Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0816

 

2020 оны 12 сарын 22 өдөр   

             Дугаар                                            .  128/ШШ2020/0816

                   Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М овгийн Н-ийн С, Ч

Хариуцагч:     ЧдЗда,

Нэхэмжлэлийн шаардлага: “ЧдЗдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг ЧдЗдад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЧдЗдын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг ЧдЗдад даалгах шаардлага гаргасан. Н.С миний бие Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасны дагуу ЧдЗдын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/336 захирамжаар Ч дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар томилогдоод, 2017 оны 01 дүгээр 30-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар дахин улиран томилогдсон юм. Тус хорооны Засаг даргаар ажиллаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хорооны Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж, зөрчил гаргаж байсан удаагүй бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасны дагуу жил бүр тус хорооны Иргэдийн нийтийн хуралд үйл ажиллагаагаа тайлагнаж, хийсэн ажлаа үнэлүүлж, дүгнүүлсээр ирсэн.

Ч дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус хорооны Засаг дарга миний 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд, Бүрэн хангалттай гэж дүгнэсэн. Гэтэл ЧдЗда 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Б/22 дугаар захирамж гаргаж, 1 дүгээр хорооны Засаг даргын албан үүргээс гэнэт чөлөөлсөн байна. Уг захирамжийн үндэслэлийг асуухад Дээд шатны Засаг дарга хорооны Засаг даргыг чөлөөлөх эрхтэй гэж тайлбарлаж байгаа бөгөөд, албан үүргээс чөлөөлөх болсон үндэслэл, шалтгаан нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй захирамж гаргасан болно. Мөн уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Энэ хуулийн 11.1.3-т заасан шийдвэр гаргах ажиллагааг энэ хуулийн 6 дугаар бүлэгт зааснаар зохицуулна" гэж заасан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид оролцогч гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 13.2-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно, 13.3-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна, 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ гэснийг тус тус зөрчсөн болно.

 

Уг асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэхээр 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд, уг гомдлын хариуг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр авсан болно. Иймд ЧдЗдын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг ЧдЗдад даалгаж өгнө үү” гэв.

                       

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д заасны дагуу хорооны Засаг даргаар томилогдсон байгаа. Мөн хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлээд 29.1-д заасны дагуу иргэдийн Нийтийн Хуралд үйл ажиллагаагаа тайлагнаад тухай бүр дүгнүүлээд явсан байгаа. 2019 оны тайланг бүрэн хангалттай гэж дүгнэсэн. Ингээд ажил үүргээ эрхлээд явж байхад ЧдЗдын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн.

Захирамжийн үндэслэлийг судлаад үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 12.2, 13.1, 13.2, 13.3, 24.1, 24.2, 26.1-д заасан заалтуудыг зөрчсөн. Захирамжид хууль зүйн үндэслэл заагаагүй. Мөн өмнө нь дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.4-д заасан шаардлагуудыг зөрчсөн байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан. Тус заалтыг зөрчиж шийдвэрлэсэн байдаг. Иргэдийн Нийтийн Хурлаас Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/633 дугаар захирамжаар баталсан нутгийн захиргааны байгууллагын албан хаагчийн ажлыг хүлээлцэх журмын 2.5-д ажлын хэсэг ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл хөтөлж ажил хүлээлцсэн актыг 3 хувь үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан. Мөн 2.6-д заасан ажил хүлээлцсэн жагсаалт зэргийг зөрчиж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д төрийн албан хаагчийг хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан.

Иймд энэ захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг гаргах үндэслэлийг зөрчсөн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бага хорооны Засаг даргыг чөлөөлөх үндэслэлийг зөрчсөн акт тул энэ актыг хүчингүй болгож Н.Сыг ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

             

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуульд хамран сургах тойргийн 6 настай элсэн суралцах хүүхдийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалын дагуу Ч дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас ирүүлсэн нэрсийг үндэслэн сургуулийн  комисс бүртгэн авдаг.

Өнгөрсөн хугацаанд тус дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга асан Н.С 23 дугаар сургуульд хүргүүлэх нэрсийн жагсаалтад харьяаллын бус хүүхдийн нэр нэмж оруулахад иргэдээс мөнгө нэхдэг тухай гомдол удаа дараа гарч байсан.

Түүнчлэн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн захиргаанаас ирүүлсэн албан бичигт “хамран сургах тойргийн 6 настай нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийг Ч дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас ирүүлсэн нэрсийн дагуу сургуулийн комисс бүртгэн авахад ... Аж ахуй нэгж дээр хүүхэд бүртгүүлэхийг оролдох, нэг хаяг дээр жил дараалан хүүхэд оруулах, нэг хаяг дээр 4-5 ам бүл амьдрах, тухайн байран дээр бүртгэлгүй айлын хаяг дээр хүүхэд оруулахыг оролдох гэх мэт хуурамч баримт бичиг бүрдүүлэн бидний бүртгэлийн ажилд хүндрэлүүд байнга гаргадаг” гэсэн байна.

Мөн тус дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга асан Н.Стой холбоотой асуудлууд Авилгатай тэмцэх газар болон тус дүүргийн цагдаагийн газарт тус тус шалгагдаж байгаа болно.

Дээр дурдсан үндэслэлүүд нь тус хорооны Засаг дарга албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй тул ЧдЗда Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж Н.Сыг ажлаас чөлөөлсөн” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Н.Сын ЧдЗдад холбогдуулан гаргасан “ЧдЗдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг ЧдЗдад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

ЧдЗдын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Ч дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас тус хорооны Засаг даргад нэр дэвшиж, олонхын буюу 100 хувийн санал авсан Н.Сыг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс тус хорооны Засаг даргаар томилжээ.

Улмаар ЧдЗдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, нийслэлийн Засаг даргын 2015 оны “Журам батлах тухай” А/633 дугаар захирамжийг үндэслэн мөн өдрөөр тасалбар болгон Н.Сыг Ч дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын албан үүргээс нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийг эс зөвшөөрч “Маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг гаргах үндэслэлийг зөрчсөн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бага хорооны Засаг даргыг чөлөөлөх үндэслэлийг зөрчсөн акт тул энэ актыг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Н.Стой холбоотой асуудлууд Авилгатай тэмцэх газар болон тус дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа, нэхэмжлэгч Н.С нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй тул ЧдЗда хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргасан” гэж тус тус маргасан.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн албыг доор дурдсанаар ангилна”, 6.1.1-д “төрийн улс төрийн алба”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна”, 10.1.1-д “төрийн улс төрийн албан тушаал”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна”, 11.1.9-д “бүх шатны Засаг дарга ... ” гэж тус тус зааснаар хорооны Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтан байх бөгөөд эрх зүйн байдлыг нь хуулиар тогтоохоор зохицуулсан байна.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Баг, хорооны Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, ... буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох ...” гэж тус тус зааснаар хорооны Засаг даргыг иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн дүүргийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох зохицуулалттай байх ба нэхэмжлэгч Н.Сыг Ч дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралдаанаас гарсан саналыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар хорооны Засаг даргаар томилсон нь хуулийн дээрх заалтуудтай нийцжээ.

Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл хорооны Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх буюу огцруулах асуудлыг дээр дурдсанаар хуулиар зохицуулахдаа эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд иргэдийн Нийтийн Хурлаар чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, Хурлаас гаргасан саналыг үндэслэн дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Н.С нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хорооны иргэдийн Нийтийн Хурал болон дүүргийн Засаг даргад гаргаагүй байх бөгөөд хорооны иргэдийн Нийтийн Хурлаас нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар аливаа санал гаргаж байгаагүй бөгөөд ажиллаж байх хугацаандаа “бүрэн хангалттай” үнэлүүлж байсан[2], мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 06/9888 тоот албан бичиг[3], Ч дүүргийн Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 1107 дугаар тогтоолоор[4] тус тус албан тушаалаа урвуулан ашигласан, гэмт хэрэг үйлдсэн гэх зөрчил тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй буюу маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус болжээ.

Иймд ЧдЗдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг ЧдЗдад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхээс маргаан бүхий Нийслэлийн ЧдЗдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Сыг Ч дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг даалгаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжлэгчид олгож, түүнээс холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг ЧдЗдад даалгаж шийдвэрлэв.

 

Хариуцагч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд гаргасан эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Хариуцагч дүүргийн Засаг дарга 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/884 тоот албан бичгээр Ч.Мийг, 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/1625 тоот албан бичгээр Г.Хыг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.3, 28.2.6-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр итгэмжлэл олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа эмнэлгийн магадалгаатай, шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах зэргээр удаа дараа гаргасан хүсэлтүүдийг шүүхээс хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон хариуцагч ЧдЗда Н.Бд  тус өдрийн шүүх хуралдааны товыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/9362, 1/9363 тоот албан бичгүүдээр[5] болон утсаар мэдэгдсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 21.1.2-т “энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх”, 21.2.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ”, 21.2.2-т “хариуцагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох”, 21.2.3-т “энэ хуулийн 20.2-т заасан үүрэг”, 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”, 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж тус тус зааснаар хариуцагч Н.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд оролцоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэлгүй болохгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нэхэмжлэгч Н.Сын ЧдЗдад холбогдуулан гаргасан “ЧдЗдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг ЧдЗдад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн  28 дугаар зүйлийн 28.4, 28.5 дахь хэсэгт заасныг тус тус  баримтлан Нийслэлийн ЧдЗдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Н.Сыг ажлаас чөлөөлөх тухай” Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, иргэн Н.Сыг Ч дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч ЧдЗдад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг ЧдЗда /Засаг даргын Тамгын газарт/-д даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЧдЗдаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

 

 

[1] Хавтаст хэргийн 35 дахь талд

[2] Хавтаст хэргийн 81-85 дахь талд

[3] Хавтаст хэргийн 131 дэх талд

[4] Хавтаст хэргийн 153 дахь талд

[5] Хавтас хэргийн 189-191 дэх талд