Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0024

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “К” ХХК, 

Хариуцагч:     Бгдтхтуб

Ц.Б, Ц.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Бгдтхтуб Ц.Б, Ц.Н нарын 2017  оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 260011381 тоот актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч татварын улсын байцаагч Ц.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Татварын нөхөн ногдуулалт хийх хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Дээрх нөхөн татвар ногдуулсан гүйлгээ нь 2011 оны 04 сарын 09, 2012 оны 11 сарын 30-нд хийгдсэн гүйлгээнүүд бөгөөд 2012 оны 4 болон 11 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тус тус тусгагдсан.

Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл болон 6 дугаар зүйлд "Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” Мөн “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ.

2019 оны 03 сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 15.1-т “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, мөн хуулийн 15.3.-т “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно”, 15.3.2-т “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж тус тус заасан байна. Иймд бид 2011, 2012 оны гүйлгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулах хугацаа нь 2012 болон 2013 оны 1 сарын 10-наас эхэлж тус тус тоологдох бөгөөд 2016 болон 2017 оны 1 сарын 10-наар татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2011 оны 4 дүгээр сар, 2012 оны 11 дүгээр сарын НӨАТ-ын тайлантай холбоотой акт тавьсан. Зөрчлийн тухай хуулийн 4 болон 6 дүгээр зүйлд зөрчилд тооцохгүй болсон шийтгэл албадлагын арга хэмжээг хувь хүн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хуулийг буцаана хэрэглэнэ гэсэн заалт байгаа. Мөн дээрх хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл болоод албадлагын арга хэмжээ авсан бол хуулийг буцаана хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаана хэрэглэнэ гэж заасан.

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна гээд  дуусч байгаа. Эрх зүйн байдлыг дээрдүүлж мөн албадлагын арга хэмжээ авагдаагүй байгаа учраас энэ хуулийг буцаана хэрэглэж болно гэж үзэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг 4 жилээр тооцоход 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр хугацаа дуусч байна. Иймд тус актыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна.

Гүйлгээ ямар учиртай хийсэн бэ? гэхээр барилгын материал худалдаж авсан. Нэхэмжлэгч компани барилга барьдаггүй зөвхөн дамжуулах үйл ажиллагаа явуулсан. Өндөр хэмжээний ашиг олсон зүйл байхгүй. Олсон орлогын татвараа тухайн үед төлсөн. Бидний хувьд өөрсдөөс биш өөр хүний баримт хуурамч байсан гэдгээс болоод бид нар хохирч байна. Борлуулалтын орлогын 10 хувь гэхээр ямар ч төлөх нөхцөлгүй байгаа. Хэдхэн төгрөгийн ашиг хийх гээд 40,000,000 төгрөгийн өрөнд орж байна. Маш олон жил шүүхээр явж байгаа. Энэ асуудлаас болоод энэ компани ямар ч бизнес хийх оролдлого хийгээгүй. НӨАТ-ын падаанаас болоод маш олон бизнес дампууруулсан байгаа. Манайх бол татварын сайтын жагсаалтад бүртгэлтэй байсан. Тэгсэн мөртлөө дараа нь хуурамч гэж байгаа. Шүүхтэй холбоотой асуудал 7 жил явж байна.

... Манайх гэм буруутай гэдгээ хүлээнэ зөвшөөрсөн асуудал байхгүй. Тухайн үед маш их мөнгөний асуудал яригдаад хэсэг шуугиан болсон. Бид цагдаагийн газар очиж байцаалт өгч байгаагүй. Нийтийн журмаар шийдэгдсэн байх гэж үзэж байна. Миний санаж байгаагаар хуулийн дагуу явсан зүйл байхгүй. Манайх падаан худалдаж авсан зүйл байхгүй. Бид 100 айл барилгын захаас бараа авсан. Үнээ тохироод заавал падаантай авах асуудал яригдсан. Би бол хохирогч юм. Маш их хөрөнгө мөнгөний асуудал яригдах байгаа. Нэхэмжлэгч компанийг татан буулгаж байж санаа нь амрах юм шиг байна. Акт бол шуудангаар  ирж байсан” гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагч Ц Н, Ц.Б /эрх бүхий байгууллага, албан тушаалтны нэр/ бид, Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, 53******* регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 901******* тоот гэрчилгээтэй, К ХХК-ийн 2010-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, 2013 оны 260055 тоот Татварын улсын байцаагчийн дүгнэлт Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 2036 тоот Прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон 2613/2248 тоот томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд хэсэгчилсэн шалгалтыг санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд тулгуурлан Монгол улсын Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэнд татварын хяналт шалгалтын ажиллагааг явуулахад дараах зөрчлүүд тогтоогдов. Үүнд:

Нэг. ******* тоот регистрийн дугаартай С ХХК-с 2011 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 003859454 тоот падаанаар 19,350,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын материал;

Хоёр. ******* тоот регистрийн дугаартай Д ХХК-с 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 0012975146 тоот падаанаар 118,181,800 00 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 0012975147 тоот падаанаар 290,598,200.00 төгрөг нийт 407,780,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын материал худалдан авсан гэж тайлагнасан.

Тус компанитай холбоотой дүгнэлтийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж, С, Д компаниуд нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хуурамч хий бичилт хийж, бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан энэ хэргийг байнга үйлдсэн, аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, мөн К ХХК нь бодит бус худалдан авалт хийсэн нь нотлогдсон, мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208, 209 дүгээр зүйлийг үндэслэн Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 10 дүгээр сарын 26-ны өдрийн 2036 тоот Прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд К ХХК-ийн санхүү, татварын тайлан нь Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.2-д «...санхүүгийн тайлан нь үнэн зөв, баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэх, 7 дугаар зүйлд: «... 7.7.Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно...», 20 дугаар зүйлд 20.1-д “Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд ... хориглоно. 20.1.4 хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд бичих”, Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд «14.3 Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.. » гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж татварын улсын байцаагчийн акт үйлдсэн болно.

Нэхэмжлэлийн үндэслэл татварын нөхөн ногдуулалт хийх хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд 2008 оны 05 сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 11.2-т “Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй”, 11.6-д “Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно”... гэж заасны дагуу тухай компанитай холбоотой 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 260011381 тоот Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийг төлөх татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

... Тус НӨАТ-ын падаанд татварын албаны зүгээс 2013 онд тухайн зөрчлийг илрүүлсэн. Зөрчлийг илрүүлээд Баянгол дүүргийн татварын улсын байцаагч С.З, Ё.Э нар 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 260055 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт бичээд Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн байгаа. Тухайн зөрчил нь тус үед үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн заалтын дагуу 5 жилийн хугацаанд зөрчил тогтоогдсон гэж үзэж байгаа. Дүгнэлт гэдэг юу вэ? гэхээр эрүүгийн хариуцлага хүлээхээр бол дүгнэлт үйлдээд улмаар уг хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол батлах үеийг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ гэдэг үндэслэлээр 2017 онд дахин татварын улсын байцаагчийн акт үйлдсэн. Акт нь тухайн татвар төлөгчийн гаргасан зөрчил нь эрүүгийн шинжтэй бол Өршөөлийн тухай хуульд хамруулаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин захиргааны хариуцлага хэвээр үлдээх прокурорын тогтоол ирсэн байгаа. Түүний дагуу 2017 онд захиргааны хариуцлага буюу хүнд хохирлыг чөлөөлж улсад учруулсан гэм хохирлоо өөрсдөө төлөх хүсэлт гаргаж улмаар хүлээнэ зөвшөөрсөн учраас эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тогтоол гарч аль алийг шийдвэрлэсэн асуудал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Татвар төлөгч тухайн аж ахуйн нэгж нь барилгын материал авсан уу гэвэл авсан. Аваад зарсан асуудал байгаа. НӨАТ төлөгч биш газраас худалдан авалт хийчхээд буцаагаад борлуулалтын орлогоо бууруулахын тулд хуурамч падаан бичдэг газраас худалдан авалт хийсэн байгаа. Энэ тухай прокурорын тогтоолд тодорхой дурдсан байгаа. Ер нь бол нэг ёсны залилангийн хэрэг хийсэн байгаа.

Тухайн зөрчилтэй холбоотой хэрэг нь шийдэгдээгүй байж байгаад шинэ хууль хэрэгжиж эхлээд ингээд 2020 онд шалгагдаж ирээд энэ зөрчил гарсан бол тухайн хуулийн зүйл заалтыг баримтлаад явах боломжтой. Нэхэмжлэгч компанитай холбоотой асуудлыг 2016 оны оноос шалгаад явсан тул боломжгүй юм” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компанийг эрүүгийн журмаар шалгаад улмаар гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Улсад учруулсан хохирлоо нөхөн төлнө үү гэсэн шаардлага тавьж байгаа. Тэрийг өөрөө ойлгож байгаа байх. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд татварын хяналт шалгалтын хугацааг оруулсан. Дараа нь эрүүгийн журмаар шалгахад хөөн хэлэлцэх хугацаа зогссон байж байгаа. Ингээд хүү торгууль алданги хасаад 2017 онд дахиад улсын байцаагчийн дүгнэлт гарсан байгаа. Одоо бол хөөн хэлэлцэх хугацаа явагдаж байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Бгдтхтуб Ц.Б, Ц.Н нараас 260011381 дугаартай актаар нэхэмжлэгч хуулийн этгээдээр төлүүлэхээр тогтоосон төлбөрийг багасгаж шийдвэрлэв. Үүнд:

Маргаан бүхий актаар “К” ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс мөн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2017 оны 04 дүгээр 06-ны өдрийн 260011381 дугаар актаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь  “С” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 003859454 тоот падаанаар 19,350,000 төгрөгийн, “Д” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 0012975146 падаанаар 118,181,800 төгрөгийн, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0012975147 тоот падаанаар 290,598,200 төгрөгийн, нийт 428,130,000 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайланд тусган тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд нийт 42,813,000 төгрөгийн нөхөн татвар, 12,843,900 төгрөгийн торгууль, 21,406,500 төгрөгийн алданги ногдуулж, торгууль болон алдангийн төлбөрөөс чөлөөлж шийдвэрлэжээ[1].

Нийслэлийн газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “... 260011381 дугаартай актаар ногдуулсан 42,813,000 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээсэн” байна.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын ерөнхий хуулиар татварын хөөн хэлэлцэх хугацааг 4 жил байхаар тогтоосон байхад эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй, борлуулагч хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэдгийг бид мэдэх боломжгүй, олсон ашгаасаа их татвар төлөх боломжгүй” гэж тайлбарлан маргасан бол хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн атлаа маргаж байгаа нь үндэслэлгүй, акт үйлдэгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу татварын хөөн хэлэлцэх хугацааг тооцсон тул маргаан бүхий акт хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 350000155 тоот дүгнэлтээр “Д” ХХК-ийн татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, их хэмжээний татвар төлөх орлогыг нуусан, татвар төлөхөөс зайлсхийх боломжийг бусдад олгосон зөрчлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсний дотор “К” ХХК багтсан байна[2].

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 2036 дугаартай тогтоолын “ОЛСОН нь:” хэсэгт “...нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэмт хэрэгт дараах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийсан үйлдлээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул” гэж тэмдэглээд, Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг 53******* регистртэй “К” ХХК-ийн захирал Д.Бд холбогдох “С” ХХК-иас 003859454 дугаартай падаанаар 19,350.0 мянган, “Д” ХХК-иас 0012975146 дугаарын падаанаар 118,181.8 мянган, 0012975147 дугаарын падаанаар 290,598.2 мянган төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 42,813.0 мянган төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд холбогдох эрүүгийн хэрэг/201626022156/-ийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ[3].

Улмаар татварын улсын байцаагчийн 2017 оны 04 сарын 06-ны өдөр маргаан бүхий 260011381 тоот акт үйлдэгдсэн байх ба энэ цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд “татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Иргэний хуульд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй байх”-аар заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “4 жилийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлах боломжтой” гэсэн, хариуцагчийн “улсын байцаагчийн дүгнэлт үйлдэгдэж эрүүгийн хэрэг үүссэнээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” гэсэн тайлбарууд тус тус үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь татвар төлөгч болохынхоо хувьд татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлох, хуульд заасан журмын дагуу тайлагнах үүрэгтэй бөгөөд  нэхэмжлэгч “К” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчиж анхан шатны баримтаар нотлогдохгүй “С” ХХК-иас бараа материалыг худалдан авсан гэх 19,350,000 төгрөгийн худалдан авалтыг 2011 оны 03 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар, “Д” ХХК-иас бараа материалыг худалдан авсан гэх нийт 40,878,009 төгрөгийн худалдан авалтыг 2012 оны 04 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тус тус тайлагнасан[4] байх тул зөрчил үйлдсэн цаг хугацаанаас хойших 5 жилийн хугацаанд татварын хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Иймд хариуцагч Татварын улсын байцаагч нар нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд 260011381 тоот актыг гаргаж хөөн хэлэлцэх хугацааг тооцож, улмаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж... ногдуулна” гэж заасныг үндэслэн нөхөн татвар ногдуулсан үндэслэлтэй байна.

 

Гэвч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр[5], Татварын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар “С” ХХК нь “К” ХХК-д бичиж олгосон падаанаар борлуулалт тайлагнаагүй, харин “Д” ХХК нь маргаан бүхий актаар тогтоосон нөхөн татварт хамаарах  118,181,818/маргаан бүхий актад мянгачилж бичсэнийг задалснаас 118,181,800 гэж бичигдсэн/ төгрөгийн борлуулалтад ногдох 11,818,181.8 төгрөгийн татварыг 12975146 тоот падаанаар 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тайлагнасан, 290,598,272.7/маргаан бүхий актад мянгачилж бичсэнийг задалснаас 290,598,200 гэж бичигдсэн/ төгрөгийн борлуулалтад ногдох 29,059,827.3 төгрөгийн татварыг 12975147 тоот падаанаар мөн өдөр тайлагнасан болох нь тогтоогдов[6].

Энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:”, гэж, 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” гэж тус тус заасны дагуу дээрх падаануудаар тайлагнасан НӨАТ-ыг борлуулагч болох “Д” ХХК төлөхөөр байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх заалтуудыг үндэслэж худалдан авалтын хасалт хийж тайлагнасныг буруутгах боломжгүй байна.

Иймд маргаан бүхий 260011381 тоот актаар “К” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон нөхөн татвараас 40,878,000 төгрөгийг хасч багасгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бгаас “борлуулагч хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэдгийг бид мэдэх боломжгүй, олсон ашгаасаа их татвар төлөх боломжгүй” хэмээн тайлбарлан маргах боловч энэ нь татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах үүргээс чөлөөлөхгүй юм.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан Бгдтхтуб Ц.Б, Ц.Н нарын 260011381 тоот актаар “К” ХХК-аас төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 40,878,000 /дөчин сая найман зуун далан найман мянган/ төгрөгийг хасч багасган, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ

 

 

 

[1] Хавтаст хэргийн 4-7 дахь талд

[2] Хавтаст хэргийн 122 дахь талд

[3] Хавтаст хэргийн 170-175 дэх талд

[4] Хавтаст хэргийн 68-69 дэх талд

[5] Хавтаст хэргийн 30 дахь талд

[6] Хавтаст хэргийн 168 дахь талд