Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0009

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 28 өдөр                  Дугаар128/ШШ2021/0009                  Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК, С дүүргийн 18 дугаар хороо, Москва

хороолол, Б плаза, 3 давхар,

Хариуцагч: Нзд, Нздын тг,

        “Нхог” ОНӨААТҮГ,

Нэхэмжлэлийн шаардлага:

1/ Санхүүжилт олгох захирамж гаргахгүй байгаа Нздын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээт ажлын үлдэгдэл 1,081,000,000 төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс шийдвэрлэх байдлаар санхүүжилт олгох захирамж гаргахыг Нздд даалгах,

2/ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн мянга орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна хангамжийн эхний ээлжийн №НХААГ-17/0154 тоот гэрээт ажлын гэрээг сунган баталгаажуулахыг Нздын тг, Нхогт даалгах,

3/ Нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлын хэмжээнд хариуцагч нараас 231,682,288 төгрөгийг гаргуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагч Нзд, Нздын тгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Нхогын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гэрээний хугацааг сунгасан талаарх баримт нь нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч нарт хүргүүлж байсан хугацааг сунгах тухай гэрээний төсөлд НХОГ-аас баталгаажуулалт хийн тус шүүхэд хүргүүлсэн байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцлийн 37-д зааснаар гүйцэтгэгч ажил дуусгахаар төлөвлөсөн өдөрт багтаан ажил дуусгах боломжгүй болсон бол төслийн менежерт гэрээний хугацаа хоцорсныг урьдчилан анхааруулах, хугацаа хоцролтыг арилгах талаар хамтран ажиллах үүргийг хүлээсэн. Энэхүү үүргийн дагуу тухайн гэрээний төслийг цаг хугацаанд нь төслийн менежерт хүргүүлж байсан билээ.

Уг гэрээний төсөлд Нздын тгын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Дарга Э.Г гарын үсэг зураагүй, баталгаажуулаагүй байна. Гэрээний төслийн 4-т “...2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл...” сунгалт хийхээр гэрээ дүгнэсэн протоколын дагуу оруулсан. Гэтэл өнөөдөр 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болчихсон байна.

Хариуцагч нар хууль бус эс үйлдэхүй гаргаж цаг тухайд нь гэрээний баталгаажуулалтыг хийгээгүй, өнөөдрийг хүртэл эцэслэн гарын үсэг зураагүй, тухайн гэрээний хугацааны сунгалтыг шинэчлэн тогтоож баталгаажуулах шаардлагатай байх тул “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн №НХААГ-17/0154 тоот ажлын гэрээг сунган баталгаажуулахыг Нздын тг, Нхогт тус тус даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/7413 дугаартай “нотлох баримт гаргуулах тухай” албан бичгээр хохирлын задаргаа, холбогдох баримтуудыг ирүүлэхийг үүрэг болгосон. Санхүүжилтын асуудлыг хариуцагч нар санаатайгаар шийдвэрлэхгүй, удаашруулж, гүйцэтгэсэн ажлын төлбөрөө авч чадахгүй байгаагаас манай байгууллага эргэлтийн хөрөнгөгүй болж, ер, зээлийн дарамт, санхүүгийн алдагдал, хохирлыг амсаж байна. Үүнд;

1/ иргэн Г.А*******ээс үндсэн зээлийн хэмжээнд 515 000 000 төгрөг, зээлийн хүү 72 100 000 төгрөг, иргэн З.Чгаас үндсэн зээлийн хэмжээнд 58 830 000 төгрөг, зээлийн хүү 9 883 440 төгрөг, иргэн Т.Үгаас үндсэн зээлийн хэмжээнд 100 000 000 төгрөг зээлж, зээлийн хүү 19 200 000 төгрөг төлсөн.

2. Дээрх санхүүжилтын асуудал шийдэгдэхгүй байгаагаас манай байгууллага нь сургалтанд хамруулан, бэлтгэн мэргэшүүлсэн ажилчдынхаа цалинг олгох боломжгүй болж ажилчид маань ажлын байраа орхин ажлаас гарахаас аргагүйд хүргэсэн. Үүнд:

1. Д-ийн Э - цахилгаанчин

2. А-ийн Х - цахилгаанчин

3. Э-ийн С - туслах ажилтан

4. Б-ын М- цахилгаанчин

5. А-ын Э - туслах ажилтан

6. З-ын З - цахилгаанчин

7. Б-ийн Л - туслах ажилтан

8. Г-ийн Д - цахилгаанчин

Хүний нөөцийг дахин бүрдүүлэхийн тулд бизнетворк.мн болон зар сурталчилгааны зардалд 576 350 төгрөг, хүний нөөцийн менежерийн цалингийн хэмжээнд 9 170 000 төгрөгийн үргүй зардал гаргасан.

3/ Гэрээний дагуу 2019 онд багтаан 1 081 042 953 төгрөгийн санхүүжилтийг манай байгууллага авахаар тохиролцсон байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас үүргээ бүрэн биелүүлсэн байхад энэ мөнгөн хөрөнгө өнөөдрийг хүртэл олгогдоогүй байна.

Тухайн мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хадгалуулсан бол олох байсан орлогыг буюу хадгаламжийн хүүгээ хохирлын хэмжээнд нэхэмжилж байна. Үүнд: 1 жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүүг харилцагч байгууллага болох Голомт банкны жилийн хадгаламжийн хүү 11.17%-иар тооцож нийт 120 752 498 төгрөгийг олох байсан орлогын хэмжээнд хохиролд тооцон нэхэмжилж байна.

Хохирлын хэмжээг нэгтгэвэл:

хохирол

хэмжээ

1

Хувь иргэнээс авсан зээлийн хүү

101 183 440 төгрөг

2

Хүний нөөц дахин бүрдүүлэлт, зар сурталчилгааны зардал

9 746 350 төгрөг

3

Олох байсан орлого буюу банкны хадгаламжийн хүү

120 752 498 төгрөг

 

Нийт

231 682 288 төгрөг

 

Иймд “Санхүүжилтийн тухай” захирамж гаргахгүй байгаа Нздын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ажлын гүйцэтгэлийн 1 081 000 000/нэг тэрбум наян нэгэн сая/ төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс манай байгууллагад олгохыг зөвшөөрсөн захирамж гаргахыг Нздд, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн №НХААГ-17/0154 тоот ажлын гэрээг сунган баталгаажуулахыг Нздын тг, Нхогт тус тус даалгуулж, байгууллагад учирсан хохирлын хэмжээнд хариуцагч нараас 231 682 288 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

... “Б” ХХК нь анх 2003 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагдахаа инженерийн гадна шугам сүлжээний угсралтын чиглэлээр байгуулагдсан. 2008 оноос хойш манай байгууллага нь барилгын салбарт хөл тавьсан. Улсын томоохон чанартай төсөл хөтөлбөрийг чанартай хийж гүйцэтгэсэн. 2020 онд  манай компани нийтдээ 110 гаруй ажилтан, 2 охин компанитай үйл ажиллагаа явуулж байна. Ээлжит тендерт ялалт байгуулаад ажлын гэрээ авсан байгаа. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсгийн талбайн гадна цахилгааны эхний хэсгийн ажлыг авсан. Гэрээний дагуу НХААГ-17/0154 тоот нийт үнийн дүн болохоор 4,295,427,112 төгрөг байна. Гэрээний  санхүүжилт яаж орох ирэхээр тохиролцсон бэ? гэхээр тухайн онд батлагдаж хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр олгоно гэсэн. Анхны гэрээнд санхүүжилт хуваасан байдалтай байна. 2017 онд санхүүжих дүнг болохоор 1,981,584,159 төгрөг гэсэн. Үлдэгдэл 2,313,842,953 төгрөгийг тухайн онд хийгдсэн хөрөнгийн гүйцэтгэлээр санхүүжүүлсэн. Санхүүжилтийн мөнгө хаанаас гарах вэ? гэхээр Нийслэлийн төсвийн хөрөнгөөс санхүүжих байгаа.  Гэрээний үйлчлэлийн хугацаа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээтэй байсан. Нэмэлт нэг гэрээ байгуулсан. Гүйцэтгэгчээс шалтгаалсан зүйл байхгүй. Захиалагч тал ажлын талбарыг гүйцэтгэгч байгууллагад хүлээлгэж өгөх ёстой байсан. Ингээд энэ үүргээ биелүүлж чадаагүй. Улмаар нэг дэд өртөөний ажил хийлгэх боломжгүй болсон.

2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээгээр мөн санхүүжих дүнг хуваарилсан байгаа. 2017 онд олгосон 1,531,584,159 төгрөг 2018 онд санхүүжих дүнг 1,682,800,000 төгрөг ингээд үлдэх санхүүжилтийг тухайн онд батлагдсан хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Мөн л Нийслэлийн Төсвийн хөрөнгөөр санхүүжих байгаа. Гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгагдсан. Тухайн гэрээний дагуу манайх 95 хувийн гүйцэтгэлтэй ажил хийсэн. Талууд гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор техникийн зөвлөлийн хуралдаан хийсэн. 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Иж бүрэн хуваарилах байгууламжаар кабелийн шугамын хийгдээгүй асуудал нь газрын асуудал шийдэгдээгүй улмаас ажил бүрэн дуусах боломжгүй талаар тодорхойлсон байна.  Ингээд хурлаас 2020 оны 7 дугаар сарын 01 хүртэл гэрээг сунгана гэж талууд шийдвэрлэсэн. Гэрээг үндэслэж гарсан протокол нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Гэрээний дүн бол 4,295,427,1112 төгрөг байгаа. Үүнээс олгогдсон санхүүжилт нь 2017 онд 1,531,584,159 төгрөг, 2018 онд 1,682,800,000 төгрөг нийтдээ 3,214,384,159 төгрөгийг манай компани авсан. Үүнийг хүлээнэ зөвшөөрч байгаа.  Ажлыг явцыг 89 хувьд дүгнэсэн байгаа. Манайх бол бодитоор 95 хувь байгаа. Яагаад 89 хувь гэж тэмдэглэж байгаа вэ? гэхээр  Улсын комисс хүлээж аваагүй учраас 95 хувьтай гэж тодорхойлох боломжгүй гэсэн. Манай талаас гэрээ сунгахад шаардлагатай баримт бичгийг бүгдийн бүрдүүлж өгсөн. Гэвч гэрээ сунгахгүй, санхүүжилт олгогдохгүй байна.

Ингээд манайх шүүхэд хандсан. Шүүхэд хандсанаас хойш гэрээг сунгасан хэсэг дээр баталгаажуулалт хийж явуулсан байна. Нздын Тг баталгаажуулахаас татгалзсан. Татгалзсан тайлбартай нь би танилцсан. Түүн дээр 2019 онд Засаг дарга бүрэн эрхээ шилжүүлсэн захирамж гаргасан. Үүнээс өмнөх асуудлыг бид мэдэхгүй. Өөрсдөө хоорондоо гэрээ байгуулна уу гэсэн асуудал харсан. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад дор дурдсан этгээд захиалагч байна гэж заасан. Мөн хуулийн 45.2.2-т аймаг, Нздын Тг нь тухайн орон нутагт худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд гэж заасан. Гэрээг баталгаажуулахгүй гэж байгаа үндэслэл нь хууль зүйн үндэслэл шалтгаан биш байна гэж үзэж байгаа. Манай санхүүжилт Нийслэлийн төсвийн хөрөнгөөр орж ирэх ёстой. Тухайн төсвийн хөрөнгө нь төсөвт туссан байх ёстой. Хариуцагч талаас хэрэгт баримт ирүүлсэн байсан. Тухайн баримтаас харахад манай ажил ямар хуваарилалтаар санхүүжиж байгаа вэ? гэдэг нь тодорхой байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/324 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ авто зураг, төсөл барилга байгууламжийн ажлын хөрөнгөөс санхүүждэг. Хариуцагчаас ирсэн нотлох баримтаар нотлогдож байгаа. 2018 онд төсөвт 3,743,000,000 төгрөг суусан байсан. Бид нар 2017, 2018 онд санхүүжилтээ авч чадсан. 2019 оны эс үйлдэхүйгээс болоод авч чадахгүй байна гэж бид нар маргаж байгаа. 2020 онд авч чадаагүй 2021 он гарах гэж байна. 2018 онд төсөв суусан байна гэж харагдаж байгаа. 2019 оны төсөв Ulaanbaatar.mn шилэн дансанд байршуулаагүй байгаа. Гэхдээ би 2021 оны төсвийг харсан. 2021 оны төсөвт 58.1.16.21 гэсэн ангилал дээр төсвийг суулгасан байна.

Ангилал уншиж үзэхээр хугацаа нь 2013-2021 оны төсөвт ажил харагдаж байна. Төсөвт өртгөө 6,951,000,000 төгрөг гэж бичсэн байна. 2020 онд санхүүжихээр батлагдсан дүн гэдэг дээр 2,291,000,000 сая төгрөгийг бичсэн байна. 2020 оны төсөвт 2,291,000,000 сая төгрөг тухайн ажлыг санхүүжүүлэхээр суусан хөрөнгө байна гэж харагдаж байгаа. 2020-2021 он дамжиж санхүүжих дүнгээр 1,407,000,000 төгрөгийг төсөвт суулгаж өгсөн байна. Засаг дарга гэрээний үүргээ биелүүлэх ёстой гэдэг нь хаанаас харагдах вэ? гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар захиргааны байгууллага захиргааны гэрээний үүргийг хангах үүрэгтэй байж байгаа. Бид нар гэрээ байгуулж ажиллаж байгаа. Ямар нэгэн гэрээ хийгээгүй биш гэрээтэй байгаа. Гэрээний ерөнхий нөхцөлийн талаар 37.2-т заасан байгаа. Захиалагчаас заасан нөхцөл байдлаас болоод бид нар хийх ёстой ажлаа гүйцэтгэж чадаагүй. Гэхдээ бид нар гэрээний нөхцөлийн дагаа хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг авах эрхтэй. Манай үлдэгдэл санхүүжилтийн төлбөр 1,081,000,000 төгрөг байгаа. Яагаад бид нар 1,081,000,000 төгрөг бичиж байгаа вэ? гэхээр манайхаас шалтгаалсан ямар нэгэн зүйлгүйгээр ажлаа гүйцэтгэж чадаагүй. Үүнтэй холбоотой барилга байгууламж барих тоног төхөөрөмж, хүний нөөц бусад бараа материалыг бүрэн хийж гүйцэтгэх боломжтой байгаа. Энэ нөхцөл боломжийг олгох үүргийг захиалагч биелүүлээгүй. Ажлын гүйцэтгэлийн хэмжээгээр санхүүжих эрхтэй. Нздас гаргуулах захирамжид дурдаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.       

Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд хохиролтой холбоотой асуудал явагдаж байгаа. Хохиролтой холбоотой 3 үндэслэл гаргаж ирсэн. Манайх ажлаа хийж дуусгахын төлөө хувь хүнээс зээл авч дуусгасан. Мөн цалингаа тавьж чадахгүй нөхцөл шаардлагад хүрсэн. Цалингаа тавьж чадахгүй байгаа юм чинь манай ажилчид ажлаа хийх үү? гэдэг нөхцөл шаардлага байна. н.Ч гэдэг хүнээс 58,830,000 төгрөгийн зээл авсан. 1 сарын хүү нь 2,8 хувийн хүүтэй. Ингээд хүүд нь бид нар 9,883,443 төгрөг төлсөн. Үүнтэй холбоотой баримтаа гаргаж өгсөн. н.А гэдэг хүнээс 515,000,000 төгрөгийн зээл авсан. Нийтдээ 72,100,000 төгрөг хүүд нь төлсөн. Үүнтэй холбоотой баримтуудаа мөн адил гаргаж өгсөн. н.Ү гэдэг хүнээс 3,2 хувийн хүүтэй хүүд нь 6,400,000 төгрөг төлсөн. Хэрэв мөнгө орж ирсэн бол бид нар бусдаас мөнгө зээлэх шаардлага байхгүй. Гэтэл мөнгө орж ирээгүй учраас аргагүй зээл авч ажлаа дуусгаж ажилтны цалин зэргийг шийдсэн. Иргэний хуулийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Хэрэв бид нар мөнгөө авахгүйгээр банканд хадгалуулсан бол 120,752,498 төгрөгийн орлого олох байсан. Үүнийгээ хохирлын хэмжээнд тооцож нэхэмжилж байгаа. Нийтдээ 231,682,288 төгрөг гэж боломжоороо баримтаа бүрдүүлж шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна” гэв.

 

Хариуцагч Нзд, Нздын Тгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүжилт олгоогүйгээс болоод бид нар хувь хүнээс зээлээд аваад ингээд олох ёстой орлогыг олоогүй гэж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Яагаад санхүүжилт олгохгүй байгаа талаар Хөрөнгө оруулалтын газраас тайлбар хэлэх байх. Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

... Нхогын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. 2021 оны төсөвт тусгаагүй учраас санхүүжүүлэх боломжгүй байна.  Хувь хүнээс авсан зээл, орлого зэргийг манайхаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм” гэв.

 

Хариуцагч “Нхог” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нхог нь улс болон төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа барилга байгууламжийн ажилд гэрээний үндсэн дээр хяналт тавьж хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийнхээ хувьд “Б” ХХК-тай 2017 онд гэрээ байгуулсан. Дэнжийн 1000 орчмын ажил нь 295,727,012 төгрөгөөр гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдсанаас хойш 2017 онд 1,541,584,159 төгрөг, 2018 онд 1,981,800,000 төгрөгийг олгосон. Хөрөнгө оруулалтын газрын зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт халдсан аливаа зүйлийг хийгээгүй. Ингээд гэрээг 2020 онд сунгахаар Нздын Тгт хүргүүлсэн. Ингээд хүргүүлсэн боловч буцааж Нхог луу буцаасан. Буцаасан шалтгаан нь 2020 онд хөрөнгө сунгагдаагүй учир сунгах боломжгүй гэдэг шалтгаанаар буцаасан байгаа. Хэдийгээр захиалагчийн дагуу хэрэгжүүлээд Нздын захирамжийн дагуу Нхог хяналт тавьж байгаа боловч төсөв мөнгө шийдвэрлэдэг газар биш юм.

... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болохоор Нхог нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар гэрээ баталгаажуулаад гэрээнд гарын үсэг зураад шүүхэд гаргаад өгдөг гэж байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч компанийн гэрээг сунгаад хүргүүлсэн боловч Нздын Тгаас буцсан байгаа. Иймд сунгахгүй асуудал нь үндэслэлгүй юм. Санхүүжилт яаж олгох талаар хуульд тодорхой заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

“Б” ХХК нь Нздд холбогдуулан “Санхүүжилт олгох захирамж гаргахгүй байгаа Нздын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээт ажлын үлдэгдэл 1,081,000,000 төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс шийдвэрлэх байдлаар санхүүжилт олгох захирамж гаргахыг Нздд даалгах”, Нздын тг болон Нхогт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн мянга орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна хангамжийн эхний ээлжийн №НХААГ-17/0154 тоот гэрээт ажлын гэрээг сунган баталгаажуулахыг Нздын тг, Нхогт даалгах” хариуцагч нарт холбогдуулан “Нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлын хэмжээнд хариуцагч нараас 231,682,288 төгрөгийг гаргуулах”[1] тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “гүйцэтгэгч байгууллагаас хамаарахгүй шалтгаанаар гэрээт ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон байхад гэрээг сунгахгүй, Сангийн сайдын 2016 оны 415 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам”-д заасан санхүүжилт олгохгүй байх нөхцөл байхгүй байхад гүйцэтгэсэн ажлын санхүүжилт олгохгүй байгаа нь хууль бус бөгөөд уг ажлыг гүйцэтгэхийн тулд авсан зээлийн хүүгээр манай байгууллага хохирч байна” гэж тайлбарлан маргасан ба хариуцагч Нзд болон тгын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн ажлыг анх өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан ба нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухай жилийн төсөвт хөрөнгө суугаагүй, гэрээ байгуулаагүй улмаас учирсан хохиролд хувь хүнээс авсан зээл, зээлийн хүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж”, хариуцагч Нхогын итгэмжлэгдэн төлөөлөгчөөс “гэрээг сунгаж гарын үсэг зураад Нздын тгт хүргүүлсэн тул манай байгууллагын зүгээс эс үйлдэхүй гаргаагүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

1/ “Санхүүжилт олгох захирамж гаргахгүй байгаа Нздын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээт ажлын үлдэгдэл 1,081,000,000 төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс шийдвэрлэх байдлаар санхүүжилт олгох захирамж гаргахыг Нздд даалгах” нэхэмжлэлийн тухайд:

Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ:”, 41.2.6-д “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх;” гэж заасан байх ба Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан Засаг Даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам-ын “Гурав” зүйлийн 3.1-д “Засаг даргын нөөц хөрөнгийг Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар зарцуулна” гэж журамлажээ.

Гэтэл хариуцагч Нзд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу  “Б” ХХК болон Нздын тг, Нхогын хооронд байгуулагдсан “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажил”-ыг гүйцэтгэх тухай 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн НХААГ-17/0154 тоот[2] гэрээг анх байгуулсан, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НХААГ-17/0154-1 тоот, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НХААГ-17/0154-2 тоот гэрээнүүдээр ажил гүйцэтгэх хугацааг сунгаж шийдвэрлэсэн атлаа гүйцэтгэгч байгууллагын гүйцэтгэсэн ажилд харгалзах төлбөрийг санхүүжүүлэхгүй байгаа нь хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудад нийцэхгүй, хариуцагч Нздас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байна.  

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар,

- Гэрээнүүдийн дагуу гүйцэтгэвэл зохих 11ш хаалттай дэд өртөө, 1ш иж бүрэн хуваарилах байгууламж болон 10ш хаалттай дэд өртөөний барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах ажил дууссан тухайд хэргийн оролцогчид маргаагүй,

- Нхогын даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар тушаалаар байгуулагдсан техникийн зөвлөлийн 2018 оны 18/20-03 дугаар шийдвэрээр “4 дэд өртөөний ажил газар чөлөөлөлтийн хийгдээгүйгээс хэрэгжээгүй”[3]”, 2019 оны 19/26-1 дугаар хуралдааны шийдвэрээр “1 дэд өртөөний ажил газар чөлөөлөлтийн хийгдээгүйгээс хэрэгжээгүй”[4] гэсэн үндэслэлээр гэрээг ижил нөхцөлөөр 2 удаа сунгасан,

- “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажил”-ыг гүйцэтгэх тухай 2017 оны НХААГ-17/0154 тоот, 2018 оны НХААГ-17/0154-1 тоот, 2019 оны НХААГ-17/0154-2 тоот гэрээнүүдийн тусгай нөхцөлийн 40.0-д санхүүжилтийг “Ажлын гүйцэтгэлээр санхүүжих”-ээр тус тус тохиролцсон,

- Нздын 2017 оны А/233, 2018 оны А/324 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээний жагсаалтуудад “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажил” тусгагдсан[5] боловч 2019 оны А/579, А/699 дүгээр захирамжаар батлагдсан жагсаалтад тусгагдаагүй[6],

- Гэрээт ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн Нхог ОНӨААТҮГ-ын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээ дүгнэсэн протоколд “Ажлын явц 89 хувьтай”[7] гэж дүгнэсэн үйл баримтууд тус тус тогтоогдов.  

Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Б” ХХК нь гэрээт ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн, уг гүйцэтгэлийг эрх бүхий этгээд хүлээж авсан, түүнчлэн “Б” ХХК-иас гэрээний хугацаанд ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон нь гүйцэтгэгчээс хамаараагүй байх тул хариуцагч Нзд нь төсвийн захирагч болохынхоо гүйцэтгэлийн санхүүжилтийг ...гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй гэж үзнэ.

 Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар чөлөөлөлт хийгдээгүйгээс болж ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгүй болсон байхад хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй хохирч байна” гэсэн тайлбарыг хүлээн авах, улмаар нэхэмжлэлийн “Санхүүжилт олгох захирамж гаргахгүй байгаа Нздын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангах үндэслэлтэй.

Харин Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний нийт дүн нь 4,295,427,112 төгрөг байх ба нэхэмжлэгч “Б” ХХК нь ажлын гүйцэтгэлд 2017 онд 1,531,584,159 төгрөгийг, 2018 онд 1,682,800,000 төгрөгийг, нийт  3,214,384,159 төгрөгийг авсан, гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажлын 11 хувийг гүйцэтгээгүй/89 хувийн гүйцэтгэлтэй/ байх тул нэхэмжлэлийн “гэрээт ажлын үлдэгдэл 1,081,000,000 төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс шийдвэрлэх байдлаар санхүүжилт олгох захирамж гаргахыг Нздд даалгах” шаардлагын ажлын гүйцэтгэлд холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “гэрээний үлдэгдэл төлбөр төсөвт тусгагдаагүй” хэмээн тайлбарласан, 2019 онд байгуулагдсан НХААГ-17/0154-2 тоот гэрээнд 1,081,042,953 төгрөгийн үлдэгдэл санхүүжилтийг тухайн онд батлагдсан хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тохиролцсон , тухайн онд хөрөнгө батлагдаагүй байх боловч орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг гаргах, эрх бүхий этгээдэд хүргүүлж батлуулах нь хариуцагч байгууллагын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалтын арга хэмжээ байх бөгөөд энэ нь нэгэнт байгуулагдсан гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

 

2/ “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн мянга орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна хангамжийн эхний ээлжийн №НХААГ-17/0154 тоот гэрээт ажлын гэрээг сунган баталгаажуулахыг Нздын тг, Нхогт даалгах” нэхэмжлэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д захиргааны байгууллага захиргааны гэрээний хэрэгжилтийг хангах үүрэгтэй байхаар хуульчилсан нь нэгэнт байгуулагдсан гэрээний хувьд уг гэрээг цуцлаагүй тохиолдолд гэрээг заавал хэрэгжүүлэх байдлаар хэрэгжихээр байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захиргааны гэрээг байгуулах тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээ байгуулагдсан бөгөөд нийтийн ашиг сонирхлын үүднээс гэрээг цуцлах нөхцөл бий болоогүй бол гэрээний хэрэгжилтийг хангах нь захиргааны байгууллагын үүрэг гэж үзнэ.

 

Маргааны тохиолдолд Нздын 2019 оны А/762 дугаар захирамжаар “Улс, нийслэлийн төсөв болон бусад эх үүсвэрээр нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлт, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, захиалагчийг төлөөлж гэрээ баталгаажуулах эрхийг Нздын тгт шилжүүлсэн[8] боловч уг гэрээг сунгах эрхийг төслийн менежер хэрэгжүүлэхээр байна. Тодруулбал,

“Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн мянга орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна хангамжийн эхний ээлжийн ажил” №НХААГ-17/0154 тоот гэрээний тусгай нөхцөлийн 56-д гэрээг цуцлах нөхцөлүүдийг нэрлэн заасан байх боловч гэрээний талуудаас гэрээг цуцлах санал гаргаагүй тухайд маргаагүй.

Харин гэрээний “26. Ажил дуусгахаар төлөвлөсөн хугацааг сунгах” хэсгийн 26.1-д “Хэрэв нөхөн төлбөр хийх нөхцөл үүссэн, эсхүл өөрчлөлтийн улмаас гүйцэтгэгч нэмэлт зардал гаргалгүйгээр ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр түүнийг дуусгах боломжгүй бол төслийн менежер ажил дуусгахаар төлөвлөсөн хугацааг сунгана”[9] гэж заасан байх ба тус төслийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт тавих чиг үүрэг бүхий Нхог, тус газрын томилогдсон техникийн зөвлөлийн хурал/төслийн менежер/-ын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр “газар чөлөөлөх ажиллагаа хийгдээгүй” гэсэн үндэслэлээр гэрээний хугацааг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна[10].

“Б” ХХК-иас 2019 оны 11, 2020 оны 03 дугаар саруудад хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагуудад хандаж гүйцэтгэлийн санхүүжилт олгох болон гэрээг сунгах асуудлаар удаа дараа хүсэлтүүд гаргасан[11] байх ба Нхог ОНӨААТҮГ-аас 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “...1 хаалттай дэд өртөөний газрын асуудал шийдвэрлэгдээгүйгээс ажил бүрэн дуусах боломжгүй байна. Гүйцэтгэгчийн гэрээ сунгуулах хүсэлтийн дагуу техникийн зөвлөлийн хуралдаанаас гэрээг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн тул гэрээний хугацааг сунгаж өгнө үү” гэсэн 2/335 дугаар албан бичгийг Нздын тгт хүргүүлсэн байх боловч тус газраас 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 06/690 дугаартай албан бичгээр “дээрх төсөл, арга хэмжээний хянан баталгаажуулсан гүйцэтгэлд нийт 3,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд 2020 онд үлдэгдэл хөрөнгө нь батлагдаагүй тул гэрээг баталгаажуулах боломжгүй” гэж мэдэгдэж[12], гэрээг Нхогт буцаан хүргүүлжээ.

Энэ тохиолдолд хариуцагч Нхог ОНӨААТҮГ-ын хувьд техникийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн гэрээг сунгаж Нздын тгт хүргүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “манай байгууллагын хувьд гэрээг сунгахгүй эс үйлдэхүй гаргаагүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Нздын тгын хувьд гэрээг цуцлаагүй, түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа тус гэрээг сунгаж, гэрээ хэрэгжих нөхцөлийг бүрдүүлээгүй нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргажээ.

Өөрөөр хэлбэл, “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн мянга орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна хангамжийн эхний ээлжийн ажил” №НХААГ-17/0154 тоот гэрээний тусгай нөхцөлийн 21-д ажлын талбайг ашиглуулах үүргийг захиалагч хүлээхээр заасан байх ба гэрээг сунгах эрх бүхий төслийн менежерээс “нэхэмжлэгч хуулийн этгээдээс гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нь тус хуулийн этгээдээс хамаараагүй, харин газрыг чөлөөлж ажлын талбайг хүлээлгэж өгөх талаарх захиалагчийн үүрэг хэрэгжээгүйтэй холбоотой гэж дүгнэж гэрээг сунгаж шийдвэрлэсэн” байхад хариуцагч Нздын тг нь гэрээг баталгаажуулахгүй байгаа нь талуудын хооронд байгуулагдсан захиргааны гэрээ болон захиргааны байгууллагад хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нийслэлийн 2021 оны төсөвт ажлын үлдэгдэл төлбөр тусгагдаагүй” гэж тайлбарлах боловч энэ нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн мянга орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна хангамжийн эхний ээлжийн №НХААГ-17/0154 тоот гэрээт ажлын гэрээг сунган баталгаажуулахыг Нздын тгт даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2/ “Хохиролд хариуцагч нараас 231,682,288 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ “уг ажлыг гүйцэтгэхийн тулд авсан зээлийн хүүгээр манай байгууллага хохирч байна” гэж тайлбарлан маргасан бол хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ажлын санхүүжилтийг гүйцэтгэлээр олгохоор тохиролцсон тул уг ажлыг гүйцэтгэхдээ хувь хүээс авсан зээлийн хүүг, мөн хадгаламжийн хүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь гэрээний дагуу 2019 онд ажлын гүйцэтгэлийг 89 хувьд хүргэсэн тухайд хэргийн оролцогчид маргаагүй ба гүйцэтгэсэн ажилд хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрийн сангаас гүйлгээ хийж санхүүжилт олгосон байх ба 2019 онд санхүүжилт олгоогүй байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Б” ХХК нь санхүүжилт олгох захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас учирсан гэх хохирлыг нэхэмжилж маргах эрхтэй байна.

Шүүх хэдийгээр нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагаас “гэрээт ажлын үлдэгдэл 1,081,000,000 төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс шийдвэрлэх байдлаар санхүүжилт олгох захирамж гаргахыг Нздд даалгах” шаардлагын ажлын гүйцэтгэлд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн мянга орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна хангамжийн эхний ээлжийн ажлын сунгалтын №НХААГ-17/0154-2 тоот гэрээний тусгай нөхцөлд олгогдох санхүүжилтээс хасч тооцох нөхцөлүүдийг нэрлэн заасныг үндэслэж төслийн менежерээс санхүүжилтийн хэмжээг хэрхэн тогтоохыг шүүх урьдчилан таамаглах боломжгүй тул санхүүжилт олгох захирамж гаргахгүй, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь хувь хүнээс авсан зээлийн хүү, хүний нөөц дахин бүрдүүлэлт, зар сурталчилгааны зардал, олох байсан орлогоо оруулан тооцсоныг эс зөвшөөрч байх ба нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ захиргааны байгууллага гүйцэтгэлийн санхүүжилтийг цаг тухайд олгоогүйгээс бидэнд хохирол учирсан гэж тайлбарлаж байх тул  нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлээ төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас учирсан гэм хор гэж үзвэл, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу иргэний хэргийн шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”,109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Хохиролд хариуцагч нараас 231,682,288 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болон ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.2.6, Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас Нзд, Нздын тг, “Нхог” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Б” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд санхүүжилт олгох захирамж гаргахгүй байгаа Нздын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажлын сунгалтын НХААГ-17/0154-2 тоот гэрээний гүйцэтгэлд ногдох санхүүжилт олгох захирамж гаргахыг Нздд, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хорооллын А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн ажлын гэрээг сунгаж баталгаажуулахыг Нздын Тгт тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1,109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Хохиролд хариуцагч нараас 231,682,288 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нздас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.МӨНХЗУЛ

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 154-157 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 123-147 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 132, 141 дэх талуудад

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 121, 127 дахь талуудад

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 224-227 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь талд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь талд

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 141 дэхь талд

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 18-23 дахь талд

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дэх талд