Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч П.Гансүх нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Гансүхэд холбогдох эрүүгийн 2215000000145 дугаартай, 163/2022/0167/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Борхууд овогт Пүрэвдоржийн Гансүх, Булган аймгийн Булган суманд ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, Булган аймгийн Бүрэгхангай сумын 2. оршин суух бүртгэл...тэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, урьд 1989-2003 онуудад 6 удаагийн ял шийтгэлтэй ......

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Гансүх нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Манлайгаас архи нэхэж түүний толгойн тус газарт нь цохиж тархи доргилт, хуйханд нэг тооны зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000145 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Гансүх нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Солонго” хүнсний дэлгүүрийн гадна тааралдсан Б.Манлайгаас архи нэхэж, түүнийг архи авч өгөхгүй, цагдаа дуудна шүү гэхэд нь толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд нэг тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Гансүхийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Б.Манлайн өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Солонго” гэх дэлгүүрээс тамхи аваад гарч ирэхэд Гансүх гэдэг хүн надаас архи нэхээд байсан. Би Гансүх гэдэг хүнийг би чамд яахаараа архи авч өгдөг юм бэ? цагдаад өгнө шүү гэхэд миний толгой руу цохиж хагалсан. Би архи, согтууруулах зүйл хэрэглээгүй байсан. Гансүх харин нэлээд согтуу байсан. Бид нар ерөөсөө цохиж зодоогүй, Гансүхээс чулууг авах гэж оролдсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

2. Гэрч Ч.Баярсайханы өгсөн: Манлайгаас архи нэхээд байсан. Манлайг жолоочийн хажуугийн суудал дээр сууж байхад тэр танихгүй хүн толгой руу нь чулуугаар цохиод авсан. Тэгээд бид нар машинаа хөдөлгөөд явах гэтэл машины цонх руу чулуу шидэх гээд байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

3. Гэрч А.Дэнсмаагийн өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 14-ний 15 цагийн орчим Бүрэгхангай сумын 4-р дугаар багт “Солонго” дэлгүүрийн урд 2-3 залуучууд Гансүхийг зодож байснаа машиндаа хүчээр суулгах гээд байхаар нь наадах хүнээ яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь үлдээгээд явсан. Би хаана яаж цохисныг нь хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

4. Гэрч Д.Хэрлэнгийн өгсөн: 2022 оны 05 дүгээр сарын 14-ний 15 цагийн орчим Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Солонго” гэх дэлгүүрийн гадна Манлайг дэлгүүрээс гарч машинд суух гэж байхад Гансүх гэж хүн архи авч өг гээд дагаад ирсэн. Манлай би яахаараа чамд архи авч өгдөг юм бэ? гэхэд Гансүх машин уначихаад архины мөнгө байхгүй гар уу чи? гээд байсан. Тэгэхэд Манлай чамайг цагдаа дуудаж өглөө шүү гэхэд “дуудчих пизда минь” гэж хэлээд толгойны ар хэсэг рүү нь цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 406 дугаартай дүгнэлт: Б.Манлайн биед тархи доргилт, хуйханд нэг тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, тархи доргилт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

6. Зөрчлийн холбогдогч Б.Манлайг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0032348 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 68 дахь тал/,

 

7. Шүүгдэгч П.Гансүхийн яллагдагчаар өгсөн ... 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын 4-р багийн нутаг дэвсгэр Солонго дэлгүүрийн гадаа би Манлай гэх хүнтэй маргалдаж, толгойг нь чулуугаар цохисон санагдаж байна. Дараа нь тухай эрэгтэйтэй хамт явж байсан хүмүүс намайг цохиж гэмтээсэн. Тухайн үед би нутгийн хэдэн залуутай цуг архи уучихсан халамцуу байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/

8. Яллагдагч П.Гансүхийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэрийн 73 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Манлай, гэрч Ч.Баярсайхан, А.Дэнсмаа, Д.Хэрлэн нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 406 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.Гансүхийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч П.Гансүх нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Солонго” хүнсний дэлгүүрийн гадна тааралдсан Б.Манлайгаас архи нэхэж, түүнийг архи авч өгөхгүй, цагдаа дуудна шүү гэхэд нь толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд нэг тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүгдэгч П.Гансүхийн гэм буруутай үйлдэл, хохирогч Б.Манлайн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

 

Шүүгдэгч П.Гансүхийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч П.Гансүх нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгчийн хүмүүжил, зан төлөвшил, мэргэжилгүй зэрэг нөхцөл байдлууд нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.

Шүүгдэгч П.Гансүх нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухай:

Шүүгдэгч П.Гансүхийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Б.Манлай нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй” гэсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хавтаст хэргийн 32 дахь талд авагдсан хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.Гансүхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч П.Гансүхийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Гансүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 63-65 дахь талд авагдсан Булган аймгийн Бүрэгхангай сумын Цахт багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Гансүх нь ам бүл ганцаар Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутагт мал маллан амьдардаг, урьд зургаан удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Гансүх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4/74 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч П.Гансүхийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч П.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Гансүх нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Манлай гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргагдаж ирүүлсэн бичлэг бүхий флаш дискийг хэргийн хадгалах хугацаанд хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борхууд овогт Пүрэвдоржийн Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гансүхийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч П.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч П.Гансүх нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Манлай гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргагдаж ирүүлсэн бичлэг бүхий флаш дискийг хэргийн хадгалах хугацаанд хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭРЭЛ