Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0011

 

Ж.Дгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н

Нэхэмжлэгч: Ж.Д

Хариуцагч: Ш

Нэхэмжлэлийн шаардлага: Шөөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 176,149,552 /нэг далан зургаан сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун тавин хоёр мянга/ төгрөгөөс 104,400,000 /нэг зуун дөрвөн сая дөрвөн зуун мянган төгрөг/ олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 71,759,552 /далан нэгэн сая долоон зуун тавин есөн мянга таван зуун тавин хоёр төгрөг/-ийг гаргуулахыг даалгах

Шүүхийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хууль эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох шүүгчийн бууруулсан цалингийн зөрүү болох 1,976,228 /нэг сая есөн зуун далан зургаан мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг Шөөс гаргуулахыг даалгах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0814 дүгээр шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0814 дүгээр шийдвэрээр:

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын иргэн Ж.Дгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 176,149,552 /нэг далан зургаан сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун тавин хоёр мянга/ төгрөгөөс 104,400,000 /нэг зуун дөрвөн сая дөрвөн зуун мянган төгрөг/ олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 71,759,552 /далан нэгэн сая долоон зуун тавин есөн мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг, Шүүхийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох шүүгчийн бууруулсан цалингийн зөрүү 1,976,228 /нэг сая есөн зуун далан зургаан мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг тус тус гаргаж нэхэмжлэгчид олгохыг Шд даалгаж шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ж.Дгаас Шд холбогдуулан "тэтгэмжийн зөрүү 71,759,552 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрэсэн.

2.1.Дээрх шийдвэрийг гаргахдаа дурдсан үндэслэлийг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн" сарын дундаж цалин... гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71 1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.

2.2.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог Тодруулбал, нэмэгдлийг сар бүр харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

2.3.Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

2.4.Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

3.Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин.." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

4.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ж.Дгаас Шд холбогдуулан "бууруулсан цалингийн зөрүү 1,976,228 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

4.1.Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 01 сарын 15-ны өдөр баталж, мөн оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсон.

5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ", 46.3 дахь хэсэгт "Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно" гэж тус тус заасан байна.

6.Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолоор "Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам", "Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг тус тус шинэчлэн баталсан байна.

6.1.Дээрх хууль тогтоомжтой холбоотойгоор нэхэмжлэгчдийн цалин хөлсөнд өөрчлөлт орсон. Нэхэмжлэгчийн маргаан нь Улсын Их хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарсан хохирол байх тул Шийг холбогдуулан дээрх хохирлоо төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

7.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй, мөн шүүгчийн цалин хөлс буурсан нь хууль тогтоох үйл ажиллагаатай байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Ж.Дгаас Шөөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 176,149,552 /нэг далан зургаан сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун тавин хоёр мянга/ төгрөгөөс 104,400,000 /нэг зуун дөрвөн сая дөрвөн зуун мянган төгрөг/ олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 71,759,552 /далан нэгэн сая долоон зуун тавин есөн мянга таван зуун тавин хоёр төгрөг/-ийг гаргуулахыг даалгах,

2.Шүүхийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хууль эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох шүүгчийн бууруулсан цалингийн зөрүү болох 1,976,228 /нэг сая есөн зуун далан зургаан мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг Шөөс гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Шд холбогдуулан гаргажээ.

3.Нэхэмжлэгч Ж.Д нь шүүхийн байгууллагад 38 жил, үүнээс шүүгчээр 30 гаруй жил ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар 17-ны өдрийн 28 дугаартай зарлигаар[1] тэтгэвэрт гарах өндөр насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Д аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ.

4.Д аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/16 тушаалаар[2] нэхэмжлэгчид 36 сарын хугацаагаар нэг удаагийн тэтгэмж болох 140,400,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсний дагуу уг тэтгэмжийг нэхэмжлэгчийн дансанд[3] 2023 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр шилжүүлсэн байна.

5.Нэхэмжлэгчээс гаргасан Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, зөрүү тэтгэмжийг олгуулах агуулга бүхий хүсэлтэд Шийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/755 албан бичгээр[4] нэг удаагийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар харьяалах шатны шүүхэд хандах боломжтой гэсэн хариуг өгсөн гэдэг нь тогтоогдож байна.

6.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. гэжээ.

7.Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй. гэж заасан.

8.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.,

-47 дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно. гэж тус тус заажээ.

9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1-д Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:, 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж тусгасан.

10.Эдгээр хууль, журмын зохицуулалтаас дүгнэхэд, Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг сарын үндсэн цалингийн дунджаас тооцохоор, харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад шүүгчид сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмжийг тооцохоор ялгаатай байдлаар заасан, тодруулбал, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар Төрийн албаны хуульд зааснаас илүү хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж авах нөхцөлийг тусгасан, мөн шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр нарийвчлан зохицуулсан.

11.Үүний учир хуулиар нарийвчлан зохицуулсан хэм хэмжээний дагуу шүүгч нь сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр буюу сарын албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийн дунджаар тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг өндөр насны тэтгэвэрт гарахдаа сонгон авах эрхтэй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, зөрүү тэтгэмжийг олгуулах гэх хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хариуцагч Шийн эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэг удаагийн тэтгэмжийн аль илүүг сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

12.Иймээс хариуцагчийн Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин.." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

13.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн, тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан нэмэгдлийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэгч Ж.Д нь нийт 65 хувийн нэмэгдэл авч эхэлсэн.

Гэвч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр 2 хувиар нэмэгдэж байна гэсний дагуу нэхэмжлэгчийн өмнө авч байсан цалин хөлс буурсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

14.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3-д Ш шүүх, шүүгчийг шилж олох, эрх ашгийг хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ гэж заасан.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн (шинэчилсэн найруулга) Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй, 70 дугаар зүйлийн 70.1-д Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн, мөн зүйлийн 70.2-т Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 70.2.3-т шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, 70.2.4-д шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах гэж зохицуулсан.

15.Харин хуульд заасан уг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүрэн эрх, чиг үүрэг буюу шүүгчийн цалин хөлсийг багтаасан шүүхийн төсвийг батлуулахтай холбоотой мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д Шүүхийн төсвийг боловсруулж батлахад дараах журмыг баримтална, 46.8.1-д ...Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Байнгын хороонд хянуулахаар хүргүүлэх, 46.8.2-д ... Ерөнхий зөвлөл Байнгын хороогоор хянагдсан төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх гэж заажээ.

16.Хуульд заасан шүүгчийн цалин хөлс буурсан нөхцөл байдал тогтоогдож байхад шүүгчийн эрх, ашиг нь зөрчигдөөгүй гэж үзэхээргүй байх тул хуулийн заалт өөрчлөгдсөнтэй холбоотой үүссэн энэхүү нөхцөл байдалд Ш нь Үндсэн хуульд заасан шүүгчийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн төсөвт шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр тусгаж, холбогдох эрх бүхий этгээдэд хүргүүлэх үүрэгтэй юм.

17.Дээр дурдсан хуульд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй тохиолдолд  шүүгчийн цалин хөлс буурсан нөхцөл байдал хэвээр үргэлжлэх бөгөөд Шөөс ирүүлсэн төсвийн хүрээнд төсвийг хэлэлцэж батлах үүрэг бүхий этгээдүүдийг буруутгах үндэслэлгүй байна.

18.Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн ...хууль тогтоомжтой холбоотойгоор нэхэмжлэгчдийн цалин хөлсөнд өөрчлөлт орсон. Нэхэмжлэгчийн маргаан нь Улсын Их хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарсан хохирол байх тул Шийг холбогдуулан дээрх хохирлоо төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0814 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ