Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 769

 

МАГАДЛАЛ

 

2017.03.20                                               Дугаар 769                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/00177 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Эрдэнэбаатард холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 74 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Лхамсүрэн,

Хариуцагч: Д.Эрдэнэбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Д.Эрдэнэбаатартай харилцан тохиролцож нотариатаар батлуулан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 70 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн үүнээс хойш Д.Эрдэнэбаатар нь хүүнд 3 000 000 төгрөгийг манай найз н.Эрдэнэцэцэгийн дансанд төлж, өөр мөнгө төгрөг огт төлөөгүй тул үндсэн зээл 70 000 000 төгрөг, нэг сарын хүү нь 7 000 000 төгрөгөөс хүүнд 3 000 000 төгрөг төлснийг хасаж,         74 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Д.Эрдэнэбаатар нь Н.Мөнхцэцэгээс мөнгө зээлсэн гэрээнд намайг зурсан гэж тайлбарлаж байгаа нь үндэсгүй Н.Мөнхцэцэг бид хоёр тус тусдаа мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа явуулж, хамтран байр түрээслэж мөнгөө хувааж төлдөг байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Н.Мөнхцэцэгтэй харилцан тохиролцож 70 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд гэрээг түүний туслах Д.Лхамсүрэнтэй байгуулсан. Уг авсан зээлээ Н.Мөнхцэцэгт дараах байдлаар төлж байсан. 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Газар капитал" ББСБ-аас Н.Мөнхцэцэгтэй хамтран авсан 20 000 000 төгрөгийг хүүгийн хамт, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Н.Мөнхцэцэг, Эрдэнэцэцэг гэдэг хүний дансруу яаралтай 3 000 000 төгрөг шилжүүлээч гэснээр шилжүүлсэн, 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төмөр хэрэгтэй гэсний дагуу 20 900 000, төгрөгийн төмөр өгж, 2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр иргэн Д.Шараагаас 25 000 000 төгрөгийг Н.Мөнхцэцэгийн дүүгийн хашаа байшинг барьцаалж зээл авч хүүгийн хамтаар барагдуулсан. 2014 оны 12 дугаар сарын 10-ны Төрийн банкны дансаар 50 000 000 төгрөгийг Н.Мөнхцэцэгт шилжүүлсэн. Би нийт 118 900 000 төгрөгийг төлсөн байна. Д.Лхамүрэнгээс 70 000 000 төгрөг зээлээгүй бөгөөд Н.Мөнхцэцэгээс зээлсэн мөнгөө бүгдийг төлж барагдуулсан хамгийн сүүлд 20 900 000 төгрөгийн төмөр өгсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Мөнхцэцэг шүүхэд болон шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: Д.Лхамсүрэн бид хоёр хамтран байр түрээслэн  мөнгө зээлдүүлэх үйл ажиллагааг тус тусдаа явуулдаг байсан. Д.Эрдэнэбаатарт би 4 удаагийн зээлийн гэрээгээр мөнгө зээлдүүлж зээлийн гэрээний төлбөрт 119 900 төгрөг авч төлбөр дууссан. Д.Эрдэнэбаатар надаас мөнгө зээлнэ гэхэд нь надад мөнгө байхгүй Д.Лхамсүрэнд мөнгө байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд энэ хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдан 70 000 000 төгрөгийг зээлүүлсэн гэдгийг мэдсэн мөнгө өгч авахад нь би байгаагүй. Би 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 43 000 000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрт 20 900 000 төгрөгийн төмөр авч тооцоо дууссан би Д.Эрдэнэбаатарт дахиж мөнгө зээлээгүй гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заанаар хариуцагч Д.Эрдэнэбаатараас 24 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Лхамсүрэнд, олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхзд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэбаатараас 277 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Лхамсүрэнд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Д.Лхамсүрэнгийн Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан Д.Лхамсүрэнгийн Хаан банкны дансны хуулгаар өмнө орж ирсэн мөнгөнүүд тухайн үедээ буцаж гарсан байдаг. Түүнээс биш надтай байгуулсан дээрх зээлийн гэрээний өдөр Д.Лхамсүрэнгийн ямар нэгэн банкны данснаас энэ их хэмжээний мөнгө болох 70 000 000 төгрөг зарлагдсанаар баримт байхгүй.

Нөгөө талаар хэрэв Д.Лхамсүрэн нь үнэхээр надад 70 000 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1 сарын хугацаатай өөрөөсөө гаргаж зээлсэн юм бол хэзээ хойно 2 жилийн дараа дөнгөж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Мөнгө хүүлэгчид 2 жил энэ их хэмжээний мөнгөө нэхэхгүй зүгээр л суугаад байх уу, Д.Лхамсүрэн, Н.Мөнхцэцэг нар нь нэг өрөөнд хамт суудаг бөгөөд Н.Мөнхцэцэгт нь мөнгө өгөөд байхад      Д.Лхамсүрэн нь зүгээр хараад суугаад байхгүй. Зээлийн гэрээнд заасан 1 сарын хугацаа дуусгаад л өөрөөр хэлбэл 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлээд л мөнгөө нэхээд, нэхэмжлэлээ гаргаж байх учиртай. Хэдийгээр би 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний доод хэсэгт мөнгө тоолж авлаа гэсэн бичилт хийсэн ч уг зээлийг би Н.Мөнхцэцэгээс авснаа нотолж хийж өгсөн баримт байгаа юм. Учир нь Н.Мөнхцэцэг нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээгээ туслах Д.Лхамсүрэнтэй хийчих гэж хэлсний дагуу байгуулсан. Тийм учраас би 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрүүдээ дандаа Н.Мөнхцэцэг гэж шилжүүлэн түүнд төлж байсан бөгөөд төлөх ёстой 70 000 000 төгрөгийг би хүү, алданги тооцон хангалттай төлсөн гэж үзэж байна. Д.Лхамсүрэн нь шүүхэд надад холбогдуулан анх нэхэмжлэл гаргахдаа 70 000 000 төгрөг гэж нэхэмжилж байсан, сүүлд шүүхэд нэхэмжлэлээ 77 000 000 төгрөг болгон өөрчлөн нэхэмжилснийг шүүх анхаарч дүгнэлт хийх байх. Мөн Н.Мөнхцэцэг над руу утасдаж, би зээл гаргах гэсэн юм, Н.Мөнхцэцэгээс гээд н.Эрдэнэцэцэг гэдэг хүний данс руу 3 000 000 төгрөгийг зээлнээсээ хасаад шилжүүлчих гэснээр би өөрийн гарын үсгээр Н.Мөнхцэцэгээс гэж шилжүүлснийг, Д.Лхамсүрэн нь зээлийн хүүнд авсан гэдгээ Д.Лхамсүрэн болон Н.Мөнхцэцэг нар нь маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа нь уг 70 000 000 төгрөгийг Н.Мөнхцэцэгээс авсан зээл байна гэдгийг нотолж байна. Иймд дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд Д.Лхамсүрэн нь надаас мөнгө нэхэмжилэх үндэслэлгүй юм. Н.Мөнхцэцэг нь туслах Д.Лхамсүрэнтэйгээ гэрээ байгуулуулчихаад, мөнгөө өгчихөөд дараа нь гэрээгээр далимдуулан энэ хоёр надаас үндэслэлгүй мөнгө авах санаа гаргаж байна. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад анхан шатны шүүхийн шийдвэр нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь хариуцагч Д.Эрдэнэбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 74 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 оны 6 дугаар сарын  26-ны өдөр 70 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн, хүүнд 3 000 000 төгрөгийг төлж, өөр мөнгө төлөөгүй тул үндсэн зээл, нэг сарын хүү 7 000 000 төгрөгөөс хүүнд 3 000 000 төгрөг төлснийг хасаж, хариуцагчаас        74 000 000 төгрөгийг гаргуулах...” гэж тайлбарлажээ.

Талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Д.Эрдэнэбаатар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн авсан мөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Хариуцагч нь зээлээс 50 000 000 төгрөгийг Н.Мөнхцэцэгийн дансанд      шилжүүлсэн нь Н.Мөнхцэцэг Д.Эрдэнэбаатар нарын өмнө хийсэн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш байгаан Д.Лхамсүрэнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн төлбөрт шилжүүлсэн байх боломжтой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “70 000 000 төгрөгийг тоолж бэлнээр авлаа” гэх баримт нь Д.Лхамсүрэнгээс авсан болох нь нотлогдож байна. /хх-4/

Иймд хариуцагчийн “...Д.Лхамсүрэнд төлөх ёсгүй...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/00177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 277 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                            Т.ТУЯА                                                  

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ