Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзориг,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч П.Ч******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Ч*******т холбогдох эрүүгийн 2215000000150 дугаартай, 163/2022/0155/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш******* овогт П******* Ч*******, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд... оны ... дугаар сарын ....2-ны өдөр төрсөн, Булган аймгийн ..... багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, 41 настай, эрэгтэй, .....2.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Ч******* нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Д******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000150 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Ч******* нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутагт зохион байгуулагдсан “Хангинахын шугуй” шагайн тойрмын арга хэмжээний үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Д******* архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь уруулын доод талд 1 тооны няцарсан шарх, 32, 33-р шүдний хагас мултрал, цээж, баруун бугалганд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ч*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Г.Дийн өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутагт болох “Хангинахын шугуй” шагайн тойрмын арга хэмжээнд оролцохоор Булган аймгийн “Хөгжимт драмын” театрын тайз дэлгэц, тоног төхөөрөмж ачаад явсан. Тэгээд тухайн өдрөө нөгөө газартаа очиж ачаагаа буулгаад миндаа ирээд амарч байтал оройн 18 цагийн үед Хутаг-Өндөр сумын Уньт багийн иргэн зүс таних Ч******* гэх залуу орж ирээд надтай юм яриад сууж байгаад надаас архи нэхсэн. Тэгээд би тухайн үед Ч*******ыг чи надад архи авчирч өгөх юм биш үү гэж хэлсэн. Тэгсэн надад архи байхгүй гэсэн. Тэгэхээр нь би тийм бол чи надаас битгий архи нэхээд бай гээд минаасаа буулгах гэтэл хэрүүл хийгээд байсан. Тэгсэн тэнд байсан ганц нэг залуучууд чи явсан дээр байх гэж хэлээд Ч*******ыг минаас буулгасан. Тэгээд би миндаа байж байгаад 20-30 минутын дараа хоолонд орох гээд явж байтал замдаа Ч*******тай таараад нөгөө архины хэрүүл дахин гарсан. Тэгэхээр нь би Ч*******т чи битгий надтай олон юм яриад бай гэж хэлээд нүүр рүү нь түлхсэн чинь Ч******* намайг цохиж аваад хоёр мөрнөөс барьж доош дараад миний нүүр рүү өвдөглөсөн. Тэгтэл миний уруулын доод тал язарч мөн шүд хөдөлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

2. Гэрч Ш.М өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймаг Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутагт болох Хангинахуйн шугуй шагайн тойрмын арга хэмжээнд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх үед орой 18 цагийн үед хоёр хүн зодолдлоо гэсэн дуудлагад дэслэгч Батбаатарын хамт очсон. Тэгээд бид хоёр очоод зодооныг салгаад тэр 2 иргэний нэрийг нь асуухад Ч*******, Д гэж өөрсдийгөө хэлсэн. Тэгээд Д гэх хүний уруулын доод хэсэгт язарсан байсныг эмч дуудаад хүлээлгэн өгсөн. Харин Ч*******ыг түр саатуулсан. …Биднийг очиход 45-50 орчим насны хоёр иргэн хоорондоо зууралдан зогсож байсан. Тэгэхээр нь очиж салгасан. Ч******* Д******* цохиж байгааг бол хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

3. Гэрч Х.М өгсөн: Би тэр өдрийн зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд эмчээр ажиллаж байсан юм. 19 цагаас 20 цагийн хооронд арга хэмжээний тайз засалтыг хариуцаж байгаа мины жолооч гэх 45-50 орчим насны эрэгтэй хүн ирээд согтуу хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Ирэхдээ эрүү, уруул хоёрын голд язарсан шархтай харалдаа уруул дотор талдаа сэтэрч хоёр шүд хөдөлсөн байдалтай байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

4. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 438 дугаартай: Г.Дийн биед уруулын доод талд 1 тооны няцарсан шарх, 32, 33-р шүдний хагас мултрал, цээж, баруун бугалганд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд нэгэн зэрэг үүссэн байж болно. Няцарсан шарх болон 32, 33-р шүдний хагас мултрал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

5. Яллагдагчаар П.Ч*******ын өгсөн: Би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Хангинахуйн шугуй гэх шагайн тойром дээр болж байгаа арга хэмжээг үзэх гээд очсон юм. Тэгээд орой 18 цагийн үед Д гэх хүн дуудаж байна гэхээр нь Д******* очиж уулзаад хэсэг юм ярьж сууж байгаад би Д******* архи аваад өгчих гэж хэлэхэд “чи надад архи авч өгөх ёстой” гэж хэлсэн. Тэгээд маргаж байхад хүмүүс намайг чи явсан нь дээр гэхээр нь би байсан газраасаа явсан. Явж байгаад Дийн хэлсэн үгэнд шархлаад 1 шил архи авахаар гуанз орчхоод гараад ирсэн чинь гадаа Д ирчихсэн, над дээр хүрч ирээд “Чи архинд явсан, яасан их уддаг юм?” гэхээр нь уур хүрээд “чам шиг юм яахаараа намайг дуудуулдаг юм? хэн юм бэ?” гэж хэлээд 1 удаа гараараа нүүр лүү нь цохисон гэтэл цагдаа нар ирсэн. ...Тухайн үед архины маргаанаас болоод цохисон. Хохирогчид хохирлыг төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

6. Яллагдагч П.Ч*******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Дийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 438 дугаартай дүгнэлт, гэрч Ш.М, Х.М нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.Ч*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч П.Ч******* нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багт зохион байгуулагдсан “Хангинахын шугуй” шагайн тойрмын арга хэмжээний үеэр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хуучны танил Г.Даас архи нэхэж, архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь уруулын доод талд 1 тооны няцарсан шарх, 32, 33-р шүдний хагас мултрал, цээж, баруун бугалганд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүгдэгч П.Ч*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

 

Шүүгдэгч П.Ч*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч П.Ч******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Ч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухай:

Шүүгдэгч П.Ч*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Д нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол, саналгүй гэх ба шүүгдэгч П.Ч******* нь сайн дураараа хохирогчид 700,000 төгрөгийг төлсөн гэх тул шүүгдэгч П.Ч*******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Ч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч П.Ч*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Ч*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 41-48 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлгүй талаарх албан бичиг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн Засаг даргын тодорхойлолт, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Ч******* нь ээжийн хамт ам бүл хоёулаа Булган аймгийн ....... мал маллан амьдардаг, нэр дээр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Ч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4/70 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч П.Ч*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч П.Ч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Ч******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Г.Д нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш******* овогт П******* Ч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч П.Ч******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч П.Ч******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Г.Д нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭРЭЛ