Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзориг,

улсын яллагч Э.Г,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.У******* /онлайнаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг,

шүүгдэгч С.Б******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б*******д холбогдох эрүүгийн 2215001520156 дугаартай, 163/2022/0154/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д******* ******* овогт С******* Б*******, Орхон аймгийн Баян-Өндөр суманд .... оны ... дүгээр сарын .-..ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны ...... оршин суух бүртгэлтэй, одоогоор Булган аймгийн Булган сумын ..... тоотод түр оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, 24 настай, эмэгтэй, ......,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Дондогийн булаг гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... улсын дугаартай Lexus-570 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.У******* амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215001520156 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Б*******, амь хохирогч Б.У******* нар нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт байх бөө-д үзүүлэхээр амь хохирогчийн эзэмшил, өмчлөлийн ....... улсын дугаартай Lexus-570 загварын тээврийн хэрэгсэлтэй гарч мөн өдрөө Хөвсгөл аймагт очиж машиндаа хоноод, маргааш өдөр нь зорьж уулзах бөө-тэйгөө холбогдоход эмнэлэгт хэвтчихсэн уулзах боломжгүй болсон тул Тэнхлэг гэх буудалд буудаллаж, пиво ууцгааж шөнийн 00 цаг хүртэл ярьж сууцгаагаад, хэсэг унтаад шөнийн 03 цагт хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улаанбаатар хот руу хөдөлсөн бөгөөд тээврийн хэрэгслийг амь хохирогч Б.У******* нь Хөвсгөл аймгийн Их уул сум хүртэл жолоодож, хэсэг амрахаар болж шүүгдэгч С.Б*******д жолоогоо шилжүүлэн өгч С.Б******* нь үргэлжлүүлэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг хүртэл жолоодож яваад Уньт багт байрлах хүнсний дэлгүүрийн гадаа тээврийн хэрэгслээ зогсоож, өглөө 06 цагаас 07 цаг 30 минут хүртэл унтсан байна. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өглөө С.Б******* нь үргэлжлүүлэн тээврийн хэрэгслийг хөнгөн зэргийн согтолттой үедээ жолоодож Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Дондогийн булаг гэх газарт яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн арын суудалд унтаж явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч Б.У******* нас барж, хүний амь нас хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б*******гийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг, 
  2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүгдэгч С.Б******* нь  манай нөхрийн талын бэр юм. Оршуулгын зардалд 3,500,000 төгрөгийг Б*******гаас өгсөн. Үлдэх мөнгийг С.Б******* нь өгнө гэдгээ илэрхийлж, тодорхой хэлбэрээр бид тохиролцсон байгаа. Тиймээс гомдол, санал байхгүй. Тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг,

3. Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Дондогийн булаг гэх газраас ертөнцийн зүгээр баруун хойш 2 км орчим зайд засмал замын ертөнцийн зүгээр урд талд 45 м зайд цагаан өнгийн Lexus-570 загварын тээврийн хэрэгсэл 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байж байв. Уг тээврийн хэрэгсэл хэлбэр дүрсээ алдсан, баруун хойд хаалга онгойсон, арын тээш хэлбэр дүрсээ алдаж онгойсон, тээврийн хэрэгслийн баруун урд дугуй сууриараа салж тээврийн хэрэгслээс хойш 35 м зайд байв. ...Тээврийн хэрэгслийн араас 1.2 метр зайд цогцос байх бөгөөд уг цогцос нь дээшээ харсан байрлалтай, мөчид бүрэн биеийн дагуу шулуун байв. Уг цогцсын толгой нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан байх бөгөөд уг цогцост тусад нь үзлэг хийхээр Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн цогцос хадгалах өрөө рүү тээвэрлэхээр тогтов. ...Үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлэн авав... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-10 дахь тал/,

4. Уг тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн Lexus-570 загварын тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн гаднах хэлбэр дүрс нь хэлбэр хэвээ алдаж гажсан, бутарсан, хагарсан, зүйл ихтэй байв. Уг тээврийн хэрэгслийн урд гүпер байхгүй, дээд салхивч бага зэрэг онгойсон, урд шил хагарсан, баруун урд хаалганы цонх хагарч унжсан, хойд цонх хагарч байхгүй болсон байв... гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-20 дахь тал/,

5. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.У өгсөн: Би эцэг эхээс гурвуулаа байсан юм. Би айлын том хүүхэд, талийгаач дүү У******* нь айлын бага хүүхэд байсан юм. …Би өөрийн төрсөн ээж Батжаргал, төрсөн дүү У нартайгаа хоорондоо ярилцаж байгаад намайг талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон. Мөн бид нар хоорондоо ярилцаж байгаад гомдол саналгүй гэж хэлэхээр болсон. Шаардлагатай бол манай ээж, дүү хоёр Улаанбаатар хотод байгаа учраас мэдүүлэг өгье гэж байгаа. ...Би тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээтэй танилцлаа, тээврийн хэрэгслийн үнэлгээг нэхэмжлэхгүй. Бид нар талийгаачийн буяны ажлыг Буян компаниар хийж гүйцэтгүүлсэн. Буяны ажилд нийт 20,000,000 төгрөг зарцуулсан. Уг гарсан зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

6. Гэрч Л.Гантулгын өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд малаа хариулж яваад уулын орой дээрээс хартал шар өнгийн онцгой байдлын газрын машин ирсэн байсан. Хажууд нь цагаан өнгийн машин онхолдсон байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

7. Гэрч Д.Ж өгсөн: Б******* нь ам бүл 3, нөхөр, 4 хүүгийн хамт Улаанбаатар хотод байр түрээсэлж амьдардаг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

8. Арвижих Эстимейт хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23450165 дугаартай: ....... улсын дугаартай Lexus-570 загварын тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэл гэмтлийн үнэлгээ 212,000,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

9. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай: Амь хохирогч Б.У******* цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ба цээж, хэвлийн битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, цээжний 12-р нугалмын бяцарч бүрэн салсан, нугас тасарсан хугарал, баруун талын 1-7-р хавирганы хоёрлосон шууд хугарал, баруун талын 8, 9-р хавирга, зүүн талын 9-р хавирганы шууд дан хугарал, элэгний язрал, дотор эрхтнүүдийн битүү доргилт, хуйхны дотор гадаргуу, баруун мөр, бугалга, баруун гуянд цус хуралт, баруун хацар, баруун талын ташаа, баруун цавь, зүүн ташаа, хэвлийн зүүн доод хэсэг, хоёр хөлийн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дотор эрхтнүүдийн гэмтэл нь биеийн хүчтэй доргилт, шидэгдэлтийн улмаас, биеийн гадна хэсгийн гэмтлүүд нь мохоо зүйлийн, цохигдох, нидрэгдэх, чирэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн ба үхэлд хүргэжээ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчид учирсан дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Амь хохирогч цогцсын гадна үзлэг хийгдэхээс 6-12 цагийн өмнө нас баржээ. Амь хохирогч нь гавал ба цээж, хэвлийн битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, цээжний 12-р нугалмын бяцарч бүрэн салсан, нугас тасарсан хугарал, баруун талын 1-7-р хавирганы хоёрлосон шууд хугарал, баруун талын 8, 9-р хавирга, зүүн талын 9-р хавирганы шууд дан хугарал, элэгний язрал, дотор эрхтнүүдийн доргилт гэмтлүүдийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-70 дахь тал/,

10. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181 дугаартай: С.Б*******гийн биеэс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. С.Б*******гийн биеэс авсан гэх цусанд 0.70 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

11. Булган аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай: Дээрх зам тээврийн ослын шалтгаан нь С******* Б******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.1 дүгээр заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэх магадалгаа /хавтаст хэргийн 91 дэх тал/,

12. Шүүгдэгч С.Б*******гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 139 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.У хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Л.Г, Д.Ж нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, жолооч С.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хөнгөн зэргийн согтолттойгоор амь хохирогч Б.У******* эзэмшил, өмчлөлийн .... улсын дугаартай Lexus-570 загварын тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх Булган аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай магадалгаа, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай Б.У******* биед гавал ба цээж, хэвлийн битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, цээжний 12-р нугалмын бяцарч бүрэн салсан, нугас тасарсан хугарал, баруун талын 1-7-р хавирганы хоёрлосон шууд хугарал, баруун талын 8, 9-р хавирга, зүүн талын 9-р хавирганы шууд дан хугарал, элэгний язрал, дотор эрхтнүүдийн битүү доргилт, хуйхны дотор гадаргуу, баруун мөр, бугалга, баруун гуянд цус хуралт, баруун хацар, баруун талын ташаа, баруун цавь, зүүн ташаа, хэвлийн зүүн доод хэсэг, хоёр хөлийн өвдгөнд зулгаралт бүхий шууд үхэлд хүргэх гэмтлүүд учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч С.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж 0.70% промилл буюу хөнгөн зэргийн согтолттой байсан болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181 дугаартай дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч С.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Дондогийн булаг гэх газарт Б.У*******тэй хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний эзэмшлийн ...... улсын дугаартай Lexus-570 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан ба тээврийн хэрэгсэл жолоодохдоо согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож яваагүй гэх Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь хохироосон шүүгдэгч С.Б*******гийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

 

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б.У******* бие, дотор эрхтэнд тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь биеийн хүчтэй доргилт, шидэгдэлтийн улмаас, гадна хэсгийн гэмтлүүд нь мохоо зүйлийн, цохигдох, нидрэгдэх, чирэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд, дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, амь хохирогчийн үхлийн шалтгаан болсон нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Б*******гийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.Б******* жолоодож явсан, тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч С.Б*******гийн үйлдэл нь замын хөдөлгөөний дүрмээр хориглосон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, түүнчлэн хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож яваагүй зэрэг Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ...санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Шүүгдэгч С.Б*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.У******* амь нас хохирч хүнд хор уршиг учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.У******* нь тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг нэхэмжлэхгүй, оршуулгын зардалд 20,000,000 төгрөгийн зардал гарсан. С.Б******* нь оршуулгын зардалд 3,500,000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээнд 6,960,000 төгрөгийг өгсөн, үлдэх хохирлыг тодорхой хэлбэрээр төлөхөөр С.Б*******тай тохиролцсон тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэдгээ илэрхийлж шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч С.Б*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Б*******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний  хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

 

Хавтаст хэргийн 97-98, 100, 101-113 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Булган аймгийн Булган сумын засаг даргын тодорхойлолт, З.Эрдэнэхүүгийн төрсний бүртгэлийн лавлагаа, С.Б*******гийн бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, Хаан банкны диспозит дансны хуулга зэрэг нотлох баримтаар шүүгдэгч С.Б******* нь 24 настай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ....... оршин суух бүртгэлтэй, одоогоор Булган аймгийн ....... тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогджээ.

 

Шүүгдэгч С.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг прокурор хангаж, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4/71 дугаартай тогтоолоор холбогдсон хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

 

Шүүгдэгч С.Б*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу оршуулгын зардлаас тодорхой хэсгийг төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлж, шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчтай тохиролцсон ялын төрөл, хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.У******* нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д******* ******* овогт С******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б*******д оногдуулсан 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч С.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.У******* нь гомдол саналгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ