Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Ч.Б, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуулаас З ургийн овогт Нын Б, Бөхнүүд ургийн овогт Ч-ийн Б, Я ургийн овогт Ж-ын О, Т ургийн овогт Б-ийн А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2235000000035 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З ургийн овогт Н-ын Б, 1978 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл арав, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сум, арван нэгдүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250’000 төгрөгийг хурааж, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .......

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ч-ийн Б, 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сум, арван нэгдүгээр багийн 017 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .....;

Монгол Улсын иргэн, Я ургийн овогт Жын О, 1981 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Завхан сумын гуравдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..............;

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Бийн А, 1988 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт Увс аймгийн Улаангом сум, аравдугаар багийн 11-25 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:..............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б, Ч.Б, Ж.О, Б.А нар бүлэглэн, машин механизм ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Увс аймгийн Завхан сумын гуравдугаар багийн нутаг, Ут овоо гэх газраас хохирогч Ю.Бы хоёр тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, хохирогчид гурван сая төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2235000000035 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 2-10 дугаар хуудас),

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас),

- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас),

- Sanya загварын улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

- Адууны арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 31-35 дугаар хуудас),

- Адууны толгой хоёр ширхгийг, адууны арьс хоёр ширхгийг хохирогч Ю.Бд хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

- Ю.Быг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

- Ю.Баас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 43-44, 46-47 дугаар хуудас),

- Гэрч Б.Бгаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),

- Гэрч Д.Нгээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),

-   Гэрч Ц.Ноос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 58 дугаар хуудас),

- Гэрч Б.Цгаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

- Гэрч С.Чгээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 62-63, 65 дугаар хуудас),

- Гэрч Ш.Биас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас),

- Шинжээчийн 35 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 102 дугаар хуудас),

- Шинжээчийн 74 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 107 дугаар хуудас),

- Криминалистикийн шинжээчийн 13 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 111-113 дугаар хуудас),

- Шүүгдэгч нарын гар утасны биллийг (1 дэх хавтаст хэргийн 246 дугаар хуудаснаас 2 дахь хавтаст хэргийн хэргийн 41 дүгээр хуудас),

- Н.Баас яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 77 дугаар хуудас),

- Ч.Боос яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 75 дугаар хуудас);

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч: - Гэрч Б.Бгаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 95 дугаар хуудас);

Шүүгдэгч Ч.Б, Б.А нарын өмгөөлөгч: - Б.Ааас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас),

- Гэрч Ч.Батцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 83 дугаар хуудас),

- Гэрч Б.Цогтгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 93 дугаар хуудас),

- Ч.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (1 дэх хавтаст хэргийн 164 дүгээр хуудас),

- Ч.Бын иргэний үнэмлэхийн лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 181 дүгээр хуудас),

- Увс аймгийн Улаангом сумын багийн Засаг даргын тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 220 дугаар хуудас),

- Ч.Бын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримтын хуулбарыг, гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудыг (1 дэх хавтаст хэргийн 221, 222, 223-224 дүгээр хуудас),

- Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн Засаг даргын тодорхойлолтыг (2 дахь хавтаст хэргийн 96 дугаар хуудас),

- Увс аймгийн Улаангом сумын аравдугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг (2 дахь хавтаст хэргийн 97 дугаар хуудас),

- Б.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (2 дахь хавтаст хэргийн 95 дугаар хуудас),

- Гэрч Х.Ганболдоос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 118 дугаар хуудас);

Шүүгдэгч Ж.Огийн өмгөөлөгч:  - Гэрч Ц.Жанчиваас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),

- Гэрч Ц.Батчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),

- Ж.Огийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (1 дэх хавтаст хэргийн 165 дугаар хуудас),

- Увс аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 172 дугаар хуудас),

- Ж.Огийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаануудыг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 177-179, 180 дугаар хуудас),

- Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн Засаг даргын тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 211 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б “Би гэртээ байтал Ч.Б гэдэг залуу “хөдөө яваад ирье” гэж утсаар ярьсан. Би ажилтай байсан тул яваагүй. Дахиад хоёроос гурван хоногийн дараа хөдөө яваад ирье гэхээр нь яваад ийм үйлдэл хийгээд ирсэн. Би хөдөө нууран дээр байж байхад Ч.Б цагдаад баригдчихаад надад “би баригдчихлаа ах, энэ адууны асуудлыг та даа” гэж хэлсэн. Би “яаж даах юм бэ” гэхэд “та надаас нэг сая таван зуун мянган төгрөгийн эмээл авсан гэж хэл” гэсэн тул би тэр үгээр нь мэдүүлэг өгсөн. “Б.А бид хоёр хохирлыг нь төлөөд өгнө, би машин тэрэгтэй явсан учраас болохгүй байна” гэж хэлсэн учраас эмээл авсан гэдэг мэдүүлэг өгсөн. Ч.Бод урьд өгч авсан юу ч байхгүй байсан” гэх мэдүүлэг;

Шүүгдэгч Ч.Б “Би Н.Бд гурван жилийн өмнө эмээл өгсөн байсныг Н.Б ч хэлж байгаа, эхнэр нь ч хэлж байгаа. Урьд өмнө нь эмээлийнхээ өртгийг авах гэж нэхэж ярьж байсан. Тэр өдөр хөдөө явж эмээлийнхээ өртөгт адуу өгнө гэхээр нь идшиндээ адуу авах юм байна гэж бодоод явсан. Хулгай гэдгийг хэлээгүй. Би Б.Ат “би хүнсэндээ хөдөө явах гэж байна, автомашин саатаж магадгүй чи найздаа тус болоод хөдөө баран болоод явчхаач, энэ хүн надад өрөндөө адуу өгөх гэж байна” гэж хэлээд явсан. Б.А нь урьд нь миний автомашиныг засдаг байсан. Энэ хүнд “чи намайг хамгаалаад нэг эмээлийн өртэй байсан гээд худал хэлчих, Б.А бид хоёр торгууль төлбөрийг нь даая” гэж хэлсэн зүйл байхгүй. Наранбулаг суманд явж байтал хэсгийн төлөөлөгч нь ирээд “та хаанаас явж байна, таны автомашин цус болсон байна, яасан юм бэ?” гэхээр нь би “сугалаандаа ямаа авсан, саяхан хүнээс өрөндөө адуу авсан” гэхэд “Наранбулаг суманд адууны хулгайн хэрэг гарсан, хүмүүсийг шалгаж байна” гээд автомашинд юм тааруулж үзэхэд тохирсон. Би “Н.Б гэдэг хүнээс Завханаас очиж авсан” гэдгээ хэлсэн. Тэр өдөр энэ хүн нууран дээр загас барьж байсан юм байна лээ. Гурван хоногийн дараа баригдаж орж ирсэн байсан. Энэ хүнийг “хамт яваад ирье, хулгай хийе” гэж хэлээгүй. Энэ хүн намайг гүтгэж байна, мөн эхнэр нь ч гэсэн гүтгэж байна. Эхлээд өр зээлтэй байсан гэж хэлчхээд одоо өр зээлгүй байсан гэж хэлж байна. Энэ хүний үгэнд орж хулгай хийсэндээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг;

Шүүгдэгч Ж.О “2022 оны 01 дүгээр 13-ны өдөр 12 цагийн үед би Завхан сумаас гараад С.Ч гэх айлд очоод адуугаа авч ирээд хоёр морь барьж уясан. Далай гэх ахынх руугаа явж байсан чинь автомашинтай энэ хүмүүс таарсан. Н.Б бууж ирээд “энэ адууг хашаанд оруулалцаад өгөөч, энэ хүмүүс морь барьж авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би адууг нь туулцаж хашаанд оруулж өгсөн. Б.А хоёр морь бариад, уг хоёр морийг Н.Бтай хамт хөтлөөд явсан, би буцаад ахынх руугаа явсан. Хулгай хийж байна гэж тухайн үедээ мэдээгүй, хулгай хийж яваа хүмүүст тусалсандаа гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг;

Шүүгдэгч Б.А “Би тэр өдөр шүд өвдөөд гэртээ хэвтэж байтал миний найз Ч.Б ирээд “найз нь идэшнийхээ мал авах гээд айл руу явах гэж байна, миний автомашин саатаж магадгүй, урьд нь чи засаж байсан учраас үзэж хараад, баран болоод яваад ирээч” гэж гуйсан. Би “шүд өвдөөд явж чадахгүй, эм уугаад хэвтэж байна” гэхэд “миний найз надад ганц удаа тус болоод яваад өгөөч, би хүнд эмээл өгсөн, түүний өртөгт мал авахаар болсон” гэж гуйхаар нь би найзыгаа яаж хаячхав гэж бодоод явсан. Замд Н.Б гэдэг хүн буугаад утсаар яриад яваад байсан. Би тухайн үед шүд өвдөөд эд нарыг хулгай хийж байгаа эсэхийг мэдээгүй. Харанхуй шөнөөр хаана явж байгаагаа мэдэхгүй, шүд өвдөөд амаа дарчихсан явж байсан. Нэг айлын бууцан дээр очиход сүрэг адуу туусан мотоциклтой хүн ирсэн. Яах гэж байгаа юм бэ гэж асуухад “энэ Н.Бын адуу гэнэ, энэнээс нөгөө эмээлийнхээ өртгийг авах юм байна” гэж Ч.Б хэлсэн. Тухайн үед би адуу барьсан асуудал байхгүй. Би ээжтэйгээ амьдардаг, хүний мал маллаж амьдралаа залгуулдаг. Би асуудалд холбогдсондоо гэмшиж байна. Найзыгаа дагаагүй бол би арай ийм хэрэгт холбогдохгүй байсан болов уу гэж бодож байна” гэх мэдүүлэг тус тус өгсөн байна.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Тухайн малын хашаа буюу саравНаас адуу нядлагдсан “Ут овоо” гэх газар хүртэл хоёр хүн хоёр адууг хөтөлж явсан байдалтай, гутлын болон адууны мөр үүссэн байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгээр тээврийн хэрэгслийн дугуйны мөрийг цааш дагаж явахад Улаангом сум, Наранбулаг сум руу явах чиглэлийн гол шороон замд нийлж дугуйны  мөр арилсан байв. Үзлэгийг малын хашаа байсан газарт үүссэн мотоциклийн дугуйны мөрийг дагахад эргэн тойрон олон тооны адууны мөр үүссэн байв. Уг мотоциклийн мөрийг үргэлжлүүлэн дагахад ертөнцийн зүгээр хойд зүг рүү Гялбангийн хяр гэх газрын зүг явсан чиглэлтэй ул мөр үүссэн байх ба мотоциклийн дугуйны мөрийг дагаад олон тооны адууны ул мөр үүссэн байсныг фото зургаар бэхжүүлж авав. ...адуу нядлагдсан газраас ойролцоогоор гучин метрийн зайд цасан дээр бүдэг тээврийн хэрэгслийн дугуйн ул мөр үүссэн... Уг дугуйны мөрийг дагаж ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү явахад гурван зуу орчим метр яваад саарал өнгийн тээврийн хэрэгслийн буферны хагархай чулуунд цохигдон үлдсэн байсныг хэргийн газрын үзлэгээр тусгайлан үзлэг хийхээр тогтов. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн дугуйны мөрийг дагаж явахад ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү явж нэг километр хоёр зуун метр газар яваад малын саравч буюу өвөлжөөнд очив” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 2-10 дугаар хуудас);

Эд зүйлд үзлэг хийсэн “...хэргийн газрын үзлэгээр илэрсэн тээврийн хэрэгслийн зүүн талын шаврын хаалтын хагархайд үзлэг хийхээр тогтов. Үзлэгээр саарал, хар өнгийн хуванцар 31 см урттай хагархай тээврийн хэрэгслийн шаврын хамгаалалт байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас);

Адууны арьсанд үзлэг хийсэн “...Увс аймгийн Тариалан сумын зургаадугаар багийн нутаг, Тариалан сумын төв рүү салдаг замын ус зайлуулах хоолойтой гүүр доор үзлэг хийв. Үзлэгээр уг ус зайлуулах хоолой дотор байх зүйлийг тухайн адууг нядалсан хүнээр заалгаж, гаргаж ирүүлэхэд ороож бондойлгосон хонгор зүсмийн адууны арьс нэг ширхэг, алаг зүсмийн ороож бондойлгосон адууны арьс нэг ширхэг нийт хоёр ширхэг адууны арьс байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 31-35 дугаар хуудас);

Хохирогч Ю.Бы “...Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр адуун дээрээ очиход манай адуу Завхан сумын гуравдугаар багийн Бандгар овоо гэх газарт байхаар нь өөрийнхөө гэр лүү тууж зүглүүлээд бэлчээрт нь орхиод гэр лүүгээ явсан. Тав хоногийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр адуугаа эргэхээр өөрийнхөө мотоциклтой ганцаараа явж байтал замд Завхан сумын гуравдугаар багийн иргэн Ж.О гэх залуу надтай таарахаар нь ямар ажилтай явж байгаа талаар асуухад “морь бариад явж байна” гэж хэлээд зөрөөд явсан. Би цааш явж адуу байгаа газартаа очиход манай адуу Завхан сумын гуравдугаар багийн Шар мөргөн гэх газарт бэлчиж байсан бөгөөд адуугаа бүртгэж үзэхэд манай адуунаас хонгор зүсмийн 12 настай, алаг зүсмийн 9 настай хоёр тооны адуу байхгүй байсан. ...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээсээ мотоциклтойгоо Завхан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрээр адуугаа хайж яваад Ут овоо гэх газарт малын хоёр ширхэг сэвс шороонд булагдсан байсан бөгөөд эргэн тойрон ул мөрийг хайж үзэхэд нэг автомашины мөр, хоёр явган хүн морь хөтөлж ирсэн байдалтай гутлын мөр байхаар нь би тухайн мөрийг дагаад яваад үзэхэд 1 км 200 м орчим яваад нэг айлын малын хашаанд очсон байсан. Тэнд эргэн тойрон олон тооны адууны мөр үүссэн байсан бөгөөд тэнд манай адууг тууж ирээд хашиж байгаад хоёр адуу барьж авсан гэж би бодсон. Би тэр адуунуудыг хаанаас ирсэн болохыг тогтоохоор мөрийг мөрдөөд үзэхэд нэг мотоциклын мөр байсан бөгөөд тухайн мотоциклийн мөрийг дагаж үзэхэд адууг мотоциклоор тууж явсан байдалтай мөрнүүд үүссэн байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас);

Мөн дахин өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ут овоо гэх газарт хоёр мал нядалж сэвс овоолсон байхыг олж харсан. Тухайн үед тэр орчмын газрыг шинжиж мөр харахад мотоциклоор адууг тууж эзэнгүй байсан малын хашаанд аваачсан. Тэндээс хоёр морийг барьж авсан бололтой хоёр морийг тус тусдаа нэг, нэг хүн явган хөтөлж уруу тал руу хонхор, жалга маягийн газарт 1 км гаруй яваад нядалсан. Нядалсан газраас автомашин ирж ачаад явсан мөр байсан. Мотоциклийн мөр нь малын хашаа, нядалсан газрын хооронд харагдаагүй. Малын хашаан дээр автомашин очсон мөр байсан. Тиймээс хоёроос гурван хүн оролцсон байна гэж бодсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас);

Гэрч Б.Бгийн “2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Лунаг (Ч.Б) өөрийнхөө автомашинтай манайд ирээд миний нөхөр Н.Бд “хоёулаа хөдөө яваад ирье” гэхэд нь гадуур ажилтай байсан тул яваагүй юм. ...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Лунаг манай гэрт орж ирээд цай уучхаад тэр хоёр Завхан сумын гуравдугаар багийн Хөх нурууны бөгс гэх газар луу явахаар ярилцаад Лунаг автомашиндаа бензин хийчхээд ирнэ гээд гараад явсан. ...Миний нөхөр Н.Б “Лунаг хамт яваад ирье, гараад ир гэж байна” гээд гарсан. Тэгэхэд Лунаг манай хашааны гадна автомашинтайгаа ирээд зогсож байсан. Миний нөхөр тухайн орой буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд ганцаараа ирсэн. Н.Баас юу болсон талаар асуухад “Лунаг бид хоёр Завхан сумын гуравдугаар багийн Ут овоо гэх газарт хоёр адуу унагаасан, махыг нь Лунагын автомашинд үлдээчихлээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас);

Гэрч Д.Нн “...Намайг гэртээ ирэхэд миний нөхөр гэртээ байсан бөгөөд манай амбаарт адууны хаа буюу хөл хүзүүтэйгээ байсан. Би ямар учиртай мах болох талаар асуухад миний нөхөр Ч.Б Гончиг буюу Н.Бтай хөдөө яваад адууны мах авч ирлээ гэсэн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас);

Гэрч Ц.Нийн “...Би Увс аймгийн Улаангом сумын арван нэгдүгээр багийн Залуус хороололд хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Би дэлгүүртээ байхад Нын Б гэх хүн манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг байсан. Тэр “ах нь мал, мах зардаг шүү” гэж хэлдэг байсан бөгөөд би намар хүнс идэхээр болоод 2021 оны 11 дүгээр сарын 14-нд Н.Б ахтай утсаар ярьж “танд зарах адуу байна уу, хүнсэндээ хэрэглэх гэсэн юм, гайгүй адуу байвал авмаар байна” гэхэд “байгаа” гээд надаас 900’000 төгрөг Хаан банкны мобайл дансаар 2021 оны 11 дүгээр сарын 14-ний 18 цагийн үед шилжүүлж авсан. Тэрнээс хойш манай дэлгүүрээр орж гарахад нь “адуугаа яасан бэ” гэхэд “одоо шүлхий гарчихсан, адуу Завхан суманд байгаа тэндээс тээвэрлэх боломжгүй байна, шүлхий өвчин гайгүй болохоор аваад очъё” гэдэг байсан. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө эрт над руу 80510515 дугаарын утаснаас Н.Б залгаад “адууны мах ирчихлээ, манайхаас ирээд авчих” гэхээр нь би орой нөхөр Нсүрэнг Н.Бын гэр лүү явуулж нэг бүтэн адууны мах дотортойг нь авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58 дугаар хуудас);

Гэрч Б.Цгийн “...Би бууз хийх гээд адууны мах хайж байсан. Тэгтэл 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Наранбулаг сумын “ЗМ” гэх фейсбүүк групп хаягт “адууны мах зарна” гэж бичсэн зарын дагуу 95111801 дугаарын утас руу залгахад “1 кг адууны махыг 9’000 төгрөгөөр өгнө, надад адууны нэг гуя, нэг хаа байна, та хоёуланг нь авбал 1 кг-ыг нь 8’000 төгрөгөөр өгнө” гэсэн юм. Би авахаар болж Улаангом сумын арван нэгдүгээр багийн шинэ төвийн тэнд очиход Ч.Б буюу Лунаг гэх залуу байсан бөгөөд Наранбулаг сумын залуу гэдгээр нь таньдаг юм. Лунагийг дагаад багийн төвийн өнцгийн нэг хашаа руу ороход гялгар цаасан дээр адууны нэг хаа, нэг гуя байсан. Тухайн махыг жинлээд үзэхэд 49 кг болж байсан ба килограммыг нь 8’000 төгрөгөөр бодож нийт 390’000 төгрөг болсон. Би 200’000 төгрөгийг данс руу нь шилжүүлж, үлдсэн мөнгийг нь тэтгэвэр буухаар буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгнө гээд махаа аваад явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60 дугаар хуудас);

Гэрч С.Чгийн “...Тухайн үед Ж.О манайд өдөр дундын үед ирээд “адуу авч ирнэ, морь барилцаад өг” гэж манай хүүхдүүдэд хэлээд өөрөө яваад адуугаа гадна авч ирсэн. Хоол хийх хооронд хоёр морь бариад чөдөрлөж орхиод бүрэнхий болсон байхад явсан. Тухайн үед “Далай ахынд очиход хүн байдаггүй, хадам аавынд очиход бас хүн алга” гэж хэлж байсан. Мөн “Улаангом сумаас хүмүүс ирнэ, очиж уулзан” гэж хэлээд мотоциклтой ганцаараа явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар хуудас);

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай криминалистикийн шинжээчийн “...Шинжилгээнд тэнцсэн хар саарал өнгийн хуванцар зүйлийн хэлтэрхий хэсэг нь шинжилгээнд ирүүлсэн “Nissan X Trail” загварын 3332 УВХ улсын дугаартай саарал өнгийн автомашины эд ангийн нэг хэсэг мөн байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 111-113 дугаар хуудас) зэрэг болно.

Мөн шүүгдэгч Ч.Бын яллагдагчаар өгсөн “...Хөх нургат гэх газарт очоод Н.Б утсаар яриад бид хоёр ирчихлээ гэж хэлсэн. Бид тэр газраас долоогоос найман км яваад хонхор газарт очиж зогссон. Тэр үед араас сүрэг адуу туусан мотоциклтой хүн ирсэн. Тэр хүн нь Ж.О гэх залуу байсан. Бид тэндээс адууг нэг км орчим туугаад эзэнгүй өвөлжөөний хашаанд оруулж хашиж байгаад хоёр морь барьж авсан” гэх мэдүүлгийн хэсгийг (2 дахь хавтаст хэргийн 75 дугаар хуудас);

Шүүгдэгч Н.Бын яллагдагчаар дахин өгсөн “...бид адууг туугаад эзгүй малын хашаанд оруулж хашиж байгаад Б.А нь авч очсон бугуйлаар хоёр морь бугуйлдаж барьсан. Бусад адууг хашаанаас тууж сул тавиад барьсан хоёр морийг Б.А бид хоёр нэг нэгээр хөтөлж яваад 700-аас 800 метр орчим зайтай Ут овоо гэх газарт аваачиж нядалсан. Ч.Б автомашинтай тойроод хүрч ирсэн. Ж.О малын хашаанаас яваад өгсөн” гэх мэдүүлгийн хэсгийг (2 дахь хавтаст хэргийн 77 дугаар хуудас) дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжтой байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүгдэгч Н.Бд Увс аймгийн Завхан сумын нутгаас мал хулгайлах санал тавьсан, уг саналыг хүлээн авсан болох нь гэрч Б.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас)-ээр нотлогдсон. Улмаар шүүгдэгч Н.Б нь шүүгдэгч Ж.Отэй утсаар удаа дараа ярьж, Завхан сумын нутгаас мал хулгайлах талаар ярилцсан гэж үзэх үндэслэлтэй болох нь шүүгдэгч нарын гар утасны билл (1 дэх хавтаст хэргийн 246 дугаар хуудаснаас 2 дахь хавтаст хэргийн хэргийн 41 дүгээр хуудас)-ээр нотлогдож байна.

2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүгдэгч Ч.Б, Н.Б, Б.А нар “Ниссан икс триал” (Nissan X trial) загварын 3332 УВХ улсын дугаартай автомашинаар Увс аймгийн Улаангом сумаас Завхан сумын гуравдугаар багийн нутагт очиход шүүгдэгч Ж.О хохирогч Ю.Бы адууг Sanya загварын мотоциклоор тууж очжээ. Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө уг адуунуудыг тус сумын нутагт байх эзэнгүй өвөлжөөний хашаанд оруулж хашиж байгаад хонгор зүсмийн 12 настай, алаг зүсмийн 9 настай хоёр тооны адууг бугуйлдаж барьж авсан байна. Тус газраас шүүгдэгч Ж.О нь буцсан байх ба шүүгдэгч Н.Б, Б.А нар нь уг хоёр адууг нэг нэгээр нь хөтөлж, шүүгдэгч Ч.Б автомашинаар явж уг газраас нэг километр хоёр зуун метр орчим зайтай Ут овоо гэх газарт аваачиж нядалжээ.

Шүүгдэгч Ч.Б, Н.Б нар нь хулгайлж авсан хоёр адууг нядалж махыг нь нэг нэгээр нь авсан байна. Шүүгдэгч Н.Б авсан адууны махаа гэрч Ц.Нид 900’000 төгрөгийн өрөндөө өгсөн, шүүгдэгч Ч.Б нь авсан махныхаа хаа, гуяыг гэрч Б.Цд 390’000 төгрөгөөр зарсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А “Би тэр өдөр шүд өвдөөд гэртээ хэвтэж байтал миний найз Ч.Б ирээд “найз нь идэшнийхээ мал авах гээд айл руу явах гэж байна, миний автомашин саатаж магадгүй, урьд нь чи засаж байсан учраас үзэж хараад, баран болоод яваад ирээч” гэж гуйсан. Би “шүд өвдөөд явж чадахгүй, эм уугаад хэвтэж байна” гэхэд “миний найз надад ганц удаа тус болоод яваад өгөөч, би хүнд эмээл өгсөн, түүний өртөгт мал авахаар болсон” гэж гуйхаар нь би найзыгаа яаж хаячхав гэж бодоод явсан. Замд Н.Б гэдэг хүн буугаад утсаар яриад яваад байсан. Би тухайн үед шүд өвдөөд эд нарыг хулгай хийж байгаа эсэхийг мэдээгүй” гэж, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа “...миний үйлчлүүлэгч Б.А ...энэ хүмүүсийг хулгай хийж байгааг огт мэдээгүй байдаг. ...гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруу байхгүй. Гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Найзынхаа гуйлтаар явсан, тухайн малыг нядлалцсан байж болно, хулгайн гэдгийг мэдэлгүй явсан учраас энэ хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу байхгүй” гэж тус тус мэтгэлцжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Аыг шүүгдэгч Н.Б, Ч.Б, Ж.О нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй гэх мэдүүлэг нь няцаан үгүйсгэгдэж байна. Тодруулбал хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зэргээр Завхан сумын нутагт байх эзэнгүй өвөлжөөн дээр мотоциклоор адуу тууж, уг мотоцикл нь адуу нядалсан гэх газарт очоогүй ба уг өвөлжөөнөөс адуу нядалсан гэх газар луу хоёр хүн явганаар нэг километр хоёр зуу орчим метр зайд адуу хөтөлж явсан ул мөр тогтоогдсон. Мөн шүүгдэгч Ч.Б нь автомашинаар адуу нядалсан гэх газарт очсон үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон тул шүүгдэгч Б.Аыг тухайн адууг хөтөлж явсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Б.Аыг автомашинд эвдрэл гарвал засуулахаар авч явсан гэж шүүгдэгч Ч.Б, Б.А нар мэдүүлж байгаа боловч хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар түүнийг автомашин засч байсан гэх үйл баримт тогтоогдоогүй, автомашин засах мэргэжил, чадвартай гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, дүгнэлт нь үндэслэлгүй тул шүүгдэгч Б.Аыг хулгайн гэмт үйлдэж байгааг мэдсээр байж үйлдлээрээ тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Ж.О нь шүүгдэгч Н.Бтай уг гэмт хэрэг гарахаас өмнө нь болон тухайн өдөр утсаар ярьсан нь нотлогдсон, хохирогч Ю.Бы адуунуудыг мотоциклоор тууж ирсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ог урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн буюу уг гэмт хэрэгт урьдчилан үгсэн тохиролцож хамтран оролцсон гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан ...хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж заасан ба гэрч Б.Бгийн мэдүүлгээр шүүгдэгч Ч.Б нь уг гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан болох нь нотлогдсон тул түүнийг уг гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэх, мөн хэсгийн 2.2-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх, 2.4-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг машин, механизм ашиглаж үйлдсэн” гэх шинжээр тус тус зүйлчлэн ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нар нь хохирогчийн хоёр тооны адуу буюу хоёр тооны бод малыг хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэх шинж хангагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар шүүгдэгч Н.Б, Ч.Б, Ж.О, Б.А нарыг хохирогч Ю.Бы хоёр тооны адууг бүлэглэж хулгайлсан гэж үзнэ.

Машин механизм ашигласан гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгодог. Шүүгдэгч Ж.О нь тухайн адуунуудыг биеэр буюу явганаар тууж, бусад шүүгдэгч нарт хүргэж өгөх боломжгүй бөгөөд өөрийн Sanya загварын мотоциклоор тууж шүүгдэгч нарт аваачиж өгснийг машин механизм ашигласан гэж үзнэ. Мөн шүүгдэгч Ч.Б, Н.Б, Б.А нар Увс аймгийн Улаангом сумаас Завхан сумын гуравдугаар багийн нутагт биеэр буюу явганаар очих боломжгүй, мөн хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх зорилгоор “Ниссан икс триал” (Nissan X trial) загварын 3332 УВХ улсын дугаартай автомашиныг ашигласан тул машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Н.Б, Ч.Б, Ж.О, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Б, Ч.Б, Ж.О нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Н.Б Ж.О нар “ингэний айраг авах” талаар утсаар ярьсан гэж гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрөөгүй. Шүүгдэгч Ч.Б нь шүүгдэгч Б.Аыг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй гэж мөн түүнтэй гэмт хэрэг хамтран үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрөөгүй байна.

Эрүүгийн эрх зүйн онол болон практикт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оногдуулах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, ял оногдуулахыг тэнсдэг. Учир нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн идэвхтэй оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ үүднээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн байх, хэргийн зүйлчлэлийг буюу эрх бүхий этгээдээс хийсэн хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байх, гэмт үйлдлийнх нь улмаас зөрчигдсөн эрхийг сэргээсэн буюу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг урьдчилсан нөхцөлгүйгээр бүрэн хүлээн зөвшөөрч нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх гэж обьектив байдлаар тайлбарлагдаг хууль зүйн ойлголт юм. Иймд шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Хохирогч Ю.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар “Би мотоциклдоо өнөөдрийн байдлаар 36 литр бензин хийж, олон газраар адуугаа хайж явсан. Хүний автомашин гуйж Наранбулаг сумын төв орж, гарсан ба одоогийн байдлаар таван зуун мянгаас зургаан зуун мянган төгрөгийн зардал учирсан байна. Миний хоёр тооны адуу тарган байсан бөгөөд хонгор зүсмийн 12 настай адуу хоёр сая төгрөгийн, алаг зүсмийн 9 настай адуу хоёр сая төгрөгийн буюу нийт дөрвөн сая төгрөгийн үнэтэй” гэж (1 дэх хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас), “...Миний хувьд гомдолтой байна. Хохирлоо нэхэмжилж байна” гэж (1 дэх хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас) тус тус мэдүүлжээ.

Хохирогчийн алаг зүсмийн 9 настай, хонгор зүсмийн 12 настай хоёр тооны адуу тус бүр нь нэг сая таван зуун мянган төгрөгийн буюу нийт гурван сая төгрөгийн үнэлгээтэй болох нь шинжээчийн 35 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 102 дугаар хуудас)-ээр тогтоогдсон. Уг дүгнэлтийг мөрдөгч 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогчид танилцуулсан ба хохирогч уг дүгнэлттэй холбогдуулан хүсэлт, гомдол гаргаагүй, уг дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэмт хэргийн улмаас хохирогчид гурван сая төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.

2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Н.Б хохирогч Ю.Бы Хаан банк дахь 5808058378 дугаарын дансанд нэг сая таван зуун мянган төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар, мөн шүүгдэгч Ч.Б хохирогчийн Хаан банк дахь 5808058378 дугаарын дансанд нэг сая таван зуун мянган төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тус тус нотлогджээ.

Хохирогч нь хулгайд алдагдсан адуугаа хайхад мотоциклдоо бензин хийх, бусдын автомашиныг гуйж авах зэргээр зургаан зуун мянган төгрөгийн зардал гарсан гэж мэдүүлсэн байх боловч уг зардал нь баримтаар нотлогдохгүй байна. Иймд хохирогчийн нэхэмжлэлээс гурван сая төгрөгийг шүүгдэгч нар төлсөн болохыг дурдаж, баримтаар нотлогдохгүй байгаа нэг сая зургаан зуун мянган төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгч Ч.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, ...шүүгдэгч Ч.Боос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ниссан икс триал” (Nissan X trial) загварын 3332 УВХ улсын дугаартай автомашины үнэ болох хоёр сая төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг ...найман зуун мянган төгрөгийг албадан гаргуулж, улсын орлого болгох, шүүгдэгч Н.Баас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох есөн зуун мянган төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч Ж.Огийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Sanya загварын мотоциклийг улсын төсөвт шилжүүлэх” гэх саналыг, шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан хоёр жилийн хугацаанаас доош хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг, шүүгдэгч Ч.Б, Б.А нарын өмгөөлөгч “...шүүгдэгч Ч.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж хоёр жилээс доош нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ... шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж хорих ял оногдуулж өгөөч” гэх саналыг, шүүгдэгч Ж.Огийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч Н.Бын хувийн байдлын талаар гэрч Б.Бгийн “...Зан араншны хувьд үг яриа сайн хөгжсөн, хүнтэй тэр бүр маргалдаад байдаггүй, хүний арга эв олчихдог, гавшгай хурдан хөдөлгөөнтэй, хар бор ажлаас халшраад зугтаад байдаггүй, хөдөлмөрч, хүнд тусархуу зантай, илүү дутуу зангүй энгийн нэгэн хүн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95 дугаар хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 186 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын арван нэгдүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 199 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь эхнэр, найман хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарлаагүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250’000 төгрөгийг хурааж, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Бын хувийн байдлын талаар гэрч Ч.Батцэцэгийн “...Ч.Б нь эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, хоёулаа тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд зан араншны хувьд цайлган, хүнд тусархаг, чадахгүй байсан ч ингээд өгнө, тэгээд өгнө гэсэн зүтгэлтэй, буурь суурьтай, сэргэлэн цовоо зан чанартай хүн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 164 дүгээр хуудас) зэрэг болно. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Огийн хувийн байдлын талаар гэрч Ц.Жанчивын “Зан араншны хувьд даруу төлөв зантай, элдэв муу зуршилгүй, үг дуу цөөтэй, хүнтэй харьцах харьцаа сайтай, хүний арга эв олоод харьцчихдаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 165 дугаар хуудас) зэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү баримтуудаар шүүгдэгч Ж.О нь малчин, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Аын хувийн байдлын талаар гэрч Х.Ганболдын “...Б.А нь хүнтэй огт гэрлэж байгаагүй, ганц бие хүн бөгөөд зан аашны хувьд сайн талдаа, хүнтэй харьцаа сайтай хүн юм” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 118 дугаар хуудас), Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн Засаг даргын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 96 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын аравдугаар багийн Засаг даргын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 97 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 95 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эхийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарлаагүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч Ж.О, Б.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Н.Б, Ч.Б нар нь урьдаас үгсэн тохиролцож, төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн, мөн шүүгдэгч Ж.О нь урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн, шүүгдэгч Б.А нь үйлдлээр нэгдэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт ялгамжтайгаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Бын хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 (хоёр) жил 8 (найман) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Бын хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.О, Б.А нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүрд нь 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан нь шүүхэд эрх олгосон (диспозитив) хэм хэмжээ юм.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж оролцсон ба энэхүү эрхээ эдэлснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах буюу эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг нэмэх, өөрчлөх, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болохгүй гэж ойлгоно. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлээгүй, ялаас чөлөөлөөгүй, ял оногдуулахыг тэнсээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх санаа зорилгоор “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх субьектив тайлбарыг үндэслэн хэрэглэх хэм хэмжээ биш юм. Иймд өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Б, Ч.Б нар хулгайлж авсан хоёр тооны адууг нядалж махыг нь нэг, нэгээр нь авсан байх ба шүүгдэгч Н.Б нь өөрийн авсан адууны бүтэн махыг гэрч Ц.Нид 900’000 төгрөгийн өрөндөө өгсөн болох нь гэрч Ц.Нийн мэдүүлгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон зүйлээрэй өрөө төлж 900’000 төгрөгийн орлого олсон байна.

Мөн шүүгдэгч Ч.Б нь авсан адууны махныхаа талыг зарж найман зуун мянгаас есөн зуун мянган төгрөгийн орлого олсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан ба шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдохгүй байна. Харин шүүгдэгч нь тухайн адууны махнаас хаа, гуяыг зарж 390’000 төгрөгийн орлого олсон болох нь гэрч Б.Цгийн мэдүүлгээр нотлогдсон тул шүүгдэгч Ч.Быг гэмт хэрэг үйлдэж 390’000 төгрөгийн орлого олсон гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ “Ниссан икс триал” (Nissan X trial) загварын 3332 УВХ улсын дугаартай автомашиныг ашигласан болох нь тогтоогджээ. Уг автомашиныг 2021 оны 12 дугаар сард Р.Мөнгөншагай (хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон)-аас гурван сая төгрөгөөр тооцож зээлээр худалдан авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дугаар хуудас)-ээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, мөн зүйлийн 111.2 дахь хэсэгт “дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ:” гэж, мөн хэсгийн 111.2.1-т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” гэж хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэхийг буюу өмчлөгчийг тодорхойлжээ. Тодруулбал “Ниссан икс триал” (Nissan X trial) загварын 3332 УВХ улсын дугаартай автомашин нь Р.Мөнгөншагайн нэр дээр бүртгэлтэй боловч шүүгдэгч Ч.Бын өмчлөлд байсан гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж иргэний нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэж ойлгоно.

Шүүгдэгч Ч.Б болон Р.Мөнгөншагай нар нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан байх ба гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй нь Р.Мөнгөншагайг энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл Р.Мөнгөншагай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох этгээд биш бөгөөд түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Шүүгдэгч Ж.О нь уг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн Sanya загварын улсын дугааргүй мотоциклыг ашигласан болох тогтоогджээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Боос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 390’000 (гурван зуун ерэн мянган) төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ниссан икс триал” (Nissan X-trail) загварын 3332 УВХ улсын дугаартай автомашиныг, шүүгдэгч Н.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 900’000 (есөн зуун мянган) төгрөгийг, шүүгдэгч Ж.Огээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Sanya загварын улсын дугааргүй мотоциклыг тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Бын өмчлөлийн Р.Мөнгөншагайн нэр дээр бүртгэлтэй “Ниссан икс триал” (Nissan X trial) загварын 3332 УВХ улсын дугаартай автомашиныг, шүүгдэгч Ж.Огийн өмчлөлийн Sanya загварын улсын дугааргүй мотоциклыг тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул тухайн тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх үндэслэлтэй.

Улсын яллагч “...шүүгдэгч нарт хорих ял оногдуулах санал гаргасан учраас урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авах” санал гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно” гэж заасан тул улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч Н.Б, Ч.Б, Ж.О, Б.А нарт энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн нэг ширхэг хүрзийг, хоёр ширхэг гялгар уутыг, нэг ширхэг хутгыг шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ч.Бод буцаан олгох нь зүйтэй. Харин хохирогчийн хоёр тооны адууг барихдаа эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн бугуйлаар барьсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон, хэргийн газрын үзлэгээр хурааж авсан автомашины эд ангийн хагархай нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ниссан икс триал” (Nissan X trial) загварын 3332 УВХ улсын дугаартай автомашиных болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул тэдгээрийг устгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З ургийн овогт Нын Б, Б ургийн овогт Чийн Б, Я ургийн овогт Жын О, Т ургийн овогт Бийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Быг 2 (хоёр) жил 8 (найман) сарын хугацаагаар хорих ялаар;

Шүүгдэгч  Ч.Быг 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялаар;

Шүүгдэгч Ж.Ог 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар;

Шүүгдэгч Б.Аыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар:

- Шүүгдэгч Ч.Боос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 390’000 (гурван зуун ерэн мянган) төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ниссан икс триал” (Nissan X-trail) загварын 3332 УВХ улсын дугаартай автомашиныг,

- Шүүгдэгч Н.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 900’000 (есөн зуун мянган) төгрөгийг,

- Шүүгдэгч Ж.Огээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Sanya загварын улсын дугааргүй мотоциклыг тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Ч.Б, Ж.О, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч нар хохирогчид 3’000’000 (гурван сая) төгрөг төлсөн, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ю.Бы нэхэмжлэлээс 1’600’000 (нэг сая зургаан зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хүрз нэг ширхгийг, гялгар уут хоёр ширхгийг, хутга нэг ширхийг шүүгдэгч Ч.Бод буцаан олгож, бугуйл нэг ширхгийг, автомашины эд ангийн хагархай нэг ширхгийг устгасугай.

8. Шүүгдэгч Ж.Огийн эзэмшлийн Sanya загварын улсын дугааргүй мотоциклыг, Р.Мөнгөншагайн нэр дээр бүртгэлтэй шүүгдэгч Ч.Бын өмчлөлийн “Ниссан икс триал” (Nissan X-trail) загварын 3332 УВХ улсын дугаартай автомашиныг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХЗАЯА