Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Э.Энэрэл |
Хэргийн индекс | 163/2022/0166/Э |
Дугаар | 2022/ШЦТ/169 |
Огноо | 2022-07-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
шүүгдэгч Б.М******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М*******т холбогдох эрүүгийн 2215000000157 дугаартай 163/2022/0166/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б******* овогт Б******* М*******, Булган аймгийн Баян-Агт суманд ... оны ... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын ......оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, охин, ач, зээ нарын хамт амьдардаг, 66 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М******* нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Б******* зүүн гуянд хутгалж, түүний биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн 1 тооны шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000157 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.М******* нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5-р багт хохирогч Д.Б******* гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, нэмж архи ууя гэх шалтгаанаар орон дээр хэвтэж байсан Д.Б******* бос явъя гэж дуудаж, орноос нь босгох гэж татахад Д.Б******* “явахгүй, архи уухгүй” гэж дургүйцэхэд гал тогооны шүүгээний шургуулгаас хутга авч, түүний зүүн гуянд хутгалж, биед нь зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн 1 тооны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед хохирогчтой тохиролцохдоо энэ асуудал ингээд дуусаж байна гэж ойлгосон. Би тэтгэврийн зээл аваад хохирогчийн хохирлыг барагдуулах гэтэл 11 дүгээр сар хүртэл зээл авсан болохоор нэмж зээл авч болохгүй байна. Хохирогч ойрын хугацаанд төл гээд байгаа. Харин би 12 дугаар сараас тэтгэврээ авч төлөх боломжтой. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн эмнэлгийн ор хоногийн төлбөр 242,700 төгрөг, Хаан банкны данс руу нь 500,000 төгрөгийг бэлнээр тус тус шилжүүлсэн гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Д.Б******* өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед М******* миний гар утас руу залгаад чи хаана байгаа юм? гэхээр нь би Хадаагийн дэлгүүрийн ойролцоо айлд байна гэсэн. Гараад ир би яваад очъё гэж хэлсэн. Удалгүй М******* миний гар утас руу дахин залгаад би ирчихлээ гэж хэлэхээр нь би байгаа айлаасаа гарч ирээд уулзсан чинь М******* “за, би ажилдаа явлаа. Намар ирнэ, ганц юм ууя” гэхээр нь би зөвшөөрсөн чинь М******* дэлгүүрээс нэг шил 0,5 л “Хараа” нэртэй архи аваад бид хоёр манай гэрт авсан архиа уухаар явсан. Тэгээд гэрт бид хоёр ирээд авсан архи нэлээн удаан буюу 11 цагаас 16 цаг хүртэл хувааж ууж дуусгаад байж байсан чинь М******* дахин архи ууя гэхээр нь би уухгүй гээд орны цагаан хэрэглэл нөмрөөд орон дээрээ хэвтчихсэн чинь М******* явъя гээд татаад, сүүлдээ явъя гээд цээж рүү цохисон. М******* орноос босоод гал тогооны шүүгээний шургуулгыг ухаж байхаар нь би цагаан хэрэглэлээ толгой дээгүүрээ нөмрөөд байж байсан чинь миний нөмөрч байсан цагаан хэрэглэлийг татахаар би харсан чинь хутга барьчихсан байхаар нь би хоёр хөлөө хоёр тийш нь хөдөлгөсөн чинь хоёр гартаа хутга ээлжилж бариад байх шиг байсан. Тэгсэн ширээ дуугарах шиг болохоор нь би өндийгөөд харсан чинь М******* гэрээс гарч явах шиг болохоор нь чи явлаа юу? гэж асуутал явлаа пизда минь гэж хэлсэн. Гэтэл миний гуя хэсэгт халуу дүүгээд хөлөөс цус урсаад байхаар нь би түргэн дуудах гэсэн чинь салгалаад болохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
2. Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 458 дугаартай дүгнэлт: Д.Б******* биед зүүн гуянд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
3. Шүүгдэгч Б.М*******ын яллагдагчаар өгсөн ...Хадаагийн дэлгүүрээс 0.5 л Хараа нэртэй архи аваад Б******* гэр лүү очоод хувааж ууж байтал Б******* ур орой чи архи ууж байгаад надаас яагаад зугтсан гээд хэрүүл хийхээр нь би угаасаа хэмжээ болчихсон болохоор явчихсан гэж хэлсэн чинь “найзыгаа боддоггүй юм уу” гээд миний хамар болон хацар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон чинь миний хамраас цус гарахаар нь гараараа арчаад урд тал ширээн дээр байсан хар иштэй, ишийг нь улаан өнгийн лентээр ороосон хутгыг аваад Б******* зүүн гуя хэсэг рүү хавж хатгасан чинь Б******* чи яаж байгаа юм чамайг чадна шүү гэж хэлэхээр нь би гэрээс нь ачаа сургуулиас нь аваад гэртээ хүргэж өгчихөөд эргээд Б******* гэрт очно гэж бодож байсан чинь нэг мэдсэн чинь унтчихсан байсан. Тэгтэл цагдаа нар ирээд намайг аваад явсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/
4. Шүүгдэгч Б.М*******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэрийн 107 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж, хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр сууринаас тус тус оролцсон болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Б******* өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 458 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.М*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн байр суурь зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.М******* нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт хохирогч Д.Б******* гэрт архи, согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн үедээ Д.Б******* “хамт явъя, архи ууя” гэж дуудаж босгох гэхэд Д.Б******* дургүйцэхэд хутга барьж түүний зүүн гуянд хутгалж, биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн 1 тооны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.
Шүүгдэгч Б.М*******ын гэм буруутай үйлдэл, хохирогч Д.Б******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч Б.М*******ын хүний эрүүл мэндэд хүйтэн зэвсэг буюу хутга мэс хэрэглэж хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.М******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгчийн зан төлөвшил зэрэг нөхцөл байдлууд нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгч Б.М******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Б.М*******ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Б******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар ирүүлсэн иргэний нэхэмжлэлийн нотлох баримтаас эмнэлгийн ор хоногийн төлбөр 242,700, Монос эмийн сангаас авсан эм 20,000 төгрөг, Булган эм хангамжийн төвөөс авсан эм 37,800 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байх ба шүүгдэгч Б.М******* нь баримтын дагуу эмнэлгийн төлбөрт 242,700 төгрөг, бэлнээр 500,000 төгрөгийг Хаан банкны ............дугаарын Б.С гэх дансаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн /хавтаст хэргийн 93 дахь тал/, буюу нийт 742,700 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн, төлөх төлбөргүй байна.
Харин шүүгдэгч нь цаашид гарах эмчилгээний зардалд 6,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, хохирогчтой харилцан тохиролцож эвлэрсэн талаарх нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд ирүүлсэн /хавтаст хэргийн 106 дахь тал/, байх тул шүүхийн шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.М*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.М*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 95-100 дахь дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн Сэлэнгэ сумын засаг даргын тодорхойлолт, Монгол улсын төрийн одон медалиар шагнуулах хүний анкет зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.М******* нь Булган аймгийн Сэлэнгэ суманд трактор, комбайны жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 6, эхнэр, охин, ач, зээгийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах журмын хашаан дотор амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.М******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг иргэний нэхэмжлэлийн баримтын хэмжээгээр төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4/77 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.М*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн бариултай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Б******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.М******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М******* нь төлөх төлбөргүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээгээр хохирогч Д.Б*******д эмнэлгийн ор хоногийн болон эмчилгээний төлбөрт 742,700 /долоон зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардалд 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрэн хэлэлцэж, нотлох баримтыг ирүүлсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.М*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн иштэй хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ