Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 23

 

Б-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0023/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Я.Сансар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө,

Иргэний нэхэмжлэгч Э, тэдгээрийн өмгөөлөгч Г.Батбаяр,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э,

Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл, Т.Ариунболд нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Э.Одхүү, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 03-ны 75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр нарын давж заалдах гомдлоор Б-д холбогдох эрүүгийн 1839003490182 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1987 онд төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүрэг, 5 дугаар хороо, Залуусын 17-р гудамжны 06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Г-н Б нь

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд “Дамбо” дэлгүүрийн орчимд Н, Ц нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар авч явсан 4 литрийн савтай бензинээ хоёр ба түүнээс дээш хүнийг буюу Н, Ц нар руу цацаж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар Ц-н амь насыг хохироосон, Н-г алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Г-н Б-г онц харгис хэрцгийгээр олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар 2 хүнийг алах, алахаар завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н цагдан хоригдсон 256 /хоёр зуун тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нимгэн дээл, цагаан өнгийн фудволк, цэнхэр өнгийн шоотой цамц, “ФЭСКО” нэртэй чүдэнз зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, DVD-г  хэрэгт хадгалан үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 507 дугаар зүйлийн 507.1, 508 дугаар зүйлийн 508.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-эс 3211100 /гурван сая хоёр зуун арван нэгэн мянга нэг зуу/ төгрөг гаргуулж хохирогч Н-д, 4792531 /дөрвөн сая долоон зуун ерэн хоёр мянга таван зуун гучин нэг/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө-д, 486497 /дөрвөн зуун наян зургаан мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э-т тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Э-ийн “Сум хөгжүүлэх сан”-аас авсан зээл 3000000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, цаашид нэхэмжлэл гаргах эрхгүй; хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан бусад хохирол буюу цаашид гарах эмчилгээний зардал, хүүхдийн тэтгэмж, хүүхдийн эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Надад амь хохирогч Ц-ыг санаатайгаар алж, хохирогч Н-д гэмтэл учруулах зорилго байгаагүй. Хохирогчид намайг хоргоож, боож, ална гэж заналхийлж, над руу хоёулаа довтолсон. Би өөрийн амь, биеийг хамгаалах, тулгарсан довтолгоог зогсоох зорилгоор галдан шатаасан. Хэрэв алах зорилготой байсан бол галыг өөрөө унтраахгүй байх байсан. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хууль буруу хэрэглэж хэрэгсэхгүй болгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э-т учирсан дөрвөн төрлийн хохирлын хэр хэмжээ, шинж чанарыг зөв тогтоож чадаагүй, хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарласан гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6. дахь хэсэгт зааснаар шүүх М ХХК-ийг маргаанд иргэний хариуцагчаар татан оролцуулсан боловч шүүх хуралдааны явцад “...иргэний хариуцагч нь шатах тослох шингэнийг бөөнөөр болон жижиглэнгээр зарах эрхээ иргэн Н-т шилжүүлсэн түрээсийн гэрээ байх тул хариуцагч тодорхойгүй байна...” гэх үндэслэлээр хуулийн этгээдэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн 1.3.4 дэх хэсгийг зөрчсөн байна. Иргэний хариуцагч нь хуулийн шаардлага хангасан цөөн тооны хуулийн этгээдэд олгодог тусгай зөвшөөрлийн эрхээ бусдад /иргэнд/ түрээсээр шилжүүлэх боломжгүй, хуульд заагдсан үндэслэл бүрдээгүй байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

            Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн байхыг шаардаж байгааг шүүх анхаарч үзэлгүйгээр түрээсийн гэрээ гэх хүчин төгөлдөр бус гэрээг нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл иргэний хариуцагч шүүх хуралдаан дээр “...манай компани зөвхөн эд хөрөнгөө л иргэн Н-т шилжүүлсэн...” гэж маргаж байгааг шүүх анхаарч, бодит байдлыг тогтоох /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.3/ гэж оролдоогүй нь иргэний  хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөгдөх боломжийг олгосон. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг баримтлан иргэний хариуцагчийг тогтоож байх тул Иргэний хуулийн тохирох заалтуудаас иш татан /диспозитив/ хэрэглэх үүрэгтэй юм.

            Амь хохирогч Ц-н амьд ахуйдаа “Сум хөгжүүлэх сан”-аас зээлсэн 3000000 төгрөгийг түүнд хамааралгүй ар гэр нь төлөх ёстой, иргэний журмаар нэхэмжлэх эрхгүй хэмээн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 2.5.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Тухайн зээлийг төлөх үүрэгтэй байсан Ц-н үүргийг Э-т шилжүүлэн түүнээс зээлдүүлэгч нэхэмжилж байгааг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл Ц-н амь нас хохироогүй бол энэ хор уршиг Э-т бий болохгүй байсан.

            Хохирогчийн хүүхдүүдэд олгогдох тэжээгчээ алдсаны тэтгэлгийг гэм буруутай этгээдээр гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл хохирогч нарт төрөөс олгож байгаа тэтгэлгийг үндэслэн гэм буруутай этгээдийг учруулсан хохирол, хор уршгаас чөлөөлж байгаа нь буруу байна. Э нь тухайн баримтыг гэм буруутай этгээдэд оногдуулах тэжээгчээ алдсаны тэтгэлгийн хэмжээг шүүх тогтооход туслах, баримжаа авах, стандарт тогтоох, итгэл үнэмшил бий болгох зэрэгт туслах зорилгоор нотлох баримтаа шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх тухайн баримтыг үндэслэн хохирогчийн үхэлд төр буруутай мэтээр “...төр тэтгэлэг төлж байгаа учир гэм буруутай этгээд тэтгэлэг төлөх хариуцлага хүлээхгүй...” гэсэн утгатай шийдвэр гаргасан нь буруу байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 508.1, 9-т заасныг баримтлан шүүх шийдвэрлэх үүрэгтэй юм.

            Хүүхдийн эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээр төлөөлэхгүй гэж шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ц нь жил бүр хүүхдийн эмчилгээний зардлыг төлдөг байсан ба тэжээгчээ алдсаны улмаас энэхүү эмчилгээ хийлгэх явдал шууд тасалдаж, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирч байгааг шүүх анхаарч үзээгүй нь /Иргэний хуулийн 505.1/ буруу байна.

            Мөн “...хохирогчийн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлыг тооцох хууль зүйн үндэслэл, хэмжээг тогтоох стандарт байхгүй учир хэрэгсэхгүй болгов”  гэж шүүх дүгнэсэн нь буруу байна. Шүүх Иргэний хуулийн 227, 497.1, 508.1, 508, 509.1 баримтлан дээрх хохирлуудыг төлүүлэх нь зүйтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Э-т учирсан хохирол болон иргэний хариуцагчид холбогдох хэсгийг зөвтгөж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Б-д холбогдох хэрэг үйлдэгдээд жил орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаан дахь хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэрэг үйлдэгдснээс хойш цаг алдалгүй цуглуулж, бэхжүүлж авсан нотлох  баримтууд юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч нь боолтонд орсон, хохирогч нар зууралдсны улмаас аргагаүй хамгаалалт хийсэн гэж байна. Гэтэл Б- үйлдэл нь прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгээр хангалттай нотлогддог.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хангалттай гүйцэд хийгдээгүй, Б аргагүй хамгаалалт хийсэн гэдэг үүднээс өмгөөллөө явуулж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар нотлогдвол зохих баримтууд хангалттай нотлогдсон. Нотлох баримтыг цаг алдалгүй цуглуулж, бэхжүүлж авсан байдаг бөгөөд ажиллагаанууд бүрэн гүйцэд хийгдсэн. Шүүгдэгчийн  өмгөөлөгч нарын нэг нь боогоод унагасан учир аргагүй хамгаалалт хийсэн гэж байхад, нөгөө нь зууралдаад байсан учир аргагүй хамгаалалт хийсэн гэж ярьж байна. Зууралдсан, боосон гэдэг нь хоёр өөр үйлдэл юм. Хавтаст хэрэгт авагдсан бичлэгийг харахад Б- тухайн хоёр согтуу этгээдээс холдоод явчих нөхцөл байдал, боломж ханалттай байсан.

Б боолтонд орсон бол биеэ авч явах чадваргүй байх ёстой, мөн Б нь бие бялдарын хувьд ч Н, Ц хоёрт дийлдэхээргүй. Гэтэл Б хашааны булан руу ямар санаатай орж, ямар зорилготой бензин цацаж байгаа нь баримтуудаар харагддаг. Прокуророос Б-д Ц-н амь насыг хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2,  11.8, Н-гийн биед гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.6 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүхээс ял тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өнөөдөр давж заалдах шатны шүүх хурал дээр иргэний нэхэмжлэгчтэй холбоотой маш олон асуудлыг ярьж байна. Прокурорын зүгээс шийтгэх тогтоолд дурдагдсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр, гомдол,  санал тайлбар байхгүй байна гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч миний хоёр хүүхдийн эцгийн амь насыг хохироочихоод хохирол төлбөр барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Охин маань 1 ой 8 сартай байхдаа биеийн 70 хувь нь түлэгдсэн. Үүнээс хойш 4 жил дараалан хагалгаанд орж байна. Түлэгдсэнээсээ болж бөөрний дутагдалд орсон, зүүн талын гар ажиллагаагүй, байнгын асаргаанд байдаг. Жил тутам хагалгаанд ордог. 2018 онд хагалгаанд байсан боловч чадаагүй, энэ жил хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд одоо бөөрний эмчилгээ хийлгэж байна. Мөн өндөр халуурч, таталт өгдөг. Миний бие охиноо асардаг тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, хоёр хүүхдээ тэжээн тэтгэхэд хэцүү байдаг. Иймд шүүхээс буруутай этгээдээс хохирол төлбөр гаргуулаагүйд гомдолтой байна. Талийгаач Ц охиныхоо бүх л эмчилгээнийх нь зардлыг гаргадаг байсан.

Манай том хүүхэд 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Одоо 13 настай. Бага нь 5 нас 6 сартай. Хоёр хүүхдийн маань тэтгэлэг нь сард 77500 төгрөг болдог. Нийгмийн даатгал төлдөггүй байсан учир бага тогтоогдсон. Жилд нэг хүүхдийн 930000 төгрөг гэж бодоход хүүд маань 66 сарын 5115000, охинд маань 134 сарын 10385000 төгрөг ногдоно. Нийт 15500000 төгрөгийг шүүгдэгч Б, иргэний хариуцагч хоёроор хувааж гаргуулах саналтай байна. Охин маань хувьд биеийнх нь мах нь таталдаад ямар ч сунах боломжгүй болсон. Нэг гараа хөдөлгөж чаддаггүй, 18 нас хүртлээ 1-2 жил тутамд хагалгаанд орно гэсэн эмчийн бичигтэй. Нэг өдрийн эмчилгээг 220000 төгрөгөөр хийгдэг учраас 30000000 төгрөгийг нэхэмжилж байна. Ц бид хоёр “Сум хөгжүүлэх сан”-аас 3000000 төгрөгийг зээл авсан бөгөөд одоогийн байдлаар зээлийн төлөлт хийгдээгүй, шүүхэд очих болоод байна.

Эдгээр нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж шүүгдэгчээс хохирол, төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-т зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгодог.  

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд тухайн хэргийн сэдэлтийг тогтоож чадаагүй. Б-н хувьд тухайн гэмт хэргийг санаатай үйлдэх зорилго байгаагүй. Хэрэг гардаг өдөр Б мотоцикл дээрээ очих гэж Өмнөдэлгэр сумын колонкоос бензин аваад явж байхад нь Н, Ц нар таарч цаг гаруй хугацаанд хоргоож, “архиар цутгаж ална” гэх мэтээр айлгаж, дарамтанд байлгасан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичлэг дээрх Ц Б-н араас цээж нүцгэн ирээд боож байгаа зэргээр нотлогдож байна. Мөн Б рүү Ц, Н хоёр дайраад, хоргоогоод байсныг тус дэлгүүрийн худалдагч болон бусад гэрчүүд гэрчилдэг. Иймд тухайн хэргийн сэдэлтийг тогтоож чадаагүй, Б айдастай байсны улмаас биеэ хамгаалж гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоогоогүй гэж үзэж байна. Мөн Б-н уурласан гэдгийг тогтоох баримт хавтаст хэрэгт байдаггүй бөгөөд уурласны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Тус хэргийн диспозитив нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд Б мотоцикл дээрээ хүргүүлэхээр хүн гуйж нэг шил архи өгсөн боловч нөгөө хоёр хүн нь яваад өгсөн байдаг. Тэгээд Н-г тааралдахаар нь үнэн байдлаа хэлж тал шил архиа өгөхөд, Н тал шил архи өглөө гэж агсарсан байдаг. Б-н хувьд бусдыг хэл амаар доромжилсон, хэрэлдсэн, агсарсан зүйл байдаггүй. Хашааны буланд очсон нь тухайн гэмт хэргийн үндсэн диспозитив явагдсан. Хэрэв хашаа байгаагүй бол Б цааш яваад аргагүй хамгаалалт хийхгүй байх боломжтой байсан. Мөн хоёр хүний хүч хэрэглэсэн боолтод орсон хүн ямар нөхцөлд байдалд орохыг мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд тогтоогоогүй. Хашааны буланд шахагдах, задгай талбайд байх хоёр өөр өөр нөхцөл байдал юм. Энэ үйлдлүүдийн диспозитив нөхцөл байдлыг тогтоогоогүй. Мөн хохирогчийн зүй бус байдлыг тогтоолгүй, Б хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоолгүй ял халдаасан гэж үзэж байна.

Иргэний хариуцагчийн хувьд бензин хууль бусаар зарсан буруутай үйлдэл гаргаагүй байсан бол Б тус аргагүй хамгаалалтыг хийх байсан уу гэх асуудал яригдана. Анхан шатны шүүх иргэний хариуцагчаар М ХХК-ийг тогтоогдсон. М ХХК түрээсийн гэрээ, хамтран ажиллах гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Түрээсийн гэрээний хувьд шатахуун түгээх станцыг түрээслэх нь хуульд нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Уул уурхайн сайдын 2013 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 171 дүгээр “Газрын тосны бүрээгдэхүүнд тусгай зөвшөөрөл олгох нарийвчилсан журам”-ын 3.4-т энэ талаар тодорхой заасан байдаг. Хэргийн оролцогчдын хувьд М ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж, хохирол төлбөрийг барагдуулах ёстой гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх асуудлын хувьд Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байдаг. Тухайн цаг үед Б хувьд хоёр хүний бус довтолгоо, боолтод орж, ухаан балартсан учир аргагүй хамгаалалт хийж гарт байсан бензинээрээ цохиход бензин асгарсан байдаг. Аргагүй хамгаалалтын үед гарт барих зүйлээ сонгох боломжгүй юм. Харин шүдэнз зурсан эсэх нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй. Б хэрэг гарахын өмнө болон хойно халаасанд нь шүдэнз байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд ухаан балартсан учир зурсан эсэхээ мэдэхгүй гэж мэдүүлдэг. Тухайн хэрэг хэдхэн секундын дотор болж өнгөрдөг. Гэтэл тэрхэн агшинд өмднийхөө халааснаас шүдэнз гаргаж зураад, эргүүлээд халаасандаа хийсэн эсэх нь эргэлзээтэй байна. Энэ талаар туршилтын ажиллагаа хийлгүүлэхээр мөрдөн байцаалтын болон прокурорын, шүүхийн шатанд удаа дараа бичгээр болон амаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Боолтонд орсон хүн ямар нөхцөл байдалд байх, сэтгэлзүйн хувьд ямар байх талаар тогтоох ёстой байсан. Боолтонд орсон тохиолдолд 10 секундын дотор амь нас хохирдог, 10 секундын дотор ухаан балартах боломжтой байдаг. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд тогтоох ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч Ариунболдтой ижил байр суурьтай байна. Аргагүй хамгаалалт хийсэн гэдэг нь нотлогдохгүй, Б амь нас, эрүүл мэндийн эсрэг хохирогч нар ямар довтолгоо хийсэн нь тодорхойгүй, амь нас, эрүүл мэндийнх нь эсрэг заналхийлсэн, айлган сүрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл Б-г амь хохирогч Ц, хохирогч Н нар явуулахгүй, хоргоогоод байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Мөн Б үнэхээр уурласан эсэхийг тогтоогоогүй. Гэрч Х, О нарын мэдүүлэгт дурдагдсан “уурлаад” гэсэн үгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22  дугаартай яллах дүгнэлтэд дурдсан гэрч Наранцацралын мэдүүлэгт уурлаад гэсэн үг байгаагүй бөгөөд “дээлтэй залуу нөгөө залуугийнхаа араас боож байхыг харсан” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь довтолгоо эхэлсэнийг харуулж байна. Мөн Н дэлгүүрээс гарч ирээд, Ц цаанаас ирж хашааны буланд аваачиж довтолгоог үргэлжлүүлдэг. Гэтэл шүүхээс  амь нас, эрүүл мэндийнх нь эсрэг заналхийлсэн, айлган сүрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дугаар хуудсанд “Б нь хохирогч нарыг өөр байдлаар эсэргүүцэж, зугтах боломжтой байсан гэж үзэж байна...” гэсэн байна. Гэтэл Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т “аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж заасан байдаг. Тухайн үед Н-гийн аав болон Х тэднийг салгаж чадаагүй байдаг. Амь хохирогч Ц Б-д “аманд чинь архи цутгаж ална” гэж хэлээд Н-г дэлгүүр лүү явуулсан талаар Б анхны мэдүүлэгт байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бичлэгт Н-гийн өврөөс архи унаж байгаа харагддаг бөгөөд Н энэ талаар өөр өөр мэдүүлэг өгдөг. Дэлгүүрийн худалдагч Н-д архи зараагүй гэж мэдүүлдэг боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд архи зарахыг хориглодог тул өөрийгөө хамгаалж мэдүүлэг өгсөн гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд тусламж үзүүлсэн, мөн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэсэн зүйлийг анхан шатны шүүхэд хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, зөвхөн хохирогчид тусламж үзүүлсэн гэсэн нөхцлийг авч үзсэн гэж тайлбарласан боловч шийтгэх тогтоолдоо дурдаагүй байна.

Шүүгдэгч Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т заасан аргагүй хамгаалалт мөн байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: М ХХК-ийн зүгээс иргэн Н-тай түрээсийн гэрээ, гэрээт шатахуун түгээх станцын хамтран ажиллах гэрээ буюу шатахуун борлуулалтын гэрээ гэсэн хоёр төрлийн гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнүүдийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн үед Б-д Энхцэцэг гэх хүн шатахуун зарсан байдаг бөгөөд “би МТ шатахуун түгээх газарт  ажилладаг, Б-д бензин зарсан нь үнэн” гэж мэдүүлдэг. Гэтэл тухайн шатахуун түгээх газрыг Н- ажиллуулдаг бөгөөд “МТ” гэсэн нэрийг өгсөн байдаг. “МТ” колонкийн үйл ажиллагааг М ХХК хариуцдаггүй. М ХХК нь тухайн газарт объектыг Н-т түрээслэдэг. Шүүгдэгчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хэлсэн шиг шатахуун борлуулах эрхийг түрээслэсэн зүйл байхгүй, тусгай зөвшөөрлийг дамжуулах борлуулах боломжгүй юм. Харин Н- шатахуун борлуулах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас өөрөө авсан байдаг. Манай компани Н-тай 2015 оноос хойш гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд Н- үйл ажиллагаагаа өөрөө хариуцаж ажилладаг. Анхныхаа гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн, жил бүр гэрээг сунгаж шинэчилдэг. Талуудын хооронд гэрээ хүчинтэй эсэх талаар маргаан үүсээгүй. М ХХК нь тус колонкод ажиллаж байгаа Э болон бусад ажилтантай нь ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй, Э нь Н-тай гэрээ байгуулан ажилладаг хүн юм. М ХХК-ийг тусгай зөвшөөрлийг түрээслэдэг гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүх иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б-д холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэнтий аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /2хх-ийн 03 хуудас/ байх бөгөөд мөн оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн прокурорын тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.1, 11.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хүндрүүлэн яллагдагчаар /2хх-ийн 05 хуудас/ татсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгах бөгөөд мөн хуулийн 31.3 дугаар зүйлийн 4-т зааснаар мөрдөгч тогтоолыг танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулах ёстой байтал огт мэдүүлэг аваагүй орхигдуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16-р зүйлийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.3-т зааснаар прокурор яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор уршгийн талаархи мэдээллийг бүрэн  тусгаагүй байна.

М ХХК нь иргэн Н-тай түрээсийн гэрээ байгуулсан нь Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн журамд нийцсэн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх ажиллагаануудыг хийх шаардлагатай, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-д холбогдох эрүүгийн хэргийг аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 2019 оны 4 дүгээр сарын 03-ны 75 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймаг дахь Прокурорын газарт буцаасугай. 

2. Хэргийг прокурорт очтол Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                            Б.ДЭНСМАА