| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2022/0162/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/166 |
| Огноо | 2022-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзориг,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Д.Давааням нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Даваанямд холбогдох эрүүгийн 2215000000151 дугаартай, 163/2022/0162/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дэнсмаагийн Давааням, Дорноговь аймгийн Луус суманд , оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, Булган аймгийн Баяннуур сумын .... оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, зургаан хүүхдийн хамт амьдардаг, 38 настай, эрэгтэй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил, 10 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, .....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Давааням нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутагт өөрийн эхнэр Ж.Бат-Эрдэнийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Даваанямын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000151 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Давааням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутагт өөрийн гэртээ эхнэр Ж.Бат-Эрдэнийг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэн агсам тавьж, хөл рүү нь өшиглөх, толгой, нүүр рүү нь цохих зэргээр биед нь халдан зодож, тархи доргилт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Даваанямын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Ж.Бат-Эрдэнийн өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр Давааням гаднаас орж ирэхдээ эрүүл орж ирсэн. Гэрээс гарч яваад 2 цаг орчмын дараа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд шагай харвааныхан намайг асууж ирсэн үү гэхэд нь би асуугаагүй, хэн ч ирээгүй гэж хэлсэн. Даваанямд хоол хийж өгөхөд хоолоо идэхгүй унтчихсан. Удалгүй намайг гэрт ороход над руу агсам тавиад зодох гээд дайраад байсан. Энэ үед манай хүүхдүүд болох Анх-Эрдэнэ, Итгэл, Очир нар нь түүнээс айгаад гэрээс гарч явсан. Даваанямыг надад агсам тавиад зодох гээд дайраад байхаар нь би гэрээсээ гарах гэтэл намайг “чи хаашаа явах гээд байгаа юм бэ, цагдаа дээрээ очих нь уу, ямар юмтайгаа уулзах гээд байгаа юм” гээд над руу дайрахаар нь би зугтсан чинь миний араас гудамжинд гарч ирээд миний зүүн хөл рүү 3 удаа өшиглөж, толгойны ар дагз, зүүн шанаа, нүүр рүү цохисон. Намайг өшиглөхөөр нь би гараараа хаасан чинь миний зүүн гарын ядам хурууг давхар өшиглөсөн. Тэгэхээр нь би дахиж зугтаагаад хүнтэй газар руу зугтаасан. Тэгсэн чинь араас ирэлгүй амандаа би чамайг яаж алахыг харах уу гээд байсан. Зугтаад урд гудамжинд очиж төрсөн дүү Отгонбулган руу утсаар залгаж Давааням намайг зодоод байна, ирээд аваач гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-13 дахь тал/,
2. Гэрч Д.Отгонбулганы өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт 1 дүгээр багт байрлах гэртээ байж байтал миний төрсөн эгч Бат-Эрдэнэ нь утсаар залгаад Давааням зодож, нүдээд байна, би худгийн хажууд зогсож байна, ирээд ав гэж хэлсэн. Би машингүй байсан учраас очиж авч чадаагүй. Орой 17 цаг өнгөрч байхад Бат-Эрдэнэ эгч уйлчихсан, зүүн хөл нь доголчихсон, бие нь өвдсөн байдалтай зовиуртай ирсэн. Эгчээс юу болсон талаар асуухад Давааням намайг бусадтай хардаж агсраад зодох гээд дайрсан, зугтахад араас нь хөөж гудамжинд гарч ирээд зүүн хөл рүү нь 3 удаа өшиглөсөн, зүүн талын шанаа хэсэгт 1 удаа гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Бат-Эрдэнэ эгч зүүн хөлийн өмдөө дээшлүүлээд надад харуулахад зүүн хөл нь гуяны ар хэсэгтээ атгасан гар шиг хэмжээтэй хөхөрч, зүүн хөлийн өвдөг, шилбэ хэсэгт зулгарсан, зүүн гарын ядам хуруу нь улайсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
3. Гэрч Ч.Амаржаргалын өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Давааням нь Бат-Эрдэнийг гудамжинд зодсон талаар Бат-Эрдэнээс өөрөөс нь сонссон. Тэр өдөр болсон зүйлийг нүдээр хараагүй учраас хэлж мэдэхгүй байна. Бат-Эрдэнэ надад хэлэхдээ Давааням агсам согтуу тавиад зодоод хэцүү байна, салмаар байх юм, яв гэхээр явахгүй, ах дүү нар нь тоохгүй юм гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7553 дугаартай дүгнэлтэд: Ж.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
5. Шүүгдэгч Д.Даваанямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: Би прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,
6. Шүүгдэгч Д.Даваанямын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 97 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.Бат-Эрдэнэ, гэрч Д.Отгонбулган, Ч.Амаржаргал нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Даваанямын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Д.Давааням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутагт өөрийн гэртээ эхнэр Ж.Бат-Эрдэнийг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэн агсам тавьж, хөл рүү нь өшиглөх, толгой, нүүр рүү нь цохих зэргээр биед нь халдан зодож, тархи доргилт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Даваанямын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч Д.Даваанямын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Д.Давааням нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Даваанямын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ж.Бат-Эрдэнээс иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Даваанямыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Даваанямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.Даваанямын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Даваанямд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 48, 49-54, 67-81 дэх талд авагдсан Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, зөрчил шалган шийдвэрлэлтийн лавлагаа, хэсгийн төлөөлөгчийн судалгаа, архи согтууруулах ундааны хамааралтай хүний судалгаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Давааням нь Булган аймгийн Баяннуур сумын............ ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Давааням нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4/73 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Даваанямын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Даваанямд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Давааням нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ж.Бат-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дэнсмаагийн Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваанямыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Давааням нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Даваанямд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Давааням нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, хохирогч Ж.Бат-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ