Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/289

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

Хохирогч Т.Орхонсэлэнгэ, өмгөөлөгч А.Сандагдулам,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Д.Б-т холбогдох эрүүгийн 2234000000279 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймаг Баяндэлгэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Баяндэлгэр суманд малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймаг Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай, Ш овогт Д. Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Орхоодойн их бууц” гэх газарт малын өвөлжөөний эзэмшлийн маргаанаас үүдэлтэйгээр иргэн Т.Орхонсэлэнгийг дээлийнх нь захаар боон газар унаган цээжин тус газар нь өвдөглөн өшиглөж, толгойн хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Орхоодойн их бууц” гэх газарт малын өвөлжөөний эзэмшлийн маргаанаас үүдэлтэйгээр иргэн Т.Орхонсэлэнгийг дээлийнх нь захаар боон газар унаган цээжин тус газар нь өвдөглөн өшиглөж, толгойн хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

          Энэ нь эрүүгийн 2234000000279 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Т.Орхонсэлэнгийн өгсөн: “Би Төв аймгийн Баянжаргалан сумын “Орхойдоо” гэх бууцанд эхнэр хүүхэд нарын хамтаар мал маллаж амьдарч байгаа би 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн хооронд бага насны хүүхэд болох Нямсүрэнгийн хамтаар малдаа явж байсан чинь хөдөө хээр бэлчээр дээр Дагвадоржийн Б нь мотоцикльтой ирээд чамайг нүү гээд байхад яах гээд байгаа пизда бэ миний өөдөөс салаавч гаргаар намайг өмсөж явсан дээлийн захаар боогоод тонгорч газарт унагаагаад миний цээж, хавирга хэсэг дээр хэд хэдэн удаа өвдөглөөд толгой дээр хөлөөрөө дэвсэж өшиглөсөн ба Б нь хутга гаргаад чамайг хүүхэд чин байхгүй  байсан бол чамайг алах байсан юм хүүхэд чин байсанд аз гэж бод гэж хэл амаар доромжилж байгаад мотоцилио унаад явсан. ... миний цээж, хавирга хэсэгт өвдөглөж зүүн гар талын 4 хавирга хугарч, цуурсан гэмтэл учирсан баруун гар талын 5 дахь нэг хавирга хугарсан, мөн нүүр толгой хөндүүрлэж өвдөж байна. ... Тухайн үед би Бтай барилцаж аваад зууралцсан тэр үед би Д.Бын хоёр ахтай найз болохоор намайг арай цохиж зодохгүй байх гэсэн чинь Д.Б намайг хөлөөрөө хавирч унагаагаад дээрээс хавирга дээр өвдөгөөрөө өвдөглөж гэмтээсэн” гэх мэдүүлэг/хх-6-7, 8 тал/,

Шүүгдэгч Д.Бын гэрчээр мэдүүлсэн: “ ... 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюу маркийн мотоцикльтой малд явж байгаад хөдөө хээр Баянжаргалан сумын нутаг “Орхойдой” гэх бууцны хажууханд Т.Орхонсэлэнгэтэй 13 цагийн орчимд таараад би Т.Орхонсэлэнгийг чи миний авсан өвөлжөөн дээр байнга малаа байлгаад бэлчээр идүүлээд байх юм гэж хэлсэн чинь Т.Орхонсэлэнгэ би энэ өвөлжөөг авсан чиний өвөлжөө биш гээд түүнээс болж бид хоёр маргалдаад барьцалдаж аваад зууралцаж байгаад Т.Орхонсэлэнгийн дээр би дараад газар унасан юм. Тэгээд босоод Орхонсэлэнгийг чи нүүгээрээ нэг өвөлжөөг хоёр хүн авна гэсэн чинь юу гэсэн үг юм гэж хэлээд мотоциклоо унаад явсан юм. Орхонсэлэнгэ манай ах Батжаргалтай найз юм ах Батжаргал над руу утсаар залгаад Т.Орхонсэлэнгэ ярьж байна аймагт эмнэлгээр үзүүлээд явж байна хавирга хугарсан байна гэж байна гэсэн. Тэгээд би биед нь гэмтэл учирсан талаар мэдсэн юм. ... Орхонсэлэнгэ бид хоёр барьцалдаж аваад газар би дээр нь дараад унасан юм түүнээс болж хавирга нь гэмтсэн байх өөр биед цохиж зодсон зүлй байхгүй” гэх мэдүүлэг/хх-10-11 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаартай “1.Т.Орхонсэлэнгэ-н биед зүүн 3,4,5,6-р хавирга, баруун 4-р хавирганы хугарал, дух, зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт, хоёр талын зулайн ар, дагзанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүнд зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шинэ байна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”гэх дүгнэлт/хх-13-14 тал/,

Т.Орхонсэлэнгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-01 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Орхонсэлэнгийн эрүүл мэндэд зүүн 3,4,5,6-р хавирга, баруун 4-р хавирганы хугарал, дух, зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт, хоёр талын зулайн ар, дагзанд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

          Шүүгдэгч Д.Б нь малчин, Төв аймаг Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багт ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 32 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Т.Орхонсэлэнгэ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт 5760000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хохирогч, шүүгдэгч нар нь харилцан тохиролцож нотлох баримтын шаардлага хангасан 1552000 төгрөгийг шүүгдэгч Д.Б нь хохирогчид төлж барагдуулсан, хохирогч нь нотлох баримтын шаардлага хангаагүй 4208000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

Харин хохирогч нь 5760000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4208000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2234000000279 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш овогт Д Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.Орхонсэлэнгийн 4208000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-аас авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ