| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00263/и |
| Дугаар | 730 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 730
МАГАДЛАЛ
2017.03.15 Дугаар 730 Улаанбаатар хот
“Техникфорум” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00263 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Техникфорум” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Монтрак групп” ХХК-д холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний дагуу төлбөр 41 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга,
Хариуцагчийн төлөөлөгч Н.Уранчимэг,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Түвшинзаяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Техникфорум” ХХК нь өөрийн хөрөнгөөр Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам-37/2 тоотод орших офиссын барилга, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102 /, Товчооны зам-37/1 тоотод орших авто засварын төв, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод орших сэлбэгийн дэлгүүр тус бүрийг 6009 м.кв газрын хамтад нь худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд “Техникфорум” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Н.Уранчимэг нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1 сарын 1 000 000 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг “Монтракгрупп” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Үнэнбаттай байгуулж улмаар эзэмшилд нь шилжүүлсэн. Үүнээс хойш “Монтракгрупп” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшилдээ авч одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд “Техникфорум” ХХК-д нэг ч төгрөгний түрээс төлөөгүй өдий хүрсэн. Нэхэмжлэгч нь өмч хөрөнгөө өмчлөлдөө авах талаар шаардахад тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан өгөхгүй, үндэслэлгүйгээр татгалзаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэоэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасан. Иймд түрээслэх нэрээр “Техникфорум” ХХК-ийн өмч хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшиж байгаа “Монтракгрупп” ХХК-г “Техникфорум” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаартай, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/2 тоотод орших оффиссын барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаартай, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/1 тоотод орших авто засварын төв, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаартай, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод орших сэлбэгийн дэлгүүр тус бүрээс албадан гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний дагуу түрээсийн төлбөрт 41 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тухайн 3 үл хөдлөх эд хөрөнгийг миний бие 2006 онд өөрийн мөнгөөр худалдаж авч, өргөтгөн сайжруулж, тохижуулсан. Энэ хөрөнгийн өмчлөлийн асуудлын талаар өнөөдөр нэхэмжлэгч тал маргаж байна. Миний бие эдгээр 3 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан эзэмшил, өмчлөлийг нь тогтоолгохоор шүүхэд шаардлага гаргах гэж байсан хэдий ч н.Эрдэнэбилэг нь хүүхдийн маань эцэг учраас гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс ногдох хувь гаргуулж, өгнө үү гэсэн нэхэмжпэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Товчооны зам 37/2 тоотод байрлах барилга, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаартай авто засварын төв, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам-1 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаартай сэлбэгийн дэлгүүр зэрэг нь одоогийн байдлаар үнэлгээ хийгдэж, битүүмжлэгдсэн байгаа. Шүүх энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гэрчүүдээс мэдүүлэг авч, ажиллагаа хийгдэж байгаа. Би анхнаасаа өөрийн хөрөнгөөр босгосон өөрийн эд хөрөнгөө ханийнхаа нэр дээр шилжүүлж байна гэдэг утгаараа “Техникфорум” ХХК-д шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Одоогийн байдлаар эдгээр объектуудад ямар нэгэн үйл ажиллагаа явагдахгүй байгаа ба “Монтрак групп” ХХК-ийн бүх хөрөнгө байгаа. Манай компанийн манаач тус үл хөдлөх эд хөрөнгийг манаж байгаа гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/2 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 216 м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/1 тоотод байршилтай, автозасварын зориулалттай, 200 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 900 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч “Монтрак групп” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “түрээсийн төлбөрт 41 000 000 төгрөг гаргуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 740 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, улсын орлогоос 167 350 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэрэгт байгаа нотлох баримтуудаар “Техник форум” ХХК нь Баянгол дүүргийн 20 хороонд байрлах 3 үл хөдлөх эд хөрөнгийг одоогоор өмчлөх эрхтэй гэдэг нь түүнд олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог. Харин өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл буюу хэн нэг этгээд тухайн эд хөрөнгийг хууль бусаар ашиглаад чөлөөлж өгөхгүй байгаа гэдэг нөхцөл байдал нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Нэг талаас хариуцагчаар тодорхойлогдсон этгээд тухайн эд хөрөнгийг эзэмшиж байх ёстой бөгөөд тэр эзэмшил нь хууль бус байх, түүнийг нотолсон байх ёстой, нөгөө талд өмчлөх эрхтэй байж, тэр эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ 2 нөхцөл байдал зэрэг бүрдсэн байх тохиолдолд албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргах хуулийн боломж сая бүрддэг. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болгон гаргасан тухай эд хөрөнгүүдийг “Монтрак” ХХК, “Монтрак групп” ХХК, иргэн Н.Уранчимэг нарын хэн нь, эсвэл өөр иргэн, хуулийн этгээд эзэмшиж байгаа эсэх, түүнчлэн одоо шүүхийн шийдвэр чиглэгдээд байгаа Монтрак групп ХХК нь тухайн хөрөнгүүдийг хууль бусаар ашиглаж байгаа болох нь тогтоогдоогүй. Үүнийг тогтооход чиглэсэн тодорхой ажиллагааг гүйцэтгээгүй, нотлох баримт бүрдээгүй байхад анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 63.1.2-т "эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр", 63.1.6-д "үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр", 63.2-т "...эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр... тооцно" гэсэн зохицуулалтуудыг хуульчилсан байна. Бид “Техник форум” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дээрх зохицуулалтад хамаарах, үнэлэгдэх нэхэмжлэл гэж ойлгож байна. “Техник форум” ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлөх зорилгоор оффисын барилгыг 22 000 000 төгрөг, автозасварын төвийг 12 000 000 төгрөг, сэлбэгийн дэлгүүрийг 10 000 000 төгрөг, нийтдээ 44 000 000 төгрөгөөр үнэлж улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Бодит байдал дээр 216 м.кв талбайтай, 2 давхар барилга 22 000 000 төгрөгийн үнэтэй байдаггүй, түүнчлэн 22 000 000 төгрөгөөр 216 м.кв талбайтай 2 давхар барилга, 1 өрөө байр ч худалдан авах боломжгүй гэдгийг бид мэднэ. Гэтэл үүнийг үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж үзэн хэргийг шийдвэрлэж байгааг бид зөвшөөрөхгүй байгаа. Үүгээрээ бид нэхэмжлэл үндэслэлтэй эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэх асуудал дараа нь яригдана, шүүн хэлэлцэнэ. Харин түүнээс өмнө тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд хуульд заасан бүрдүүлбэр, нөхцөл шаардлагыг хангасан байхыг шаардаж байгаа юм.
Хариуцагч хэмээн тодорхойлогдсон “Монтрак групп” ХХК-ийн өмгөөлөгчийн
хувьд анхан шатны шүүхийн шүүгчид хандан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг
түдгэлзүүлэх талаар, мөн тухайн хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа өөр хэрэгт нэгтгүүлэх талаарх 2 хүсэлтийг тус бүр гаргасан. Учир нь одоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Н.Уранчимэг, Эрдэнэбилэг овогтой Солонго, Эрдэнэбилэг овогтой Ариунзаяа нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эрдэнэбилэг, “Техник форум” ХХК-нд холбогдох эд хөрөнгийн маргаан бүхий хэрэг хянагдаж байгаа юм. Тухайн хэрэгт “Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа Баянгол дүүргийн 20 хороонд байрлах 900 м.кв талбай бүхий үйлчилгээний барилга, 200 м.кв талбай бүхий автозасварын төв, 216 м.кв үйлчилгээний барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн маргааны асуудал явж байгаа бөгөөд энэ хэрэг одоогоор эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй шинжээч томилогдон эд хөрөнгүүдийг үнэлүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Түүнчлэн иргэн Н.Уранчимэг нь дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгө, түүний газрын асуудлаар “Техник форум” ХХК-ийн зүгээс албадан чөлөөлүүлэх талаарх нэхэмжлэл гаргасны дараа шүүхэд хандан өмчлөлийн маргаан үүсгээгүй бөгөөд аль 2012 оноос эхлэн тухайн эд хөрөнгүүдтэй холбоотой өөрийн өмчлөх эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандаж байсан нь тогтоогддог.
Энэ тохиолдолд бид зөвхөн гэрчилгээн дээр үндэслэн хэн нэгнийг хөөх асуудлаас илүүтэйгээр суурь харилцаа буюу хэн өмчлөх ёстой вэ гэсэн асуултыг тэргүүн ээлжинд анхаарах шаардлагатай. Шалтгаан нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд байгаа тухайн хэрэг шийдвэрлэгдсэнээр одоо “Техник форум” ХХК-ийн албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргаад байгаа 3 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Уранчимэг болоод түүний охидууд болох Эрдэнэбилэг овогтой Солонго, Эрдэнэбилэг овогтой Ариунзаяа нар тогтоогдох хамтран нэхэмжлэгчид/, эсвэл эсрэгээрээ одоо өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа “Техник форум” ХХК өмчлөгч биш болох ч боломжтой юм. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн шийдвэрлэлтийн үр дүн энэ маргаанд нөлөөлөх магадлалтай.
Н.Уранчимэг нь Баянгол дүүргийн 20 хороонд байрлах 900 м.кв талбай бүхий
үйлчилгээний барилга, 200 м.кв талбай бүхий автозасварын төв, 216 м.кв үйлчилгээний
барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдэх, шүүхээс эд хөрөнгүүдийг хуваах талаар шийдвэрлэсэн тохиолдолд тэрээр дангаар өмчлөгчөөр бүртгэгдэх, бүр магадгүй тухайн эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь Н.Уранчимэг
болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүртэл гарах магадлал нээлттэй байгаа юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, эсвэл шүүх иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, түүнчлэн маргаантай харилцааг нэг мөр шийдвэрлэх зорилгын үүднээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан бүхий иргэний хэрэгтэй нэгтгэн, нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх нь, маргааныг шуурхай хянан шийдвэрлэх, маргааныг зөв хянан шийдвэрлэх ач холбогдолтой байсан.
Иймд аль аль маргааны хувьд эд хөрөнгүүдийн өмчлөгч нь хэн болохыг шийдвэрлэх маргаантай хамт тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс хэнийг нь албадан гаргах талаарх асуудлыг хамтатган шийдвэрлэх нь үндэслэл бүхий шийдвэр гарах нөхцлийг бүрдүүлэх юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Техникфорум” ХХК нь хариуцагч “Монтрак групп” ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний дагуу төлбөр 41 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр 41 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэлд заасан улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/2 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 216 м.кв талбайтай, 2 давхар барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/1 тоотод байршилтай, автозасварын зориулалттай, 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 900 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нь хууль болон гэрээний дагуу эзэмших эрхтэйгээ баримтаар нотлоогүй, улсын бүртгэл үнэн зөв эсэхэд маргаагүй байх тул шүүх эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь зөв байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн шалгаж байгаа, эдгээр эд хөрөнгийг өөрийн хөдөлмөрөөр бий болгосон...” гэж тайлбарласан ба тус шүүхэд Н.Уранчимэг, Э.Солонго, Э.Ариунзаяа нарын нэхэмжлэлээр хариуцагч Б.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар зохигч маргаагүй уг ажиллагаагаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэж буй нь энэ хэргийн зохигч болох компаниудын хооронд үүссэн маргаанд хамаарахгүй юм.
Хариуцагч нь иргэний хувьд үл хөдлөх эд хөрөнгийг /өмчийг/ бий болгосон байж болох ч “Монтрак групп” ХХК-ийн хувьд нэхэмжлэлд заасан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч гэж үзэх боломжгүй юм.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
М.НАРАНЦЭЦЭГ