Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/563

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос С овогт М-н Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000190 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт ....... тоотод оршин суух /РД:/ урьд ял шийтгэлгүй, С овогт М-н Ц .

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Ц нь “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа 2019-2020 онд “Б” ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 1.295.600.000 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Б  трейд” ХХК-иас авсан мэтээр хий бичилт хийж 13 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж харъяа татварын байгууллагад тайлагнан, улсын төсөвт төлөгдөх 2019 оны 12 дугаар сарын 12 сард 63,236,363.64 төгрөг, 2020 оны 4 дүгээр сард 54,545,454.55 төгрөг, нийт 117,781,818.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч М.Ц ийг “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ц нь Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

1. Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Б нарын 2021 оны 4 дүгээр сарын 23- ны өдрийн “Б  трейд” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга, 487 аж ахуйн нэгжийн жагсаалт /1 хх-ийн 17-132 тал/,

2. Татварын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 05/1228 дугаартай “Р  ” ХХК нь Баянгол дүүргийн татварын албанд харьяалагддаг талаарх албан бичиг, хавсралт /1 хх-ийн 135-136 тал/,

3. Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр батлагдан 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа хуулийн 13 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “албан татварт ногдох орлогоос хасагдах зардал, тавигдах шаардлага”-н 13.1-3-т зааснаар зардал бодитой гарсан байх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүрдлээр баталгаажсан байх гэж заасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1-т зааснаар “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх санхүүгийн мэдээллийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно” гэсэн байдаг. 2020 оны татварын ерөнхий хуулийн 6.1.34 дэх хэсэгт зааснаар “татварын баримт бичиг” гэж татварын хууль тогтоомжийн дагуу цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээн авсан, цахим гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн иж бүрдлийг хэлнэ гэж заасан. Иймд падаан нь санхүүгийн анхан шатны баримт бичиг мөн. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдүүлэлтийн талаар сангийн яамны сайдын тушаал бас байдаг бөгөөд ямар тушаал гэдгийг одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 172-173 тал/,

4. Гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би “Б” ХХК, “К” ХХК, “М” ХХК, “Э” ХХК-д 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бусдад НӨАТ-ын падаан шивж борлуулдаг байсан. ...Би “Б” ХХК-ийн нэрээр 2017-2020 онуудад нийт 135,166,886,586.36 төгрөгийн НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 13,516,688,658.64 төгрөгөөр бууруулж бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосноо хүлээн зөвшөөрч байна. Би шивсэн НӨАТ-ын падааны үнийн дүнгийн 0.8-1.5% хүртэлх хувиар борлуулж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 181-183 тал/,

5. Гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний хувьд Р   ХХК-д нягтлан бодогч байсан болохоор компанийн дотоод өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод байдаггүй байсан, сар, улирлын, жилийн, татварын тайлан гаргах цаг хугацаанд би ирж тайлан гаргаж татварт илгээх ажлыг хийдэг байсан. ...Р   ХХК нь Б  Трейд ХХК-иас ямар бараа бүтээгдэхүүн худалдан авсан гэдгийг мэдэхгүй. Би тайлан гаргах цагаар ирээд тайлангийн хугацаанд Р   ХХК-руу бусад компаниас шивэгдсэн НӨАТ-ыг аваад л худалдан авалтаар тайлагнаад явдаг байсан. Ц  захирал хааяа яриад ийм, тийм худалдан авалт орж ирнэ шүү гэж хэлдэг байсан. Хэлэхгүй байсан ч татварын систем рүү нэвтрэхэд шивэгдсэн НӨАТ-ын падаанууд байж байдаг болохоор тэрийг нь хүлээн аваад татварт тайлагнаж илгээдэг. Яг “Б” ХХК-д хэчнээн дүнтэй НӨАТ шивигдсэн байсан эсэх талаар одоо үнэхээр санахгүй байна. Тухайн үед Р   ХХК маш олон компанитай харилцаж худалдан авалт борлуулалт хийдэг байсан. “Б” ХХК-тай холбоотой анхан шатны баримтууд байдаггүй байсан, М.Ц захирал мөнгөн гүйлгээ төлбөрөө өөрөө л мэддэг байсан миний тухайд компанийн мөнгөн гүйлгээ, орлого зарлага оролцдоггүй, зөвхөн тайлан гаргаж хэмжээнд л оролцдог байсан. ... Тэрийг нь би мэдэхгүй байна, гүйлгээ төлбөр хийх, мөнгөний зарцуулалт хийх эрх нь ганцхан захирал Ц т л байдаг, би мөнгөний гүйлгээ төлбөр хийдэггүй байсан талаар дээр хэлж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн189-191 тал/,

6. “Их Наяд” Аудит ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээчийн нарын 2022 оны 5 дугаар сарын 12-ны Ш/22-08 дугаартай “...“дээрх худалдан авалтаар тайлагнасан 1,295,600,000 төгрөгийн төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А-05/002 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна”, ...Р   ХХК-ийн Б ХХК-иас авсан худалдан авалтаар тайлагнасан бараа, ажил үйлчилгээнд төлсөн төлбөрийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А-05/002 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна. ...“нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1. Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасны дагуу “Р” ХХК-ийн тайлагнасан “Б” ХХК-ийн төлбөрийн баримтаар 2019 онд 63,236,363.64 төгрөг, 2020 онд 54,545,454.55 төгрөг, нийт 117,781,818.18 төгрөгөөр төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулж тайлагнасан байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 203-209 тал/,

7. “Р” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 249-250 тал/,

8. Хохирогч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Р ХХК-ийн холбогдох албан тушаалтан улсад 117,871,818.18 төгрөгийн хохирол учруулсан. Мөн хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байна. Тийм учраас татварын байгууллагаас тухай хохирлыг гэм буруутай этгээдээр улсад эргэн төлүүлэхээр шаардлага тавьж байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 20-21 тал/,

9. Тус шүүхэд гаргасан шүүгдэгч М.Ц ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, Монголын татварын албаны аж, ахуй нэгж байгууллагын тодорхойлолт, хохирогч Г.Б-н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн баталгаа /2 хх-ийн 38, 43, 52 тал/,

10. Шүүгдэгч М.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд татварын тайлан гарах болоход баримтгүй худалдан авалт хийсэн 1,295,600,000 төгрөгийн зарлага НӨАТ-гүй учраас хасагдах зардалд тооцогдохгүй болж тухайн хэмжээний мөнгөн дүнгээс татвар төлөх шаардлагатай болсон учраас барилгын ажил хийж байсан даамал ажилчдаа өөрсдийн хариуцан худалдан авалт хийсэн дүнгээрээ НӨАТ-ын баримттай болгохыг даалгасан тэр үед дээр хэлсэн дүнгээр “Б " гэдэг компаниас манай руу 2019 оны 10 дугаар сараас эхлэн НӨАТ-ын падаан баримт, шивсэн байсан бөгөөд нийт 13 ширхэг 1,295,600,000 төгрөгийн үнийн дүнтэй НӨАТ-ын падаан баримтыг шивсэн. Манай компанийн зүгээс “Б" ХХК-тай ямар нэгэн арилжаа наймаа хийгээгүй, тухайн компанитай ямар ч харилцаагүй байсан ч гэсэн төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдээд байсан учраас тухайн компанийн манай руу шивсэн, ямар нэгэн санхүүгийн анхан шатны баримтаар баталгаажихгүй НӨАТ-ын падааныг татварт тайлагнахаас өөр аргагүй байсан, ингээд "Б” ХХК-ийн манай руу борлуулалтаар шивсэн НӨАТ-ын падааныг худалдан авалтаар тайлагнаж компанийн төлөх татварын дүнг багасгасан. Миний зүгээс өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 6-8 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлт хэвээрээ байгаа...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2 хх-ийн 9 тал/, нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт /2 хх-ийн 10 тал/, боловсролын гэрчилгээ /2 хх-ийн 11-13 тал/, товч намтар /2 хх-ийн 14 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 15 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Ц ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 185-187 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: шүүгдэгч М.Ц нь “Р  ” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа 2019-2020 онд “Б  трейд” ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 1.295.600.000 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Б  трейд” ХХК-иас авсан мэтээр хий бичилт хийж 13 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж харьяа татварын байгууллагад тайлагнан, улсын төсөвт төлөгдөх 2019 оны 12 дугаар сард 63,236,363.64 төгрөг, 2020 оны 4 дүгээр сард 54,545,454.55 төгрөг, нийт 117,781,818.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна. 

Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй харилцан хамаарал бүхий нотлох баримтууд болох Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Б нарын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Б  трейд” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга, 487 аж ахуйн нэгжийн жагсаалт, хохирогч Г.Б, гэрч А.Б, Д.Х, Д.Х нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Их Наяд” Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монголын татварын албаны аж, ахуй нэгж байгууллагын тодорхойлолт болон шүүгдэгч М.Ц ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ц нь 117,781,818.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогджээ.

Монгол Улсын үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 17 дугаар зүйлд хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэгт хамаарахаар хуульчилсан бөгөөд үүргээ биелээгүй бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” энэ гэмт хэрэг нь Эдийн засгийн гэмт хэрэгт хамаардаг ба гэмт хэргийн үндсэн шинж нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл байна.  

Татвар төлөхөөс зайлсхийх гэдэгт хуулийн хүрээнд татварын ачааллаа багасгах, татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй буюу татварын албанд мэдэгдэлгүйгээр санхүүгийн үйл ажиллагаа эрхэлсэн үйлдлийг ойлгодог.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ”-г их хэмжээний гэж ойлгохоор заасан бөгөөд “Их Наяд” Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр улсад нийт 117,781,818.18 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.

Шүүгдэгч М.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд түүний 117,781,818.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “Б  трейд” ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа 1.295.600.000 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Б  трейд” ХХК-иас авсан мэтээр хий бичилт хийж 13 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж, харьяа татварын байгууллагад тайлагнасан үйлдэл нь энэ гэмт хэргийн  шинжийг хангаж байна.

 Тэрээр өөрийн үйлдэл хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгч М.Ц ийг “Татвар төлөхөөс зайлсхийх” буюу “татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Ц нь Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 5-д “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч М.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийг улсын яллагч хүлээн зөвшөөрч, ялын төрөл хэмжээний саналаа үйлдэж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчийн ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг М.Ц т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Ц ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц ийг 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймээс шүүгдэгч М.Ц т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусд асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас улсад нийт 117,781,818.18 төгрөгийн хохирол учирсан байх ба урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд улсад учруулсан татвараа төлж барагдуулсан болох нь улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдсон. Мөн Монголын татварын албаны аж, ахуй нэгж байгууллагын тодорхойлолт, хохирогч Г.Б-н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн баталгаа зэргээр давхар нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Ц ээс гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Ц т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт М-н Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Татвар төлөхөөс зайлсхийх буюу хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц ийг 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Ц т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА