Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзориг,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч С.Б******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б*******д холбогдох эрүүгийн 2215000000154 дуга*******ай, 163/2022/0160/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С******* овогт С******* Б*******, Булган аймгийн Гурванбулаг суманд ... оны ..... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, Булган аймгийн Г......т оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, ..... ... мэргэжилтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын м...ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар.....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн Баруун хороо гэх газ******* хохирогч Н.М******* руу сандаал авч шидсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000154 дуга*******ай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн Баруун хороо гэх газ******* дүү С.М******* гэрт бэр Н.М*******тай хэрүүл маргаан хийсний улмаас түүн рүү сандаал авч шидэх, өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, уруулд шархны үлдэц сорви, нуруу, дээд, доод мөчдөд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б*******гийн өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр миний бие гэртээ байж байхад төрсөн дүү М******* утсаар ярьсан. Тэгээд эхнэр М******* намайг загнаад байна, та яагаад М*******ыг архи уусан гэж Эрдэнэчулуунд муулаад байгаа юм бэ? гэхэд нь би юу яриад байгаа юм бэ?, очиж уулзъя гээд гэр лүү нь явсан. Тэгээд М******* уурлаад над руу дайрахаар нь би чи ч бас архи ууж, наргиж цэнгэх чинь нэгээр дуусахгүй гээд, чи эрүүл юм уу гээд хэлэхэд М******* маш их уурлаж над руу нүүрний тос, тавчик, углааш шидсэн. Би углаашийг нь аваад эргүүлээд шидтэл М*******ын уруулыг оносон. Би нуруу, хөл рүү нь өшиглөж цохиогүй гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Н.М*******ын өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэртээ би нөхөртэйгөө цай уугаад сууж байхдаа нөхөртөө хандан чи Болор эгчид хэлээч намайг дандаа муулж, хамт олныг минь доромжилж байх юм гэхэд манай нөхөр утсаа аваад эгч рүүгээ залгаад та одоо юу яриад байгаа юм, танд ямар хамааралтай юм гэж хэлэхэд Болор эгч наад цагаач чинь согтуу байсан, над дээр дагуулаад ир гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь би гэрт очих санаатай нүүрээ будаад сууж байтал Болор эгч манай нөхөртэй хамт гаднаас орж ирсэн. Тэгээд танай эхнэр согтуу байна, өчигдөр архи уусан. Энэ цаг уурынхан байнгын согтуу байдаг гэж хэлсэн. Тэгээд намайг янхан, гичий гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад над руу дайрсан. Бид хоёр зууралдаж байгаад нөхөр намайг хориглоод би хөл алдаад нөхөртэйгөө унасан. Тэгтэл миний нуруу руу өшиглөөд би ёо ёо гэж хэлсэн. Би тухай үед нөхрийгөө намайг тавиач гэхэд чи Болор эгчтэй ноцолдож яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн миний сандаалыг аваад толгой хэсэг рүү цохисон. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

2. Гэрч С.М******* өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэртээ эхнэртэйгээ цайгаа уугаад сууж байхад эхнэр чи Болор эгчид Э хэлсэн зүйлийг хэлсэн үү гэхээр нь би хариуд нь та нарын дунд хов зөөдөг хүн бий юу өөрөө хэл гэхэд М******* залгаадах гэхээр нь би Болор эгч рүү залгаад та Эрдэнэчулуунд юу яриад байгаа юм гэхэд би юу ярьсан юм гэж хэлэхээр нь та М*******ыг архи уудаг гээд хэлсэн байна лээ гэхэд 2 муу цагаач юу яриад байгаа юм очиж учраа олно гээд манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд М*******тай хэрэлдэж байгаад М******* Болор эгч рүү нүүрний тосны сав аваад шидсэн ч оноогүй. Ахиад нэг юм аваад шидсэн тэр нь мөн адил оноогүй. Тэгсэн Болор эгч савыг нь авч шидээд тэр нь М*******ын уруул дээр оноод цус гарсан. Тэгээд би М*******ыг хориглоод байж байтал Болор эгч хар сандаал аваад М*******ын нуруу, бөгс хэсэг рүү 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

3. Гэрч Н.Д өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 25-ний өдөр 12 цагийн үед ажил дээрээ байж байхад гаднаас манай ажилтан М******* хөл нүцгэн дээд уруул нь хавдаад амнаас цус гараад эрүү рүүгээ урсчихсан байдалтай уйлаад айчихсан орж ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

4. Гэрч Д.Э өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Энхтайван ахын гэрт байж байхад Болор эгч тариа хийлгэнэ гэж ирсэн ба тэр хоёр хоорондоо М******* цаг уурынхантай шороо зөөнгөө архи ууж байна. Манай дүүг архичин болгочих вий дээ гэж ярилцаж байхыг нь би сонсоод М*******, М******* н******* хэлсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7892 дуга*******ай: Н.М*******ын биед тархи доргилт, уруулд шархны үлдэц сорви, нуруу, дээд доод мөчдөд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

6. Яллагдагч С.Б*******гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирол төлбөр төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэрийн 78-79 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.М*******, гэрч С.М*******, Н.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7892 дуга*******ай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Б*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн Баруун хороо гэх газ******* төрсөн дүү С.М******* гэрт бэр Н.М*******тай хэрүүл маргаан хийсний улмаас түүн рүү сандаал авч шидэж эрүүл мэндэд нь тархи доргилт, уруулд шархны үлдэц сорви, нуруу, дээд доод мөчдөд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүгдэгч С.Б*******гийн гэм буруутай үйлдэл, хохирогч Н.М*******ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

 

Шүүгдэгч С.Б******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч С.Б******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухай:

Шүүгдэгч С.Б******* нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогч Н.М*******ад 441.000 /дөрвөн зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч Н.М******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Б*******г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Б******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч С.Б*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 58-61 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Б******* нь ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын ....... урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 4/69 дуга*******ай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч С.Б*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч С.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, … биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хадгалж, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Н.М******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдаж шийдвэрлэв.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С******* овогт С******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газ******* анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч С.Б******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Н.М******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хадгалсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭРЭЛ