Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

 

 

 

 

 

 

 

 

2022.06.15        2022/ШЦТ/132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0012/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Урантуяа,

Улсын яллагч                                               Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Ганхуяг

Шүүгдэгч                                                        Н. Э нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н. Э-д холбогдох 2139002840010 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н. Э нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт тус сумын харьяат иргэн Ц.Г-ийн өөрийн хаваржаандаа үлдээгээд нүүсэн хар халзан зүсмийн сувай үнээг бэлчээр нутгаас нь машин механизм буюу улсын дугааргүй Их хурд маркийн мотоцикл ашиглан хулгайлж иргэн Ц.Г-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дугаар багийн нутаг Хурхын голын хуучин гүүрний хойд талын энгэрт хаваржаалсан юм. Ингээд 2021 оны 06 дугаар сарын сүүлээр зусландаа айлууд буух үеэр манайх Биндэр сумын урьд Хуурай тохой гэх газарт нүүсэн. Ингэж нүүхдээ хаваржиж байсан газраа хар халзан зүсмийн сувай үнээгээ айлын үхэрт үлдээгээд нүүсэн. Тэгээд нүүснээс хойш эргэж ирээд нөгөө үнээгээ хүнээс асууж сураглаж явахад Намсрай гэх хүний хүүхэд болох М гэдэг залуу нядлаад аймагт зарсан байсан. Уг үхрийг М болон түүний ах нь цуг нядалсан гэж сонссон... зөв талын чих нь ухам, зөв талын эвэр нь цэнхэр будагтай, шар ээмэгтэй, хар халзан сувай үнээ байсан... Би үхрийнхээ оронд 1 үхэр авсан. Намайг хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-н 21-22-р тал/

            Хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...би хаваржаанаасаа зуслан руугаа нүүхдээ хаваржаан дээрээ хар халзан зүсмийн сувай үнээгээ орхиод буюу үлдээгээд явчихсан байсан... үхрээ байхгүй байгааг нь мэдээд хаваржаан дээрээ очиж үзэхэд харагдахгүй байсан... Цамба гэх хүн надад танай үнээ чинь манай үхэрт нийлж хэсэг байж байгаад Э-гийн  үхэр рүү нийлсэн гэж хэлсэн. Тэгээд би Э  дээр очиж уулзаад энэ 1 тооны үхрээ авъя гэхэд байхгүй гээд байсан... би 1 тооны хар халзан зүсмийн сувай үнээгээ 2021 оны 7 дугаар сард наадмын дараа хаваржаанаасаа зуслан руугаа нүүхдээ хаваржаан дээрээ үлдээгээд явчихсан байсан... манайх жил болгон нэг газартаа хаваржиж өвөлждөг. Манай хаваржаа маань Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг Хурхын голын хуучин гүүрний хойд талын энгэрт байдаг... манай хаваржаанаас Э-н  хаваржаа баруун хойд зүгт ойролцоогоор 500-600 метр байдаг. Э-н х болон манайх саахалт айлууд байгаа юм... Э  манай малыг ойролцоогоор 4 жил орчим малласан... Э гаас 2000 онд малаа авч өөрсдөө маллах болсон... малаа авсныхаа дараа Э-н  ойр хавиар нутаглаж малаа дассан газарт нь байлгасан. Одоо ч гэсэн манайх тэр хавиараа л хаваржиж өвөлждөг...” гэх мэдүүлэг /хх-н 171-172 хуудас/

 

2. Гэрч Б.Цогтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын эхээр юм шиг санаж байна. Манайхыг Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг Энгэр булаг гэх газарт нутаглаж байхад манай хамаатны хүүхэд болох М гэдэг залуу утсаар залгаж “би маргааш махтай аймаг явах гэсэн юм намайг машинтайгаа аваад яваад өгөөч” гэж намайг гуйсан... маргааш өглөө нь 05 цагийн үед М-ийн  гэрийн гадаа байсан үхрийн махыг машиндаа ачаад Хэнтий аймаг явсан... үүнээс нэлээн хэд хоногийн дараа хулгайн мал гэдгийг сонссон...” гэх мэдүүлэг /хх-н 30-31-р тал/

 

            3. Гэрч Н.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сард яг хэдний өдрийг нь бол сайн хэлж мэдэхгүй байна. Хэнтий аймгийн Биндэр сумын төвд байх өөрийн гэртээ байж байхад миний төрсөн дүү болох Э  над руу утсаар яриад надад хандан би мал ажиллаад эх*******, хүүхдийнхээ хамт аймаг явах гээд байна. Та ирээд мал хараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд мотоциклтой дүүгийнхээ хөдөө гэрт нь очсон. Тухайн үед ойролцоогоор 16-17 цагийн үе л байсан байх гэж бодоод байна. Яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд намайг ирсний дараа миний дүү Э  нь ажиллах үхрээ аваад ирье гээд бэлчээр лүүгээ мотоциклтой яваад удалгүй хар зүсмийн шүдлэн юм уу, хязаалан насны эм үхэр мотоциклоороо туугаад ирсэн. Тэгээд л Э  бид 2 уг үхрийг нь хамтдаа ажилласан юм.Тэгээд Э  ажилласан үхрээ сэврээж энэ тэр болсоор байгаад ойролцоогоор 23-00 цагийн үед л байсан байх гэж бодоод байна. Цагийг нь яг сайн хэлж мэдэхгүй байна, ажилласан үхрээ Цогтбаатар гэх хүний бага гарын бололтой жийп машинд нь ачаад эх*******, хүүхдийнхээ хамт аймаг руу явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/

 

4. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны №2021/ШД-446 дугаартай: “...зах зээлийн үнэлгээг 1,200,000.00 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 53-55 дугаар хуудас/

 

5. Яллагдагчаар Н.Э-н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай хаваржаа Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг Хурхын голын хуучин гүүрний зүүн хойд талд байдаг... Г ахынх болон манайх хоёр хоорондоо их ойрхон... саахалт айлууд байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 195-196 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтэйгээр илрэн гардаг.  

            Шүүгдэгч Н. Э нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р багийн нутагт иргэн Ц.Г-ийн өөрийн хаваржаандаа үлдээгээд нүүсэн хар халзан зүсмийн сувай үнээг бэлчээр нутгаас нь машин механизм буюу улсын дугааргүй Их хурд маркийн мотоцикл ашиглан хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дугаар багийн нутаг Хурхын голын хуучин гүүрний хойд талын энгэрт хаваржаалсан юм. Ингээд 2021 оны 06 дугаар сарын сүүлээр зусландаа айлууд буух үеэр манайх Биндэр сумын урьд Хуурай тохой гэх газарт нүүсэн. Ингэж нүүхдээ хаваржиж байсан газраа хар халзан зүсмийн сувай үнээгээ айлын үхэрт үлдээгээд нүүсэн. Тэгээд нүүснээс хойш эргэж ирээд нөгөө үнээгээ хүнээс асууж сураглаж явахад Намсрай гэх хүний хүүхэд болох М гэдэг залуу нядлаад аймагт зарсан байсан... зөв талын чих нь ухам, зөв талын эвэр нь цэнхэр будагтай, шар ээмэгтэй, хар халзан сувай үнээ байсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22-р тал/

            Хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...би хаваржаанаасаа зуслан руугаа нүүхдээ хаваржаан дээрээ хар халзан зүсмийн сувай үнээгээ орхиод буюу үлдээгээд явчихсан байсан... үхрээ байхгүй байгааг нь мэдээд хаваржаан дээрээ очиж үзэхэд харагдахгүй байсан... Цамба гэх хүн надад танай үнээ чинь манай үхэрт нийлж хэсэг байж байгаад Э-гийн  үхэр рүү нийлсэн гэж хэлсэн. Тэгээд би Э  дээр очиж уулзаад энэ 1 тооны үхрээ авъя гэхэд байхгүй гээд байсан... би 1 тооны хар халзан зүсмийн сувай үнээгээ 2021 оны 7 дугаар сард наадмын дараа хаваржаанаасаа зуслан руугаа нүүхдээ хаваржаан дээрээ үлдээгээд явчихсан байсан... манайх жил болгон нэг газартаа хаваржиж өвөлждөг. Манай хаваржаа маань Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг Хурхын голын хуучин гүүрний хойд талын энгэрт байдаг... манай хаваржаанаас Э-н  хаваржаа баруун хойд зүгт ойролцоогоор 500-600 метр байдаг. Э-н х болон манайх саахалт айлууд байгаа юм... Э  манай малыг ойролцоогоор 4 жил орчим малласан... Э гаас 2000 онд малаа авч өөрсдөө маллах болсон... малаа авсныхаа дараа Э-н  ойр хавиар нутаглаж малаа дассан газарт нь байлгасан. Одоо ч гэсэн манайх тэр хавиараа л хаваржиж өвөлждөг...” гэх мэдүүлэг /хх-н 171-172 хуудас/

Гэрч Б.Цогтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын эхээр юм шиг санаж байна. Манайхыг Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг Энгэр булаг гэх газарт нутаглаж байхад манай хамаатны хүүхэд болох М гэдэг залуу утсаар залгаж “би маргааш махтай аймаг явах гэсэн юм намайг машинтайгаа аваад яваад өгөөч” гэж намайг гуйсан... маргааш өглөө нь 05 цагийн үед М-ийн  гэрийн гадаа байсан үхрийн махыг машиндаа ачаад Хэнтий аймаг явсан... үүнээс нэлээн хэд хоногийн дараа хулгайн мал гэдгийг сонссон...” гэх мэдүүлэг /хх-н 30-31-р тал/

Гэрч Н.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сард яг хэдний өдрийг нь бол сайн хэлж мэдэхгүй байна. Хэнтий аймгийн Биндэр сумын төвд байх өөрийн гэртээ байж байхад миний төрсөн дүү болох Э  над руу утсаар яриад надад хандан би мал ажиллаад эх*******, хүүхдийнхээ хамт аймаг явах гээд байна. Та ирээд мал хараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд мотоциклтой дүүгийнхээ хөдөө гэрт нь очсон. Тухайн үед ойролцоогоор 16-17 цагийн үе л байсан байх гэж бодоод байна. Яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд намайг ирсний дараа миний дүү Э  нь ажиллах үхрээ аваад ирье гээд бэлчээр лүүгээ мотоциклтой яваад удалгүй хар зүсмийн шүдлэн юм уу, хязаалан насны эм үхэр мотоциклоороо туугаад ирсэн. Тэгээд л Э  бид 2 уг үхрийг нь хамтдаа ажилласан юм.Тэгээд Э  ажилласан үхрээ сэврээж энэ тэр болсоор байгаад ойролцоогоор 23-00 цагийн үед л байсан байх гэж бодоод байна. Цагийг нь яг сайн хэлж мэдэхгүй байна, ажилласан үхрээ Цогтбаатар гэх хүний бага гарын бололтой жийп машинд нь ачаад эх*******, хүүхдийнхээ хамт аймаг руу явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/

Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны №2021/ШД-446 дугаартай: “...зах зээлийн үнэлгээг 1,200,000.00 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 53-55 дугаар хуудас/

Яллагдагчаар Н.Э-н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай хаваржаа Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг Хурхын голын хуучин гүүрний зүүн хойд талд байдаг... Г ахынх болон манайх хоёр хоорондоо их ойрхон... саахалт айлууд байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 195-196 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Н.Э г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

           

Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг гаргав.

            Улсын яллагч: Яллагдагч Н. Э нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р багийн нутагт дэвсгэрт тус сумын харьяат иргэн Ц.Г-ийн өөрийн хаваржаандаа үлдээгээд нүүсэн хар халзан зүсмийн сувай үнээг бэлчээр нутгаас нь машин механизм буюу улсын дугааргүй Их хурд маркийн мотоцикл ашиглан хулгайлж иргэн Ц.Г-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна. Тиймээс яллагдагч Н.Э-н  холбогдсон хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Г-ийн хувьд хохирол бүрэн төлөгдсөн байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  Хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх асуудал хэргийн материалаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгч хэний үхэр болохыг мэдэх боломжгүй. Хэний үхэр болохыг мэдээгүй байна. Манай үйлчлүүлэгч өөрөө хэлдэг сүүлд Г нь өөрийн үхрээ алдсан гэж цагдаа дээр ирэхэд нь тэдний үхэр байна гэж мэдсэн, хар халзан үхэр байна гэж Цамба гуай хэлсэн байсан, би бол Г гуайн үхэр гэдгийг мэдээгүй байсан шүү гэж мэдүүлэг өгсөн. Г нь өөрийнхөө үхрийг ганцаар нь үлдээгээд нүүгээд явчихсан. Хотноосоо алдсан асуудал байхгүй байгаа. Хугацааг нь бодоход 07 дугаар сарын 30, 31 гэхээр наадмын дараа 10-11 гэхээр 10-аас 11 хоногийн зөрүү гарч байгаа учраас энэ үхрийг хэний үхэр вэ гэдгийг мэдэхгүйгээр нийгмийн халамжаас авсан өр зээлээ төлөх гээд мөнгөний хэрэг гарсан учраас шунахайн сэдэлттэйгээр бусдын эзэнгүй явсан, хэнийх болохыг нь мэдэхгүй явсан үхрийг шунахайн сэдэлтийн улмаас ашиглаж алдуул малыг завшсан гэж үзэх боломжтой байна. Хулгай гэдгийг нотолсон бусдын өмчлөлөөс шууд авсан гэх асуудал тогтоогдохгүй. Айлын орхиод явсан үхэр байгаа. Биндэр сумын гүүр баталгаат км-ээр төвөөс 12 км гэж тоологддог. Хойгуураа 14-15 км байдаг. Зайг тогтооно гэж байсан ба анхнаасаа зайг тогтоож өгсөн баримт хэрэгт байхгүй байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн гэр болон шүүгдэгчийн гэрийн хоорондох зай 10 км байсан байна. Хурхын гол дагуу байсан. 15 км цаанаас ирж авсан гэх зүйл байхгүй. Эзэнгүй хаягдсан, хэний үхэр болохыг мэдэхгүй, айл аймаг байсан хүмүүсийн аль аль нь мэдэхгүй гэж байгаа. Завшсан үйлдэл байна гэж тогтоогдож байгаа учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлүүлж өгнө үү гэв. Түмэнбаяр өөрөө мэдүүлэг өгнө гэж байгаад мэдүүлэг өгсөн байна. Анхныхаа мэдүүлгийг үгүйсгэж өгсөн гэрчийн мэдүүлэг байгаа. Үүнийг үнэлэх ёстой, яллах болон цагаатгах баримтыг түшиглэж ярьж байна. Цагаатгах баримтаар илүү тогтоогдож байна. Байгалмаа, Гхоёр малаа эзэнгүй хаяад нүүсэн. Өөрийнхөө бэлчээр нутаг дээр байсан малыг хаяад нүүгээд явсан байхад хотноос эзэнтэй  малаас хулгайлсан гэж үзэж болохгүй. Ашиглаж завшсан хүн хэн байхаас хамаараад энэ мал эзэнгүй үлдсэн байна. Заавал ойрхон нутаглаж байснаар айлын үхрийг мэдэх учиргүй. Зусландаа намар салж буудаг хавар өвөлжөө болгоод жилийн 2 улиралд хамт байдаг. 2 улиралд эзгүй байдаг. Өнөөдрийн байдлаар 70 үхэртэй гэж ярьж байгаа. 2020 оны байдлаар 40 үхэр тоологдсон байсан. 3, 4 сард авахад 40 үхэр байсан гээд 2020 оны жилийн эцсээр 60 үхэр байсан гэдэг. Айл байсан Цамба нь би Г-ийн үхэр гэдгийг мэдээгүй. Э-н  үхэр рүү нийллээ гэж манай хүүхдүүд хэлсэн байдаг, би бол мэдээгүй Гахыг сураглаж ирэхээр нь мэдсэн гэж айл байсан Цамба нь тэгж хэлсэн байгаа. Айлын малыг өдөр болгон тоолж зогсохгүй. Хэдийгээр нэг дор нутаглаж байгаа хэдий ч өөр өөрийнхөө малыг л хардаг. 600-700 метр байсан айлын малыг мэдэх ёстой гэж дотоод итгэлээрээ ингэж болохгүй. Хэрэгт цугларсан Түмэнбаяр, Цамба, Г Байгалмаа нарын мэдүүлгээр нутаг дээрээ орхиод нүүсэн, шунахайн сэдэлттэйгээр авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь хулгай хийгээгүй гэдэг асуудал ойлгогдож нотлогдож хохирогч Ган-Эрдэнэ, гэрч Байгалмаа, Цамба, Түмэнбаяр нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Сүүлийн мэдүүлгээр өмнөх мэдүүлэг нь няцаагдсан байгаа учраас ямар нэгэн машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлах гэж зүйлчлэх нь буруу байна  гэв.

 

Улсын яллагч шүүгдэгчийг хохирогчийн хаваржаандаа үлдээгээд нүүсэн хар халзан зүсмийн сувай үнээг бэлчээр нутгаас нь машин механизм буюу улсын дугааргүй Их хурд маркийн мотоцикл ашиглан хулгайлсан гэж яллаж байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм бурууг дүгнэхдээ “хэний үхэр болохыг мэдэх боломжгүй... Г нь өөрийнхөө үхрийг ганцаар нь үлдээгээд нүүгээд явчихсан. Хотноосоо алдсан асуудал байхгүй байгаа... хэний үхэр вэ гэдгийг мэдэхгүйгээр нийгмийн халамжаас авсан өр зээлээ төлөх гээд мөнгөний хэрэг гарсан учраас шунахайн сэдэлттэйгээр бусдын эзэнгүй явсан, хэнийх болохыг нь мэдэхгүй явсан үхрийг шунахайн сэдэлтийн улмаас ашиглаж алдуул малыг завшсан гэж үзэх боломжтой... байгаа учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлүүлж өгнө үү” гэж дүгнэж мэтгэлцэж байна.

            Шүүх болж өнгөрсөн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд сэргээн дүрсэлбэл хохирогч Ц.Гнь өөрийн хаваржаан дээрээ нэг тооны үхрээ орхиод нүүсний дараа шүүгдэгч Н.Э өөрийн үхэрт нийлсэн Ц.Г-ийн үхрийг мотоциклоор тууж ирэн эзэнд нь хэлэлгүй өөрийн өмч мэтээр захиран зарцуулсан байдал хохирогч гэрч нарын дээрх мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа бөгөөд хэний мал болохыг асууж сураглалгүйгээр, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж шүүх үзсэн болно.

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн үйлдлийг алдуул мал завшсан гэж дүгнэж байгаа боловч алдуул мал гэсэн ойлголт нь өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг, байнга идээшиж дассан нутаг бэлчээр, хашаа, хороогоо орхин алслагдаж, хэний ч эзэмшил, хараа хяналтгүй болсон, өөрийн бэлчээрээс бусад газар нутагшиж идээшсэн эзэнгүй мал /Монгол хэлний их тайлбар толь/-ыг хэлдэг тул хохирогчийн хаваржаан дээрээ орхиж үлдээсэн үхрийг алдуул мал гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн шүүгдэгч нь малыг мотоциклоор туугаагүй гэж мэдүүлж байгаа боловч гэрч Н.Түмэнбаярын мэдүүлэгт “...Э  нь ажиллах үхрээ аваад ирье гээд бэлчээр лүүгээ мотоциклтой яваад удалгүй хар зүсмийн шүдлэн юм уу, хязаалан насны эм үхэр мотоциклоороо туугаад ирсэн...” гэж /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/ тусгагдсан байх тул шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж дүгнэлээ. Харин гэрч Н.Түмэнбаяр нь шүүгдэгчийн төрсөн ах бөгөөд хэрэг шүүхээс буцсанаас хойш дахин мэдүүлэг өгөхдөө “...Э  үхэртээ явах гээд яг гэрээс гарахад нь өөрсдөө гэрийнх нь гадаа хүрээд ирчихсэн байсан...” гэж мэдүүлгээ өөрчилсөн нь үнэн зөв гэж дүгнэх боломжгүй, дүүгийнхээ эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх байдлаар мэдүүлэг өгсөн байна гэж шүүх үзлээ.

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г-д 1.200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Гнь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би үхрийнхээ оронд 1 үхэр авсан. Намайг хохиролгүй болгосон...” гэж мэдүүлсэн /хх-н 21-22-р тал/, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...надад хохирол гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд оролцохгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Н.Э г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:

Улсын яллагч: Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага зэрэг байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Н. Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй мотоциклыг улсын орлого болгуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугүй гэж үзэж байгаа учраас оногдуулж байгаа ял шийтгэлийн талаар ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч Н.Э-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /гэм буруудаа хандаж буй хандлага/, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н. Э нь гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикл ашигласан байх тул 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклыг шүүгдэгч Н.Э гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авч, мотоциклыг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Э-г машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Э г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н. Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-н  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклыг шүүгдэгч Н.Э гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба мотоциклыг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н. Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ