| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0100/И |
| Дугаар | 123 |
| Огноо | 2018-05-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 123
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, У овогт Ч.О,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, Б овогт П.Э,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, Б овогт Б.А нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, Б овогт Г.П-д холбогдох,
“343,275 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.О, П.Э, Б.А нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Сүлд багын Хөгжил 205 дугаар байр нь “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-ын ажилчдын амьдардаг байр бөгөөд хувьчлан авсан ажилтан Д.Э нь иргэн Г.П-д 10 тоотын том өрөөгөө худалдсан бөгөөд энэхүү том өрөө нь иргэн Г.П-н мэдэлд бүрэн шилжсэн. Г.П нь дулааны улиралд найз нартайгаа байдаг. Хүйтэн болохоор ирэн очин байдаг. Уг байранд нийт 12 айл оршин суудаг бөгөөд 380-ын цахилгаан халаалтаар өвлийн 5 сар халдаг. Сард гарсан халаалтын мөнгийг 12 айлдаа хуваан төлдөг. Замын-Үүд дэх цахилгаан түгээх сүлжээ компанитай сар бүрийн 20-ны дотор төлөх гэрээтэй бөгөөд 20-нд төлөөгүй тохиолдолд хэрэглээний тогыг 1220-ыг байраар нь салгах гэрээтэй. Халаалтын мөнгөний төлөх хугацаа болж сар бүрийн 15-20-ны хооронд иргэн Г.П-с халаалтын мөнгөө 10 тоотын жижиг өрөөнд амьдардаг Б.А-тэй хуваан төлөхийг шаардахад “хүйтэн байранд би амьдраагүй” гэсэн хариултыг өгч төлөх хугацаанд нь төлөөгүй. Хэрэглээний 220-ио салгуулахгүйн тулд 1 тоотод оршин суудаг Ч.О, 2 тоотод оршин суудаг П.Э, 10 тоотын жижиг өрөөнд оршин суудаг Б.А бид нар иргэн Г.П-н өмнөөс сард гарсан мөнгүүдийг нь хувааж ээлжлэн төлсөн. Иргэн Г.П-тай уулзаж чиний өмнөөс дээрх мөнгөнүүдийг төлсөн. Төлсөн баримтуудыг үзүүлсэн. Чи байгаагүй нь хамаагүй чиний мэдлийн өрөөнд паар гүйсэн нь үнэн, халсан нь үнэн шүүх цагдаа гэж явж хэн хэндээ ажил болохгүйгээр өөрийнхөө боломжтой үед богино хугацаанд нь хуваагаад өгчих гэсэн боловч өгч чадахгүй гэж хэлсэн. Уг байр нь ашиглалтанд ороод 21 дэх жилдээ орж байгаа бөгөөд дулаан алдалт ихтэй, айл бүр дор бүрнээ дулаан байх арга хэмжээ авч амьдардаг. Гэтэл иргэн Г.П нь худалдаж авсан том өрөөнийхөө цонхыг ч дулаалаагүй, өөрийн тухтай амьдрах нөхцөлийг хангах арга хэмжээ аваагүй байж хүйтэн орохоор амьдраагүй гэсэн шалтгаанаар халаалтын мөнгөө удаа дараа төлөөгүй. Одоогоос 2 сарын өмнөөс урин оронгуут том өрөөндөө нэг найзыг амьдруулж эхэлсэн. Хэнийгээ амьдруулах нь өөрийн эрхийн асуудал ч өвөл болохоор би эзэн нь биш гэсэн байр сууринаас хандчихаад дулаан орохоор би эзэн нь гээд байж болохгүй байх. Иргэн Г.П нь нийт төлөх мөнгөнөөс 80,000 /наян мянган төгрөг/ Ч.О-н дансанд 2018.03.22-нд хийсэн бөгөөд үлдэгдэл 343,275 /гурван зуун дөчин гурван мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг иргэн хүний үүргийг хуулийн хүрээнд ухамсарлуулж нэхэмжлэн гаргаж өгч бидний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.О, П.Э, Б.А нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ч.О, Б.А, П.Э бидний бие хариуцагч Г.П-н гаргасан хариу тайлбартай танилцлаа. Бидний нэхэмжилсэн мөнгийг бүрэн хүлээн зөвшөөрч 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж дуусгахаа амалсан байна. Иймд бидний бие хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Г.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Г овогтой П нь Замын-Үүд сумын Сүлд баг Хөгжил байрны 10 тоотын том өрөөнд оршин суудаг. Уг байрны 10 тоотын том өрөөг худалдан авснаас хойш хүйтэн болоход цонхыг дулаалж паарнаас нь хий аваад ч халдаггүй хүйтэн байдаг. Ийм учраас халаалтын мөнгө болох 343,275 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 343,275 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор Ч.О, П.Э, Б.А нарт бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О, П.Э, Б.А нар нь хариуцагч Г.П-д холбогдуулан 343,275 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 343,275 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Ч.О, П.Э, Б.А нар нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Ч.О, П.Э, Б.А нар нь улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа 10,948 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгний 50 хувь болох 5,474 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 50 хувь болох 5,474 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.О, П.Э, Б.А нарын нэхэмжлэлийн шаардлага 343,275 төгрөгийг хариуцагч Г.П нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,948 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 5,474 төгрөг, хариуцагч Г.П-с 5,474 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.О, П.Э, Б.А нарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н