Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзориг,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******д холбогдох эрүүгийн 2215000180129 дугаартай, 163/2022/0152/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т******* овогт Б******* Б*******, Булган аймгийн С суманд 1965 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын ........тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, ач, зээ нарын хамт амьдардаг, 57 настай, эрэгтэй, урьд Булган аймгийн 3 дугаар Шүүхийн 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ......

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын Цагаан хуст” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 9.58 м3 нойтон шинэс төрлийн модыг хууль бусаар бэлтгэж байгаль экологид 4,616,339 төгрөгийн шууд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000180129 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын Цагаан хуст” гэх газрын ойгоос цахилгаан хөрөө ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр буюу мод бэлтгэх эрхийн бичигт заасан хэсэглэл, ялгарлаас өөр газарт огтлолтын төрөл, зориулалт зөрчиж 9.58 м3 нойтон шинэс төрлийн модыг хууль бусаар бэлтгэж байгаль экологид 4,616,339 төгрөгийн шууд, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу заасны дагуу 3 дахин өсгөсөн үнэлгээгээр нийт 13,849,017 төгрөгийн шууд бус хохирол учруулсан байна.

 

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Заасан газар руу нь яваагүй, өөр ам руу машин орсон зам байхаар нь тэр замаар нь явж очоод модоо бэлтгэсэн юм гэх мэдүүлэг,

 

  1. Үзлэг явуулж байгаа газар нь Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт орших бөгөөд Хангал сумын Хялганат тосгоноос 60 километр зайд байх “Хандгайтын даваа” гэх газар байв. Уг газарт үл хөдлөх цэг авах боломжгүй байсан тул Garmin etrix маркийн орон зайн байршил тогтоогч багаж ашиглав. Үзлэг хийж байгаа газар нь эргэн тойрондоо шинэсэн ойгоор бүрхэгдсэн ойн сан бүхий уулын орой газар байх бөгөөд тухайн орчинд мод бэлтгэлийн үйл ажиллагааны улмаас тайрагдсан “Шинэс” модны тайрдас, модны үзүүр, мөчирний хугархайг газарт хөглөрүүлэн хаясан байв. “Бэлсэг” ХХК-д мод бэлтгэж өгсөн гэх талбайг тус компанид мод бэлтгэж өгч байгаа гэх Б******* Б******* /......./-аар заалгуулан тайрч унагасан моднуудад үзлэг явуулж, тайрагдсан хожуулуудыг шар өнгийн будгаар дугаарлаж тэмдэглэн байршлыг тодорхойлов...” гэсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10 дахь тал/

 

  1. ........дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг / хавтаст хэргийн 52 дахь тал/
  2. Гэрч С.С “...Би өмнө нь Б******* ахыг мод бэлтгэх ажил хийлгэж байсан юм. Тэгээд би хэд хоногийн өмнөөс Б******* ахтай яриад модонд явуулна шүү гэж хэлж байсан ба өчигдөр би Б******* ахыг модонд яваад өг гэж хэлээд эхнэр С нэр дээр байдаг.....улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй Хандгайт гэх газар руу явуулсан юм. Б******* ах хэнтэй явсан талаар би мэдээгүй юм... Б******* нь манай байгууллагад өмнө нь мод бэлтгэж өгдөг байхдаа манай байгууллагын тусгаарласан газар, талбайд очиж мод бэлтгэж байсан юм. Б******* ахыг байнга биш хааяа жолооч, хөрөөчин олдохгүй байхаар нь гуйж явуулдаг байсан юм... Би урьд өмнө Б.Б******* ахад Булган аймгийн Хангал сумын Хандгайтын ам гэх газарт талбайн тусгаарлалт хийгдсэн талбайн захын цэгүүдийг зааж өгч байсан юм. Тухайн үед Б.Б******* ахтай манай компанийн уулын мастер, ойн инженер болон бусад ажилчин хамт явуулсан зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг/ хавтаст хэргийн 56, 137 дахь тал

 

  1. Гэрч Г.О “...Хандгайтын даваа гэх газрын ямар ам руу орж мод бэлтгэснийг би мэдэхгүй байна. Б******* тээврийн хэрэгслээ жолоодоод шууд мод бэлтгэх газраа очсон. Шинэс төрлийн босоо нойтон мод бэлтгэж, тайрсан. Н модонд метр тавьж өгөөд бид гурав гурвуулаа ачсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 59 дэх тал/

 

  1. Гэрч Н.Н “...Би гэртээ байж байхад Б******* ах манай гэрт ирээд “Бэлсэг” гэх компани модонд яваад өгөх гэсэн юм ах нь гоожингоо авсан чи надтай хамт яваад өгөөч гэхээр нь гэрт амарч байсан болохоор хамт явахаар болсон юм. Тэгээд замаараа О гэх хүнийг аваад бид нар тухайн Бэлсэг компанийн ЗИЛ- 131 маркийн тээврийн хэрэгсэлтэй мод бэлтгэх ажилд явсан юм. Тухайн газрын нэрийг мэдэхгүй байна. Жолооч Б******* ах л тухайн газар руу явсан юм. Тэгээд тухайн газарт мод бэлтгэж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн юм. Би тухайн газарт унагасан модыг л ачиж өгсөн. Харин Б******* нь хөрөөдөн унагаж байсан юм. Босоо бүдүүн нойтон моднуудыг хөрөөдөн унагаж байсан юм...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 62-63 дахь тал/

 

  1. Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №1/14 дугаартай “...Тухайн мод бэлтгэсэн газар нь Булган аймгийн Хангал сумын Хандгайт гэх газар буюу ойн сангийн 87-р хэсэглэлийн 20-р ялгарал байх бөгөөд Улсын тусгай хамгаалалттай болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагт хамаарахгүй. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн хашаанд битүүмжилсэн 31 ширхэг модыг нарийвчлан хэмжиж нөөцийг тодорхойлон хохирлыг тогтоов. Эзэлхүүн, шоо метр-9.58, 1 шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ, төгрөг-267.707, Итгэлцүүр-Хэрэглээний бөөрөнхий мод гуалин-1.8, Үнэлгээ, өртөг-4.616.339 төгрөг. Бэлтгэсэн мод, модон материал нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн нойтон шинэс мод болно...” гэсэн дүгнэлт/ хавтаст хэргийн 73-76 дахь тал/

 

  1. Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №02/03 дугаартай “...Шинэхэн огтолсон нойтон мод болно. Модны чийгшлийг лабораторийн нөхцөлд зохих аргазүйн дагуу тодорхойлоход үнэмлэхүй хуурай чийгийн эзлэх хувь холтос 57.5%, модлог 86.9% ба уг мод нь 72.2% хувийн чийгтэй болно...” гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 85 дахь тал/,

 

  1. Иргэний нэхэмжлэгч П.Э “...Бэлсэг ХХК-ний мод бэлтгэсэн газар болох Булган аймгийн Хангал сумын Хандгайтын Даваа гэх газар нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан буюу талбайн тусгаарлалт хийгдсэн Хандгайтын эх газар өөр хоорондоо газрын нэр болон байршлын хувьд ямар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа газар нь тухайн компанийн талбайн тусгаарлалт хийгдсэн талбайгаас 2 км орчим зайтай байгаа. Ер нь тухайн компанийн тусгаарлалт хийгдсэн талбайн доод том амыг тэр чигт нь Хандгайтын ам гэж нэрлэдэг...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 132 дахь тал/

 

  1. Иргэний нэхэмжлэгч О.С “..........улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг юм. Тухайн тээврийн хэрэгсэл Б.Б*******ын гэрийн хашаанд байсан. Тухайн өдөр юунд явсан талаар нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн  206-207 дахь тал/

 

  1. Яллагдагч Б.Б*******ын “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүхий л зүйлээ хэлсэн байгаа. Бүх зүйлийг дэлгэрэнгүй мэдүүлэгтээ тусгасан байгаа тул дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй байх хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би тухайн үед надад мод бэлтгэх газраа яг тодорхой зааж хэлж өгсөн боловч тэр газраа иргэд олоогүй тул машины мөр орсон газар руу ороод өөрөө дураараа модоо сонгоод мод бэлтгэх үйл ажиллагааг явуулсан асуудал байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 196 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1 ширхэг цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.С, Г.О, Н.Н нарын өгсөн мэдүүлэг, “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын Хууль бус ой ашиглалттай тэмцэх шуурхай ажиллагааны тасгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №1/14 дугаартай дүгнэлт, “Ботаникийн цэцэрлэгт хүрэ Ойн фитоценологийн лабораторийн эрдэм шинжилгээний шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №02/03 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө зэргийг харьцуулан судалснаар эрх бүхий байгууллагаас 2021 оны 12 дугаар сарын 22ы өдрөөс 30-ны өдрийн хооронд Хандгай ам гэх газраас 15м3 шинэс төрлийн модонд цэвэрлэгээний огтлолт хийх зөвшөөрлийг мод бэлтгэх 21-076200 дугаартай эрхийн бичгээр “Бэлсэг” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосон боловч тухайн өдөр мод бэлтгэх ажлыг хариуцан ажиллахаар болсон Б.Б******* нь Бэлсэг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал С.С зааж өгснөөс өөр газарт хувийн эрх ашгийн үүднээс газрыг дөтөлж, “Хандгайтын Цагаан хуст” гэх газраас шинэс төрлийн ургаа мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б******* нь эрх бүхий байгууллагаас олгосон эрхийн бичигт заасан хэсэглэл, ялгарлаас өөр газарт огтлолтын төрөл, зориулалт зөрчиж 9.58 м3 шинэс төрлийн нойтон мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******ыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын Цагаан хуст” гэх газрын ойгоос эрх бүхий байгууллагаас олгосон эрхийн бичигт заасан хэсэглэл, ялгарлаас өөр газарт огтлолтын төрөл, зориулалт зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр 9.58 м3 нойтон шинэс төрлийн модыг хууль бусаар бэлтгэж байгаль экологид 4,616,339 төгрөгийн шууд, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 13,849,017 төгрөгийн шууд бус хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Б.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 4,616,339 төгрөгийн шууд хохирол учирсан нь “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын Хууль бус ой ашиглалттай тэмцэх шуурхай ажиллагааны тасгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 13,849,017 төгрөгийн /хавтаст хэргийн 73-76 дахь тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг шүүгдэгч Б.Б******* нь мод, модон материалаар төлж барагдуулсан талаар Булган аймгийн Хангал сумын Засаг дарга М.Т 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 01/202 дугаартай албан бичиг, иргэний нэхэмжлэгч Булган аймгийн Хангал байгаль хамгаалагч П.Э тодорхойлолтыг тус тус шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүйд тооцов.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар хуульчилсан байх тул Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газарт мод, модон материалаар төлсөн гэх 13,849,017 /арван гурван сая найман зуун дөчин есөн мянга арван долоо/ төгрөгийг Хангал сумын засаг даргын тамгын газраас гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б*******ын ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 223, 227, 229-230 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн Шүүхийн 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгсэлгүй гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь ам бүл 5, эхнэр ач, зээ нарын хамтаар Булган аймгийн Хангал сумын ......амьдардаг, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, нэр дээр тээврийн хэрэгсэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцаас торгох ялыг сонгож, шүүгдэгч Б.Б*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 97-31 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар иргэн О.С нэр дээр бүртгэлтэй /хавтаст хэргийн 206-207 дахь тал/ болох нь тогтоогдож байна.

Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .......улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч О.Сувдмаад үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б*******аас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 31 ширхэг буюу 9.58 м3 хэмжээтэй нойтон шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т******* овогт Б******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б******* нь төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б*******ын Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газарт төлсөн /мод, модон материал/ байгаль экологид учруулсан нийт хохирол 13,849,017 /арван гурван сая найман зуун дөчин есөн мянга арван долоо/ төгрөгийг Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 8,000,000 /найман сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 97-31 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч О.Сувдмаад буцаан олгож, үнийг шүүгдэгч Б.Б*******аас албадан гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 31 ширхэг буюу 9.58 м3 нойтон шинэс төрлийн модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90,000 /ерэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ