Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзориг,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Л.Д******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Д*******д холбогдох эрүүгийн 2215001200158 дугаартай, 163/2022/0156/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О******* овогт Л******* Д*******, Булган аймгийн Булган суманд 1... оны ... дугаар сарын .-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн 4-412 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ган-Итгэлт бамбай” хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд

- Булган аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1989 оны 3 дугаар
сарын 29-ний өдрийн 5/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн
хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, хянан
харгалзсан,

- Булган аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн тэнсэн хянан харгалзах ялаас 6 сарыг нэмж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийг торгох ялаар,

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, 50 настай, эрэгтэй, .........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Д******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Ц******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 22150001200158 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.Д******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт С.Ц*******, Л.Д*******, М.Б, н.Х, н.Д нарын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж,  С.Ц*******ийг дандаа хүний авч өгсөн архи уудаг, юм үзээгүй, харамч гэх зэргээр түүнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь доод уруулд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д*******гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч С.Ц*******ийн өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ 11 цагийн орчимд гараад Дынд очсон. Дынд очиход Г, Х, Б, П /нэрийг нь мэдэхгүй байна/ нар 0.75 литрийн Хараа нэртэй 2 шил архи хувааж уугаад хоёр дахь архи нь дуусаагүй байсан. Тухайн үед Х, Б нар нэлээн согтуу тасарчихсан удалгүй унтаад өгсөн. Тэгээд би Дынхаас хүнтэй уулзах гээд гарч яваад уулзах хүнтэйгээ ч уулзаагүй 20 минутын дараа буцаад Дынд ороход Г, Х, Б нар байсан бөгөөд Б, Х нар сэрээгүй унтаж байсан. Тэгээд Д, П бид гурав дэлгүүрээс архи авах гээд гарч байтал Д******* нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архитай орж ирсэн бөгөөд Д, П бид нар дэлгүүр явахаа болиод Д таньдаг хүндээ 0.75 литрийн нэг шил Хараа нэртэй архи захиж авчруулсан юм. Тэгээд бид нар 2 шил архиа хувааж уугаад би нэлээн согтсон байсан. Тэгтэл гэнэт Д******* хөлөөрөө миний нүүрний хэсэг рүү өшиглөөд миний уруул амнаас цус гоожихоор нь тонгойгоод байж байтал дахиад миний уруул руу өшиглөхөд Д, Г хоёр салгасан санагдаж байна. Тухайн үед Г, Д, Д******* бид нар л байсан. Д******* нээх айхтар тасарч согтсон зүйл байгаагүй. Бид нарыг Дынд байхад сүүлд орж ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл бага хэрэглэсэн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дахь тал/,

2. Гэрч М.Б өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ гараад найз Дынд очих замдаа дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи авч очсон. Намайг Дынд очиход Х Д хоёр 0,75 литрийн нэрийг нь санахгүй байна тал архи тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд тэр архиа надад хийж өгч бид гурав хувааж ууж дуусгаад миний авсан архийг бас гурвуулаа хувааж уусан. Тэгээд байж байтал Д******* гаднаас орж ганцаараа ирсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор Д******* архи авчирсан болон бид нар хамт архи ууснаа санахгүй байна. Би удалгүй ганцаараа Дынхаас гараад дүүгийндээ очиж унтаж амарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

3. Булган аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт: С.Ц*******ийн биед доод уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

4. Яллагдагч Л.Д*******гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэрийн 114 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Ц*******ийн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт, гэрч М.Б мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Л.Д*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Л.Д******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан С.Ц*******ийг архи авч өгсөнгүй, дандаа хүний архийг уудаг гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь доод уруулд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Д*******гийн гэм буруутай үйлдэл, хохирогч С.Ц*******ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

 

Шүүгдэгч Л.Д******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Л.Д******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Л.Д*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч С.Ц******* нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.Д*******г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Д*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Л.Д*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 33-65 дахь талд авагдсан Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх албан бичиг, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.Д******* нь ам бүл 2, ээжийн хамт ...............тоотод оршин суудаг, Г................ ажилтай, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан, нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4/76 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Л.Д*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Л.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Д******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч С.Ц******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О******* овогт Л******* Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Д******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Л.Д******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭРЭЛ