Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 25

 

Б-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0025/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Я.Сансар,

Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Э.Одхүү, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдах гомдлоор Б-д холбогдох эрүүгийн 1731001950011 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Архангай аймгийн Түвшрүүлэх суманд 1978 онд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо 10-21 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх Б овогт Г-н Б нь  

2017 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Могойн гол” гэх газарт гар аргаар алт олборлож байсан иргэдтэй архидан согтуурч хамт архи уусан Б-тай маргалдаж, түүний толгойн тус газарт нь модоор цохиж, гэмтэл учруулсны улмаас Б нь нас барсан,

2017 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг “Энхгэр нуур” гэх газраас иргэн Б-ийн 1 тооны морийг, монгол эмээлийн хамтаар хулгайлж, бусдад 745000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан тэмээт” гэх газарт байх хяналтын постын байшингаас иргэн Э-ын нормын ажлын хувцас хосоороо 1 ширхэг, эсгий гутал 1 хос, мишок 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 410000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Барх” гэх газраас иргэн А-ийн гэрийн гадна байсан аргамжаатай 1 тооны морийг хулгайлж, 400000 төгрөгийн  хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Барх” гэх газраас иргэн Д.Бат-Эрдэнийн байшингийн гаднаас ямаан дах, эмээлийн даруулга, олом, арьсан богц, модон тагш зэрэг эд зүйл хулгайлж 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-д аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б овогт Г-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах, орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлах, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б-ийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жил, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн Б-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 08 /найм/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 08 /найм/ 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 465 /дөрвөн зуун жаран тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б давж заалдах гомдолдоо: Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байна. Энэ хугацаанд уушигны цулцан, бөөрний үрэвсэлтэй болж, зүрх томорч, элэг өөрчлөлттэй болсон. Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Иймд биеийн байдлыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3, 4, 5 дахь заалтуудыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б-ийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар ирүүлснийг анхан шатны шүүхээс хүний биед гэмтэл учруулах гэсэн зүйл хэсгээр өөрчлөн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Харин Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал болон хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй байна. Хэргийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзнэ” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Б- нь амь хохирогч Б-ын оршуулгын зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ганбаатарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үед гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан.

Б нь Б-ийг шоронд ял эдэлж байсан, энэ хугацаанд банди байсан, эмлүүлж байсан зэргээр доромжилж байсан бөгөөд амь хохирогчийн зүй бус үйлдлийг Б тэвчиж байсан хэдий ч энэ үйлдэл байнга давтагдаж байсан тул гомдож түлээний мод авч шидсэн нь Б-ын толгойд тусаж, тархиндаа хүнд гэмтэл авч улмаар нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Амь хохирогч Б-ын Б-д гаргасан үйлдэл нь зүй бус үйлдэл бөгөөд хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж болох байсан. Шүүгдэгч Б нь Б-ыг өөрийнх нь цохисон үйлдлийн улмаас нас барсан гэдгийг мэдээд өөрийн байрлаж байсан газар болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газраас шууд ой руу орж явсаар 24 хоногийн дараа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Барх” гэх газарт цагдаагийн ажилтнуудад баригдсан байдаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл идэр есийн хүйтэнд нийт 24 хоног Хэнтийн нуруугаар баруунаас зүүн тийш чиглэлтэй, дандаа уул, мордон дундуур усны гуталтай, нимгэн хувцастай явах үедээ өлсөх цангах, даарах зэргээр маш хүнд нөхцөлд явсан тул аргагүйн эрхэнд уулнаас бууж, голын эрэг дээр бургасан дунд эзэнгүй байх айлын гаднаас морь авч хөл дүүжлэн, мөн уулын бэлд эзэнгүй айлаас эсгий гутал, ажлын хувцас, мишок, хоол хүнсний зүйл авсан. Гэтэл энэ үйлдлийг мал хулгайлсан гэж үзэж зүйлчилсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс “Б- гарцаагүй байдлын улмаас хулгай хийсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй” гэсэн байр суурийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн боловч “түүний амь насанд хэн нэгэн заналхийлээгүй, ойр хавийн айлуудаас болон сумын төв орж хөл залгаж амьд үлдэх, тухайн үйлдлийг өөрөө таслан зогсоох, өөрийгөө илчлэн ирснээр дээрх байдал зогсох боломжтой байсан, гэвч энэ замыг сонголгүй уул хадаар зугтаж, бусдын орон байранд нэвтэрч эд зүйл, мал хулгайлсан” гэсэн үндэслэлийг зааж гарцаагүй байдалд хийсэн үйлдэл гэж үзээгүй юм.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд “хүн амьд явах эрхтэй” гэж заасан байдаг. Хүн энэ эрхээ эдлэхдээ гэмт хэргийн үйлдэл хийж, бусдад хохирол учруулсныг гэмт хэрэг тооцохгүй тухай зохицуулалтыг Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан байдаг. Б амьд явах эрхэд нь тулгараад байгаа хөлдөх, өлсөх, атаатан амьтанд бариулах зэрэг аюулыг өөр аргаар арилгах боломжгүй нөхцөл байдалд байхдаа хулгай хийсэн, мөн учирч болох аюулын хэр хэмжээнээс учирсан хохирол нь бага байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдал байсан гэж үзэж байна.

Шүүх Б-ийн амьд үлдэхийн тулд хийсэн дээрх хулгайн үйлдлийг гарцаагүй байдалд хийсэн үйлдэл биш гэж үзэхдээ сумын төв орох, айлд орж хөл залгах боломжтой байсан гэжээ. Гэтэл Б нь суурин газар огт яваагүй, ой модонд төөрөөд явж байсан бөгөөд эзэнгүй хоёр айл таарсан байдаг.

Мөн өөрийгөө илчлээгүй, уул хадаар зугтсан гэжээ. Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрийгөө илчлэх үүрэг байхгүй бөгөөд түүнчлэн гэмт хэрэг үйлдээд зугтахыг хориглосон зүйл заалт байхгүй юм. Анхан шатны шүүх үүргээ биелүүлээгүй гэсэн утга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Б нь төөрөөгүй, явж байсан газраа мэдээд тэндээсээ хулгай хийсэн бол шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх байсан. Гэтэл ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.

Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд Б-ийн зугтаж явахдаа явсан замын маршрутын тогтоолгохоор хүсэлт тавьж, хүсэлтийг хүлээн авч тогтоол үйлдээд Улаанбаатар хотын Геодези газар зүйн газарт албан бичиг явуулахаар төлөвлөсөн боловч явуулаагүй, хүсэлтийг хангасан тогтоолоо хэргээс авсан байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаар хэлж, нэмэлт ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцаах хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Дээрх хүсэлтийг хангаж, нөхцөл байдлыг тогтоосон бол Б-ийн явж туулсан замын хэмжээ, суурин газрууд таарах боломжтой байсан эсэхийг тогтоох боломжтой байсан.

Хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь эзэнгүй ууланд идэр есийн хүйтэнд хүн амь насаа алдаж үхэхээс бага хохирол юм. Тухайн үед Б- нь хөл дүүжлэх унаатай болох гэж морь, хөлдөж үхэхгүйн тул дулаан хувцас, өлсөж үхэхгүйн тулд хоол хүнс хулгайлсан гэдэг нь тогтоогдсон. Тэрээр өөр ямар нэгэн үнэтэй зүйл хулгайлаагүй бөгөөд шунахайн сэдэлтээр хийгээгүй, аргагүйн эрхэнд амьд явахын тулд хулгай хийсэн гэж үзэж байна.

Мөн Б- нь зан араншингийн хувьд өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар муу, бүрэг, даруу хүн тул  гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ харамсаж байгаа, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, ар гэрийн байдал зэрэг хувийн байдлын талаар шүүхэд бүрэн ойлгуулж чадаагүй. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дахь Б-д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болон 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийг гарцаагүй байдалд хийсэн үйлдэл гэж хэрэгсэхгүй болгосон заалтыг оруулж өгнө үү гэжээ. 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгаж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б-д холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Б- нь 2017 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Могойн гол” гэх газарт гар аргаар алт олборлож байсан иргэдтэй архидан согтуурч хамт архи уусан Б-тай маргалдаж, түүний толгойн тус газарт нь модоор цохиж, гэмтэл учруулсны улмаас Б- нь нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед дүүгээ нас барсныг мэдсэн. Миний хувьд маш их гомдолтой байна.... “ гэх мэдүүлэг /1хх-ийн 64-65 хуудас/,

Гэрч Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “...Д нь манай гэрт 2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед Б-тай орж ирээд “манай отогт байгаа Б- урьд шөнө таталт өгөөд хүний хэлж байгааг ойлгоод хариу үг хэлэхгүй байна очоод үзээд өгөөч” гэхээр нь отогт очиход Б- модон нааран дээрээ цаашаа харчихсан хурхираад гар хөл нь таталтын байдалтай байсан. Би Д, Б нартай тааралдаад “тэр хүн чинь найдваргүй болчихсон байна, цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 68-69 хуудас/,

Гэрч Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Б- гэх залуу би өчигдөр орой цохчихсон юм гэж хэлсэн.  2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 8 цагийн үед Б- орон дээрээ суучихсан, мөн л огиулаад шүлс нь гоожоод царай нь их эвгүй харагдахаар нь яасан талаар асуухад юм дуугарахгүй огиулаад, бие нь муу харагдсан. ...Б- их сандраад юм ярихдаа хоолой нь чичрээд байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-80 хуудас/,

Гэрч Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...би Т-д чи Б-г хэтрүүлчихжээ гэж хэлсэн чинь харамссан байдалтай доошоо тонгойгоод сууж байхдаа харин тиймээ би хэтрүүлчихлээ, хөрөөдсөн тайрдсаар толгой руу нь цохчихсон юм, хөгшнийгөө уучлаарай гэж хэлээд дахин юм яриагүй... гэх мэдүүлэг /1хх-ийн 83-84 хуудас/,

Гэрч З-н мөрдөн байцаалтад өгсөн “...Б- намайг тэврээд намайг уучлаарай, би найзыгаа алчихлаа шүү дээ, та нарт ямарч хамаагүй шүү, би өөрөө араа даана гэж хэлээд уйлаад байсан. Талийгаачийг цохисон модны тайрдас зууханд багтахаар хэмжээтэй байсан. Одоо манай отгийн гадаа байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 хуудас/,

Гэрч Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...маргааш өглөө нь Б-ын баруун дух, нүдний хэсэг нь овойж хавдаж хөхөрсөн байсан. Би Б-аас юу болсон талаар асуухад Т над руу модны тайрдас аваад над руу шидээд цохчихсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуудас/,

Гэрч Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Т би цохчихсон юм, Б архи уучихаад орилж хашгираад унт гэхэд унтахгүй, ноцолдоод дийлдэхгүй байхаар нь бөөрөнхий сандал хийгээд тавьсан байсан хэрчим модоор цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 107-108 хуудас/,

Шинжээч эмч Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Б-ын толгойд үүссэн ухархай ясны дээд хананы хугарал үүсч, улмаар цус хуралт үүсч, тархинд нөлөөлж даралт өгснөөр төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдал, хүндрэлд орж нас барсан. Энэ хугацаанд толгой өвдөх, эргэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авсан бол амь насыг нь аврах боломжтой байсан...” гэх мэдүүлгүүд /1хх-ийн 149-150 хуудас/, шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 152-157 хуудас/, шүүгдэгч Б-ийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр,

2017 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг “Энхгэр нуур” гэх газраас иргэн Б-ийн 1 тооны морийг, монгол эмээлийн хамтаар хулгайлж, бусдад 745000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан тэмээт” гэх газарт байх хяналтын постын байшингаас иргэн Э-ын нормын ажлын хувцас хосоороо 1 ширхэг, эсгий гутал 1 хос, мишок 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 410000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Барх” гэх газраас иргэн А-ийн гэрийн гадна байсан аргамжаатай 1 тооны морийг хулгайлж, 400000 төгрөгийн  хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Барх” гэх газраас иргэн Б-н байшингийн гаднаас ямаан дах, эмээлийн даруулга, олом, арьсан богц, модон тагш зэрэг эд зүйл хулгайлж 450000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э- /2хх-ийн 205-206 хуудас/, Д- /2хх-ийн 194-195 хуудас/, А- /2хх-ийн 199-200 хуудас/, Б- /3хх-ийн 163 хуудас/ нарын мэдүүлэг, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 196, 201, 207 хуудас/, Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар /1хх-ийн 194-198 хуудас/ болон шүүгдэгчээр шүүх

 

хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Б- гарцаагүй байдлын улмаас хулгай хийсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй” гэх давж заалдах гомдлын тухайд:  Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-т “энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан бөгөөд Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн“...буцаж модтой уулруу чигээрээ явсаар байгаад уул руу орсон. Хүний нүднээс далд модтой газраар явъя гэж бодсон...” гэх /1хх-ийн 196 хуудас/ мэдүүлгээс үзэхэд тэрээр өлсөх, цангах, хөлдөх гэх мэт тулгарсан аюулыг тухайн нөхцөл байдалд өөрөөр /ойр орчмын айлуудаар болон сумын төв орж өл залгах зэрэг/ зайлуулах боломж байсаар байтал өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг аваагүй болох нь тогтоогдож байх тул түүний өмгөөлөгчийн гарцаагүй байдлын улмаас хулгай хийсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй, харин Б-ийн гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...7 /долоо/ жил...” гэснийг “...6 /зургаа/ жил...” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...7 /долоо/ жил...” гэснийг “...6 /зургаа/ жил...” гэж, мөн заалтын “...08 /найм/ жил 06 /зургаа/ сар...” гэснийг “...07 /долоо/ жил 06 /зургаа/ сар...” гэж шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “...08 /найм/ жил 06 /зургаа/ сар...” гэснийг “...07 /долоо/ жил 06 /зургаа/ сар...” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА