Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц овогт Д-гийн Б-т холбогдох 2235000000079 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 25-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр Булганхангай багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ц овогт Д-гийн Б /РД:ОР80062518/.

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр  Увс аймгийн Хяргас сумын Булганхангай багийн нутагт Хавчигийн бэл гэх газарт албан үүргээ биелүүлж явсан Хяргас сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Х-д хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Д.Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Д.Б нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр  Увс аймгийн Хяргас сумын Булганхангай багийн нутагт Хавчигийн бэл гэх газарт албан үүргээ биелүүлж явсан Хяргас сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Х-д хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн болох нь:

- Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

-  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт (хавтаст хэргийн 10-14 дахь тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15 дахь тал),

- Хохирогч Н.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймаг дахь цагдаагийн газрын Хяргас сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 15:20 цагийн орчимд байх цагийг нь сайн санахгүй байна Цагдаагийн газрын жижүүрээс над руу залгаж Хяргас сумын 1-р багт оршин суух Д-гийн Б нь гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эцэг Д-гийн гэрт агсам согтуу тавьсан гэх утгатай дуудлага ирж байна гэж мэдэгдсэн. Уг дуудлагын дагуу цагдаагийн газраас олгосон Ducson загварын машинтай явах гэсэн боловч цаг үеийн нөхцөл байдлаас хамааран явах боломжгүй байсан. Тухайн дуудлаганд очих газар нь цас шавар ихтэй тул тус сумын иргэн З-ын туулах чадвар сайтай ланд крузер-105 загварын машиныг гуйж З-тай хамт тухайн дуудлаганд явсан. Тухайн үед тус сумын 1-р багийн иргэн Д-гийн гэрийг З бид хоёр мэдэхгүй байсан тул 2-р багийн иргэн О.Б, нартай уулзаж тухайн дуудлаганд очих хаяг, газрын заалгасан. Тэгээд З бид хоёр Хяргас сумын төвөөс 15:40 цагийн орчимд 1-р багийн нутаг руу гарсан бөгөөд сумын төвөөс 55-60 орчим километр зайнд байх Харганатай толгой гэх газарт очиж нутгийн нэг айлаас Б, Д нарын гэрийг асуухад тухайн айлаас урагшаа 3-4 километрийн зайнд Б-ын гэр байгаа гэж зааж өгсөн. Тухайн иргэн хэлэхдээ Б өөрийнхөө цэнхэр өнгийн машинтай согтуу харьж явна гэж хэлсэн. Уг хүний хэлсний дагуу тухайн замаар явж очиход Б-ын гэрийн доод талын айл нүүж байсан ба тэнд цэнхэр өнгийн 19-48 УВА дугаартай seres машин зогсож байсан. Нүүж байсан айлд 2-3 хүн танихгүй хүмүүс байсан. Тэгээд би Б гэгчийг танихгүй учир тэр хүмүүсээс энэ машин барьж яваа хүн нь хэн бэ гэж асуухад Д.Б-ын машин гэж тэнд байсан хүмүүс хэлж тэнд байсан хүнийг заасан. Тэгээд би Б гэгчийг дуудаж өөрийн ирсэн машины ар талын суудалд суулгаад “амрыг эрье, Хяргас сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Х байна, би тантай холбогдолтой дуудлагын дагуу ирлээ, таныг согтуугаар амгалан тайван байдал алдагдуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх дуудлага ирсэн иймээс таны согтуурлыг шалгах ёстой гэж хэлээд согтуурал шалгах драгер 6510 загварын багажийг гаргаж үлээнэ үү гэсэн шаардлага тавихад Б нь үлээхгүй гэж хэлээд үлээхгүй, дуугаа хурааж суусан ба ойролцоогоор 2-3 минут чимээгүй суусан, тэгэхээр нь би тухайн хүнд та цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэдгийг тэр хүнд сануулсан. Тэгсэн боловч Б нь шаардлагыг үл биелүүлэн тухайн машинаас буусан, тэр үед би машинаас бууж Б-т дахин цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх ёстой гэж хэлсэн боловч Б нь 2 гараараа миний өмсөж байсан албаны хээрийн хувцасны хүрэмний зах болон савхин хүрэмний захаас барьж миний хоолойг боосон, тухайн үед надтай хамт явсан З болон тухайн үед гэрээ нүүлгэж байсан үл таних 2 иргэн ирж Д.Б-ыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүл, наад хүнээ боохоо боль гэж хэлсэн боловч Д.Б нь үргэлжпүүлэн боосоор байсан, тэр үед би арай гэж гарыг нь тавиулахад Б нь надад хандаж чамайг ална пизда минь, удахгүй цохиж ална гэж хэлээд өөрийнхөө цэнхэр өнгийн 19-48 УВА дугаартай автомашиныг согтуугаар жолоодож зугтсан. Тэр үед би жижүүрийн шуурхай алба руу өөрийн 99062052 дугаарын гар утасаар залгаж болсон үйл явдлын талаар хэлж байх үед З нь Д.Б  гартаа шургааг том мод барьчихсан ирж байна, чи бид хоёрыг зодох гэж байна, хурдан машинд суу гэж хэлсэн, тэр үед машинд суугаад харахад гартаа урт шургааг мод барьчихсан морьтой бид хоёрыг хөөсөн, тэр үед би өөрийн гар утасаар бичлэг хийсэн. Тухайн үед айж балмагдан зугтаж байгаад машинтайгаа эргэж харахад Д.Б нь өөрийнхөө цэнхэр өнгийн 19- 48 УВА автомашиныг унаж ирээд дахин бид нарыг хөөсөн. Тус газраас 7 километр орчим зайтай газарт хөөж байхад удирдлагаас өөрийн болон бусдын амь бие эрүүл мэндийг хамгаалан Цагаанхайрхан сумын төв орж өөрийгөө хамгаал гэсэн чиглэл өгч хамтран ажиллаж би Цагаанхайрхан сумын төвд орж ирсэн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 22 дахь тал),

-  Гэрч Ц.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр үдээс хойш 15:00 цагийн орчимд байх манай Хяргас сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Х нь над руу утасаар залгаад “Булганхангай багт дуудлага ирж байна. тийшээ ус шавар ихтэй байна надтай хамт яваад өгөөч” гэж гуйсан. Би өөрөө 21-17 УВХ улсын дугаартай ланд крузер-105 гварын автомашинтай юм. Ингээд Х бид хоёр Хяргас сумын төвөөс дагийн орчимд Булганхангай баг руу гарч 55 орчим километр газар явж байгаад манай сумын Б гэгч айлаас зөрчил гаргасан гэх Б гэх айлыг асуулгаж заалгасан. ...Б-ыг дуудаж ганцааранг нь машинд оруулаад  Хяргас сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах эслэгч Н.Х байна, дуудлагын дагуу ирлээ, таны согтуурлыг шалгана гэж хэлж шаардлага тавихад Б нь тухайн үед согтуурлаа шалгуулахгүй гэж эсэргүүцээд ямар нэгэн зүйл хэлэхгүй,чимээгуй суугаад байсан. ...Б нь Х-гийн хувцасны захаас нь гараараа боож авсан, тэр үед Х нь тэр хүнд хандаж “та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцвэл хариуцлага хүлээлгэнэ шүү, гэхэд Б нь эсэргүүцээд Х-гийн цамц, куртикнаас заамдаж барьж байсан. Тухайн үед Б нь илт мэдэгдэхээр согтуу байсан бөгөөд согтуурлаа шалгуулахаас зайлсхийж татгалзаж. ...удалгүй 10 орчим минутын дараа Б нь машинаа гэртээ үлдээчихээд хээр зүсмийн морьтой, нэг гартаа урт шургааг том мод барьчихсан тухайн үедээ амандаа хараалын үг хэлээд биднийг чиглээд ирсэн. Тэр үед нь Х бид хоёр тухайн хүнээс айж зугтсан бөгөөд зугтаж байхдаа Х гар утсандаа бичлэг хийж авсан байнлээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

- Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Н.Х нь хүнд зодуулсан, хоолой өвдөөд байна гэж дуудлага өгсөний дагуу түүнийг очиж үзэхэд Н.Х нь их сандарсан байдалтай, нэг согтуу хүний дуудлагад явж байгаад тэр хүнээр зодуулчихлаа. Ингээд түүний биеийн ил харагдах хэсгийг шалгахад ил харагдах шарх, сорви байхгүй байсан. Хоолой боосон гэж хэлсэн. Тэгээд хоолойг нь харахад жаахан улаасан байсан. Би биед үзлэг хийж дуусаад  биеийн байдал зүгээр байна. Сэтгэл санаагаар тайвал байлгах талаар зөвлөгөө өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

- Гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр миний хүү Б нь агсам согтуу тавиад “та надад тус дэм болдоггүй, ад үздэг бусад хүүхдүүдийнхээ хонь малыг тууж өгдөг. Намайг тоодоггүй хөгшин талхи, худал битгий баашлаад бай” гэх мэтээр доромжилж агсам тавьсан. Тэгээд би өөрийн хүү Л рүү залгаж цагдаа дуудмаар байна гэж хэлээд цагдаа дуудуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30, 32 дахь тал),

-  Гэрч Н.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “манай сумын иргэн Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож ирсэн. Ирээд 30 орчим минут болсны дараа хяргас сумын хэсгийн төлөөлөгч Н.Х З гэх залуугийн хамт түүний машинтай ирсэн. ...Машинд Б хэсгийн төлөөлөгч нар ороод байж байгаад гарч ирээд барьцалдаад авсан.тэд салсаны дараа Б хэсгийн төлөөлөгч рүү салаа гаргаад пизда гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал),

- Гэрч Д.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “аав Д утсаар залгаад Б агсам тавиад байна чи цагдаагийн 7045102 дугаар утсаар залгаад дуудлага өгчих гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39, 41 дэх тал),

- Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б ах халамцуу машинаа бариад дугуй авч ирж өгсөн. Тэгээд ачаа татчихаад байж байтал хэсгийн төлөөлөгч ирээд Б ахтай уулзсан. Тэр үед би ачаа ачсан трактораа унаад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

- Гэрч С.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б руу залгаж дугуй хийлэгчээ аваад ирээч гэж хэлсэн. Бид хэдийг ачаагаа ачаад дуусаж байтал Б ирсэн. Тэгээд дугуйгаа хийлээд байж байтал хэсгийн төлөөлөгч Н.Х, сумын иргэн З-тай хамт ирээд Быг дуудаж машиндаа суулгаад 5 орчим минут болоод машинаас буугаад ирсэн. Бууж ирээд хоорондоо заамдалцаж байхад бид нар салгасан. Б машиндаа суугаад явсан. Бид нар гэрээ аваад явцгаасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дахь тал),

 - Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн серес загварын 19-48 УВА улсын дугаартай автоамшинай Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр багийн нутаг Булганхангай багийн төв дээр байх амбаарт хурганы арьснуудаа хүргэж тавьчихаад амбаарт байсан 2 литрийн нэрмэл архи байсныг ганцаараа уусан. Би багийн төвөөс 10:00 цагийн үед хөдөлж машинтайгаа Хөх толгой гэх газарт байх өөрийн аав Дгийн гэрт очсон.Тухайн үед би нэрмэл архи уучихсан согтуу байсан. Би аавынхаа гэрээс очиж өөрийн угаалгын машин авсан бөгөөд би согтуу байсан учир өөрийн аав Д-д хандаж ажил үйлс бүтэхгүй байна, та нар тусалж дэмжихгүй, намайг тоохгүй байна гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд би аавынхаа гэрээс гараад өөрийн гэрт очиж хэсэг унтаж байгаад 16:00 цагийн орчимд манай доод талд байсан Б ахынх нүүж байсан бөгөөд тракторын дугуйны хий гарсан байна ирээд хийлээд өгөөч гэхээр нь би серес загварын машинтай тэднийд очсон. Тэднийхээс манай гэр хүртэл 1 километр хүрэхгүй зайтай байдаг юм. Тэднийд очиход Б ахынх гэрээ ачиж байсан ба би гэрийг нь ачилцаж дуусаад пад пад тракторын дугуйг нь хийлчихээд байж байтал бид нар дээр хэсгийн төлөөлөгч Х хажуудаа З гэх нутгийн залуутай хамт ланд-105 загварын машинтай ирсэн. Хэсгийн төлөөлөгч Х ирээд бид нартай мэнд ус мэдчихээд намайг дуудсан. Тэгээд би машины ар талын хаалгаар орж суухад хэсгийн төлөөлөгч Х нь өөрийгөө Хяргас сумын хэсгийн төлөөлөгч Х гэдэг хүн байна, дуудлагаар ирлээ гэж хэлээд таныг согтуурлыг шалгана, та энэ багаж руу үлээж согтуурлаа шалгуулах ёстой гэсэн шаардлагыг надад тавьсан. Би тухайн үед угаасаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан учир юу ч дуугараагүй чимээгүй байж байгаад машинаас нь буусан тэгэхэд хэсгийн төлөөлөгч Х мөн машинаас дагаад буугаад явах гэтэл хэсгийн төлөөлөгч миний дээлнээс бариад авахаар нь би хэсгийн төлөөлөгч Хгийн албаны хувцаснаас нь заамдаад “пизда ална шүү” гэж хэлсэн, тухайн үед би согтуу байсан учир гэнэт уур хүрээд тийм үйлдэл гаргачихсан. Тэгээд би түүнийг түлхчихээд өөрийн 19-48 УВА дугаартай серес машинд суугаад машинаа жолоодоод гэрлүүгээ явсан. Намайг машинаа унаад хөдлөх үед хэсгийн төлөөлөгч Х гар утасаар бичлэг хийж байхаар нь би түүн рүү гараараа салаавч гаргачихаад явсан. Тэгээд гэртээ хариад машинаа тавиад өөрийнхөө хээр зүсмийн морийг унаад гэрийн гадна байсан хуурай урт шургаа модыг аваад хэсгийн төлөөлөгч дээр буцаж давхиж очиход хэсгийн төлөөлөгч Х нь зогсож байхаар нь би түүнд хандаж “битий ядарсан хүн дээрэлхээд бай, ална шүү пизда нар минь” гээд хөөсөн тэгэхэд хэсгийн төлөөлөгч машиндаа суугаад яваад өгсөн би араас нь морьтой хэсэг хөөж байгаад гүйцэхгүй болохоор нь орхичихоод гэрлүүгээ харьсан. Би гэртээ харьчихаад буцаж өөрийн 19-48 УВА дугаартай серес машиныг унаад гэрээсээ урагшаа чиглэлд Баянгол гэх газарлуу морио авахаар явсан тэр үед хэсгийн төлөөлөгч Х нь урд талын хонхорт машинтай зогсож байсан тэгээд намайг үзчихээд машинтайгаа Цагаанхайрхан сумыг чиглээд явсан. Би машинтайгаа араас нь хөөгөөгүй харин миний адуу байсан газрын зүгт хэсгийн төлөөлөгч зогсож байсан бөгөөд намайг машинтайгаа хөдөлхөөр хөөж байна гэж бодоод Цагаанхайрхан чиглээд яваад өгсөн. Би машинтай бол хэсгийн төлөөлөгчийг хөөсөн зүйл байхгүй, харин морьтой, гартаа мод бариад “ална шүү пизда нар аа” гэж хэлээд хөөсөн нь үнэн юм. Би тухайн үед архи уучихсан байсан учраас уур хүрээд ийм үйлдэл гаргасан юм. Одоо бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбар: Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул хэсгийн төлөөлөгч Н.Х нь хууль сахиулагч мөн байна.

Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны эсэх нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог.

Шүүгдэгч Д.Б-ын 2022 оны 4 дүгээр сарын 04-нд Увс аймгийн Хяргас суманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн согтуурал шалгах багажаар шалгах гэхэд эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг хангаж шалгуулаагүй болох нь хэрэг авагдсан хохирогч, гэрч шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Монгол улсын шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 156 дугаартай “Н.Х-гийн биед хийсэн үзлэгт гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал)-ээр хууль сахиулагч Н.Х-гийн бие махбодид гэмтэл учраагүй боловч

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Н.Х-гийн хоолойг боосон, чамайг ална пизда минь, удахгүй цохиж ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн, гартаа урт шургааг мод барьж морьтой хөөсөн үйлдлүүд нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Н.Х-гийн “Н.Х миний бие 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус сумын 1 дүгээр багийн иргэн Д.Б-т холбогдох зөрчлийн дуудлагын дагуу очиход иргэн Д.Б нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, биед халдсан үйлдэлд ямар нэгэн учирсэн гэмтэл, хохирол байхгүй тул гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт (хавтаст хэргийн 136 дахь тал)-ийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

 

2. Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 118 дахь тал) -аар тогтоогдож байна

Шүүгдэгч Д.Б-ын хувийн байдлын талаар: Гэрч А.С-ийн өгсөн: “Д.Б-ыг би мэддэг таньдаг болоод 9 жил болж байгаа бөгөөд манай нөхрийн хүргэн ах нь болох хүн юм. Д.Б нь Увс аймгийн Хяргас сумын 1-р багийн нутагт хөдөө мал маллаж амьдардаг бөгөөд эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг, ам бүл 5 юм. Д.Б нь зан аашийн хувьд даруухан, үг дуу цөөтэй хүн бөгөөд хүнтэй маргалдаж янз бүр болоод байдаггүй, даруухан талдаа хүн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал), Гэрч Д.Л-гийн өгсөн: “Б архи уухаараа агсам согтуу тавиад байдаг. Бусдаар бол аүнд тусархуу зантай. Ер нь жаахан аймхай тул бага залуучууд руу ойртож юм ярьж чаддаггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39, 41 дэх тал) -үүд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хохирлыг төлж барагдуулсан гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчтай тохиролцож ирсэн торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн  эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл дүрс бичлэг бүхий DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Д.Бт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Ц овогт Д-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар 3000 /гурван мянга / нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б-т  оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл дүрс бичлэг бүхий DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ