| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2022/0161/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/164 |
| Огноо | 2022-06-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзориг,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Г.Мэргэнбаатар нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Мэргэнбаатарт холбогдох эрүүгийн 2215000770155 дугаартай, 163/2022/0161/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Бичээч овогт Гарновын Мэргэнбаатар, Булган аймгийн Сэлэнгэ суманд .. оны ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, Булган аймгийн ......3 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, Булган аймгийн ....... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 50 настай, эрэгтэй, Р......
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Мэргэнбаатар нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын газрын даамлаар ажиллаж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын эрх шилжүүлэх тухай захирамж гараагүй байхад Булган аймгийн Сэлэнгэ сумын Шаншны ар гэх газарт 57 га газрыг үр тарианы зориулалтаар Эрээн бухт хязгаарлагдмал хувьцаат компанид эзэмшүүлэхээр 000306975 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон Эрээн бухт хязгаарлагдмал хувьцаат компанид давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мэргэнбаатарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000770155 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Хохирогч С.Цэрэнсоном нь 2018 оны 05 дугаар сард өөрийн эзэмшлийн Булган аймгийн Сэлэнгэ сумын Шаншны ар гэх газарт байх 57 га газрын эзэмших эрхээ Эрээн бухт хязгаарлагдмал хувьцаат компанид 28,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож сумын Засаг дарга дээр “Эрээн бухт” хязгаарлагдмал хувьцаат компанийн төлөөлөгч, газрын даамал Мэргэнбаатар нарын хамт ороход засаг дарга Ш.Насандулам нь С.Цэрэнсономыг тухайн газрыг аваад удаагүй, газар дээрээ юм хийгээгүй байж ийм дураараа бусдад шилжүүлж болохгүй гэх шалтгаанаар эрх шилжүүлэх засаг даргын захирамж гаргахаас татгалзсан байна. Булган аймгийн Сэлэнгэ сумын газрын даамал ажилтай Г.Мэргэнбаатар нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын эрх шилжүүлэх тухай захирамж гараагүй байхад иргэн С.Цэрэнсономын эзэмшлийн Булган аймгийн Сэлэнгэ сумын Шаншны ар гэх газарт 57 га газрыг үр тарианы зориулалтаар “Эрээн бухт” хязгаарлагдмал хувьцаат компанид эзэмшүүлэхээр 000306975 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон “Эрээн бухт” хязгаарлагдмал хувьцаат компанид 8 сарын хугацаанд давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мэргэнбаатарын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч С.Цэрэнсономын өгсөн: 2018 оны 05 дугаар сард би өөрийн эзэмшилд байсан газраа шилжүүлэх гээд хүсэлт гаргасан боловч сумын Засаг дарга хүсэлтийг маань хүлээж авсан талаар мэдэхгүй байна. Засаг дарга захирамж гарлаа, та ирж бичиг баримтаа шилжүүл гэх асуудал яригдаагүй байхад газар шилжигдсэн байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 156 дахь тал/,
2. Гэрч Б.Санжаагийн өгсөн: 2018 оны 05 дугаар сард Цэрэнсоном гэх хүнтэй уулзаад 28 сая төгрөгөөр тэр газрыг худалдаж авахаар тохиролцоод, сумын Засаг дарга Насандулам дээр орсон. Тэрээр Цэрэнсоном оо, чи наад газраа аваад удаагүй байгаа, наад газар дээрээ юм хийгээгүй байж ийм дураараа бусдад шилжүүлж болохгүй гээд хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь газраа бол манай компани авдгаараа авна, та захирамжаа гаргуулж чадаагүй юм чинь 25 сая төгрөгөө буцааж авъя гээд 25,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Мэргэнбаатар 000306975 дугаартай газар эзэмших гэрчилгээг гаргах үед сумын Засаг даргын захирамж гарсан эсэхийг мэдэхгүй байна. Мөн 25,000,000 төгрөгийг буцаан авснаас хойш “Эрээн бухт” хязгаарлагдмал хувьцаат компани, Галсанням нь Цэрэнсономд хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Мэргэнбаатар миний утас руу залгаад газартай холбоотой бичиг баримт хаана байна, хаана байгаа талаар мэдэх үү гэж асууж байсан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-38 дахь тал/,
3. Гэрч Н.Даваадоржийн өгсөн: 2021 оны 04 дүгээр сард Батдорж захирал над руу залгаад Эрээн бухт хязгаарлагдмал хувьцаат компани нэр дээр байгаа гурван газрыг яаралтай Өрмөгтэй хязгаарлагдмал хувьцаат компанид шилжүүлэх хэрэгтэй байна. Мэргэнбаатар гэх газрын даамалтай очиж уулз гэж хэлсэн. Тэр 57 га газар нь Эрээн бухт хязгаарлагдмал хувьцаат компанийн эзэмшилд байж байгаад Өрмөгтэй хязгаарлагдмал хувьцаат компани руу шилжсэн байх. Би 6302001551 дугаартай хувийн хэргийг аваагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
4. Гэрч Ш.Насандуламын өгсөн: 2018 оны 05 дугаар сард Мэргэнбаатар нь Галсанням, Батдорж нарын удирдлагад ажилладаг Санжаа гэх залуу Цэрэнсономын тариалангийн зориулалтаар ашигладаг дээрх 57 га газрыг шилжүүлэн авъя гэсэн захирамж төлөвлөөд орж ирэхээр нь би захирамж гаргахгүй гээд гаргасан. Мэргэнбаатарын хуурамч бичиг баримт үйлдсэн эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
5. Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор газар тариалангийн газрын суурь үнэлгээг тогтоосон байдаг. Тус 6302001551 нэгж талбарын газар Хөдөө аж ахуйн тойргийн Х-6 дугаарт байрших Орхон туулын савын бэсрэг уулсын ойт хээрийн тойрогт хамаарагдана. Тариалангийн газрын 1 га газрын суурь үнэлгээ нь 4,970,000 төгрөг ба 57 га газрын хэмжээгээр тооцон үзэхэд 283,290,000 төгрөгийн суурь үнэлгээтэй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
6. Булган аймгийн Сэлэнгэ сумын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/82 дугаартай: Сумын дасаг даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 гэсэн дугаартай захирамж гараагүй, 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаартай захирамж гарсан нь үнэн болно гэх албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал/,
7. Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаартай захирамжийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал/,
8. Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай Г.Мэргэнбаатарыг газар зохион байгуулагч, газар тариалангийн бодлого хариуцсан түшмэлээр томилсон захирамж /1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал/,
9. Яллагдагч Г.Мэргэнбаатарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /2 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Цэрэнсоном, гэрч Н.Даваадорж, Ш.Насандулам, Б.Санжаа нарын мэдүүлэг, Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Мэргэнбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Мэргэнбаатар нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын газрын даамлаар ажиллаж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын эрх шилжүүлэх тухай захирамж гараагүй байхад иргэн С.Цэрэнсономын эзэмшлийн Булган аймгийн Сэлэнгэ сумын Шаншны ар гэх газрын 57 га газрыг үр тарианы зориулалтаар Эрээн бухт хязгаарлагдмал хувьцаат компанид эзэмшүүлэхээр 000306975 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон Эрээн бухт хязгаарлагдмал хувьцаат компанид давуу байдал бий болгож бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон нь нотлогдож тогтоогдлоо.
“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хамаарна гэж заасан ба Булган аймгийн Сэлэнгэ сумын газрын даамал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.
Шүүгдэгч Г.Мэргэнбаатар бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авлигын гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Г.Мэргэнбаатар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Мэргэнбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Г.Мэргэнбаатарыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай:
Шүүгдэгчийн үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хохирогч С.Цэрэнсоном нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Мэргэнбаатарыг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Мэргэнбаатарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Мэргэнбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
1 дүгээр хавтаст хэргийн 134, 153-154 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Мэргэнбаатар нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Шаншийн 3-303 тоотод оршин суудаг бөгөөд тус сумын газрын даамал ажилтай, нэр дээр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5-р баг Ингэт 2 дугаар гудамж, 02 тоотод хувийн сууцтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Мэргэнбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 4/68 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Мэргэнбаатарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Мэргэнбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авах түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Мэргэнбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мэргэнбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч Г.Мэргэнбаатар нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бичээч овогт Гарновын Мэргэнбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Мэргэнбаатарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Мэргэнбаатарт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Мэргэнбаатар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мэргэнбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Г.Мэргэнбаатар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ