Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 0209

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг

улсын яллагч:Э.Ундрах-Хэрлэн

шүүгдэгчийн    өмгөөлөгч: Ц.Батбаяр

шүүгдэгч: Ж.Алтангэрэл  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Борогчууд  овогт Жамбалдоржийн Алтангэрэлд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625012880 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Борогчууд  овогт Жамбалдоржийн Алтангэрэл, 1983  оны 8 дугаар сарын 14-ний өдөр  Увс аймгийн Улаангом суманд     төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, трактор комбайны жолооч  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Сэлэнгэ аймгийн Түшиг сумын   2 дугаар баг Ар нуга 1 дүгээр гудамжны 173  тоотод оршин суудаг, Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 1-13 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй,  РДОТ83082477,

Холбогдсон хэргийн талаар:

          Ж.Алтангэрэл нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах Цайзын 1-7 тоотод оршин суух 94 настай хохирогч Д.Мясагийг гэртээ байхад нь орж амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан чихэнд нь байсан 2 ширхэг ээмгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч Ж.Алтангэрэл   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Иймд дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

   Шүүгдэгч Ж.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:   Би энэ өдөр зүс таньдаг Ганбаа гэх залуутай цайз захын зүүн талд байдаг Хурд ХХК-ны арын гудамжинд 2 шил 0.5 граммын архи уусан. Архиа ууж дуусгаад би Мяса эмээгийн гэрт ороход Мяса эмээ ганцаараа цай уугаад сууж байсан. Тэгэхээр нь би Чингис байна уу гэтэл байхгүй байна чи хэн бэ Алтангэрэл мөн үү гэхээр нь ямар нэгэн юм хэлэлгүй Мясаг эмээгийн зүүж байсан ээмгийг нь мултлаад авсан. Намайг ээмгийг нь авах үед Мясаг эмээ намайг таниад эсэргүүцэл үзүүлээгүй. Би Мясаг эмээгийн ээмгийг аваад Ганбаа гэх залуутай Саруул тэнгэрийн орчим таараад би Мясаг эмээгийн ээмгийг нь дээрэмдээд авчихлаа гэтэл Ганбаа чи болж байгаа юм уу гээд 7 хоногийн хугацаатай тавьчих би чамд аваад өгье гэсэн. Ингээд би Цайз захын хажууд байдаг барилгын материалын дэлгүүрийн хажууд байдаг ломбарданд ээмгийг нь 90.000 төгрөгөнд тавьж уг мөнгөнөөс цайз захын ойролцоо байх Монгол Үндэстний хоолны газрын хажуугийн дэлгүүр орж нэг шил архи авч Ганбаттай цуг уусан. Уг архиа ууж дуусгаад салаад явж байхад цагдаа нар таараад намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Миний хувьд Мясаг эмээтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Манайх Мясаг гуайн хажууд байдаг юм. Би гэрээр нь орж гардаг байсан. Мясаг гуай бол манай Цоожин хүүгийн эмээ нь байгаа юм. Би Мясаг эмээг ганцаараа байгааг нь мэдээгүй. Мясаг эмээгийн хажууд байдаг Цоожинхүүгийнд орох гэтэл цоожтой Мясаг эмээгийх онгорхой байхаар нь тэднийд ороод эмээгийн ээмгийг нь дээрэмдэн авсан. Би Мясаг эмээг зодож цохиогүй. Намайг ээмгийг нь авч байхад Мясаг эмээ Алтангэрэлээ чи яаж байгаа юм бэ гэж хэлж байсан. Ганбат намайг Мясаг эмээгийх рүү орж байгааг харсан. Гэхдээ яг миний хажууд байгаагүй. Би уг нь Ганбатаас салаад найзындаа ороод мөнгө олж аваад ирий гэж хэлсэн. Гэтэл Цоожинхүү гэртээ байхгүй болохоор нь Мясаг эмээгийх рүү орсон гэжээ. /хх-ийн 57/

          Хохирогч Д.Мясаг  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:  2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ойролцоогоор 12.00 цагаас 12.30 цагийн хооронд байх Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 1-7 тоотод гэртээ байж байтал үл таних нүүрэндээ цайвар өнгийн маск зүүсэн эрэгтэй хүн  орж ирээд буцаад гараад явсан. Тэгснээ удалгүй дахин орж ирсэн. Би чи хэн бэ гэтэл Чингис байнаа гэсэн тэгэхээр нь би чи Чингис биш байна гэтэл гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарах гэтэл үүдний амбаарт намайг барьж аваад унагаасан. Тэгээд эхлээд миний зүүн чихний ээмгийг авсан тэр үед нь би газар унасан байсан тул нөгөө чихний ээмгийг мөн авсан. Ингэж авч байхдаа миний баруун нүд шанаа орчимд гараараа цохьсон. Ингээд гараад явчихсан. Би араас нь босож гараад хүнээс тусламж гуйсан. Миний 2 ээмгийг манай охин олон жилийн өмнө авч өгч байсан алтан ээмэг юм уу монетэн ээмэг байсан. Шаргал өнгөтэй улаан хүрэн шигтгээтэй ээмэг байсан. Миний хоёр чихнээс ээмэг сэт татаад авсан. Нэг удаа гараараа баруун шанаа орчимд цохьсон. Цайвар саарал өнгийн хувцастай, нүүрэндээ цайвар өнгийн маск зүүсэн эрэгтэй хүн байсан. Өөрийгөө Чингис гэж хэлж байсан. Алтангэрэл гэх Чингисийн найз байж магадгүй. Миний баруун нүд шанаа хэсгээр хөхөрч хавдсан байгаа. Баруун чих сэтэрч оёдол тавиулсан. Зүүн чих шалбарч цус гарсан байсан. Шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Одоо надад нэхэмжлэх зүйл алга байна гэжээ. /хх-ийн 20-24/

             Иргэний нэхэмжлэгч М.Нямгарав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өөрийнхөө Их цайз худалдааны төв дотор байх ломбардандаа сууж байхад 14.00 цагийн орчимд үл таних цагаан өнгийн подволоктой халамцуу архи үнэртүүлсэн өндөр залуу ирээд хүрэн өнгийн шигтгээтэй нэг хос монетэн ээмгийг барьцаанд тавья гэхээр нь би бичиг баримтаа гэтэл бичиг баримт байхгүй гэхээр нь тэгвэл би авахгүй хулгайн эд зүйл байвал яах юм бэ гэтэл тэр залуу үгүй энэ манай ээжийн эд зүйл байгаа юм машиныхаа лизингээ төлөх гэсэн юм яаралтай мөнгө хэрэг болоод байна гээд жаахан уурлах гэхээр нь уучлаарай би чамайг хулгайч мөн эсэхийг мэдэхгүй бичиг баримтгүй халамцуу байгаа болохоор чинь ингэж байна гээд эд зүйлсийг нь овог нэрийг нь өөрөөр нь хэлүүлээд авсан. Тэр залуу манай ломбарданд ээмгийг сарын 0.8 хувийн хүүтэй 90.000 төгрөгөнд тавьсан. Тэр залуу тухайн үед ганцаараа явж байсан гэжээ. /хх-ийн 26-27/

          Гэрч О.Отгонсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Өчигдөр орой би өөрийн найз болох Нараагийн хамт түрээсийн байрандаа унтаж байтал шөнө 04-05 цагийн орчимд миний амьдардаг өрөөнд танихгүй эрэгтэй хүн орж ирээд суучихсан байсан. Би сэрээд тэр хүнийг юун хүн бэ яах гэж байгаа юм гэж асуутал тэр эрэгтэй хүн би зүгээр явж байна надаас айх хэрэггүй гэж хэлсэн. Би тэр эрэгтэй хүнийг та манайхаас гар гэтэл манай өрөөнөөс гараад явсан. Орой унтахдаа найзтайгаа гэрлээ асаалттай унтсан байсан. Гэтэл тэр эрэгтэй хүнийг байхад манай өрөө болон гадна коридорын гэрэл унтарчихсан байсан. Манай өрөө болон коридорын гэрлийг унтраалгаар нь унтраасан байсан. Хэрвээ мэдэхгүй хүн байсан бол гэрэл унтрааж чадахгүй байсан. Өглөө нь би сэрээд ажлын зараар хүнтэй уулзчихаад буцаад гэртээ 11.20 цагийн орчимд иртэл манай найз Нараа өчигдөр манай гэрт орж ирсэн ах саяхан манай гэрт орж ирсэн. Өчигдөр өмсөж байсан хувцасаа солиод дээгүүрээ цэнхэр өнгийн жинсэн хүрэм өмссөн байсан гэж хэлсэн. Манайд орж ирсэн хүнийг би танихгүй хүн байсан. Ойролцоогоор 160-170 см орчим өндөртэй, 25-аас 26 орчим насны хөрслөг бор царайтай цагаан өнгийн хагас ханцуйтай подволк  өмссөн хүн байсан гэжээ. /хх-н 28-29/

          Гэрч Н.Энхтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Өнөөдөр өглөө 9-10 цагийн орчимд манай хашааны урд байдаг нийтийн байрны хажуунаас цагаан цамцтай хүн дуудсан. Тэгээд би нийтийн байрны эзэн нь ирсэн юм байх гэж бодоод очиход урьд нийтийн байранд амьдарч байсан Аагий гэдэг залуу байсан. Би чи энд юу хийж байгаа юм бэ гэхэд би энд хүнтэй  уулзах гэж ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө эхнэрийг шар хаданд амьдарч байгаа гэж хэлээд танай хашаагаар дамжаад хойшоо гарчихья гэхээр нь би хашаагаа дамжиж гаргамааргүй байна гэхэд нь би тэгвэл би буцаж оруулахгүй шүү гэхэд за гэсэн. Тэгээд би хойд хаалгаараа гаргаад хаалгаа түгжсэн. Тэрнээс хойш дахиж хараагүй. Би гадагш гараад 14.00 цагийн орчимд гэртээ ирэхэд манай 2 жоохон хүүхэд Дангаа өвөөгийн эмээг дээрэмдсэн гэнээ гэж хэлсэн. Биеийн өндөр 170-180 орчим өндөртэй халзан толгойтой мах мариа нь таарсан хоёр тийш ганхаж цээжээ хаяж явдаг голдуу подволк биеийн тамирын өмд өмсчихсөн явдаг тийм хүн байсан. Архи нэлээд уудаг хүн байсан. Манай урд нийтийн байранд амьдарч байхдаа жижүүр хийдэг байсан эмэгтэйтэй суусан байх. Тэр хүүхэн нь төрсөн нялх хүүхэдтэй байх. Би яг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. 1 жил орчмын өмнөөс хүүхэн нь алга болсон дараа нь Аагий алга болсон би бодохдоо нүүгээд явсан юм байх гэж л бодож байгаа. Нийтийн байранд өнгөрсөн жил амьдарч байсан хүмүүс байгаа тэр хүмүүс таних байхаа гэжээ.   /хх-н 30-31/

   Гэрч У.Идэржавхлан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өнөөдөр гэртээ байж байтал өдрийн 13.00 цагийн орчимд манай 2 хүүхэд хашааны үүдэнд урд хашааны эмээ ирсэн байна гэхээр нь гараад очтол манай урд хашаанд буюу 1-7 тоотод оршин суудаг эмгэн намайг цохиж унагаад 2 ээмгийг минь суга татаад аваад явчихлаа гээд зогсож байсан. Тэгэхээр нь би 102 дугаарын утсанд хандаад гудамжныхаа төгсгөл хүртэл явахад хэн нэгэн байгаагүй. Ингээд байж байтал удалгүй алаг машинтай 2 цагдаа ирсэн. Эмээгийн 2 чихнээс цус гарсан зүүн шанаа нь бага зэрэг хавдсан байсан гэжээ. /хх-н 32-33/

           Гэрч Ц.Чойжоохүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Өнөөдөр өглөө гэртээ байж байгаад гэрээсээ 11.00 цагийн орчимд өөрийн багийн найз Чингистэй хамт1 дүгээр хороолол орохоор яваад замдаа Чингис ШУТИС-ийн КТМС-ийн хажууд буугаад машинаа авна гээд үлдсэн. Би цаашаа өөрийн найз болох Төгсбаярын гэрээс буюу Хилчин хотхоноос хонины мах хүнсний бүтээгдэхүүн авсан. Төгсбаярын гэрээс нь гараад 1 дүгээр хорооллын арын гэр хороололд хүнтэй уулзаж Төгсбаяр хонины мах өөрийн төрөл садангийн хүмүүст өгсөн. Тэндээсээ гараад Хар Хорин захын харалдаа нэг айлд мах хүргэж өгөөд Гермас худалдааны төвөөс Чингисийг очиж авсан. Чингистэй уулзаад байж байтал миний гар утас руу нэг хүн залгаад Мэсэг гуай хүнд дээрэмдүүлсэн байна та ирэх боломжтой юу гэж асуусан. Намайг гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн эмээгийн ээмгийг нь аваад явсан байсан. Би өөрийн багын найз болох Алтангэрэлийг сэжиглэж байна. Учир нь манай гудамжинд  байсан хяналтын камерын бичлэг дээрээс үзэхэд хэрэг болох цагт Алтангэрэл манай гудамжаар манай гэрийн зүг явж байсан. Алтангэрэл нь хувийн зан байдлын хувьд догшин ширүүн зантай, их түргэн уурладаг, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан байж магадгүй. Энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. Би Алтангэрэлтэй холбоо барилгүй ойролцоогоор 1 жил болж байна. Хаана амьдарч байгаа ямар утастай байгааг нь мэдэхгүй байна. Манай эмээг ганцаараа амьдардаг гэдгийг мэдэж байгаа. Чингис бид хоёрын гэрээс гарч явж байгааг хараад явсны дараа орж ирсэн юм шиг байсан гэжээ.  /хх-н 34-35/

     Гэрч С.Энхзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Намайг багаас минь Чингис гэж дууддаг байсан. Миний жинхэнэ нэр бол Энхзаяа юм. Би 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 11.00 цагийн орчимд найз Чойжинхүүгийн эмээгийнд хоночихоод гарсан. Манай багын найз Жамбалдоржийн Алтангэрэл гэх найз намайг Чингис гэж дууддаг мөн хохирогч Д.Мясагийг ганцаараа амьдардагийг мэддэг гэжээ. /хх-ийн 36-37/

         Гэрч П.Энхмөнх  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Алтангэрэлтэй 2012 оны 12 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байсан юм. Бид 2 дундаасаа хүүхэдтэй болж хүүхдээ төрүүлчихээд 2015 оны 06 дугаар сард Дорнод аймгийн Сэргэлэн суманд манай ээж Цэндсүрэнгийнд очиж байж байгаад Алтангэрэл түрүүлээд 2016 оны 02 дугаар сард Улаанбаатар хотод ирсэн. Ирснээсээ хойш  юу хийж байсан талаар би мэдэхгүй. Надад өөрөө хэлдэггүй юм. Би 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хотод ирээд Алтангэрэлтэй уулзаж байгаад хамгийн сүүлд 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр уулзаж байгаад манай гэрт хүргэж өгөөд явсан. Бид 2 уулзаж байхдаа хамт байр хөлсөлхөөр ярьсан байсан юм. Үүнээс хойш Алтангэрэл надтай нэг л удаа утсаар ярьсан. Сансарт байдаг Оршихоо ахындаа байгаа гэж яриад байдаг байсан. Ямар ажил төрөл хийдэг талаараа хэлдэггүй юм. Алтангэрэл ширүүн огцом ууртай гэхдээ уур нь маш хурдан гардаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Нэг хэрэглэхээрээ 2-3 хоног уудаг. Харин уухгүй байгаад байвал 2-3 сар уухгүй байж чаддаг. Алтангэрэлийн  ах эгч хоёр нь Увс аймагт байдаг гэсэн би уулзаж байгаагүй. Цоожинхүү гэдэг найзых нь хашаанд Алтангэрэл бид хоёр түрээсийн байранд амьдардаг байсан. Цоожинхүү, Чингис, Хуягаа, Товуу гэж найзууд нь байдаг гэхдээ хөдөө явсанаасаа хойш энэ найз нараасаа хөндийрсөн байх. Эдгээр хүмүүс нийлж их архи уудаг юм гэжээ.  /хх-н 38-39/

         Гэрч Ж.Мягмаржав  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Миний дүү Алтангэрэл нь 1983 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд айлын 3 дах хүүхэд болж төрсөн. Манай хамгийн бага дүү байгаа юм. Алтангэрэл бага насандаа цэцэрлэг сургуулиар хүмүүжиж байгаад улмаар Увс аймагт 8-н жилийн сургууль төгсөөд Увс аймгийн коллежид элсэн орж трактор комбайнчны мэргэжлээр төгссөн. Цэргийн албыг Улаанбаатар хотод хаасан. 2007 оноос хойш энд байгаа. Миний дүү Алтангэрэл багаасаа эрх дураараа өссөн ширүүн зантай цайлган хүүхэд байгаа юм гэжээ.  /хх-н 40/        

         Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 43/

   Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 11186 шинжээчийн дүгнэлт:

1.Д.Мясагийн биед баруун чихэнд шарх, баруун нүдний алимны салст, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, баруун шанаа, эрүүнд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 44/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н 45-47/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд, 4 ширхэг илтгэх хуудсууд / хх-н 4-12/

          Эд зүйл хураан авсан тэмдэглэл,  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-н 13-16/

          Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хвасаргах тогтоолд: БТР  ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт Д.Мясагийн нэг хос ягаан өнгийн шигтгээтэй монетон ээмгийг дээрэмдэн аваад барьцаанд тавьсан 2016.08.09-ний өдрийн зээлийн гэрээг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтоов./хх-н 17/

        Эд зүйлийн үнэлгээнд: 5.83 сорьцтой 5 граммтай ягаан өнгийн шигтгээтэй эмэгтэй хүний нэг хос ээмэг 1998 онд 80.000 төгрөгөөр худалдан авч байсан гэх 50.000  төгрөг гэж үнэлжээ.

          Ж.Алтангэрэлийг сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал / хх-н 47-54/          

          Ж.Алтангэрэлийн  сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 55-60/,

Ж.Алтангэрэлийн    иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 63 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 64/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 65-73 / зэрэг болно.

Ж.Алтангэрэл нь  2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах Цайзын 1-7 тоотод оршин суух 94 настай хохирогч Д.Мясагийг гэртээ ганцаараа байхад гэрт нь орж амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан чихэнд нь байсан 2 ширхэг ээмгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч Д.Мясагийн биед баруун чихэнд шарх, баруун нүдний алимны салст, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, баруун шанаа, эрүүнд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт/хх-н 44/

 Хохирогч Д.Мясагийн мөрдөн байцаалтад өгсөн … үл таних нүүрэндээ цайвар өнгийн маск зүүсэн эрэгтэй хүн  орж ирээд буцаад гараад явсан. Тэгснээ удалгүй дахин орж ирсэн. Би чи хэн бэ гэтэл Чингис байнаа гэсэн тэгэхээр нь би чи Чингис биш байна гэтэл гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарах гэтэл үүдний амбаарт намайг барьж аваад унагаасан. Тэгээд эхлээд миний зүүн чихний ээмгийг авсан тэр үед нь би газар унасан байсан тул нөгөө чихний ээмгийг мөн авсан. Ингэж авч байхдаа миний баруун нүд шанаа орчимд гараараа цохьсон. Ингээд гараад явчихсан. Би араас нь босож гараад хүнээс тусламж гуйсан. Нэг удаа гараараа баруун шанаа орчимд цохьсон. Цайвар саарал өнгийн хувцастай, нүүрэндээ цайвар өнгийн маск зүүсэн эрэгтэй хүн байсан. Миний баруун нүд шанаа хэсгээр хөхөрч хавдсан байгаа. Баруун чих сэтэрч оёдол тавиулсан. Зүүн чих шалбарч цус гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-24/

Шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар   хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

           Ж.Алтангэрэл нь архи уух мөнгө олох зорилгоор өндөр настай Д.Мясагийг гэртээ ганцаараа байдгийг мэддэг учраас гэрт нь орж түлхэж унаган чихнээс нь хоёр ээмгийг нь сэт татан авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтогдсон, түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд  тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

       Мөрдөн байцаалтын шатанд ломборданд 90.000 төгрөгийг нь төлж хохирогч Д.Мясагт ээмгийг нь авч өгч хохиролгүй болгосон байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэгт битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй, Ж.Алтангэрэл нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх  хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгт гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн  зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан хянан харгалзарх хугацааг хоёр жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Борогчууд овогт Жамбалдоржийн Алтангэрэлийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Ж.Алтангэрэлийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Ж.Алтангэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Алтангэрэлийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон  79 хоногийг хорих ял эдлэсэн хугцаанд нь оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ж.Алтангэрэл  нь  бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Ж.Алтангэрэлд оногдуулсан хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн  нэгдүгээр хэлтэст даалгасугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Алтангэрэлд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН