Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чингүн,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч *******, 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа,

            Хохирогчийн өмгөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114002460132 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 50 минутын орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Улаан сайр” 1 дүгээр баг, “Дэлийн хайрханы ар” гэх газарт “Тоуоtа Land Сruiser J70” маркийн 27-05 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уулын уруу өнхөрч онхолдон, зорчигч ******* /эмэгтэй, 29 настай/ амь нас хохирсон буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:            

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Талийгаачийн оршуулгын зардалд 9 сая 300.000 төгрөг болсон оршуулгыг нь Хэнтий аймгийн Батширээт суманд хийсэн, оршуулгын зардалд гарсан баримт цуглуулаагүй, хөдөө хийсэн учраас, ажлын газраас нь оршуулгын зардалд 2.500.000 төгрөг өгсөн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 180-181/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн ...Тэгэхээр нь тэнд зогсоод музейн ажилтан бид 2 машинаас буугаад зураг авах ажиллагааг явуулж байхад жолооч буугаад ирсэн орчныг хараад зогсож байсан. Тэгж байх хооронд жолооч машин руу алхаад камер буулгаж машиныхаа зургийг авсан зогсож байсан. Тухайн үед сүүдэрлээд байсан учир нар гарах агшинд зураг авалтын ажиллагааг явуулж байсан юм. Тэгээд зогсож байхад нар гарсан. Тэгэхээр нь зураг авалтад анхаараад байж байхад хажууд зогсож байсан замчлаад ирсэн хүн хүүе гэж орилохоор нь хойшоо харсан чинь машин хажуулдаад доошоо өнхөрч байсан. Миний харснаар лав 3-4 удаа өнхөрч эргэлдэж байгаад машин хажуулдаад уулын бэлд тогтсон. Машин өнхөрч эхлэнгүүт бид хэд араас нь гүйсэн юм. Бид нарыг очиж байх хугацаанд машин хажуулдаад тогтсон. Тэгээд машин дээр очиход машин жолооч тал руу унасан жолооч нь өөрөө дотор нь талийгаачийн гар нь жолоочийн арын хаалганы цонхны хагарсан хэсгээс цухуйж гарч машины их биед дарагдсан байсан. Жолооч ******* машин дотор байхаар нь машины урд талын шилийг хагалж жолоочийг гаргаж авсан юм. Талийгаачийн хувьд ямар нэгэн орчиндоо харьцаагүй, нүүр нь газарт наалдсан, доошоо харсан байдалтай ер нь л өнгөрсөн байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 18-19/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... Тэгээд би эргэж хараад нөгөө зураг авч байгаа хэсэгт анхаараад зогсож байхад цуг явж байсан хүмүүсээс хүүе гэж орилсон. Эргээд харсан чинь машины хамар нь бид хэд рүү чиглэсэн хойд талын хэсгээр нь доошоогоо гулсаж, шарваж байгаа харагдсан...Тэгээд шарваж байсны цаашаа алга болчихоор нь гүйгээд очсон чинь уулын тэг дунд хүртэл хажуулдаад жолооч тал руу машин унасан байсан. Машин дээр очиход жолооч нь өөрөө дотор нь талийгаачийн гар нь жолоочийн арын хаалганы цонхны хагарсан хэсгээс цухуйж гарч машины их биед дарагдсан байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 21-22/,

 

Гэрч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн ... Бид 3 очоод байж байсан чинь гэнэт машин хөдөлсөн чинь зураг дарах гэж ирсэн хүмүүсийн машиныг барьж явсан жолооч машин дээрээ очсон машинаа хөдөлгөж байсан. Тэгсэн чинь машин нь шарвах шиг болоод хүч алдаад зогссон. Тэгээд зураг дарж байсан хүмүүс ямар эвгүй зогсчихвоо гээд наанаас нь явсан чинь машин цаашаа уулын уруу унасан байсан. Бид нарыг очих үед эрэгтэй хүн авраач гэж орилж байсан. Машин дээр хамт зураг дарах гэж явсан хүмүүс машины цонхыг хагалж жолоочийг гаргаж ирсэн. Жолооч гарч ирсэн цонхны цоорхойгоор харах үед хамт явсан эмэгтэй нь цээжин хэсэг нь дарагдсан бололтой харагдсан. Тэгээд би сумын төв рүү явж цагдаа дуудсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Тус өдөр буюу осол болсон гэх өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутагт байрлах “Заан мод, гал шовх”-ийн оройн зургийг авна гэхээр нь тухайн газарт замчилж дагуулж очсон. “Заан мод" гэх хэсэг болохоор осол болсон уулын орой дээр байдаг. Бид нар газрын намаар явсан юм. Тухайн зураг авалтын баг болохоор замгүй хэсгээр уулын орой луу гарсан. Уг нь бол тийшээ мотоциклтой гарна уу гэхээс машинтай хүн миний мэдэхийн гарч байгаагүй. Тэд нарыг машинтай дээшээ гарчихаар нь өөрсдийнхөө явж байсан унаагаа наана тавьчхаад уулын орой хэсэг рүү алхаж гарсан. Дээш нь гарахад зураг авалтын 2 хүн тоног төхөөрөмжөө угсарсан байж байсан. Жолооч болон талийгаач нар машинд сууж байсан. Ингээд зогсож байхад жолооч машинаа асаагаад хойшоогоо ухарч байхаар нь эгц ууланд ямар хурдтай ухарч байна гэж бодоод замыг нь зааж өгөхөөр дөхөж байсан чинь жолооч машинтайгаа ухарч байснаа огцом урагшаа дарахдаа эвгүй дарсан харагдсан. Тэгсэн машин нь хүч алдсан уу хойшоо ухарч байснаа хажуу тийшээгээ хэд хэдэн удаа эргэж өнхөрч доор зогссон. Тэгэхээр нь гүйгээд очсон чинь машин дотор жолооч орилоод байсан ба түүнийг арай гэж гаргасан. Эмэгтэй болохоор машины доор дарагдсан байсан. Талийгаач тухайн үед газар дээрээ өнгөрсөн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Яг биднийг дөнгөж очиж байхад жолооч машиндаа сууж байсан харагдсан. Тэгсэн гэнэт машинаа асаагаад ухас хийгээд хийгээд хөдлөх шиг харагдсан тэгсэн л машин нь өнхрөөд алга болсон. Би ойлгохдоо машин хүч алдсан байх гэж бодож байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн ... Титанс Пикчерс ХХК-д тоёота ланд круйзер маркийн 27-05 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 00 гүйлттэй шинээр нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхийн өмнө оношилгоонд оруулж бүрэн бүтэн байдлыг шалгаж өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийн үнэ 127.100.000 төгрөг, ослын дараа автомашиныг Титанс пикчерс ХХК нь Улаанбаатар хотод авч ирж манай компанид хүлээлгэн өгсөн. Манай компани өөрөө хүлээж аваад өөрсдөө оношилгоонд оруулж 115.850.520 төгрөгийн эвдрэл гэмтэл, засах засварын тооцоог гаргаад, 100 хувь даатгал хийлгэсэн байсан. Бодь даатгал руу 123.269.589 төгрөгийг нэхэмжлэлийг холбогдох материалын хамт хүргүүлээд, нөхөн төлбөрт 110.942.630 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч манай компани хохиролгүй болсон. Одоо манай компаний зүгээс автомашинтай холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 173/,

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би С.Жаргалмаатай 2020 оны 10 дугаар сард ажлын шугамаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд явж байгаад танилцаад 2021 оны 02 дугаар сараас Улаанбаатар хотод ирүүлж эцэг эхтэйгээ танилцуулаад хамт амьдарч байсан. Уг нь бид хоёр цаашид хамт амьдарч гэр бүл зохионо гэсэн төлөвлөгөөтэй байсан. Талийгаач Жаргалмаа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би өөрийн гэм буруугаа ойлгож байгаа... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 214-215/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ ... Миний охин С.Жаргалмаа тус компанид ажиллаж байгаад 2021 оны 09 сарын 08-ны өдөр нас барсан. Охины 5-8 насны 3 хүүхэд байгаа. Тэр 3 хүүхэд бид хоёрын асрамжид байдаг. Энэ 3 хүүхдийн ирээдүйд тус компани тус дэмжлэг болох байх. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр өгдөг. Авч байгаа цалин нь 800,000 төгрөгөөр тогтоосон байна. Тэрний зөрүүг гаргуулж өгнө үү. Гэмт хэрэг гарснаас болж охиноо оршуулж, 9,300,000 төгрөгийн зарлага гарсан. Тэр зардлыг гаргаж өгнө үү. Хууль зүйн туслалцаа 4,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Титанс Пикчерс ХХК-д хэлэх юм байна. Миний охин компанид ажиллаж байхдаа зураг авсан юман дээр тулгуурлаад Дорнод аймгийн түүхэн дурсгалт газрын талаар ном бичсэн. Хэвлэгдэхэд энийг хэвлэгдээд ямар үнээр худалдаж борлуулагдахад 3 хүүхдэд нь хувь оногдуулж өгнө үү. Би компаниас мөнгөө нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ ... “Мөнх Хада” ХХК-тай “Титанс Пикчерс” ХХК нь хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Мөнх Хада” ХХК-аас 00 км-тэй машин хүлээлгэн өгсөн. Автомашины гэмтэлгүй байсан. Тээврийн хэрэгслийн даатгал хийгдсэн байсан. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэсэн мэдүүлэг,

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ ...Би “Титанс Пикчерс” ХХК-д ажилладаг. Монголын баялаг гэдэг төслийг анх санаачилсан. Анх 5 хүний бүрэлдэхүүнтэй явдаг байсан. Анх Дорнод аймгийн бүх сумуудаар явж туршилтын нэвтрүүлгээ цацсан. Хэнтий аймагт талийгаачтай танилцаж байсан. ******* талийгаачтай танилцаад надаас асуусан. Би энэ хүнд сайн болчихлоо энд ажил хийх боломжтой юу гэсэн. 21 аймгийн нэвтрүүлгийг дагуулаад ном хийж эхэлсэн. Би номын тал дээр *******, талийгаач хоёроос асуусан. Та хоёр хоёулаа хамтраад хувь эзэмшээд явах уу эсвэл хөдөлмөрийн гэрээгээ цалинжаад ажиллах уу гэсэн. Тэгсэн цалинжаад ажиллая гэсэн. Амь хохирогч нас барсан талаар мэдээгүй. Нэг хүн нь дарагдсан байна гэдгийг мэдсэн. Ер нь байгууллагын зүгээс осол гарсныг мэдсэнээс хойш унаа хайж эхэлсэн. Тэгээд Буян ХХК-аас унаа захиалсан. Эхлээд Улаанбаатар руу очихоор Буян ХХК-тай тохиролцсон байсан. Дараа нь цаашаа Хэнтий аймгийн Батширээт сум руу явахаар болж бүх зардлыг гаргасан. Нарантуул зах дээр ажлын хүмүүс юм цуглуулж 2,000,000 төгрөг болсон...гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ... талийгаачийн буяны ажилд 2,000,000 төгрөг өгч  байсан. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд өгсөн. Миний буруугаас болж ийм осол болсон... гэсэн мэдүүлэг,

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 70 тоот шинжээчийн ...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дух, их тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хэнхэрцэг баруун талд 1,3,4,5,6,10,11,12-р хавирганы дан, 7,8,9-р хавирганы хоёрлосон, зүүн талд 5,11,12-р хавирганы дан 6,7,8,9,10-р хавирганы хоёрлосон шууд хугарал, өвчүү яс дээд хэсгийн хугарал, сээрний 6,7-р нугалам болон нугасны тасрал, зүүн уушгины эдийн няцарч язарсан шарх, цус хуралт, элэгний 1,2,7,8-р сегментэд эдийн няцарч язарсан шарх, ууц яс, аарцаг яс, баруун, зүүн сүүжний үе хэсгээр тасарч бяцарсан хугарал, аарцаг яс баруун, зүүн талд үйрч бяцарсан хугарал, баруун мөр үений мултрал, толгойн хуйхны няцарч язарсан шарх, зүүн шанаа, эрүү, хүзүү, хэвлий, хүйс, зүүн гуя, өвдөг, нуруу, бүсэлхий, баруун мөр, шилбэний зулгаралт, баруун суга, цээж, хөхний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.6, 3.1.10, 3.1.12, 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач нь тархи, цээж, хэвлий, нуруу нугас, аарцгийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцсын эрт үеийн өөрчлөлт илэрсэн тул нас барсны баттай шинж болно ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 52-55/,

 

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар шинжээчийн ...Тухайн зам тээврийн осол нь 27-05 УАО улсын дугаартай “Ланд Круйзер-78” маркийн автомашиныг жолоодож явсан ******* ******* /РД:ШЗ83060110/-ийн буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. Жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч ******* нь дээрх Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн нь осол гарахад шууд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно...дүгнэлт /1-р хх-ийн 57-58/,

 

Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаар...Toyota Land Cruiser маркийн 27-05 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам байгаль орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиглэл өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам  тээврийн осол замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна ...гэсэн магадалгаа /1-р хх-ийн 199-200/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-11/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-16/,

Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал /1-р хх-ийн 60-69/,

“Титанс Пикчерс” ХХК-ний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 70/,

Toyota land cruiser маркийн машины лавлагаа /1-р хх-ийн 79/,

“Мөнх Хада” ХХК-ийн нэхэмжлэх, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 119-143/,

Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ /1-р хх-ийн 144/,

Нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 148/,

“Титанс Пикчерс” ХХК-ний Бодь даатгалаас даатгалын нөхөн төлбөр хүсэх тухай хүсэлт /1-р хх-ийн 149-152/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* гаргасан хүсэлт /1-р хх-ийн 178-179/,

Авто машин хүлээлгэн өгсөн акт /1-р хх-ийн 188-189/,

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 190-198/,

“Титанс Пикчерс” ХХК-д ажилд орохыг хүсэгчийн хураангуй анкет /1-р хх-ийн 218/,

“Титанс Пикчерс” ХХК-ийн *******г жолоочийн ажил томилсон тушаалын хуулбар /1-р хх-ийн 219/,

Хөдөлмөрийн гэрээнүүдийн хуулбарууд /1-р хх-ийн 221-224/,

Хөлсөөр ажиллах гэрээ /1-р хх-ийн 225/,

Хамтран ажиллах гэрээний хуулбар /1-р хх-ийн 227-230/,

Хамтран ажиллах санамж бичиг /1-р хх-ийн 231/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 50 минутын орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Улаан сайр” 1 дүгээр баг, “Дэлийн хайрханы ар” гэх газарт “Тоуоtа land Criuser-J70” маркийн 27-05 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уулын уруу өнхөрч онхолдон, зорчигч ******* /эмэгтэй, 29 настай/ амь нас хохироож Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч *******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч ******* нь “Титанс Пикчерс” ХХК-д жолоочоор ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулсан байх тул гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа байгууллага болох “Титаник Пикчерс” ХХК иас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Амь хохирогчийн оршуулгын зардал болон буяны ажилд хэрэглэсэн зүйлс зарлагын баримтаар 7.492.600 төгрөг, малчин Б.Барсболдын мал худалдсан тодорхойлолтоор 1.560.000 төгрөг, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Хэнтий аймгаас Баянхонгор аймагт ирж эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцоход зарцуулсан бензиний болон буудлын зардалд нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаар 292.358 төгрөг, нийт 9.344.958 төгрөгийг “Титанс Пикчерс” ХХК-аас, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн зардал 4.000.000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүх-Очирт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч С.Жаргалмаа нь “Титанс Пикчерс” ХХК-д найруулагч, редактораар ажиллаж байхдаа 900,000 төгрөгний цалинтай /х.х-220/ ажиллах тушаал, мөн 800.000 төгрөгөөр цалинжих тухай хөдөлмөрийн гэрээ /х.х-221/ зэрэг зөрүүтэй баримтууд  хавтаст хэрэгт авагдсан байх тул нь хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах, тэтгэвэр авахтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Иргэний нэхэмжлэгч 1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар талд авагдсан мэдүүлгээр “Тоуоtа land Criuser-J70” маркийн 27-05 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд Бодь даатгалаас 110.942.630 төгрөг хүлээн авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

 “Титанс Пикчерс” ХХК нь талийгаачийн шарилыг зөөж тээвэрлэх, шарилын хайрцаг, буяны ажилд 4.200.000 төгрөгийг /х.х-150-152/ өгсөн байна. 

 

Шүүх шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж ялын дэглэмийг тогтоов.

 

Мөн шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас бага насны 3 хүүхэд бүтэн өнчин үлдсэн, тэдгээрийн сэтгэл санааны хүнд нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар  өмгөөлөгчид төлсөн зардал  4.000.000 төгрөгийг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар оршуулгын ажлын зардал 9.344.958 төгрөгийг “Титанс Пикчерс” ХХК-иас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүх-Очирт олгосугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нас барсан хохирогчийн асрамжид байсан хүүхдүүдийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ГЭРЭЛМАА