| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 138/2019/00807/И |
| Дугаар | 001/ХТ/2021/00618 |
| Огноо | 2021-05-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ/2021/00618
Д.Г, Ш.Б нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2020/00171 дугаар шийдвэр,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 201/МА2020/0010 дугаар
магадлалтай,
Д.Г, Ш.Б нарын нэхэмжлэлтэй,
“Адуунчулуун” ХК-д холбогдох
Хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн шинээр байгуулахыг даалгах, “Адуунчулуун” ХК-ийн захирлын 2019.10.31-ний өдрийн Б/80, Б/81 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгох, Ш.Б-г төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлын ажилд, Д.Г-ыг хүний нөөцийн менежерийн ажилд тус тус эгүүлэн тогтоох, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэхтэй холбогдох бичиг баримтуудыг хүлээлцүүлэх, ажил хийх нөхцөл боломжоор хангаж өгөх, ажилгүй байсан хугацааны олговорт Д.Г-т 3,360,024 төгрөг, Ш.Б-д 4,198,374 төгрөгийг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус төлүүлж нөхөн бичилт хийхийг даалгах, “Адуунчулуун” ХК-ийн захирлын 2019.10.01-ний өдрийн Б/71 тоот тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ш.Б-г төлөөлж байна. Бид хоёрын нэхэмжлэлийн шаардлага адил. Ш.Б бид хоёрыг тус компанийн захирал ажлаас халсан учир шүүхээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон. “Адуунчулуун” ХК-д 2019.09.24-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж ажилдаа орсон. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй, 7.2-т Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьс өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал... ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно ... гэж тус тус заасныг зөрчиж, өөртөө давуу байдлыг олгож ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг хаан боогдуулсан. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гарын үсэг зурахыг шахамдуулаад гарын үсэг зуруулсан, холбогдолтой бичиг баримтуудыг өгөөгүй, ажил үүрэг гүйцэтгэх боломжоор хангаагүй.
Хөдөлмөрлөх нөхцөл боломжоор хангаагүй, нэг давхарт булангийн өрөөнд хоёуланг суулгаж нэг компьютер өгсөн. Энэ тухай үзлэг хийж, нотлох баримт өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа маш удаан явагдаж байсан. Иймээс захирлын өрөөг лацдаж, дансанд нь барилт хийсний үндсэн дээр биднийг ажилд буцаан авсан. “Адуунчулуун” ХК-ийн зүгээс намайг хүний нөөцийн менежерээр, Ш.Б-г төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн авах хүсэлгүй байгаа нь харагдаж байсан бөгөөд шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн. Захирал Ш.Баясгалан нь надаар хүний нөөцийн ажлыг хийлгэхгүй, Ш.Б-д хангамжийн асуудлыг хариуцуулахгүй гэж өмнө нь хэлж байсан. Ажлын байрны тодорхойлолтоор Ш.Б нь төлөвлөлт, хангамжийг хариуцаж ажиллах ёстой байдаг. Энэ бүхэн нь биднийг ажилд буцааж томилох хүсэлгүй байгааг харуулж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний гол нөхцөлд ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг хийж гүйцэтгэхээр заасан байдаг. Иймээс тухайн ажлын байрны тодорхойлолт нь хүчингүй тул хөдөлмөрийн гэрээ нь өөрөө хүчингүй юм. Хөдөлмөрийн гэрээг зөвхөнд Д.Г, Ш.Б нарт зориулж тусад нь боловсруулсан байдаг. Гэрээнд ажил олгогчид таалагдахгүй үйлдэл гарвал сахилгын ноцтой зөрчилд тооцно гэж заасан байсан. Төлөвлөлт хангамж хариуцсан дэд захирал болон хүний нөөцийн менежерийн албан тушаал нь удирдах албан тушаал атал хэн нэгэнд шаардлага тавихыг нь хүртэл хориглосон заалт оруулсан байсан.
Тухайлбал надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1-д ноцтой зөрчил гэдгийг ажилчдад өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд үүрэг даалгавар өгөх, компанийн бус ажил үүргийг гүйцэтгүүлэхийг даалгах, шаардах, компанийн үйл ажиллагааг зориуд тасалдуулах үйл ажиллагааг зохион байгуулах, бусдыг өдөөн турхирах, гуравдагч этгээдэд давуу байдал үүсгэх, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд бүх хэлбэрээр саад учруулах оролдлого хийх, компанитай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, дээрх зорилгоор төлөөлөл хэрэгжүүлэх, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад нөлөөлөх ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гүйцэтгэх, ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис хэрэглэх, ажлын байранд бусдын нэр хүндийг гутааж, хэл амаар доромжлох, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зан үйлдэл гаргах, бусдыг зүй бус үйлдэлд уриалах, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан... зэрэг маш олон үйл ажиллагааг хориглосон байна. Ажил үүрэгтэй минь холбоогүй зүйлийг хүртэл хориглосон байна. Ш.Б нь “Адуунчулуун” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн юм. Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад нөлөөлөх үйлдэл гаргасан бол ноцтой зөрчилд тооцно гэж өөрт давуу байдлыг бий болгосон заалтуудыг гэрээнд оруулсан байна. Мөн компанийн хувьцаа эзэмшигч Ш.Б-ийн эрх ашгийг зөрчиж, давуу байдлыг өөртөө гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Би энэ маргаан дээр компанийн хувьцаа эзэмшигч Ш.Б-тэй хамт хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх гэж байгаа. Үүнийг хувьцаа эзэмшигчид нөлөөлдөг гэж үзэн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан дээрх заалтыг оруулсан байна. Энэ бүхнээс харахад “Адуунчулуун” ХК-ийн удирдлагууд шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж биднийг ажилд эгүүлэн авсан болох нь тодорхой байна. Иймээс бид хөдөлмөрийн гэрээг хуульд нийцүүлэн шинээр байгуулахыг даалгах нэхэмжлэлийг гаргасан. Биднийг ажил тасалсан гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан. “Адуунчулуун” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Баясгалан нь та хоёрт ямар ч байсан тушаалыг чинь гаргачихлаа, өрөөний асуудлыг чинь шийднэ, бэлэн болохоороо О.Гангамөрөнгөөр дамжуулж хэлүүлнэ гэж хэлж байсан. Гэтэл ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан байгааг ойлгохгүй байна. Хөдөлмөрийн нөхцөлөөр хангасны дараагаар ажил хөдөлмөр эрхлэхийг шаардах ёстой. Хүний нөөцийн менежер болон төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлын албан тушаал нь ажлын нөхцөл боломж, холбогдох бичиг баримтгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй. Гэтэл биднийг өмнө ажиллаж байсан ажлын нөхцөлөөс дордуулж, 1 давхрын булангийн өрөөнд оруулж, дундаа нэг компьютер хэрэглэ гэж хэлсэн нотлох баримтууд миний нотлох баримтаар гаргаж өгсөн аудио бичлэгт дурдагдсан байгаа. Биднийг ийм нөхцөл байдалд байлгачихаад ажил хийсэнгүй, ажлаа тасалсан гэж сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус юм.
“Адуунчулуун” ХК болон “Найнги” ХХК-ийн олон маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Тус компаниуд хамтран ажиллахаа больсноос хойш маргаантай байх болсон. Бид “Адуунчулуун” ХК-ийн оффисоор байнга явж биднийг хэзээ дуудах бол гэж хүлээдэг, ажил үүргээ хиймээр байна гэж шаардлага тавьдаг байсан. Биднийг очиход захирал Ш.Баясгалан нь ажлын байран дээрээ байдаггүй, уулзах гэхээр зугтаагаад явчихдаг байсан. Биднийг ажил дээрээ очдог байсныг нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа. Гэтэл биднийг ажилдаа огт ирдэггүй байсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч тал энэ маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдэх асуудал гэж тайлбарладаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар энэ маргаан нь шүүхийн шууд шийдвэрлэх маргаан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ш.Б-г төлөвлөлт, хангамжийн асуудлыг хариуцуулахгүйгээр тохиролцъё, сургалт хариуцуулъя гэсэн саналыг “Адуунчулуун” ХК-ийн зүгээс удаа дараа ирүүлж байсан. Бид шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж байна гэж удаа дараа гомдлоо гаргаж байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ажилд нь буцааж томилуулсан л бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан гэдэг байдлаар асуудалд хандсан. Шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох шаардлагатай байсан. Бид дээд шатны байгууллагад гаргасан гомдлынхоо хариуг хүлээж байх хооронд ажлаас халсан тушаал гарсан байдаг. Бид хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдтэл ажилгүй байх ёсгүй.
Иймээс миний бие ажилдаа буцаж орох хүртэл хугацаагаар “Найнги” ХХК-д ерөнхий менежерийн ажил хийж нийгмийн даатгалын шимтгэл төлөн ажиллах болсон. Ш.Баясгалан захиралтай уулзах гэхээр ажилдаа ирэхгүй, зугтаагаад байсан. Цагийн бүртгэлийн хувьд удирдах албан тушаалтнууд цаг бүртгүүлдэггүй. н.Идэр, О.Гангамөрөн нарын хөдөлмөрийн гэрээ нотлох баримтаар хэрэгт авчирсан боловч үндэслэлгүй. Тушаалуудыг шууданд хийсэн гэж байгаад маргахгүй. Ажил тасалсан гэж байгаа бол дэс дараалан арга хэмжээ авах шаардлагагүй. Хуульд нийцүүлэх гэсэн оролдлого юм. Ажилдаа эргэж орох шаардлагаа дэмжиж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой бус байна. Манай компани Д.Г-ыг “Адуунчулуун” ХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд, Ш.Б-г төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосон. Өмнө нь Ш.Б, Д.Г нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан тул шүүхийн шийдвэрийн дагуу Д.Г, Ш.Б нарыг ажилд буцааж авах захирлын тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, Ш.Б, Д.Г нарт 1, 1 хувийг гардуулсан. Бидний зүгээс нэхэмжлэгч нарыг шахаж, шаардан хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан зүйл огт байхгүй. Үүнийг гэрээ байгуулахад байлцсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч н.Чулуунбат, “Адуунчулуун” ХК-ийн тооцооны нягтлан бодогч Тэнгис нар нотолно. Ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг дордуулж, хөдөлмөрлөх эрхийг нь хаан боогдуулсан зүйл огт байхгүй. Энэ нь мэргэжлийн хяналтын газрын 2019.10.01-ний өдрийн албан тоотоор тодорхой харагдаж байгаа. Хөдөлмөрийн гэрээнд талууд тэгш эрхтэй байдаг.
Гэтэл нэхэмжлэгч нар хөдөлмөрийн гэрээтэй холбоотой санал хүсэлтээ “Адуунчулуун” ХК-д албан ёсоор тавьж байгаагүй атал мэргэжлийн хяналтын газар болон шүүхэд хандсан байгааг гайхаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний зарим зүйл заалт хүчин төгөлдөр бус байх нь гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1, 7.2-т заасны дагуу нэхэмжлэгчийг албадан хөдөлмөрлүүлэх, ялгаварлах, эрхийг нь хязгаарлах үйлдэл хийгээгүй. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг хэзээ ямар хэлбэрээр албадан хөдөлмөрлүүлсэн, хөдөлмөрлөхийг шаардсан гэдэг нь тодорхойгүй байна. Мөн хөдөлмөрийн харилцаанд ямар ялгаварлал гаргасан гэдгийг нэхэмжлэгч хангалттай тодорхойлж чадахгүй байна. Нэхэмжлэгч нар нь байгууллагын удирдлага болон хөдөлмөрийн маргаан таслах комисс дээр хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан. Нэхэмжлэгч нарыг 2019.09.24-ний өдөр ажилд томилсон тушаал гарснаас тэд хойш тэд ажилдаа ирэхгүй байсан. 2019.09.26-ны өдөр миний бие Д.Г, Ш.Б нарыг ажилдаа ирж, өрөө эд зүйлээ хүлээн авахыг мэдэгдсэн. Маргааш нь буюу 2019.09.27-ны өдрийн 14 цагт нэхэмжлэгч нар ажлын байрандаа ирж ажил хүлээлцсэн. Гэвч нэхэмжлэгч нар нь ажил хүлээлцсэн өдрөөс хойш ажилдаа ирэхгүй байсан тул гүйцэтгэх захирлын 2019.10.01-ний өдрийн Б/71 тоот сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.
Нэхэмжлэгч нар нь 2019.09 дүгээр сард 4 хоног ажил тасалж хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан хэдий ч бид цаашид нэхэмжлэгч нарыг ажиллаасай гэж хүсэж зөвхөн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл Ш.Б, Д.Г нь ажилдаа ирээгүй. Нэхэмжлэгч нарын шүүхэд өгсөн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2020/00171 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 128.1.8, 129 дугаар зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч “Адуунчулуун” ХК-д холбогдох Хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн шинээр байгуулахыг даалгах тухай, “Адуунчулуун” ХК-ийн захирлын 2019.10.31-ний өдрийн Б/80, Б/81 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгох, Ш.Б-г төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлын ажилд, Д.Г-ыг хүний нөөцийн менежерийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгох, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэхтэй холбогдох бичиг баримтуудыг хүлээлцүүлэх, ажил хийх нөхцөл боломжоор хангаж өгөх, ажилгүй байсан хугацааны цалин Д.Г-ын 3,360,024 төгрөг, Ш.Б-ийн 4,198,374 төгрөгийг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус төлүүлж нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай, “Адуунчулуун” ХК-ийн захирлын 2019.10.01-ний өдрийн Б/71 тоот тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.Г, Ш.Б нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 201/МА2020/0010 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2020/00171 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г, Ш.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Д.Г, Ш.Б нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хариуцагчийн тайлбарыг орхигдуулж, хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн агуулга нь анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон ажлын байранд ажилд авсан дүр үзүүлж, ажил хийх нөхцөл бололцоогоор хангаагүй, илтэд ажлын байрны нөхцөлийг дордуулсан, түүний улмаас учирч буй хор холбогдлыг арилгуулж хуульд нийцүүлэх байсан. Гэтэл анхан шатны шүүх ажлын байрны үзлэг хийсэн баримтаа үнэлэхгүйгээр нөгөөтэйгүүр “Адуунчулуун” ХК болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Б, түүний хамаарал бүхий олон хэрэг маргаан тус шүүхээр шийдэгдсэн, нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримтууд илэрхий байхад түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Хүний нөөцийн менежерийн ажил хийх хамгийн гол хүчин зүйл болох бичиг баримтууд, хангамж хариуцсан дэд захирлын хувьд программ хангамж, сэлбэг хэрэгслийн жагсаалт гэх мэт олон бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхгүйгээр зөвхөн ширээ сандал өрөө гаргаж өгснийгөө /мухрын, урд нь ашиглагддаггүй байсан өрөө/ ажлын нөхцөлөөр хангасан гэж үзсэн, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгохоор нэхэмжпэл гаргасаар байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус түүнийг орхигдуулан магадлал гаргасан.
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Д.Г, Ш.Б. нар нь хариуцагч “Адуунчулуун” ХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн шинээр байгуулахыг даалгах, “Адуунчулуун” ХК-ийн захирлын 2019.10.31-ний өдрийн Б/80, Б/81, Адуунчулуун” ХК-ийн захирлын 2019.10.01-ний өдрийн Б/71 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Ш.Б-г төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлын ажилд, Д.Г-ыг хүний нөөцийн менежерийн ажилд тус тус эгүүлэн тогтоох, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэхтэй холбогдох бичиг баримтуудыг хүлээлцүүлэх, ажил хийх нөхцөл боломжоор хангуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт Д.Г-т 3,360,024 төгрөг, Ш.Б-д 4,198,374 төгрөгийг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...Нэхэмжлэгч нар 2019.09.24-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй, 2019.09.26-ны өдөр Д.Г, Ш.Б нарыг ажилдаа ирж, өрөө эд зүйлээ хүлээн авахыг мэдэгдсэн. ...2019.09.27-ны өдрийн 14 цагт нэхэмжлэгч нар ажлын байрандаа ирж ажил хүлээлцсэн. Гэвч нэхэмжлэгч нар нь ажил хүлээлцсэн өдрөөс хойш ажилдаа ирэхгүй байсан тул гүйцэтгэх захирлын 2019.10.01-ний өдрийн Б/71 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан...” гэсэн тайлбар гарган маргажээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан байх ёстой бөгөөд түүнд тулгуурлаж хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах учиртай.
Ажил олгогч “Адуунчулуун” ХК-ийн захирлын 2019.10.31-ний өдрийн Б/80, Б/81 тоот тушаалуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 43.1, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.8, 7.1, 12.3.2.3, Ш.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.2, 3.4.4, Д.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.2, 2.1.16, 3.4.4-т заасныг тус тус баримтлан тэднийг 2019.10.01-ний өдрөөс хойш хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын 23 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн гэрээг 2019.10.31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Шүүхийн шийдвэрийн дагуу “Адуунчулуун” ХК-ийн захирлын 2019.09.24-ний өдрийн Б/65 тоот тушаалаар Д.Г-ыг хүний нөөцийн менежерийн албан тушаалд, Ш.Б-г төлөвлөлт хангамж хариуцсан дэд захирлын албан тушаалд тус тус эгүүлэн томилж, мөн өдрөө талууд хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Ажил олгогч, ажилтан нар хөдөлмөрийн гэрээг байгуулах үедээ ажлын байр буюу албан тушаал, гүйцэтгэх ажил үүрэг, үндсэн буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл гэх мэт асуудлын талаар тухайлан ярьж тохирсон байх ёстой бөгөөд эдгээр нөхцлүүд нь ажил олгогчийн өмчийн төрөл, хэлбэр, ажилтны эрхлэх ажил, албан тушаалын онцлог зэргээс үл шалтгаалж хөдөлмөрийн гэрээнд нийтлэг, адил хэмжээгээр хамаардаг.
Аливаа гэрээ, хэлэлцээр нь талуудын хүсэл зоригийн адил тэгш илэрхийлэл байдгаас үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан нарын хооронд нэгэнт тохирч байгуулчихсан бол түүнийгээ аль нэг тал дангаар өөрчлөх эрхгүй болдог.
Харин хөдөлмөрийн гэрээгээр талууд эрх, үүргээ харилцан тохиролцохоос гадна хориглосон хэм хэмжээг нарийвчлан тогтоож, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг урьдчилан тусгайлан нэрлэн заасан бол аливаа хөндлөнгийн байгууллага тэдний хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд тэдгээрийг эрх зүйн хувьд чиг баримжаа болгож, холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг юм.
Талуудын хооронд байгуулсан 2019.09.24-ний өдрийн №2019/128, №2019/129 дугаартай хөдөлмөрийн гэрээнүүд Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, ажилтны эрх зүйн байдлыг ямар нэгэн хэлбэрээр дордуулаагүй байхаас гадна ...ажил олгогчид давуу байдал олгосон, албадан хөдөлмөрлүүлсэн, гарын үсэг зурахыг шахамдуулсан, хөдөлмөрийн гэрээг зөвхөн Д.Г, Ш.Б нарт зориулж тусд нь боловсруулсан, холбогдох бичиг баримтуудыг өгөөгүй, хөдөлмөрлөх нөхцөл боломжоор хангаагүй... гэх мэт нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Д.Г, Ш.Б нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2019 оны 9 сард 4 хоног, 10 сард 23 хоног үүрэгт ажилдаа ирээгүй нь Ш.Б, Д.Г нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.2-т “хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эсхүл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 2 өдөртэй тэнцэж байвал, 3.4.4-т “ажлын цагийг чанд баримтлан, үр бүтээлтэй ашиглана” гэж заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах ойлголтод хамаарна.
“Адуунчулуун” ХК-ийн захирлын 2019.10.01-ний өдрийн Б/71 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Д.Г, Ш.Б нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул тус бүрт нь сахилгын сануулах шийтгэлийг ногдуулсан ажил олгогчийн шийдвэрт анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусгасан ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нарын гомдлын агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2020/00171 дүгээр шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 201/МА2020/0010 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ
Х.ЭРДЭНЭСУВД