Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 771

 

МАГАДЛАЛ

 

2017.03.20                                                Дугаар 771                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Бишрэлт пропертиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00147 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Бишрэлт пропертиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монголын “Саран ээж” нийгэмлэг нийгэмд үйлчилдэг ТББ-д холбогдох,

Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, түрээсийн гэрээний дагуу төлөх алданги 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн, Т.Бат-Орших,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Монголын Саран ээж нийгэмлэг нийгэмд үйлчилдэг ТББ-тай 2014 оны 1 дүгээр сарын 1-нд №16 тоот түрээсийн гэрээг байгуулж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах Энхтайван найрмадлын ордны 3 давхарын 323 тоот өрөөний 30 м.кв сарын      750 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон юм. Гэвч Монголын Саран ээж нийгэмлэг нийгэмд үйлчилдэг ТББ нь түрээсийн төлбөрөө төлөөгүй тул бидний зүгээс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалсан. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, түрээсийн гэрээний 7.2-т заасны дагуу тооцсон алданги болох 1 500 000 төгрөг буюу нийт 4 500 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийн хамт Монголын Саран ээж нийгэмлэг нийгэмд үйлчилдэг ТББ-ын хөрөнгө болон бусад орлогоос "Бишрэлт пропертиз" ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: "Бишрэлт" ХХК худалдаж авсан учир цаашдаа ч бүх өрөөнд засвар орно, санаа зоволтгүй гэснээр гэрээ хийж хамтран ажилласан юм. Ингээд 2013 оны 4 дүгээр сарын 1-нээс м.кв-ыг 20 000 төгрөгөөр бодож 30 м.кв өрөөг сард 600 000 төгрөгөөр түрээслэн албаны үйл ажиллагаа явуулж байв. Манай түрээслэсэн 313 тоотод өмнө нь түрээслэж байсан н.Цэрэнпил /исүс итгэгч/ засвар хийж нэг байсан том өрөөг хоёр болгон хувааж тусгаарласан боловч өрөө нь хүйтэн төлбөр өндөртэй учраас гарсан юм билээ. Ингээд би гэрээнийхээ дагуу 2013 онд 5 400 000 төгрөгийг тухайн саруудад нь шилжүүлсэн. Гэхдээ байр хүйтэн, тохь муутай, орчин бохир, 00-ийн өрөө туйлын бохир, цэвэрлэгээ хийгээд бохир үнэр нь гардаггүй, сантехникийн шугам муудснаас зарим өрөө халдаггүй, зарим өрөөний тайз нурдаг зэргээс түрээслэгч байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хүндхэн байгаа талаар олон удаа “Бишрэлт” компанийн ажилтан Болормаа, Нансалмаа нарт хэлж биечлэн очиж уулзаж байсан боловч өөрчлөлт гараагүй, байгууллагын удирдах дарга нараас нь уулздаггүй, сантехникийн шугамын талаар засвар хийж сайжруулж чадаагүй юм. Түрээслэгч байгууллагууд хуурагдаж ороод өөрсдөө их засвар хийж, удалгүй гарцгааж байсан нь бодит үнэн юм. Нөгөө талаар гэрээгээ зөрчиж 2014 онд түрээсийнхээ байрны төлбөрийн м.кв-ыг 5000 төгрөгөөр нэмэхэд нь түрээсээ хасах байтал яагаад нэмээд байна гэж асуухад мөн одоохон засвар хийгдэнэ гэж ажилтан Болормааг хэлэхэд нь түрээсээ үргэлжлүүлэн зөвшөөрч гарын үсэг зурсан юм. Бас л энэ хугацаанд ямар ч өөрчлөлт гарахгүй хэсэг хугацаа өнгөрч 2014 оны 10 сараас бүх өрөөнд дулаан ирсэн байхад манай өрөөнд огт байхгүй байгаагаар батлагдсан юм. Засвар өөрсдөө хийгээгүй атлаа хийгдсэн гэж худлаа ярьж уг байранд оруулсанд сэтгэл дундуур байна. Төрийн бус байгууллага бид өөрсдийн хүчээр олны дунд үйл ажиллагааг тасралтгүй явуулж байж хэдэн төгрөгийн ашгийг олж хүртдэг билээ. Гэтэл тохь муутай хүйтэн өрөөнд байснаас болоод ажлын чадвар алдагдаж олон сараар салгардаж эхчүүд, эмэгтэйчүүдийн дунд тогтмол явуулдаг ажлаа зохиох нь багссан төдийгүй биеийн эрүүл мэнд муудаж, сэтгэл санааны дарамтанд орсон зэргийг би энэ байдалтай холбож үздэг юм. Энэ хүндрэлтэй байдлаа мэдрээд Бишрэлт компаны удирдлагад хандаж сарын төлбөрийг 50 хувиар хөнгөлж өгөхийг хүссэн албан бичгийг явуулсан боловч хариуг албан бичгээр өгөхийн оронд өөрийн ажилтан Нансалмаагаар дамжуулан "Саран ээж нийгэмлэгтэй ярих юм байхгүй гарга" гэж хэлснийг сонсоод бидэнтэй тооцоо дуусгаад гаргаж байгаа юм байна гэж ойлгосон билээ. Тэгээд бид нүүж мөн ЭТНО-ны харъяа Пийстаурын 709 тоотод одоогоор байрлаж байна. Түүнчлэн энэхүү 313 тоот өрөөний сантехникийн шугам гэмтэлтэйг сантехникийн мэргэжлийн хүмүүсээр шалгуулж мэдээд их засвар хийгээд өгөөч гэж Бишрэлт компаны ажилтан Нансалмаагаар дамжуулан хүсэлт тавихад "Ордны талаар маргаантай шүүхийн шийдвэр гараагүй байгаа " тул .Бишрэлт ХХК-иас хөрөнгө зарахгүй гээд засаж өгөөгүй юм. Би үүнийг Бишрэлт компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Аливаа асуудалд тухайн үед нь нухацтай хандаагүй атлаа манайхыг гаргасныхаа олон сарын дараа шүүхэд удаа дараа хандаж байгааг бид зөвшөөрөхгүй. Тэрээр ордны асуудал маргаантай шийдэгдээгүй байхад өндөр түрээс авч иргэд, байгууллагуудыг ийнхүү бүх талаар хохироож байгааг ч шүүх хянах ёстой гэж боддог. 2014 онд байрны түрээс 3 750 000 төгрөг төлсөн, үүнээс илүү дахин төлж чадахгүй, яагаад гэвэл манай байгууллагын жигд үйл ажиллагаа алдагдсан учир хөрөнгийн эх үүсвэр муутай болсон, нөгөө талаар биеийн эрүүл мэнд доройтож олон сараар эмчилгээнд явснаас одоо ч жигдэрч чадахгүй байна. Түрээсийн гэрээний дагуу түрээслэх өрөөг бидний үйл ажиллагааг явуулах ая тухтай нөхцлөөр хангах үүргээ түрээслүүлэгч тал биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.2, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч Монголын саран ээж нийгэмлэг ТББ-аас түрээсийн төлбөр            2 700 000 төгрөг, алдангийн төлбөр 1 350 000 төгрөг, нийт 4 050 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бишрэлт пропертиз” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 79 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бишрэлт пропертиз” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Түрээслэгч тал өөрийн үйл ажиллагаа явуулах шаардлага хангаагүй байсныг өөрсдөө нотолж байгаа ба мөн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаартай мэдэгдэл гаргаж “Бишрэлт пропертиз” ХХК-д хүргүүлсэн болохоо Монголын Саран ээж нийгэмлэг нийгэмд үйлчилдэг ТББ нотолж байна. “Бишрэлт пропертиз” ХХК нь өөрийн үүргээ биелүүлээгүй, түрээсийн зүйл шаардлага хангаагүй байснаа үгүйсгэх, өөрийн буруу үйлдлээ хаацайлахын тулд дээрх мэдэгдлийг хүлээн аваагүй, баримт бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй гэж тайлбар гаргаж байгааг шүүх бодит байдалд зөв дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн   40.2-т заасныг зөрчжээ. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 289 дүгээр зүйлийн 289.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулах үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр түрээсийн төлбөрт 2 700 000 төгрөг, алданги 1 350 000 төгрөг бүгд 4 050 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд үйл ажиллагаа зогсонги байдалд байгаа, түрээсийн байр үйл ажиллагаа явуулах шаардлага хангаагүй гэх байдлуудыг харгалзан үзэж түрээсийн төлбөр, алдангийн үнийн дүнг 50 хувиар багасган 2 025 000 төгрөг болгон бууруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Бишрэлт пропертиз” ХХК нь хариуцагч Монголын “Саран ээж” нийгэмлэг нийгэмд үйлчилдэг ТББ-д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл              3 000 000 төгрөг, түрээсийн гэрээний дагуу төлөх алданги 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээнд үндэслэсэн.

Дээрх гэрээгээр хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Энхтайван Найрамдлын ордны 313 тоот 30 м.кв өрөөг сард 750 000  төгрөгийн төлбөртэй 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр тохиролцсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргасан.

Түрээсийн зүйл нь хэдийгээр үл хөдлөх хөрөнгө боловч улсын бүртгэлд бие даасан бүртгэлгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийн зохицуулалт энэ маргаанд хамааралгүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Түүнчлэн түрээсийн зүйлийн өмчлөгчийн талаар хариуцагч маргаагүйг дурдах нь зүйтэй.

Түрээсийн зүйл болох өрөөний халаалт, орчны нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан гэж хариуцагч тайлбарлах боловч энэ байдлыг түрээслүүлэгчид мэдэгдсэн баримтгүй, хариуцагчаас шүүхэд гаргасан бичмэл баримтыг нэхэмжлэгч хүлээн аваагүй гэсэн тул гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Талууд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт үйлдсэнээс үзвэл хариуцагч нь тухайн өдрийн байдлаар 2 250 000 төгрөгийн төлбөртэй байсан гэж үзэхээр байна.

Шүүх хариуцагчийн төлбөл зохих түрээсийн төлбөрийг 2 700 000 төгрөг гэж дүгнэсэн нь нотлох баримтанд үндэслэгдсэн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байх тул уг мөнгийг гэрээний 7.2-т заасан алдангийн хамт хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Гэвч алдангийн хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг   350 000 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шийдвэрт энэ үндэслэлээр болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00147 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монголын “Саран ээж” нийгэмлэг ТББ-аас 3 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бишрэлт пропертиз” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...79 750...” гэснийг “74 150” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 47 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ