Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 27

 

Б-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0027/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Д.Энхжаргал,

Хохирогч Б-,  

Шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б-гийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201623000135  дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1973 онд төрсөн, эмэгтэй, 46 настай, тусгай дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг Нийтийн байрны 45-40 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Х-н Б нь

“Э” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа зохиомол байдлыг зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж

- 2015 оны 9 дүгээр сард хохирогч Б-г “Хэнтий аймгийн уул уурхай таван сум хариуцсан орд газарт шалгалт хийдэг бие төлөөлөгч болгоно, танай нөхрийг захирал болгоно” гэж 1960000 төгрөгийг,

- 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын хугацаанд “Олон улсын байгаль хамгаалах төслийг танай суманд хэрэгжүүлнэ, ажлын байр, машинтай болгоно” гэж хохирогч С-с 4790000 төгрөгийг,

- 2016 оны 4 дүгээр сард “НҮБ-ын шугамаар зүүн гурван аймагт байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр төслийн дарга болгоно” гэж хохирогч Т-с 1242000 төгрөгийг,

- 2016 оны 4 дүгээр сард “байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна, нөхөн сэргээлт хийх төсөл хэрэгжүүлнэ” гэж хохирогч Б-с 8940000 төгрөгийг,

- 2016 оны 9 дүгээр сард “Герман улсын хөрөнгө оруулалтаар хүмүүнлэг, байгаль орчны чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ, ажлын байртай болгоно гэж төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах санал тавьж” хохирогч Д-с 2472000 төгрөгийг,

- 2016 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд “нөхөн сэргээлтийн төсөл орж ирэх гэж байна” гэж хохирогч Э-с 3060000 төгрөгийг тус тус залилж, нийт 22464000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржгон овогт Халзангийн Б-г албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б-гээс 1960000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б-д, 3550000 /гурван сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч С-д, 1242000 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Тайванжаргалд, 8940000 /найман сая есөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б-д, 2498400 /хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Д-д, 3060000 /гурван сая жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э-д тус тус олгож, хохирогч нар бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 01 жил 06 сарын дотор энэ тогтоолын 5 дахь хэсэгт заасан хохирлыг төлж барагдуулахыг шүүгдэгч Б-д үүрэг болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 65000 /жаран таван мянга/ төгрөг гаргуулж, Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газарт олгож, энэ хэрэгт хураагдсан “Э” НҮТТБ-ийн тэмдгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн дансыг хохирол барагдтал хэвээр үлдээж тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б- давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн байгалийн тэнцвэрт байдлыг харгалзан үзэж иргэнийхээ үүргийн дагуу өнгөт чулууг нөхөрлөл хэлбэрээр ашиглах, отрын нөөц бэлчээрийг хамгаалах төсөлт хөтөлбөрийг орон нутгийн иргэд, аж ахуй нэгж, төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр олон байгууллагуудтай хамтарч, урьдчилсан судалгаа, мониторингийг хийсэн. Уг судалгааг хийхэд зориулсан зардлыг төсөлт хөтөлбөрийн санхүүжилтээр нөхөхөөр Б, С, Днартай тохиролцсон. Тухайн үед миний бие ч ялгаагүй зардал гаргаж байсан.

Батноров сумын Засаг дарга Т, Иххэт сумын Засаг дарга П, Бэрх сумын иргэн Э нар өнгөт чулууг хууль бусаар хил, гаалиар гаргадаг, хураасан чулуугаа эрх мэдлээ ашиглан зарж борлуулж ашиг олдог бөгөөд эрх мэдлээ ашиглан хулгайн үйлдлээ нуун дарагдуулж байна. Хэнтий аймгийн хэмжээнд өнгөт чулуучид газар авч газрын хөрсийг 80-120 га ухаж, малын бэлчээрийг сүйтгэсээр 30-200 га талбайг сүйтгэсэн. Байгалийн чухал элемент өнгөт чулууг хууль бусаар хилээр гаргаснаар цөлжилт, хөрсний үхжилт, бэлчээрийн хомсдол ихэссэн. Энэ нь Байгаль орчны тухай, Ашигт малтмалын тухай, Газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухай хуулиудыг зөрчиж байна. Байгаль хөнөөгчид төлбөр төлж, хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна.

Хэнтий аймаг хөрсний бохирдлоор улсад 1 орж, газар нутгийн 60-70 хувь бохирдолтой, цөлжилт 30-60 хувийг эзэлж, хуурайшилттай говь хээрийн бүсэд ордог. Монголд цөөхөн байдаг отрын бүс нутаг Хэрлэн Баян-Улаанд байдаг тул нөхөн сэргээх төсөлт хөтөлбөр чухал шаардлагатай байсан. Эх орныхоо төлөө эдгээр зүйлсийг хийхээр зориглосон маань хэрэгтэн болох хэмжээнд хүрч байгаад гомдолтой байна.

Монголд шударга ёс, тэнцвэртэй холч хараатай шүүх засаглал байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад мөрдөн байцаагчид тулгаж, хөтөлж, сүрдүүлж байцаалт авч, хохирогч нартай хуйвалдан хэрэгт хувийн сонирхлоор хандаж байсныг аймгийн Прокурорын байгууллагад хэлж байсан ч авч хэлэлцээгүй. Монгол хүний эрх, эрх чөлөө чадваргүй, хувийн ашиг сонирхлын өмнөө тавьсан ажилчдын үзэгний үзүүрээр зөрчигдөх ёсгүй юм.

Миний бие 2016 онд осолд орж нурууны хагалгаанд орж, эмнэлгээс түр хугацаагаар гараад ирэхэд оргосон гэж үзэн баривчилж, цагдан хорьсон. 2018 онд хоёр удаа судас сугалуулах хагалгаанд орж, өмгөөлөгч Г-р эмнэлгийн бичгээ  явуулсан боловч мөн л оргосон гэж үзсэн. Иргэний нэхэмжлэгч Д надаас 65000 төгрөг нэхэмжилсэн. Тус шатахууны зардлыг төлөх ёстой хэдий ч аксент маркийн автомашинаар авчирсан мэтээр хуурамч материал бүрдүүлсэн байсан.

Анхан шатны шүүх өмгөөлөгчийг хэргийг материалтай танилцах боломжоор хангаагүй, С, Б нарт төлсөн 1300000, 500000, 400000 төгрөгийн баримтуудыг хавтаст хэрэгт хийгээгүй, Э Улаанбаатар хот руу явж наргиж цэнгэж үрэгдүүлсэн 600000 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдааныг хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, хэргийн хугацаа дуусах нэрээр шүүх хуралдааныг хүчээр хийж, мөрдөн байцаалтгүй, прокурорын түрэмгий байдлаар, ямар ч өмгөөлөлгүйгээр, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын худал мэдүүлгийг үндэслэн гүтгэлэг, доромжлол дор явуулсанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийг хавтаст хэрэгтэй 2 цагийн хугацаанд танилцуулж өмгөөлүүлэх эрхийг минь хаасан, мөн мөрдөн байцаах ажиллагаа хуулийн хүрээнд бүрэн хийгдэж чадаагүй гэж үзэж байна. Иймд хохирогч нарын гомдлыг барагдуулж хохирол төлбөрийг төлөх боломжийг олгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус хэрэгт шүүхийн шатны шүүх хуралдаанаас эхлэн өмгөөлөгчөөр оролцож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”, 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэсэн заалтуудыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах байр суурьтай байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 5.3-т “яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тусгана” гэж заасан байтал яллах дүгнэлтийн хавсралтад хэнээс хэдэн төгрөг гаргуулж хэнд олгох талаар тусгаагүй байх тул яллах дүгнэлт хуульд зааснаар авагдаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх тус яллах дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.

Хохирогч С-н мэдүүлгээс харахад Б нь нийт 4790000 төгрөгийг С-с зээлж авсан бөгөөд 400000 төгрөгийг буцааж өгсөн  байдаг /1 хх-ийн 65-67 хуудас/. Шүүх мөнгө зээлсэн асуудлыг залилангийн гэмт хэрэг гэж үзсэн нь хууль зөрчсөн байна. Мөн 4400000 төгрөгийг буцааж өгснийг хасаж тооцоогүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.  

Хохирогч Б-н мэдүүлэгт “охин М-с боловсролын тэтгэлэг гэж 100000 төгрөг авсан” гэсэн байдаг /1хх-ийн 72-73 хуудас/. Тус 100000 төгрөгийг Б М-с авсан уу, Б-с авсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Энэ талаар М-с мэдүүлэг авч тодруулах нь зүйтэй байсан.

Мөн хохирогч Б Их хэт сумаас ирсэн бензинийн үнэ 130000 төгрөгийг нэхэмжилдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй байхад шүүх  хангаж шийдвэрлэсэн.

Хохирогч Э “2016 оны 9 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд хувийн 620000 төгрөгийн зардлаар сургалтад хамрагдсан” гэж мэдүүлдэг. Гэтэл тус 620000 төгрөгийг Б-гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Б хохирогч Д 30000, Ө 150000, С 400000, Б 500000, 1300000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг /2хх-ийн 40-41 хуудас/.

Б өгсөн 500000, 1300000 төгрөгийн баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй боловч дансны хуулгаар нотлогдож байна. Үүнийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

   Миний бие тус хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод хавтаст хэргийг материалтай танилцах хүсэлт гаргасан. Шүүхээс 3 хавтаст хэрэгтэй 2 цагийн хугацаанд танилцах боломж олгосон. Энэ хугацаанд хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй тул прокурортой мэтгэлцэх боломж байгаагүй. Энэ талаар шүүгдэгч болон миний бие шүүхэд гомдол гаргахад хүсэлт хангаад, татгалзах шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлийн 1-т “энэ хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалтны талаар гаргасан гомдлыг тухайн албан тушаалтны шийдвэр, ажиллагаанд хяналт тавих албан тушаалтан хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлийг тал бүрээс нь хянаж, шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулж, тайлбар авч болно” гэж заасан байтал тухайн шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч эрхийнхээ дагуу шүүх хуралдааны өмнө өмгөөлөгчөө сольсон хэдий ч 2 цагийн хугацаанд 3 хавтас хэрэгтэй танилцах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү. Хэрэв шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэвэл шүүгдэгч Б-гийн биеийн эрүүл мэндийн болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хохирол төлбөрөө төлөх боломжийг олгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хууль зөрчиж, тулгаж, дарамталж шүүгдэгчээс мэдүүлэг авсан гэж байна. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаар ярьсан. Шүүгдэгчийн хувьд энэ талаар эрх бүхий албан тушаалтнаар шалгуулах хугацаа хангалттай байсан, шалгаж тогтоосон зүйл байхгүй тул хууль бусаар мэдүүлэг авсан нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Мөн шүүгч өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, прокурор, шүүх хэрэгт хөнгөн хандсанд гомдолтой байна гэжээ. Ямар өмгөөлөгч авах нь шүүгдэгчийн өөрийнх нь эрх байдаг бөгөөд шүүх хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгчөө сольсон. Шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааныг хойшлуулах, хугацаа сунгах зэрэг нөхцөл байдлууд харагддаг. Шүүхээс өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах хугацаа өгсөн бөгөөд өмгөөлөгч хүлээн зөвшөөрч хэргийн материалтай танилцаад, шүүх хуралдаан үргэлжилсэн байдаг. Иймд хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч хохирогч нарын гүтгэлэгт гомдолтой байна гэжээ. Хохирогч нарын хувьд шүүгдэгч Б-г гүтгэх хувийн болон бусад шалтгаан хавтаст хэрэгт  харагддаггүй. Мөн энэ талаар шалгаж тогтоогдсон зүйл хэрэгт байдаггүй. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Улсын яллагчийн хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдаанд оролцож, ялын шүүмжлэл гаргасан.

Хууль шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй байдаг тул прокурор, шүүхийн байгууллага болон хохирогч нар Б-гийн эсрэг үйлдэл гаргасан гэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Б-гийн үйлдсэн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт буюу гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч нарыг оролцуулан шүүх хуралдааныг хуульд зааснаар бодитой явуулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдыг залилсан нь тогтоогдсон тул иргэний хэрэг биш гэж үзсэн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид ногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч 1000000 төгрөгөөр торгох ялын саналыг тавьсан. Шүүгдэгчийн хувьд бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учир ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй байсан. Мөн шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээг багасгах нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б-д холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан заалтын зөрчсөн байна.

Тухайлбал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч С, Д нарт учирсан хохирлын хэмжээг яллах дүгнэлтэд дурдсан хэмжээнээс өөрөөр заасан атлаа энэ талаараа дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг тусгана” гэсэн заалтуудтай нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай боломжит хугацаагаар танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасан “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах” өмгөөлөгчийн эрхийг хангаагүй байна.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул хүчингүй болгож, Б-д холбогдох эрүүгийн хэргийг мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ

                                                                                               Я.АЛТАННАВЧ