Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 00459

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 23 өдөр                  Дугаар 183/ШШ2018/00998                              Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, М ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б /РД:2/-д холбогдох,

          даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 350,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “М ХХК нь 2015.08.14-ны өдөр Ц.Бтэй тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын хураамжийн 491.267 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүнээс 284.377 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 206.890 төгрөгийг одоо болтол төлөөгүй. 2016.09.01-ний өдөр мөн адил тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ Ц.Бтэй байгуулж, 345.600 төгрөгийг төлөхөөр тохиролцож, үүнээс хураамжид 201.250 төгрөгийг төлж, үлдэгдэл 143.750 төгрөгийг төлөөгүй. Энэ хугацаанд 2 удаа даатгалын тохиолдол үүсч, даатгуулагч нөхөн төлбөрийг авсан. Иймд хариуцагч Ц.Бээс Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасны дагуу даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөр болох 350.640 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Ж.Энхчимэг миний бие Маас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй учир хариу тайлбар гаргаж байна. Учир нь миний хийсэн гэрээг миний хүүхдэд хамааруулж шүүхэд дуудсан, Мын ажилтан Ууганцэцэг надруу залгаж 2 сарын төлбөр татагдаагүй тул мөнгөө төл гэсэн. Тухайн үед надад төлбөр төлөх боломж байгаагүй учир дараа сарын 25-нд төлбөрөө хийе гэж гуйхад дээрээс төлбөр хийгээгүй даатгуулагчийн гэрээг цуцал гэсэн даалгавар өгсөн гэж хэлэхэд нь би учираа хэлж “Би олон жил даатгуулж байна, мөн машин танайд даатгуулах хүн олж оруулж даатгуулсан учир даатгуулагчаа ганц удаа харж болдоггүй юмуу гэж гуйж байж зөвшөөрүүлсэн. Гэтэл 10 аад хоногийн дараа дахин залгаж яг одоо өг тэгэхгүй бол гэрээ цуцална гэж хэлэхэд би “та бүхэнд учираа хэлж гуйсан шдээ ямар юмны учир ойлгодоггүй хүн бэ тэгээд ч одоо ердөө 10 аад хоног л үлдэж байна хүлээж болохгүй юу” гэж хэлэхэд хүлээх боломжгүй учир гэрээг цуцалаа гэсэн. Би дахин дахин хэлж гуйж байхад ямар юм ойлгодоггүй хүмүүс вэ, тэгж байгаа бол миний машины даатгал мөн миний хүүгийн машины даатгалыг 2 уланг нь цуцлаарай. Заавал танайд даатгуулах алба байхгүй өчнөөн олон компани байхад заавал та нараас гуйгаад байх албагүй гэрээг заавал цуцлах гээд байгаа бол цуцал 2 уланг нь гэж хэлээд утсаа тасалсан. Тэр цагаас хойш дахин надтай холбогдоогүй тул би гэрээг цуцалсан гэж ойлгоод тухайн цаг хугацаанаас хойшхи эрсдэлийг бид өөрсдөө хариуцаж машинаа 2 удаа засуулж байгаа. Гэрээ цуцалсан гэж хэлчихээд бараг жилийн дараа нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.  Харин ч гэрээ цуцалсан гэж хэлж ойлгуулчихаад биднийг давхар хохироож байна. Уг асуудлыг гэрээ хийсэн Ууганцэцэг гэдэг хүн өөрөө хүлээх ёстой” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх М ХХК-ийн нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэлээ.

 

        Нэхэмжлэгч №1400010620, 1600012022 тоот даатгалын гэрээнүүдийн хураамжийн төлбөрийн үлдэгдэл 350,640 төгрөгийг төлүүлэхээр Ц.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргасан, хариуцагч тал гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд талууд 2015.08.14-ний өдрийн 1400010620 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, даатгалын хураамжид 491,267 төгрөг төлөхөөр тохирсон байх бөгөөд 2015.08.20-ний өдрөөс 2016.07.16-ны өдөр хүртэл хугацаанд нийтдээ 284,377 төгрөгийг төлж, үлдэгдэл 206,890 төгрөгийг төлөөгүй, мөн 2016.09.01-ний өдрийн 1600012022 тоот даатгалын гэрээг байгуулж 345,000 төгрөгийн хураамж төлөхөөр тохирсон байх бөгөөд 2016.09.07-ны өдрөөс 2017.04.26-ны өдрийг хүртэл нийтдээ 201,250 төгрөг төлж үлдэгдэл 143,750 төгрөгийг төлөөгүй, гэрээний хугацаанд 2 удаа даатгалын тохиолдол үүсч нөхөн төлбөр олгогдсон болох нь даатгалын гэрээний маягт болон авлагын дансны хуулга, нөхөн төлбөрийн өргөдлийн маягт, шилжүүлгийн мэдээлэл, төлбөрийн даалгаварын хүсэлт  зэрэг баримтаар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт зааснаар даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Ц.Бээс тээврийн хэрэгслийн даатгалын 1400010620, 1600012022 тоот гэрээнүүдийн хураамжийн төлбөрийн үлдэгдэл 350,640 төгрөг /206,890+143,750/-ийг гаргуулахаар шийдэв.

 

Хариуцагч тал гэрээ цуцлагдсан гэх боловч нотолсон баримтгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт зааснаар Ц.Бээс даатгалын гэрээний хураамжийн үлдэгдэл төлбөр 350,640 төгрөг гаргуулж М ХХК /РД:5473489/-д олгосугай.   

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бээс 11,169 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  2018.01.23-ны өдөр төлсөн 11,169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

                          

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ