Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 119

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух С.Д-д холбогдох,

185.110 төгрөгийн татварын өр барагдуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны Жишиг татварын тайлангаар ногдуулсан 66.082 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 119.030 төгрөгийн татварын өрийг тус тус барагдуулаагүй. Татварын өрийг барагдуулахаар татвар төлөгч С.Д-д удаа дараа утсаар шаардлага тавьж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул ТЕХ-ийн 70 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжилсэн 185.110 төгрөгийг иргэн С.Д нь төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэс нь хариуцагч С.Д-д холбогдуулан 185.110 төгрөгийн татварын өр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 185.110 төгрөгийг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Д-д холбогдох 185.110 төгрөгийн татварын өр барагдуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Д нь нэхэмжлэлийн шаардлага 185.110 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т  зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч С.Д-с  улсын тэмдэгтийн хураамж  6.203 төгрөгийн 50 хувь болох 3101,5 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч С.Д нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ         Д.Ц