Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00956

 

 

2018 оны 04 сарын 17 өдөр                  Дугаар 183/ШШ2018/00956                                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТХ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, Б ХХК /РД: /-д холбогдох,

Татварын өр төлбөрт 77,472,799.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа, Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

         

         Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус татварын хэлтэстэй харилцдаг 5491231 тоот регистрийн дугаартай, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болно. Тус хуулийн этгээд нь Хан-Уул дүүргийн татварын албанд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар тайлангаар ногдуулсан 77,472,799.1 төгрөгийн өрийг одоог хүртэл барагдуулахгүй хүндрэл учруулж байна. Үүнд:

- Аж ахуй нэгжийн орлогын албан татвар 23,256.5

- Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 20,173,317.5

- Дотоодын бараа үйлчилгээний НӨАТ 57,276,225.1

Дээрх өрийг Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 54.1-д татвар төлөгч хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр 2016.11.30-ны өдөр 78.824.226 төгрөгийн татварын өрийн мэдэгдэх хуудсыг нягтлан бодогч Б.Бат-Эрдэнэд гардуулсан. ТЕХ-ийн 63.1-д зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дасны орлогоос татварын өрийг барагдуулна. Хаан, Голомт, Төрийн банкнаас тус компанийн данс битүүмжтэй эсэх талаарх лавлагааг авсан. УБЕГ-аас компанийн удирдлагын иргэний үнэмлэхний лавлагаа болон оршин суугаа газрын хорооны тодорхойлолт авсан. Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн газраас хөрөнгийн лавлагаа, АТҮТ-с тээврийн хэрэгслийн лавлагаа авахад тус компанийн нэр дээр одоогийн байдлаар автомашин бүртгэгдээгүй байна гэсэн хариу ирсэн. Иймд Б ХХК-иас 77,472,799.1 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Х.Түмэнзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хан-уул дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-нд холбогдох иргэний хэргийн хариуцагчаар Х.Түмэнзаяа надад нэхэмжлэлийг гардуулсантай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Хан-уул дүүргийн иргэний хэргийн шүүхээс Х.Түмэнзаяа миний гэрт шүүхэд дуудах хуудас ирсний дагуу иргэний үүргээ биелүүлэн шүүхэд хүрэлцэн очиход тус нэхэмжлэлийг гардуулан өгж хариу тайлбар гаргах тухай сануулсан. Уг нэхэмжлэлийг гардан авч уншаад тус нэхэмжлэлийн хариуцагч биш болох хариуцагчийг андуурсан талаар нотлох үүднээс уг хариуцагч болох компанийн үүсгэн байгуулагчийн дүрэм, Нийгмийн даатгалаас 'цалин хөлс олгож байсан талаар лавлагаа авах талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хүлээн аваагүй.

Иймд Түмэнзаяа миний бие зохих хууль журмын дагуу уг компанийг албан ёсоор төлөөлөх эрхгүй гэдгийг мэдэгдэж байна.Учир нь Хөдөлмөрийн тухай хууль 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгг Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.“хөдөлмөрнйн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог буюу гэрээг хэлж байна.

Мөн компанийн тухай хуульд зааснаар томилсон гүйцэтгэх удирдлага санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдийг зарлан хуралдуулдаг бөгөөд уг хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж зааснаар Түмэнзаяа миний төлөөлөх эрх дуусгавар болсон байна.

Ташрамд дурдахад компанийн удирдлага чөлөөлөх, хасалт хийх тухай улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал нь үүсгэн байгуулагчдын шийдвэрээр тус компанийн үүсгэн байгуулагч ыарын хийх асуудал тул Түмэнзаяа миний асуудал биш юмаа.

Иймд Х.Түмэнзаяа миний хариу тайлбарыг хүлээн авч хурлыг зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

           

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс нь хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 77,472,799.1 төгрөгийг Б ХХК-иас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч түүний Б ХХК-ийг төлөөлөх эрх дууссан гэсэн учраас өөрт нь хамааралгүй гэсэн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.  

            Хэрэгт авагдсан татвар төлөгчийн карт, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тайлан, татварын тооцооллын хүснэгт зэргээс үзэхэд Б ХХК нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн хуулийн этгээд татвар төлөгч байна.

Татварын тооцоололын жагсаалтаар Б ХХК нь 2016 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн ногдолоор 77,472,799.1 төгрөгийн  татварын өртэй байна.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд Б ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

 

 

 

 

Татварын улсын байцаагчийн албан татварын тайлан, 2016.11.30, 2017.02.22-ны өдрийн мэдэгдэх хуудас, мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, 2016.11.30-ны болон 2018.04.10, 2018.04.11-ний өдрийн ярилцлагын тэмдэглэл,  зэргээс үзэхэд нэхэмжлэгч тал Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хуулийн 63-69 дүгээр зүйлд заасны дагуу татварын өрийг хураах ажиллагааг зохих журмын дагуу хийсэн байна гэж үзэхээр байна.

 

......................

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл тул Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа Б ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар Б ХХК-иас албан татварын өр төлбөрт 77,472,799.1 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн татварын хэлтэст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 545,314 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д. ЭНХЦЭЦЭГ