх үед тухайн орчин буюу хотхонд амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах юм. Гэтэл хуулийг төсөөтэй хэрэглэж зөвшөөрөл аваагүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан нь сайшаалтай гэж шүүхийн шийдвэрт дурдагдсан нь үндэслэл бүхий биш байна.
Захиргааны акт нь захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй атал шүүхээс холбогдох хуулийг тайлбарлахдаа буруу хэрэглэж, үндэслэлгүй шийтгэлийн хуудсыг зөвтгөж байгаа нь илэрхий алдаатай юм.
3.3 Шинжээчийн дүгнэлт илэрхий алдаатай байхад шүүхээс тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй болгосон. Түүнчлэн анхан шатны журмаар шийдвэрлэгдэх ажиллагааг давж заалдах шатны шүүх дээр нөхөн гүйцэж, хийх боломжгүй.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хохирлын үнэлгээг ямар хохирлын үнэлгээний компаниар үнэлүүлсэн эсэх нь эргэлзээтэй. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоодоггүй. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт хэсэгт “...Х” ХХК-ийн үнэлгээний долоо дэх хэсэгт дүгнэлт, хөрөнгийн үнэлгээ хийлгэх захиалагч хотын стандарт хяналтын газраас ирүүлсэн “Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороонд байршилтай “Ш” ХХК-ийн түгээх станцын дагуух явган хүний замын хохирол төлүүлэх зориулалттай хөрөнгийн үнэ цэнийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн бодит үнэ цэнийг 3,255,000 /гурван сая хоёр зуун хорин тавин таван мянга/ төгрөгөөр үнэлэв” гэжээ. Тус үнэлгээний тайлан нь “Ө Э Б Э” ХХК-д холбогдох тайлан мөн эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс анхаарч үзсэнгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Хотын стандарт хяналтын газрын Авто замын улсын байцаагч И.А-с “Ө Э Б Э” ХХК нь орон сууцны барилга барих зорилгоор явган зам эвдэж хашаа барьсныг хуулийн дагуу шалгаж, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 010**** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг баримтлан “Ө Э Б Э” ХХК-ийг орон сууцны барилга барих зорилгоор явган зам эвдэж хашаа барьсан гэх зөрчилд “Ө Э Б Э” ХХК-ийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол гаргуулахаар, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 010**** дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсгийг баримтлан “Ө Э Б Э” ХХК-ийг дахин төлөвлөлтийн барилга барих явцад нийтийн эзэмшлийн авто зогсоолд хаягдал бетон асгасан гэх зөрчилд “Ө Э Б Э” ХХК-ийг 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдрийн “Зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавраар “.....явган хүний зам дээр барьсан хашааг буулгаж, явган замын нөхөн сэргээлтийг хийж, эзэмшигч байгууллагад хүлээлгэн өгөх, нийтийн эзэмшлийн авто зогсоол асгасан хаягдал бетоныг цэвэрлэхийг 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелүүлэхийг “Ө Э Б Э” ХХК-д даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Гомдол гаргагч “Ө Э Б Э” ХХК-иас “..Анхан шатны шүүх зөрчил биш үйлдлийг зөрчил гэж үзэн шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзсэн, торгууль нөхөн төлбөрийг улсын орлого болгож, нэмэлтээр дахин зардал гаргуулах албан даалгавар гаргасан нь хохирол болон нөхөн төлбөрийг зориуд давхцуулсан, мөн шинжээчийн дүгнэлт илэрхий алдаатай байхад шүүхээс тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэж марган давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
4. Гомдол гаргагч “Ө Э Б Э” ХХК нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд “Жем кастле” үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэж байхдаа явган хүний зам эвдэж түр хашаа барьсан, авто зогсоол дээр бетон асгасан зөрчил гаргасан болох нь тухайн газрын үзлэгийн фото зураг, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр тогтоогджээ.
5. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, 37 дугаар зүйлийн 37.1.9-д “барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах”, Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6-д “барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авч, ажил дууссаны дараа ашиглалтын хэвийн байдлыг ханган, хүлээлгэн өгөх” гэж тус тус заасан.
6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлд заасны дагуу улсын байцаагч И.А мэргэшсэн үнэлгээчин, “Х” ХХК-ийн захирал Ч.А-г шинжээчээр томилон ажиллуулж, “...явган хүний замын хохирол төлүүлэх хөрөнгийн үнэ 3.255.000 төгрөг”-ийн үнэлгээ байхаар дүгнэлт гаргасныг үндэслэж, Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг баримтлан зөрчил гаргагч хуулийн этгээдийг зөвшөөрөлгүй хашаа барьсан зөрчилд 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгож, хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
7. Шинжээчийн дүгнэлт хэсэгт байршлыг “ ...Ш ХК-ийн шатахуун түгээх станцын зам дагуух...” гэж алдаатай бичсэн байх боловч үнэлгээ хийсэн хөрөнгийн танилцуулга, зорилго, тооцоолол, дүгнэлт хэсэгт зөрүү байхгүй тайлан бичигдсэн байх бөгөөд зөрчил гаргагч шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, энэ үндэслэлээр улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.
8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ... засвар үйлчилгээ хийх, ... хохирлыг нөхөн төлүүлэх ... зэрэг арга хэмжээ авч болно. Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ.” гэж тус тус заасны дагуу хохирол 3.255.000 төгрөгийг төлүүлж, Эрх бүхий албан тушаалтны даалгавраар “Явган хүний зам дээр барьсан хашааг буулгаж, явган замын нөхөн сэргээлтийг хийж, эзэмшигч байгууллагад хүлээлгэн өгөх, нийтийн эзэмшлийн авто зогсоолд асгасан хаягдал бетоныг цэвэрлэх”-ийг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Барилгын тухай хууль, Автозамын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0851 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА