Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 770

 

МАГАДЛАЛ

 

2017.03.20                                                 Дугаар 770                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01373 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Амаржаргалд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 107 255 260 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нараа, Д.Батцэнгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж 66 600 000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Баталгаат ипотекийн гэрээнд заасан     Хан-Уул дүүрэгт байрлах “Рапид харш” 01 дүгээр байрны 02 тоотод байрлах 66.6 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нь зээлийг төлөхгүй нэхэмжлэгчийг хохироож байсан тул алданги, хүү зэргийг бодож нийт 107 211 714 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу жилийн 36 хувийн хүүтэйгээр 66 599 769 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн хугацаа 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дуусч байна. Би зээлийн хүүнд 23 976 000 төгрөг төлөхөөс 16 772 800 төгрөг төлсөн ба үндсэн зээл 66 599 769 төгрөг дээр хүүгийн үлдэгдэл 7 203 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 795 200, нийт 73 803 200 төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 107 211 760 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан П.Амаржаргалаас 73 803 200 төгрөгийг гаргуулан “Хас банкинд олгож, нэхэмжлэлээс 33 408 560 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П.Амаржаргал үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш 17011, 1 дүгээр байрны 02 тоот, 3 орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694 009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 526 966 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Банк хариуцагчаас шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь зээлийн гэрээ бөгөөд хариуцагч тухайн гэрээний талаар маргаангүй болно. Зээлийн гэрээний зүйл заалтанд үндсэн зээл, сарын хүү, дуусах хугацаа мөн нэхэмжлэлд 2016 оны 09 дүгээр сарын 30-наар тасалбар болгон үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг бичсэн. Банкнаас гарган өгсөн зээлийн болон барьцааны гэрээ тооцоолол нь хариуцагч П.Амаржаргалаас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардан нэхэмжлэх бүрэн үндэслэл нь болж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох талуудын нэхэмжлэл, зээл болон барьцааны гэрээ, хуулга, хариуцагчийн хариу тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалтай нотлох баримт цуглараагүй, шүүх хурлын явцад нотлох баримтуудыг эргэлзээгүй     талаас нь үнэлээгүй, хэргийг шийдвэрлэх асуудлыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс хариуцагчийн төлбөл зохих мөнгөн дүнг буруу тооцсон нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч П.Амаржаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 107 255 260 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд үндэслэжээ.

Дээрх гэрээгээр хариуцагч П.Амаржаргал нь 66 600 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилд 36 хувийн хүүтэй зээлж, өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан, зээлийн хүүд 16 772 800 төгрөгийг төлснөөс өөр төлбөр хийгээгүй үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй, энэ талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчаас гаргуулбал зохих мөнгөн дүнгийн хэмжээг буруу тооцсон гэж үзэхээр байна.

Зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлбөл зохих үндсэн үүрэг нь 90 576 000 төгрөг ба хүүд төлсөн 16 772 800 төгрөгийг хасч тооцвол 73 803 200 төгрөг болно гэж хариуцагч тайлбарласнаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний 3.2.7-д гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд төлөхөөр талууд тохиролцсон байгааг шүүх анхаараагүй байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 66 600 000 төгрөг, гэрээний хугацаанд төлөөгүй хүүгийн үлдэгдэл 7 203 200 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 24 519 200 төгрөг, бүгд           98 322 400 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардахгүй гэсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ байдлыг тодруулахад нэмэгдүүлсэн хүүгийн талаар өөр саналгүй гэсэн тул хариуцагчаас нэмэгдүүлэн хүү гаргуулаагүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар    сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч П.Амаржаргалаас 73 803 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлээс 33 408 560 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...хариуцагч П.Амаржаргалаас 98 322 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, 8 889 360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...526 966…” гэснийг “…649 562…” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 324 993 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО    

                                    

                                                ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА                                                       

 

                                                                                                      М.НАРАНЦЭЦЭГ