Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 184

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Г.Амгалан, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Түмэд овогт Галиндэвийн Амгаланд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012045 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Түмэд овогт Галиндэвын Амгалан, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 11 дүгээр хороолол 126-118 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЦБ 87103017 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Г.Амгалан нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар дунд сургуулийн ард талын машины зогсоолд хохирогч Т.Очсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт 1 удаа цохьсоны улмаас доод эрүүний их биеийн далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хэрэг гардаг өдөр машин дотор Эрдэнээ гэдэг хүнтэй уулзаад ууцгаасан. Тэгээд машин дотроо унтсан байсан. Эрдэнээ намайг согтуу машин барьж болохгүй гээд Очсайханаар машинаа бариулъя гээд бид гурав нийлээд дахиж уусан. Тэгээд өглөө нь намайг унтаж байхад Очсайхан гараад явсан байсан. Тэгээд орж ирээд намайг гэнэт

цохьсон. Би тухайн үед учрыг нь ойлгоогүй байхад бид хоёр руу дайрч ээлжилж цохиод байхаар нь аргагүй эрхэнд би нэг удаа цохьсон. Би Очсайханы эрүүг хугалсан үгүйг сайн мэдэхгүй байна. Би хохирол төлбөрөө төлж барагдуулсан” гэв.

 

Хохирогч Т.Очсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Ингээд буугаад ирэхэд нь бид хоёр тэврэлдээд авсан ба маргах маягтай болсон. Тэгтэл Тогтохбаяр намайг гараараа уруул руу цохьчихоод цаашаагаа зугтсан. Би араас нь гүйгээд гүйцээгүй. Тэгээд эргээд Амгалан, Эрдэнэ хоёр дээр ирээд Амгаланд хандаж Тогтохбаяр та хоёр хуучны найзууд байлуу, танай найз чинь намайг цохьчихоод зугтаачихлаа гэж хэлээд нүүр рүү нь машин дотор сууж байхад нь гараараа түлхсэн /Мангастсан/. Тэгсэн чинь Амгалан уурлаад машинаас бууж ирээд намайг гараараа нэг удаа нүүр рүү цохьсон. Би цохиулаад ёо ёо гээд эрүү сонин болчихсон, тухайн үед нь мэдээгүй, тэгээд маргахаа болиод машинд нь унтчихсан. Өглөө нь буюу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өглөө би гэр рүүгээ очоод хоёр хоног гэртээ хэвтсэн. Тухайн үед шүд хөдөлчихсөн байхаар нь тэгж байгаад гайгүй болчих байлгүй гээд хэвтээд байсан чинь шанаа хавдаад томорсон. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ээжийн хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд Томографик зураг авахуулсан чинь эрүү хугарсан байна, гээд нэгдүгээр эмнэлэг рүү явуулсан. Нэгдүгээр эмнэлэг дээр ирээд үзүүлээд хэвт гэсэн чинь очир дугаар нь олдохгүй хоёр хоносон. Ингэж явсаар байгаад бараг долоо хоносон. Тэгээд нэгдүгээр эмнэлэг дээр хагалгаанд ороод эрүүнийхээ идээг, шахуулаад эрүүндээ бэхэлгээ хийлгэсэн. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөө цагдаад гомдол гаргасан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Амгалан учруулсан. Тэгэхдээ миний нүдний зовхинууд зулгарсан зүйл байгаагүй. Мөн хамрын яс маань хуучин хугарсан байсан. Би Амгаланд цохиулаад эрүү л хугарсан. “...Амгаланд цохиулаад эрүү зуураад сонин болчихсон. Тэгээд Амгаланг эрүү хугалсан гэж сайн мэдэж байна. Амгалан нэг л удаа намайг эрүү рүү хүчтэй цохьсон. “...Би сүүлд нь санахад Амгалан нь андад гар утсыг өгөөд машинаас нь унагаачихсан юм шиг байна лээ. Гар утсаа нэхэмжлэх зүйл байхгүй. Гар утастай холбоотой гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх12-13, 14, 15 хуудас/,

Гэрч П.Жавхлан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Энэ хооронд Очсайхан ойрхон явчихаад ирье гээд явсанаа удалгүй эргэж ирээд Амгаланг машинд сууж байхад нь шууд нүүр рүү нь гараараа түлхсэн. “...Ингээд Амгалан уурлаж бууж ирээд хоорондоо нилээд маргалдаж байгаад Амгалан Очсайханыг баруун гараараа хажуунаас нь нэг удаа хүчтэй цохьсон, ингээд зогссон. Зодолдох гээд байхаар нь би салгасан, тэгээд Амгалангийн машиныг асааж өгөх гэж жаахан оролдож байгаад явлаа гээд цаашаагаа өөрхийнхөө ажилд явсан. Очсайхан ойрхон явчихаад ирье гээд яваад эргээд ирэхдээ их ууртай ирсэн. Тэгээд ирэнгүүтлээ шууд Амгаланг нүүр рүү нь гараараа түлхээд авсан. “...Хоорондоо маргалдахдаа Амгалан, Очсайхан чи яагаад байгаа юм бэ? чи надтай ингэж харьцах болоогүй шүү гэсэн, Очсайхан чамтай яаж ч харьцсан яадаг юм. Танай найзууд чинь намайг зодчихлоо гэх зэргээр ярьж байсан. Түүнээсээ л болж уурлаад зодолдсон юм байна лээ. Амгалан Очсайханыг нэг л удаа цохьсон....” гэсэн мэдүүлэг. /хх-17/,

Гэрч Д.Тогтохбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь гараараа түлхэж тавиулаад яриад байх юм байхгүй ээ чи согтуу байна гэж хэлээд машинаа цоожилчихоод цаашаа алхаад тунел руу алхсан чинь Очсайхан араас хүрээд ирсэн. “...Очсайхан чамтай юм ярья гээд байхаар нь би, чамтай ярих юм байхгүй ээ гэж хэлээд түлхэж унагачихаад цаашаагаа гүйгээд зугтсан чинь араас дахиад хөөж ирээд 55 дугаар байрны хажуугийн урдах шатан дээр барьж авах гэж байгаад өөрөө газар унасан, би уначихаар нь цаашаагаа хаяад зугтсан. “...Тэгсэн чинь сүүлд нь Амгалан дээр очоод уурандаа Амгалангийн нүүр рүү нь түлхсэн гэж сүүлд нь сонссон, тэгэхдээ тэнд болсон асуудлын талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-19/,

 

Гэрч Г.Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Ингээд Жавхлантай дөрвүүлээ пивоо уугаад сууж байхад Очсайхан гэнэт машинаас буугаад гүйгээд явсан, хаашаа хэнтэй уулзахаа хэлэхгүй буугаад явсан. Тэгээд 10 орчим минутын дараа тохой нь шалбарсан, нэг нүд нь хавдчихсан байдалтай ирээд, шууд Амгалангийн толгой руу хоёр удаа цохьсон, би гараа атгаж цохьсон эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Амгалан машинд унтаж байсан ба сэрээд босч ирээд Амгалан машинаас буугаад Очсайханыг нэг удаа цохьсон. “...Тухайн үед эрүү хугарсан талаар юу ч яриагүй, 2-3 хоногийн дараа би Очсайхан руу утсаар ярьсан чинь эрүү хугарчихсан хагалгаанд орох гэж байна гэсэн, тэр үед нь эрүү хугарсныг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-23/,

Гэрч С.Мөнхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Очсайхан гэх залуу манай эмнэлгээр үйлчлүүлж ОТГ-ийн зураг авахуулсан нь үнэн. Харин би зургийн дүгнэлтийг бичихдээ компьютер дээрх техникийн алдаа гаргаж хуучин хамар ясны хугарлыг шинэ гээд гаргасан байна лээ. Би гаргасан дүгнэлтээ анзаараагүй явж байтал 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Очсайхан гэх залуу өөрөө ирж дахиад шалгаад өгөөч гэхээр нь өмнөх зургаа гаргаж ирээд харсан. Тэгсэн хуучин хугарал байсан ба энэ талаар нь би Очсайханд алдаа гаргасан талаараа хэлж өгөөд залруулсан тухай тодорхойлолт хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №7073 тоот дүгнэлтэд: /хх-29/,

  1. Т.Очсайханы биед доод эрүүний биеийн далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зулгаралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх доод эрүүний их биеийн далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.
  4. Цаашид шүдний гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 889 тоот дүгнэлтэд: /хх-33/,

  1. Шүүх эмнэлгийн үзлэгийн №7073 тоот дүгнэлтэнд тусгагдсан доод эрүүний их биеийн далд хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, доод эрүүний зөөлөн эдийн няцрал ба 1 шүдний сулрал гэмтэл, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт ба зүүн нүдний дээд зовхины зулгаралт гэмтэл, хамрын ясны хугарал ба таславчны мурийлт гэмтэл нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Дээрх доод эрүүний их биеийн далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зулгаралт гэмтлүүд нь шинэ гэмтэл, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт нь хуучин гэмтэл байна.
  3. Дээрх шинэ гэмтлүүд нь 1 удаагийн үйлчлэлээр буюу 1 удаа гараар цохих үед үүсэхгүй, мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  4. Дээрх гэмтлүүд нь өөрөө газарт унах үед үүсэх боломжгүй ба нүүр рүү гараар түлхэх үед зүүн нүдний дээд зовхины зулгаралт үүсч болно, бусад гэмтлүүд нь үүсэх боломжгүй.

Хохирогч Т.Очсайханы мэдүүлэг /хх12-15/, гэрч П.Жавхлангийн мэдүүлэг /хх-17/, гэрч Г.Эрдэний мэдүүлэг /хх-23/, шинжээчийн №889 дугаартай дүгнэлт, шинжээчийн №7073 дугаартай дүгнэлт /хх-29/, гэрч Д.Батзулын мэдүүлэг /хх-26/ болон шинээр хохирогч Т.Очсайханы хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Амгалан нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар дунд сургуулийн ард талын машины зогсоолд хохирогч Т.Очсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт нэг удаа цохьсоны улмаас доод эрүүний их биеийн далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Амгаланг бусдын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Т.Очсайхан нь шүүгдэгч Г.Амгаланд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Амгалан нь урьд нэг удаа шүүхээр ял шийтгүүлж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялтай байх хугацаа өршөөгдсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Түмэд овогт Галиндэвийн Амгаланг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Г.Амгаланг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Амгаланд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4.  Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Амгалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Амгаланд оногдуулсан  1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Амгаланд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР